Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 114

 

 

 

 

 

 

 

Ц.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ундрах-Эрдэнэ, Б.Энхтүвшин, хохирогчийн өмгөөлөгч Б-Бат-Ерөөлт, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 757 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1477 дугаар магадлалтай, Ц.Бхолбогдох 2009005920700 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ундрах-Эрдэнэ, Б.Энхтүвшин нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, “ Тал нутгийн хөгжлийн зам” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо,15 дугаар байрны 112 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: ШЖ86062411/ Н овогт Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “...шүүгдэгч Ц.Б-ийг хүч хэрэглэж, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч  Ц.Б-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7,000 / долоон мянга / нэгж буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Бөд оногдуулсан 7,000,000 төгрөгийн торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдэж,

Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.2-д зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 10/1 дүгээр байрны 27 тоот орон сууцнаас албадан гаргахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж...” шийдвэрлэсэн байна.

            Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан. Гэм буруугийн тал дээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар өөрийн эзэмшлийн орон сууцанд сууж байсан, Канад улсын иргэнээс өгсөн итгэмжлэлийн дагуу энэ үйлдлийг хийсэн гэж тайлбарладаг. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй, эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан, мөн тухайн итгэмжлэл нь шүүхэд төлөөлөх итгэмжлэл болохоос биш, шүүхийн шийдвэрийг өөрөө бие дааж хувиараа гүйцэтгэж, бусдын орон байрны халдашгүй эрхэд халдаж, орон байрнаас гаргах боломжгүй гэсэн үндэслэлийг баримталж байгаа. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгохдоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр гарсан байхад эрүүгийн хэргийн анхан шатны шүүх орон байрнаас чөлөөлүүлэх шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна гэж тайлбарласан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн обьект нь иргэний орон байрны халдашгүй эрх байдаг. Тухайн этгээдийн гэм буруутайг тогтоогоод эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн өөр үндэслэл. Эрүүгийн хариуцлагын үндсэн зорилго нь зөрчигдсөн эрхийг сэргээх юм. Магадлалаас харахаар зөрчигдсөн эрхийг сэргээсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ундрах-Эрдэнэ шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Өмгөөлөгчийн хувьд Ц.Бийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэдэг агуулгаар гомдол гаргасан. Маргаан бүхий орон сууц нь Канад улсын иргэний өмчлөлийн орон сууц бөгөөд миний үйлчлүүлэгч нь Канад улсын иргэний доор нь ажилладаг ажилтан нь байсан. Прокуророос хэргийг зүйлчлэхдээ хүндрүүлэн зүйлчилсэн буюу хохирогчид хүч хэрэглэж гэрээс нь өргөж гаргасан гэж яллах дүгнэлтэд дурдсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч мэдүүлэхдээ Ц.Б өргөж гаргаагүй, масктай хүн өргөж гаргасан, тэр хүн Ц.Б биш гэж тодорхой мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх хохирогчид хүч хэрэглэж, гэрээс өргөж гаргасан гэсэн прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэдэг байдлаар шийдвэрлэсэн нь буруу болжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өмгөөлөгчийн хувьд тус зүйл ангид заасан гэмт хэргийн хувьд бусдын орон байр буюу хохирогчийн өөрийн хууль ёсны эзэмшил, ашиглалтад байгаа орон сууц гэж ойлгож байгаа. Маргаан бүхий орон сууц нь хохирогчийн хууль ёсны эзэмшил, ашиглалтад байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Иргэний хэргийн хувьд хэдий анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй боловч миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн нотлох баримт мөн гэж үзэж байгаа. Түүнчлэн энэ хэрэг дээр Ц.Бийг шүүхэд төлөөлөх итгэмжлэлээр орон байранд нэвтэрсэн гэдэг асуудал яригддаг. Гэтэл энэ итгэмжлэл нь зөвхөн шүүхэд төлөөлөх итгэмжлэл биш. Канад улсын иргэн нь намайг Монгол Улсад очтол наад орон сууцандаа амьдарч бай, миний өмчлөлийн орон сууц байгаа гээд итгэмжлэлдээ зориуд Ц.Б нь энэ орон сууцанд амьдрах, ашиглах эрхтэй гэж зааж өгсөн. Миний үйлчлүүлэгчийн санаа зорилго нь өмчлөгч намайг орон сууцанд амьдрахыг зөвшөөрсөн, нөгөөтэйгүүр хууль бусаар амьдарч н.Бямбажаргалыг орон сууцнаас албадан нүүлгэ гэсэн шийдвэр гарсан гэж ойлгоод тухайн орон байранд амьдарсан үйл баримт байгаа юм. Ц.Бийн хувьд гэмт санаа, зорилго байгаагүй. Ц.Б анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг аваад шүүхийн шийдвэр гарсан учир чи одоо нүү гэсэн шаардлага тавьсан гэж мэдүүлдэг. Зөрчлийн тухай хуулийн 15.21 дүгээр зүйлд төрийн албан хаагч хууль сахиулагчийн нэр барьж үйл ажиллагаа явуулсан бол зөрчлийн хэрэгт тооцохоор заасан. Шүүхийн шийдвэр гарсан учир албадан гаргах эрхтэй юм байна гэж шүүгдэгч өөрөө ойлгосон. Энэ хэрэг дээр иргэний хэргийн хоёр удаагийн анхан шатны шүүхийн шийдвэр байгаа. Мөн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан. Шийдвэрийн агуулга нь хохирогчийг энэ байранд хууль бусаар амьдарч байгаа учир албадан нүүлгэх шийдвэр байгаа. Хохирогч орон байранд хууль бусаар амьдарч байгаа учир хохирогчийн эрх ашиг хамгаалагдахгүй гэж үзэж байгаа. Хохирогчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Шүүгдэгчийг тухайн орон байрнаас албадан нүүлгэх шүүхийн шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримталсан байгаа. Иргэний хэрэг бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, заалтыг, эрүүгийн хэргийн шүүх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтыг баримтлах ёстой. Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. Прокуророос Ц.Бийг орон байранд хууль бусаар нэвтэрч, хураан авахдаа хүч хэрэглэсэн гэдэг байдлаар яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхээс хүч хэрэглэсэн асуудал дээр тодорхой хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр, түлхүүрдэж орж байгаа үйлдэл нь хүч хэрэглэсэн шинжид хамаарна гэдэг байдлаар дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Бямбажаргал “масктай 5, 6 залуу ирээд намайг өргөөд гаргасан”, Ц.Б биш байсан” гэж мэдүүлдэг. Ц.Б мэдүүлэхдээ “тэр залуучууд хэн болохыг би мэдэхгүй, Бямбажаргалтай хамт ирсэн хүмүүс гэж ойлгосон” гэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл тэдгээр залуучууд ямар учиртай хүмүүс эсэх, гэмт хэрэгт хамтран оролцсон юм уу, эсхүл гэрч нар юм уу, хүч хэрэглэж байгаа үйлдлийг тодорхойлсон субьектүүд юм уу гэдгийг тодруулаагүй. Энэ нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх эсэх асуудалд нөлөөлсөн байгаа учир мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн дүүрэн нотолсноор гэм буруу, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх асуудал шийдвэрлэгдэх ёстой. Хүч хэрэглэсэн үйлдлийн хувьд идэвхтэй үйлдэл байх ёстой. Гэтэл Ц.Б нь Бямбажаргалын мэдүүлгээр ямар идэвхтэй үйлдэл хийсэн гэдэг нь тодорхойгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “оршин суугчийн зөвшөөрөлгүй орон байранд нэвтэрсэн бол...” гэж заасан. Тухайн орон байранд Бямбаржаргал оршин сууж байсан нь засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Шүүгдэгч Ц.Б нь хохирогчийн гэрт нь хүч хэрэглэж орсон, хаалганы цоожийг сольсон, одоо тухайн байранд амьдарч байгаа зэрэг нөхцөл байдал нь “хүч хэрэглэсэн” гэсэн шинжийг агуулж байгаа. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Ц.Бийг энэ байрнаас албадан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь одоо иргэний болон эрүүгийн хоёр хэрэг явж байгаа. Шүүгдэгчийн хувьд “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч дураараа авирласан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон. Тухайн орон байр нь иргэний маргаантай, хяналтын шатаар ороогүй буюу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад шүүгдэгчийг албадан гаргуулах боломжгүй. Иймд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ундрах-Эрдэнэ, Б.Энхтүвшин нарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 10/1 дүгээр байрны 27 тоотод оршин суух иргэн Ж.Б-ын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, цоожны голыг сольж, түүнийг байрнаас гаргасан, 2020 оны 02 дугаар сарын 01-ний орой  дахин Ж.Б-ын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, түүнийг байрнаас хөөн гаргаж, халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Б-ийг хүч хэрэглэж, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, Канад улсын иргэн Ф.И.Ю.Ч-тэй хохирогч Ж.Б нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 10/1 дүгээр байрны 27 тоот орон сууцыг 220,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохирч, 80,000,000 төгрөгийг өгч, уг байранд 2014 оны 01 сараас оршин сууж байсан боловч энэхүү байрны төлбөрийг Ж.Б бүрэн төлөөгүйгээс Канад улсын иргэн Ф.И.Ю.Ч нь Ц.Б-д өөрийн зөрчигдсөн эрхээ хуулийн дагуу сэргээлгэх итгэмжлэлийг олгосон байна.

