Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг, 

улсын яллагч И.Мөнхцэцэг,

шүүгдэгч И.Э, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн И.Э-т холбогдох эрүүгийн 1834009210462 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1978 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймаг, Баянчандмань сум, Замт 2 дугаар баг, Сүж 2 дугаар гудамжны 8а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ИЮ78050834 дугаарын регистртэй, Б овгийн И.Э

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч И.Э нь Төв аймгийн Баянчандмань сумын нутагт 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Д.Хаштөгсийг “архи уулаа, хүүхдүүдийг гэрээс нь хөөсөн байна” гэх шалтгаанаар гэдсэн тус газар нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Эгэлбаяр:

Жаргалантад ажил хийж байгаад долоо хоногийн дараа 11 сарын 04-ны өдөр гэртээ ирсэн. Тэгээд орой замын унаагаар Чандманьд ирэхэд манай тэр дүү согтуу унтаж байсан. Босгож орон дээр унтуулаад байж байхад Жаргалантад хамт ажиллаж байсан хүн чи зам дээр хүрч ирээд мөнгөө авчхаа гэхээр нь авгайгаа цуг явъя замаараа гурил будаа яваад ирье гэж хэлээд явсан чинь нөгөө машин нь зогсохгүй байсан. Тэгэхээр нь замын арын дэлгүүрээс гурил будаа зээлээр аваад явж байтал манай хүүхэд утастаад Төгсөө ах согтуу ах бид нарыг хөөгөөд байна гэхээр нь авгайдаа хурдхан шиг хүүхдээ өөдөөс чинь явуулъя гэж хэлээд очиход манай гурван хүүхдийг хөөгөөд гаргасан байсан. Манай том охин бага дүүгээ урьд айл руу оруулаад өөрөө урдаас гүйж ирэхээр нь чи очоод ээжийгээ аваад ир гээд явуулсан. Гэртээ ороход Төгсөө согтуу шанагаар ус хутгаж уугаад зогсож байсан. Чи юу гээд хүүхэд хөөгөөд байгаа юм бэ гэж хэлсэн чинь танай хүүхдүүд их том болсон үгэнд орохоо больсон байна. Хэзээ ийм байсан юм гэхээр нь битгий олон юм яриад бай унт гээд хүзүү рүү цохисон. Тэгсэн орны өмнө нь сөхрөөд суусан. Ор луу гарч унт гэхэд гарахгүй байхаар нь гуя руу нь өшиглөлөө гээд бодсон чинь гэдэс рүү нь өшиглөсөн байсан. Тэгээд босохгүй байхаар нь орон дээр гаргасан. Өглөө 07 цаг болж байхад  ахаа би шээж болохгүй байна гэхээр нь түргэн дуудаад түргэний эмч давсаг нь хагарсан юм шиг байна. Тэгээд байж байхад цагдаа нар ирээд дүүгээ ийм болгосон байна гээд яваад явсан гэв. 

 

 

 

Эрүүгийн 1834009210462 дугаартай хэрэгт хохирогч Д.Хаштөгсийн /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч И.Э-ын /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Д.Хаштөгсийн /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Г.Мөнхтуулын /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч Х.Содхүүгийн /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, яллагдагч И.Э-ын /хх-ийн 35-36 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 759 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/, 

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/, хохирогч Д.Хаштөгсийн гэмтлийн эмнэлэгт хэвтэж буй гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5 дугаар хуудас/, хохирогч Д.Хаштөгсийн өвчний түүх, мэс заслын тэмдэглэлийн хуулбарууд /хх-ийн 47-57 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 37-45, 59-62 дугаар хуудас/ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч И.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт иргэн Д.Хаштөгсийг “архи уулаа, хүүхдүүдийг гэрээс нь хөөсөн байна” гэх шалтгаанаар гэдсэн тус газар нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Д.Хаштөгсийн ..би тэр хоёрыг та хоёр гараад аав, ээж хоёрыгоо ирж байна уу хараадах гэсэн чинь гарахгүй байсан болохоор нь чанга дуугарсан... ...хүргэн ах И.Э гэрт орж ирээд над руу чи яагаад хүүхэд хөөгөөд гаргасан юм бэ... ...бид хоёр барьцалдаж аваад намайг унт гээд өшиглөсөн...,

