Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 06

 

Хэргийн индекс: 127/2017/0002/3

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан Ахай” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон Дархан сумын Үнэлгээний хороонд холбогдох

            Дархан сумын Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, Ерөнхий боловсролын сургуулийн халаалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхийг даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Дархан Ахай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшин, түүний өмгөөлөгч С.Ичинхорлоо, хариуцагч Дархан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Отгонжаргал, Үнэлгээний хорооны дарга Ж.Пүрэвхүү, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Оюунцэцэг, гуравдагч этгээд “Дэнжийн Өндөр” ХХК-ийн захирал Ж.Ундраа, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Дэнжийн Өндөр” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газраас 2017 оны 01 сарын 06-нд төсвийн байгууллагуудын халаалтын үйл ажиллагааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан.

...Манай компани тендерт оролцох зааварчилгааны дагуу тендерт хамаарагдах 2 ажил үйлчилгээний обьект тус бүрт зарцуулагдах төсвийн гүйцэтгэлийг хийж түүндээ тулгуурлан үнийн саналыг гаргаж, захиалагч талаас үнэд санал авч материалжуулсан болно.

...Бүрдүүлсэн зарим нэг материалын хэсэгт компанийн тамга дарагдсан байдлыг үгүйсгэж заавал нотариатын баталгаа гэж шаардсан, шүүхийн байгууллагаас тодорхойлолт аваагүй гэх байдлаар тендерийн шалгаруулалтаас хасах үндэслэл болгосон байна.

...Үнэлгээний комиссын хуралдаанаар хэлэлцэж байх явцад баримтлах хамгийн гол зарчим нь хамгийн бага үнэтэй байхыг хуульчлан заасан байхад анхаарч үзсэнгүйд гомдолтой байна.

...Иймд үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үнэлгээний хороо 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр тендерт оролцогчдын материалыг 09 цагт хүлээж аваад, 10 цагт хурлаа нээсэн. Хуралд “Дэнжийн Өндөр” ХХК-ийн төлөөлөгч Чогдов, “Дархан Ахай” ХХК-ийн захирал Долгор нарыг оролцуулж, үнийн саналыг танилцуулаад гаргасан.

Үнэлгээний хорооны хурлыг дуустал хүлээсэн. Тэр явцад биднээс тодруулга болон мэдээлэл авах талаар ямар ч зүйл явагдаагүй. Үнэлгээний хорооны шийд 2017 оны 1 дүгээр сарын 7-нд “Соёлын төвийн эрхлэгч Алтанбаатар, сургуулийн захирал Бадамцэцэг” нарт гэсэн хаягтайгаар манай компанид ирсэн. Уг бичигт “...Дархан Ахай компани баримт бичгүүдийн хуулбарыг баталгаажуулаагүй, шүүх байгууллагын тодорхойлолтгүй зэрэг алдаа гаргаж хасагдлаа” гэсэн байсан.

Энэхүү бичигтэй бид танилцаад манай компанид хаяглаагүй байна, манайд албан ёсны хариу өгнө үү гэсэн шаардлагыг Үнэлгээний хороонд хүргүүлсэн.

Үнэлгээний хорооноос тендерт оролцогчдод өгсөн зааварчилгаанд шүүх байгууллагын тодорхойлолт гэж заагаагүй, хуулбарыг нотариатаар батлуулна гэдгийг тусгаж өгөөгүй болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасан байдаг.

Үүний дагуу манай компаниас тайлбар тодруулга авах боломжтой байхад уг боломжийг хэрэгжүүлэхгүйгээр зөвхөн алдаа мэтээр үзэж, хасах шалтгаан болгосонд гомдол гаргасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасан. Ерөнхий боловсролын сургуулийн байрны халаалтын ажлын төсөвт өртөг 54 740 000 төг, үүнд “Дэнжийн өндөр” компани 49 000 000 төг, “Дархан ахай” компани 45 000 000 төгрөгийн үнийн санал, Засаг даргын Тамгын газар, соёлын төвийн байрны халаалтын ажлын төсөвт өртөг 39 624 200 төг, үүнд “Дэнжийн Өндөр” компани 35 500 000 төг, “Дархан Ахай” компани 33 900 000 төгрөгийн үнийн санал гаргасан.