 

Тухайн үед Ф.И.Ю.Ч-тэй байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр хууль ёсоор эзэмшиж байсан орон сууцнаас энэ байдлыг өөрчлөх шүүхийн шийдвэр гараагүй байхад Ж.Б-ыг хүчээр гаргаж, өөрөө эзэмших болсон Ц.Б-ийн энэхүү үйлдэл нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзнэ.

 

Хэдийгээр иргэний хэргийн хоёр шатны шүүх уг орон сууцыг Ж.Б-ын эзэмшлээс Ф.И.Ю.Ч-д гаргуулахаар шийдвэрлэсэн боловч энэ талаар хяналтын шатны шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байсан тул давж заалдах шатны шүүхийн магадлалын 7 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд бусдын халдашгүй байдалд халдсан Ц.Б-ийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 10/1 дүгээр байрны 27 тоот орон сууцнаас албадан гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 757 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1477 дугаар магадлалын нэг дэх заалтын:

“...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож,...” гэсэн хэсгийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хохирогчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ундрах-Эрдэнэ, Б.Энхтүвшин нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                     

 

 

                ДАРГАЛАГЧ                                    Б.АМАРБАЯСГАЛАН

     ШҮҮГЧ                                             С.БАТДЭЛГЭР

                  Б.БАТЦЭРЭН

                        Ч.ХОСБАЯР

                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