гэрч Д.Хаштөгсийн ...ах И.Э архи уусан байна гээд миний биеийн энэ тэнд гар болон хөлөөрөө цохиж байгаад ах унтаад өгсөн. Тэгээд би бас унтаж байтал миний гэдэс эвгүй болоод байхаар нь өглөө түргэн дуудаад үзээд намайг машиндаа суулгаад явсан. Тэгээд би Баянчандманы эмнэлэгт хэвтэж байгаад хотод ГССҮТ-д ирж хэвтсэн юм...,

гэрч Г.Мөнхтуулын ...2018 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө Баянчандмань сумын залуус хороололд хүн босч чадахгүй эвхрээд байна гэсэн дуудлага ирсэн. Түүний дагуу би дуудлагад очиж эмнэлэг дээр авчирч үзлэг хийсэн... ...Намайг гэрт нь дуудлагын дагуу очиход хүчтэй өвдөлттэй, хэвлийн булчин чангарсан байдалтай байсан. Тэгэхээр нь эмнэлэг дээр яаралтай тусламжийн тасагт авчирсан... ...Эмнэлгийн баг үзээд давсаг хагарсан байж болзошгүй гэсэн оноштойгоор гэмтлийн эмнэлэгт миний бие хүргэж өгсөн...,

гэрч Х.Содхүүгийн ...хамгийн бага дүүг саатуулаад байж байхад аав ээж хоёрыгоо олж ирэхгүй, юугаа хийгээд байгаа юм бэ гээд намайг загнаад... ...Хаштөгс ах та хоёр багадаа ийм байгаагүй шүү, яахаараа үгэнд ордоггүй юм бэ гээд уурлаад загнаад...,

яллагдагч И.Э-ын ...манай том охин Содхүү утсаар яриад Төгсөө ахад муухай орилж загнаад хөөгөөд байна, аав ээжийгээ олж ир гээд хөөгөөд байна гэж хэлсэн... ...Би түүнд хандаж чи үхсэнээ хүүхэд хөөгөөд байгаа юм бэ гэж хэлэхэд “танай хүүхдүүд үгэнд орохгүй том болсон байна, хэдэн хүүхдээ захирахад яадаг юм бэ гэж хэлсэн. Тэгээд би түүнийг олон юм яриад байлгүй унт гээд түүний шилэн хүзүү рүү гараараа цохисон. Харин тэр үед Хаштөгс өвдөгөө нугалаад орны өмнө сөхрөөд хэвтээд өгсөн. Босохгүй байхаар нь орон дээр гарч унт гээд гуя руу нь өшиглөх гэж байгаад гэдэс рүү нь өшиглөчихсөн юм... гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 759 дугаартай дүгнэлт болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Д.Хаштөгсийн гэмтлийн эмнэлэгт хэвтэж буй гэрэл зургийн үзүүлэлт, өвчний түүх, мэс заслын тэмдэглэлийн хуулбарууд, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч И.Э-ын иргэн Д.Хаштөгсийг “архи уулаа, хүүхдүүдийг гэрээс нь хөөсөн байна” гэх шалтгаанаар гэдсэн тус газар нэг удаа өшиглөсөн үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирна гэдгийг мэдсээр байж зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч И.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч И.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Хаштөгсийн эрүүл мэндэд нарийн гэдэсний цоорсон шарх бүхий хүнд хохирол учирсан байна.

 

Хохирогч Д.Хаштөгс шүүгдэгч И.Эгэлбаяраас эрүүл мэндэд учирсан хохиролтой эмчилгээний зардал болон бусад зардал нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй, энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй ба эмчилгээний зардалд 300.000 /гурван зуун мянга/ төгрөг авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар түүний хавтас хэргийн 66 дугаар хуудсанд авагдсан хүсэлт, шүүгчийн туслахын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цаг 30 минутад хохирогч Д.Хаштөгст шүүх хуралдааны товыг мэдэгдсэн мэдэгдэх хуудсанд бичигдсэн тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч И.Э-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч  И.Э-т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч И.Э-т оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч И.Э нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

        хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

                1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

                                          болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн И.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн И.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн И.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 01 /нэг/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б овгийн И.Э нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн И.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн И.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ГАНДАНСҮРЭН