Энэхүү үзүүлэлтүүдийг харахад “Дархан Ахай” компани хамгийн бага үнийн саналтай байна. Ийм байхад “Дэнжийн Өндөр” компанийг шалгаруулсан нь хууль нийцэхгүй гэж үзэж, Үнэлгээний хорооны дүгнэлтүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан” гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ичинхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нар нь тухайн тендерийг хуулийн дагуу зохих ёсоор зохион байгуулж чадаагүй гэж үзэж байна. Хариуцагч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-д заасны дагуу сумын Засаг даргын Тамгын газар “захиалагч” байна  гэж тайлбарлаж байна. Сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсөв нь “тусгай зориулалтын шилжүүлэг”-ээр ирдэг бөгөөд Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-т “тусгай зориулалтын шилжүүлэг”-ийн талаар заасан. Сургуулийн захирал нь тухайн төсвийг 1 дүгээр гарын үсэг зурж, захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтны хувьд захиалагч байх боломжтой гэж үзэж байна.

Нөгөө талаар, Үнэлгээний хороо хууль ёсны, үндэслэлтэй эрхийн акт гаргах ёстой. Үнэлгээний хорооны 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” дүгнэлтэд “Ерөнхий боловсролын сургуулийн байрны халаалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад ...хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн “Дэнжийн Өндөр” ХХК-тай 49 000 000 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг ...захиалагчид өгч байна” гэсэн ба  Үнэлгээний хорооны нөгөө дүгнэлтэд мөн “Ерөнхий боловсролын сургуулийн байрны халаалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад ...хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн “Дэнжийн Өндөр” ХХК-тай 35 500 000 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг ...захиалагчид өгч байна” гэж тус тус бичжээ. Үүнээс үзэхэд, Үнэлгээний хороо Засаг даргын Тамгын газар, соёлын төвийн халаалтын ажлын асуудлыг хэлэлцэлгүй орхигдуулж, сургуультай хоёр өөр үнэлгээтэй гэрээ байгуулах эрх олгосон дүр зураг гарч байна.

Иймд Үнэлгээний хорооны эдгээр дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах шаардлага тавьж байна.

Тендерийн маргаантай асуудлын улмаас тодорхой бус байдал үүссэн ч “Дархан Ахай” компани өвлийн хүйтэнд сургуулийн хүүхэд багачуудыг дааруулахгүйн үүднээс халаалтын ажлыг гүйцэтгэсээр өнөөдрийг хүрсэн байна. Тус компанид санхүүжилт олгогдоогүй тул өөрсдийн нөөц бололцоог дайлчлан ажилласнаар ажилчдынхаа цалин хөлсийг ч тавих боломжгүй хүнд байдалд орсон” гэв.

            Хариуцагч, Хэнтий аймгийн Дархан сумын Үнэлгээний хороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Дархан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/109 тоот захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн халаалтын тендер, А/111 тоот захирамжаар Засаг даргын Тамгын газар, соёлын төвийн халаалтын тендер тус тус шалгаруулах ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

            ...1. Дээрх үнэлгээний ажлын хэсэг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хуралдаад, нэхэмжлэл нь үндэслэлгүй, тендер шалгаруулалтыг хуулийн дагуу шударга явагдсан гэж санал нэгтэй үзсэн.

            2. Баримт бичгийн бүрдэл дутуу. Үүнд:

- Өмнөх тендерт ашиглаж байсан тодорхойлолт, баримт бичгийг хуулбарласан

- Хуулбарласан баримт бичгийг баталгаажуулаагүй

- Гарын үсгийг балаар тодруулсан

- Үнийн саналын маягтанд хоёр тусдаа тендерийг, байгууллагуудын нэрийг нэг бөөн бичсэн /ЕБС, ЗДТГ, Соёлын төвийн нэрээр нэг үнэ санал болгосон. 2 тендерийн баримт бичигт 2-ууланд нь давтагдсан/

            3. “Дархан Ахай” ХХК нь өөрийн эзэмшлийн нүүрс тээвэрлэх хүнд даацын машингүй, нүүрсний уурхайтай нүүрс нийлүүлэх гэрээгүй зэргээр өрсөлдөгч компаниас чадварын хувьд дутуу байсан.

            4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 заалтын дагуу  гомдлыг захиалагчид биш Үнэлгээний хороонд гаргасан.

            5. Тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 заалтын дагуу 2017 оны 01 сарын 13-ны өдөр тендерт оролцогч дээрх хоёр компанийн захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг байлцуулан, сумын Засаг дарга, Үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга нар урьж уулзан “Дархан Ахай” компанийн гомдлыг шийдвэрлэхийг оролдсон боловч “Дархан Ахай” компанийн төлөөлөгчид өмнө гаргасан, өрсөлдөгч компанийн тендерт ирүүлсэн баримт бичигтэй танилцах хүсэлтээсээ татгалзаж, хоёр компанийн тендерийн баримтыг битүүмжлэхийг шаардан, битүүмжлэн гарын үсгээр баталгаажуулсан болно.

            6. Дархан ахай ХХК нь гомдлыг шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсан нь тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 заалтын дагуу гомдол гаргах эрх үүсэхгүй гэж үзэж байна.

            7. Тендерт шалгарсан “Дэнжийн Өндөр” ХХК-тай гэрээ байгуулаагүй байгаа бөгөөд “Дархан Ахай” ХХК нь түр гэрээгээр ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 заалтыг харгалзалгүй нэхэмжлэл гаргасан байна” гэжээ.

             Хариуцагчийн төлөөлөгч, Үнэлгээний хорооны дарга Ж.Пүрэвхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь сумын Ерөнхий боловсролын сургуулийн халаалтын асуудлыг шийдвэрлэж, “Дархан ахай” компаниар гүйцэтгүүлдэг зэрэг нь ашиг сонирхлын зөрчилтэй талаар гомдол гарч байсан. Энэ байдлыг таслан зогсоох зорилгоор тендерийг сумын Засаг даргын Тамгын газар зарласан. Сургуулийн захирлаар ажиллаж байгаа Д.Бадамцэцэг нь “Дархан Ахай” ХХК-ийн захирал Намсрайжавын охин бөгөөд Д.Бадамцэцэг  2013 онд сургуулийн захирал болоход нь Намсрайжав нь Долгор гэдэг өндөр настанд компанийнхаа  эрхийг шилжүүлсэн байдаг.

            “Дархан Ахай” ХХК-ийн тендерт ирүүлсэн бичиг баримтууд нь хуулбарласан баримтууд байсан ба хуулбар нь үнэн зөв болохыг нотариатаар батлуулаагүй байсан. Иймээс Үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар бичиг баримт нь шаардлага хангахгүй гэж үзсэн” гэв.

            Хамтран хариуцагч Ш.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь сумын Засаг даргын Тамгын газрыг худалдан авах ажиллагааны захиалагч биш гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан төвлөрүүлэн захирагч нь холбогдох төсвийн төвлөрүүлэн захирагчийн зөвшөөрснөөр харьяалагдах байгууллагын төсвийн хүрээнд худалдан авах нэг төрлийн бараа, ажил, үйлчилгээг нэгтгэн, нийлүүлэгч болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж болно” гэж заасан. Үүний дагуу сумын Засаг даргын Тамгын газраас тендер зохион байгуулсан.

            Нэхэмжлэгч мөн, сургуулийн халаалтын зардлыг “орон нутгийн төсөв” биш гэж байна. Сургууль нь тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүждэг. Төсөв нь аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагддаг.  Иймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-т заасны дагуу сумын Засаг даргын Тамгын газар захиалагч байна” гэв.

            Хариуцагч нарын өмгөөлөгч Д.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дархан сумын сургууль болон Тамгын газар, соёлын төвийн халаалтын ажлын тендерт “Дархан Ахай” компанийн өгсөн бичиг баримтууд нь хуулбар хувиуд байсан байна. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. Иймээс Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу уг тендерээс татгалзсан. Энэ нь Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, “Дархан Ахай” компанид өгсөн Мэдэгдэл зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Үнэлгээний хорооны татгалзсан шийдвэрт гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч нь өөрийн компанийг “хамгийн бага” үнэтэй тендерийг санал болгосон тухай тайлбарлаж байна. Нэхэмжлэгч “Дархан ахай” ХХК-ийн тендер нь хянан үзэх шатнаас хасагдсан тул харьцуулалт явагдаагүй. Иймээс халаалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тухай  Үнэлгээний хорооны шийдвэрийн улмаас “Дархан Ахай” компанийн эрх ашиг хөндөгдөөгүй. Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

            Гуравдагч этгээд “Дэнжийн өндөр” ХХК-ийн захирал Ж.Ундраа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Манай компани нь 2006 онд байгуулагдсанаас хойш халаалтын үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. Тус нэхэмжлэлд дурдагдсан ЕБС-ийн хичээлийн байрыг 2007, 2008, 2013 онд хагас жил, Засаг даргын тамгын газар, Соёлын төвийн байрыг 2007, 2008, 2009, 2011-2016 он хүртэл тус тус халаалтыг хариуцан ажилласан. /ЗДТГ, соёлын төвийн байр дундаа нэг тогоотой/

2012 онд “Дархан-Ахай” ХХК-ны захирал Цэндсүрэн овогтой Намсрайжавын охин Дашзэвэг овогтой Бадамцэцэг ЕБС-ийн захирал болсноос хойш манай компани нь тус ЕБС-ийн халаалтын тендер шалгаруулалтанд оролцоод шалгарч байгаагүй. Шалтгаан нь еөрсдийн хувийн компанийг шалгаруулдаг байсантай холбоотой гэж боддог. /Д.Бадамцэцэг нь “Дархан-Ахай" ХХК-ны 2 дугаар гарын үсгийг зурдаг байсан/

Тус “Дархан-Ахай” ХХК нь ЕБС-ийн халаалтыг авч ажиллуулахын тулд 2013 онд компаниа Чимэддоо овогтой Долгор гэдэг тэтгэвэрт гарсан хүний нэр дээр 7 сая төгрөгийн дурмийн сантай шилжүүлсэн байдаг /худалдсан, худалдан авсан гэрээгүйгээр/ бөгөөд үйл ажиллагааг Долгорын нэрээр өөрсдөө эрхлэн явуулдаг. Үүнд: Төрсөн ах Д.Энхтүвшин менөжер, дүү Д.Амгаланбаатар нь жолоочоор тус тус ажилладаг.

Дархан-Ахай ХХК нь төсвийн хөрөнгөөр авсан тоног төхөөрөмжүүдийг /насос, тогоо/ тендерийн бичиг баримтанд өөрийн компанийн өмч болгон тусган оруулдаг.

Өөрийн гэсэн хүнд даацын машингүй, Бор-Өндөр сумын уурхайд явдаг хүнд даацын машинтай гэрээ хийж аргалдаг. Нүүрсний компаниудтай гэрээгүй ажилладаг зэрэг үзүүлэлтээрээ манай компаниас дутуу байтал тендерт ялдаг.

Жишээ нь: 2015 онд манай компани илт бага үнийг санал болгосоор байтал дээр дурдагдсан төрийн өмчийн тоног төхөөрөмжийн илүүгээр “Дархан-Ахай” ХХК-ийг шалгаруулж байсан.

ЕБС-ийн захирал нь ашиг сонирхолын зөрчилтэй атлаа өөрийн компанийг төсвийн мөнгөөр санхүүжүүлэн манай компанийг хохироосоор өнөөг хүрлээ.

2017 оны 01 сарын О6 нд шалгаруулсан халаалтын тендерийн ажлын хэсгийн шалгаруулалт үнэн зөв, шудрага явагдсан гэж үзэж байна. Одоо “Дархан-Ахай" ХХК нь түр гэрээгээр халаалтын ажлыг гүйцэтгэж манай компианийг хохироосоор байгаа тул ойрын хугацаанд шудрагаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Гуравдагч этгээд “Дэнжийн өндөр” ХХК-ийн захирал Ж.Ундраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендер хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. “Дархан Ахай” ХХК сургуулийн байрны халаалтын ажлыг 45 саяд хийж гүйцэтгэнэ гэсэн байсан. Уг үнэлгээг тооцож үзвэл 45 саяас илүү байх шиг байна. Д.Энхтүвшин, Д.Бадамцэцэг хоёр нь төрсөн ах дүү хоёр юм. Үнэлгээний хороо гэрээ байгуулах шийдвэр гаргаж, зөвлөмж гаргасан байхад сургуулийн захирал Д.Бадамцэцэг нь одоо болтол манай компанитай гэрээ байгуулаагүй байна” гэв.

            Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үнэлгээний хороо тендерт оролцогчдод зааварчилгаа өгсөн байдаг. Үүнд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байхыг шаардсан. “Дархан Ахай” ХХК нь тендерийн бичиг баримтаа ирүүлэхдээ нотариатын баталгаа хийлгээгүй байна. Тус компани нь санхүүгийн чадавхид тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Иймээс тус компанийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй. Гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх тухай Үнэлгээний хорооны шийдвэрийн улмаас нэхэмжлэгч “Дархан Ахай” компанийн эрх, ашиг сонирхол нь хөндөгдөөгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Хэнтий аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг “Дархан Ахай” ХХК нь тус сумын төсвийн зарим байгууллагын 2017 оны халаалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

            Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар 22-ны өдрийн 109 дүгээр захирамжаар сумын Ерөнхий боловсролын сургуулийн, мөн өдрийн 111 дүгээр захирамжаар сумын Засаг даргын Тамгын газар, соёлын төвийн байрны халаалтын ажлын гүйцэтгэгчийг тус тус сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулагдсан бөгөөд уг Үнэлгээний хороо  тендерийг зохион байгуулж, “Дархан Ахай”, “Дэнжийн Өндөр” компаниудын ирүүлсэн тендерийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10.00 цагт нээжээ.  

            Хариуцагч Үнэлгээний хороо нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр  2 тендер тус бүрт дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтээр сумын Засаг даргын Тамгын газар, соёлын төвийн халаалт, мөн ерөнхий боловсролын сургуулийн  халаалтын ажлын гэрээг  “Дэнжийн Өндөр” ХХК-тай байгуулах эрхийг захиалагчид өгчээ.

            Хариуцагч Үнэлгээний хороо нэхэмжлэгч “Дархан ахай” компанид 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хүргүүлсэн Мэдэгдэлдээ, “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.4-т заасны дагуу танай ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзаж байна...” гэжээ.

            Хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд, “нэхэмжлэгч Дархан Ахай компани тендерээс нь татгалзсан шийдвэрт гомдол гаргаагүй, тендер нь хянан үзэх шатнаас хасагдаж,  харьцуулалт хийгдээгүй тул тендерийн үнэлгээний талаар нэхэмжлэлийн шаардлага  гаргах эрхгүй, Үнэлгээний хорооны дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй” гэж тайлбарласныг шүүх хүлээн  зөвшөөрөх үндэслэлгүй байна. 

             Үнэлгээний хорооны, тендерээс татгалзсан шийдвэрийг нэхэмжлэгч “Дархан Ахай” ХХК нь эс зөвшөөрч, гомдлоо Үнэлгээний хороонд, мөн Дархан сумын Засаг даргын Тамгын газрын даргад, улмаар Сангийн Яаманд тус тус гаргасан болох нь “Дархан Ахай” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаартай[1], 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаартай албан бичиг[2], Үнэлгээний хорооны 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” бичиг[3], Сангийн Яамны  2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 6-1/450 тоот албан бичиг[4] зэргээр тус тус тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд “...Бүрдүүлсэн зарим нэг материалын хэсэгт компанийн тамга дарагдсан байдлыг үгүйсгэж заавал нотариатын баталгаа гэж шаардсан, шүүхийн байгууллагаас тодорхойлолт аваагүй гэх байдлаар тендерийн шалгаруулалтаас хасах үндэслэл болгосон байна...” гэж бичсэн бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.

            Ийнхүү Дархан сумын: а/ Ерөнхий боловсролын сургууль

б/ Засаг даргын Тамгын газар, соёлын төвийн байрны халаалтын ажлыг гүйцэтгүүлэх Тендерийн хоёр урилгын дагуу тус бүр хоёр компани тендер ирүүлснээс Үнэлгээний хороо “Дархан Ахай” компанийн тендерээс татгалзаж, “Дэнжийн Өндөр” компанид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн байх ба Үнэлгээний хорооны уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч “Дархан Ахай” компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул энэ тухай нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.

            Нэхэмжлэгч “Дархан ахай” компанид 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хүргүүлсэн хариуцагч Үнэлгээний хорооны Мэдэгдэлд, “...танай компанийн ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйл, тендерийн баримт бичгийн дараах шаардлагыг хангаагүй байна.Үүнд: Тус хуулийн 14.3, 14.6 дугаар зүйл, тендерийн баримт бичгийн 1, 2 дугаар заалтыг хангаагүй байна” гэсэн бол Үнэлгээний хорооны 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хариу бичигт “1. Худалдан авах үйл ажиллагааны тухай хуулийн 14-16 зүйлийг тендерийн бичиг баримтын 1.1-т заасан байгаа, 2. Танай компанийн тамга тэмдэг нь хуулбарыг үнэн гэсэн баталгаа болохгүй болно...” гэжээ.

            Хариуцагч Үнэлгээний хорооны дээрх шийдвэр нь ойлгомжгүй, тодорхой бус байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалттай нийцэхгүй байна.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар, тендер нээсний дараа тендер тус бүр нь 27.1.1, 27.1.2, 27.1.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-т заахдаа, тендер нь 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, уг тендерээс татгалзахаар хуульчилсан байна.

Хариуцагчийн гаргасан захиргааны актыг шүүхээс хянан үзэхэд,

            а/ Нэхэмжлэгч “Дархан ахай” компанийн ирүүлсэн тендер  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан ямар, аль шаардлагыг хангахгүй байгааг хариуцагч огт зааж, тодорхойлоогүй, “тендерийн баримт бичгийн 1, 2 дугаар заалтыг хангаагүй” гэж  ерөнхийд нь бичсэн. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 1 дүгээр заалт нь дотроо гурав, 2 дугаар заалт нь есөн заалттай байгааг дурдах нь зүйтэй.

            б/ Хариуцагчийн дурдсан нэг үндэслэл нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг хангаагүй байна” гэжээ. Уг заалтын дараагийн заалт болох 14.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 14.3-т заасан бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичгийг тендерийн баримт бичигт тусгайлан заана” гэж хуульчилсан байна. Гэвч хариуцагч нь хуулийн уг заалтыг хэрэгжүүлээгүй, 14.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичгийг Тендерийн баримт бичигтээ тусгайлан заагаагүй атлаа нэхэмжлэгч “Дархан Ахай” компанийг 14.3-т заасныг хангаагүй гэж буруутгах үндэслэлгүй.

            Мөн Үнэлгээний хорооны дарга Ж.Пүрэвхүүгээс Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сумын Засаг даргын Тамгын газрын дарга, соёлын төвийн эрхлэгч нарт хүргүүлсэн зөвлөмжид, “Дархан ахай” компанийн баримт бичигт “шүүх байгууллагын тодорхойлолт байхгүй” гэж дурдагдсан байх бөгөөд хуулийн аль заалтын дагуу, ямар утга агуулгатай тодорхойлолт ирүүлэх шаардлагатайг  тендерийн баримт бичигт мөн заагаагүй байсан байна.     

в/ Хариуцагч Үнэлгээний хорооноос нэхэмжлэгч “Дархан Ахай” компанид өгсөн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хариу бичигт “...Танай компанийн тамга тэмдэг нь хуулбарыг үнэн гэсэн баталгаа болохгүй болно” гэж тодорхой бус хариу өгсөн байна. 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, “Дархан Ахай” ХХК-ийн тендерт ирүүлсэн бичиг баримтууд нь хуулбарласан баримтууд байсан ба хуулбар үнэн зөв болохыг нотариатаар батлуулаагүй байсан” гэж тайлбарлаж байна. Үнэлгээний хорооны 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын 03, 04 дугаартай тэмдэглэлд, “Дархан Ахай” компанийн Тусгай зөвшөөрлүүд/нотариатаар батлуулсан/ -“үгүй”, нийгмийн даатгалын тодорхойлолт –“үгүй”, бусад үзүүлэлтүүдэд – “тийм” гэжээ. “Дархан Ахай” компани нь “Дулаан үйлдвэрлэл”, “Дулаан түгээх”, “Дулаанаар зохицуулалттай хангах” тусгай зөвшөөрлийн гэрчилгээнүүдийнхээ канондсан хувийг хавсаргаж хүргүүлсэн болох нь Үнэлгээний хороонд ирүүлсэн тендерийн баримт бичгээр тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаагүй болно.

Тендерийн баримт бичиг болох, “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-нд[5] тендерт оролцогч холбогдох баримт бичгээ эх хувиар, эсхүл хуулбарыг ирүүлэх, хуулбар ирүүлсэн тохиолдолд нотариатаар батлуулах эсэх талаар тусгаж өгөөгүй байна. Харин зааварчилгааны 2 дугаар хэсгийн төгсгөлд “Үнийн саналын баримт бичигт орсон хуудас нэг бүр нь үдэгдсэн дарааллын дагуу дугаарлагдан баталгаажсан байна. /Үдэгдсэн хуудасны баруун доод буланд дугаар, баталгааг хийнэ/ гэсэн заалт л оруулжээ. Үүний дагуу, тендерийн баримт бичгийн хуудасны баруун доод буланд /Дархан Ахай болон Дэнжийн Өндөр компанийн аль аль нь/ компанийн захирал гарын үсэг зурж, компанийн тамгыг дарсан байна. 

Иймээс тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нотариатаар батлуулаагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.

 Тухайн тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасны дагуу тайлбар, тодруулгыг бичгээр ирүүлэхийг шаардах боломжтой байсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар тайлбарлаж байгааг үндэслэлтэй гэж үзнэ.

Мөн Үнэлгээний хорооны хурлаар Нийгмийн даатгалын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолтыг “тендер зарлахаас өмнө авсан тодорхойлолт” гэх үндэслэл дурдаж, шаардлага хангахгүй мэтээр дүгнэж, холбогдох байгууллагуудын дарга, удирдлагад хүргүүлсэн зөвлөмждөө “...нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолтгүй” гэж бичсэн нь зүйд нийцэхгүй гэж шүүх үзэж байна.

Ийнхүү нэхэмжлэгч “Дархан ахай” ХХК-ийн тендерээс татгалзсан хариуцагч Үнэлгээний хорооны шийдвэр, үйл ажиллагаа нь хууль бус тул тендерийн дараагийн үе шатанд хариуцагч Үнэлгээний хорооны гаргасан шийдвэр хүчинтэй байх үндэслэлгүй болно. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Үнэлгээний хорооны 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хоёр дүгнэлт буюу Дархан сумын Засаг даргын Тамгын газар, соёлын төвийн халаалт, мөн ерөнхий боловсролын сургуулийн  халаалтын ажлын гэрээг  “Дэнжийн Өндөр” ХХК-тай байгуулах эрхийг захиалагчид өгсөн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Үнэлгээний хорооны дарга Ж.Пүрэвхүү нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, нэхэмжлэгч “Дархан Ахай” компанитай сургуулийн захирал Д.Бадамцэцэг сонирхлын зөрчилтэй /ээж нь тус компанийн захирлаар ажиллаж байсан/ талаар тайлбарласан боловч тендерээс татгалзах шийдвэрт уг үндэслэлийн талаар тусгаагүй, хууль зүйн үндэслэлийг заагаагүй тул шүүхээс дүгнэлт хийх боломжгүй юм.

Хариуцагч Үнэлгээний хороо нь “Дархан Ахай” ХХК-д тендерээс татгалзсан тухай мэдэгдсэн атлаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа, тус компанийг “... өөрийн эзэмшлийн нүүрс тээвэрлэх хүнд даацын машингүй, нүүрсний уурхайтай нүүрс нийлүүлэх гэрээгүй зэргээр өрсөлдөгч компаниас чадварын хувьд дутуу байсан” гэж,  тендерт үнэлгээ хийсэн мэт тайлбар гаргасан нь ойлгомжгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “...хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж заасан байдаг тул татгалзсан тендерт үнэлгээ хийх асуудал байж болохгүй. 

Иймээс шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан, “Дархан Ахай” ХХК-ийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй холбоотой, тухайлбал, нүүрс тээвэрлэх машины бүрэн бүтэн байдал, халаалтын тогоо, насос зэргийн эзэмшил, өмчлөлтэй холбоотой хүсэлтийг шүүх хүлээж авах, энэ асуудлаар үнэлэлт дүгнэлт хийх боломжгүй байсан болно. Мөн нэхэмжлэгч “Дархан Ахай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан, тендер нь “хамгийн бага харьцуулах үнэтэй” байсан гэх  тайлбарыг хүлээн авах, үнэлэлт дүгнэлт хийх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, тендерийн захиалагч нь Ерөнхий боловсролын сургуулийн захирал өөрөө байж, тендерийг зохион байгуулах боломжтой байсан гэж тайлбарлаж байгаа ч Үнэлгээний хороо байгуулах тухай Дархан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/109, А/111 дүгээр захирамжуудад гомдол гараагүй, нэхэмжлэгч “Дархан Ахай” ХХК нь тус Үнэлгээний хороонд тендерийн баримт бичгүүдээ хүргүүлсэн байна.

 “Дэнжийн Өндөр” ХХК-тай 35 500 000 төгрөгийн төсөвтэй гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид олгосон Үнэлгээний хорооны 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Дүгнэлт”-эд Дархан сумын “Засаг даргын Тамгын газар, соёлын төвийн” гэхийг “Ерөнхий боловсролын сургуулийн байрны” гэж ташааран, техникийн алдаа гаргасан болох нь хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй. /Уг дүгнэлт нь хэргийн материалд эх хувиараа байгаа болно/

Нэхэмжлэгч нь Үнэлгээний хороонд өгсөн тендерийн зарим баримт бичгүүдийнхээ хувийг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн нь хэрэгт хамааралгүй байх тул машин техник, тоног төхөөрөмжийн зураг бүхий 11 хуудас баримтыг хэргийн нотлох баримтаас хасах нь зүйтэй гэж шүүх хуралдаанаас шийдвэрлэсэн болно.

 Нэхэмжлэгч “Дархан Ахай” ХХК болон гуравдагч этгээд “Дэнжийн Өндөр” ХХК-иудаас ирүүлсэн тендерийг нэхэмжлэгч “Дархан Ахай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшингийн хүсэлтээр Үнэлгээний хороо 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дугтуйлан битүүмжилснийг шүүхэд ирүүлж, 2017 оны 03 дугаар сарын 27–ны өдөр шүүхээс үзлэг хийж,  битүүмжлэлийг задалсан бөгөөд уг материалтай хэргийн оролцогч нар танилцаж, шүүх хуралдаанд шинжлэн судалсан тул эдгээр баримтыг Үнэлгээний хороонд буцаан хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12, 106.3.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 39 дүгээр зүйлийн 39.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 14 дүгээр зүйлийн14.4, 19 дүгээр зүйлийн 19.2, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.1, 47.2.2 дах хэсгүүдэд заасныг баримтлан, нэхэмжлэгч “Дархан Ахай” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан сумын Үнэлгээний хорооны 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлт буюу,

 а/ Дархан сумын Засаг даргын Тамгын газар, соёлын төвийн халаалт, б/ Ерөнхий боловсролын сургуулийн  халаалтын ажлын гэрээг “Дэнжийн Өндөр” ХХК-тай байгуулах эрхийг захиалагчид өгсөн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “Дархан Ахай” ХХК, гуравдагч этгээд “Дэнжийн Өндөр” ХХК-иудын тендерт үнэлгээ хийхийг хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Үнэлгээний хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Дархан Ахай” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумны Засаг даргын ажлын алба-Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Дархан Ахай” ХХК-д олгосугай.

3. Хэнтий аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын сургуулийн халаалтын ажлын тендерт нэхэмжлэгч “Дархан Ахай” компаниас ирүүлсэн 137 хуудас бүхий 1 хавтас баримт бичиг, “Дэнжийн Өндөр” ХХК-иас ирүүлсэн 107 хуудас бүхий 1 хавтас баримт бичиг, Дархан сумын Засаг даргын Тамгын газар, соёлын төвийн халаалтын ажлын тендерт нэхэмжлэгч “Дархан Ахай” компаниас ирүүлсэн 137 хуудас бүхий 1 хавтас баримт бичиг, “Дэнжийн Өндөр” ХХК-иас ирүүлсэн 133 хуудас бүхий 1 хавтас баримт бичиг, нийт 4 хавтас баримт бичгийг хариуцагч Үнэлгээний хороонд буцаан хүргүүлсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

             Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.БАЛЖМАА

 


[1] Хавтаст хэргийн 172 дугаар хуудас

[2] Хавтас хэргийн 175 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 15 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 73-86 дугаар хуудас, 101-114 дүгээр хуудас