Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2019/0371

 

Э.С-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагч Б.Б нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Э.С-гийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/56 дугаар тушаалаар байгуулагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах комисст холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр: ”Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.5, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтуудыг тус тус баримтлан Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/56 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах шалгалтын комиссын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн комиссын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад оролцогч Э.С-гийн ярилцлагын шалгалтыг 9.8 оноогоор дүгнэсэн шийдвэрийг дахин шинэ акт гаргах хүртэл буюу 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

        Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шалгалтын комисс /Боловсрол, соёл, урлагийн газар/ нь Э.С-гийн ярилцлагын шалгалтыг дахин явуулж, үнэлгээ хийж сонгон шалгаруулалтын дүнг гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлж,

        Шүүхээс тогтоосон 2 /хоёр/ сарын хугацаанд ярилцлагын шалгалтыг явуулж, сонгон шалгаруулалтын үнэлгээг гаргасан захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд Э.С-гийн ярилцлагын шалгалтыг 9.8 оноогоор дүгнэсэн Шалгалтын комиссын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болсонд тооцож,

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгч Э.С-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шалгалтын комисс /Боловсрол, соёл, урлагийн газар/-оос 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

        Хариуцагч шалгалтын комиссын дарга Б.Б давж заалдах гомдолдоо: “... Комиссын гишүүд Боловсрол, соёл, урлагийн газрын даргын захиалгаар шалгалтын дүнг зориуд дарж тэнцүүлээгүй гэх боловч уг асуудал нь бүрэн дүүрэн хангалттай нотлогдоогүй.

        Шүүх хэргийн тал бүрээс нь бүрэн дүүрэн судалж, холбогдох шаардлага хангасан нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэн шийдвэрийг гаргах нь хууль зүйн үндэслэл бүхий болох байтал учир дутагдалтай дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

        ... Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шалгалтын комисс удирдах ажилтны шалгалт зохион байгуулах зорилгоо биелүүлж, шалгалтын үйл ажиллагаа дууссан, комиссыг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд нь эрх зүйн үр дагаврыг бүрэн хариуцах Боловсрол, соёл, урлагийн газрыг хариуцагчаар татаагүй, комисс нь өөрийн гэсэн хэвлэмэл хуудас, тамга дардас байхгүй, захиргааны байгууллага болж чадахгүй юм. Шалгалтын комиссын гаргасан дүгнэлт нь захиргааны актын шинжийг агуулаагүй байна” гэжээ.

        Хариуцагч шалгалтын комиссын гишүүн Д.Д, Г.О, Ж.Б нар давж заалдах гомдолдоо: “...Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолд сонгон шалгаруулалтын комиссыг 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулна гэж зааснаас бус сонгон шалгаруулалт явуулах, дүн хэлэлцэхэд комиссын ирцийн талаар тусгагдаагүй.

        Комиссын гишүүн А.О албан ажилтай, зайлшгүй шаардлагын улмаас оролцож амжаагүй. ... Комиссын гишүүд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 2.5-д зааснаар ярилцлагын онооны үнэлгээг Э.С-гийн асуултад хариулсан, илтгэх чадвар, төсөл, хөтөлбөрөө өөрийн болгосон байдал зэргийг харгалзан комиссын 4 гишүүн тус бүрийн үнэлгээний дунджаар гаргасан.

        Гэтэл ярилцлагын шалгалтыг тухайн бэлтгэсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд дахин явуулна гэдэг нь “асуусан асуултаа л дахин асуу” гэж ойлгогдохоор тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэн, оновчгүй шийдвэр гэж үзэж байна.

        Шүүх Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

        Боловсрол, соёл, урлагийн газрын дарга шалгалтын дүнд нөлөөлөх боломжтой байдаг бол шууд комиссын гишүүддээ хандахгүй, шалгуулагчид хандсан гэдэг нь учир зүйн хувьд үндэслэлгүй хардлага гэж үзэж байна.

        Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож төрийн ажлын тасралтгүй явагдах нөхцөлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт бүрэн цуглуулаагүйгээс давж заалдах шатны шүүх гомдлын агуулгад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

        Нэхэмжлэгч Э.С-гаас “Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/56 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах шалгалтын комиссын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн комиссын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад оролцогч Э.С-гийн ярилцлагын шалгалтыг 9.8 оноогоор дүгнэснийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хянан шийдвэрлэжээ.

        Захиргааны хэргийн шүүх захиргааны хэрэг үүсгэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах, ялангуяа мөн хуулийн 106 дугаар зүйлийн аль хэсэгт заасан шийдвэрийг гаргуулж, зөрчигдсөн гэх эрхээ хэрхэн сэргээлгэхийг нэхэмжлэгч хүсэж байгааг зайлшгүй тодруулах, үүний дараа мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргийн дагуу маргааны үйл баримттай холбогдуулж хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний эцэст маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

        Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7, 30 дугаар зүйлийн 30.1.1-д зааснаар орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгчийг аймгийн Засаг дарга томилохоор, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлыг аймгийн Боловсролын газар зохион байгуулахаар байна.

        Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын Нэгийн 1.4.3-д “цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулахыг аймгийн Боловсролын газрын дарга хариуцах”-аар, Дөрвийн 4.1-д “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комисс зохион байгуулах”-аар, Долоогийн 7.1-д “сонгон шалгаруулалтын дүнг комиссын хурлаар хэлэлцэж шийдвэр гаргах”-аар тус тус зохицуулжээ.

        Хууль болон Төрийн албаны зөвлөлийн дээрх тогтоолоор батлагдсан журмын дагуу Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/56 дугаар тушаалаар төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах шалгалтын комиссыг байгуулж, тухайн комисс сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг явуулж 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр сонгон шалгаруулалтын дүнг хурлаараа хэлэлцэн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дүгнэлт гаргасан, түүнийг нь үндэслэн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 676 дугаар албан бичгээр нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад хүргүүлжээ.

        “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын Зургаагийн 6.1 дэх заалтаас үзвэл шалгалт нь боловсролын түвшин, туршлага, мэргэшсэн байдал, сорилын, бичгийн болон мэдээллийн технологийн мэдлэгийн түвшингийн шалгалтууд, хөтөлбөр, төсөл бэлтгэсэн, өөрийн мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн байдал, ярилцлагын зэрэг шалгалтуудаас бүрдэх бөгөөд эдгээрийг нэгтгэн хурлаараа хэлэлцэж, журмын Долоогийн 7.1-д зааснаар дүгнэлт гаргаснаар тухайн шалгалтад оролцогчид сонгон шалгаруулалтад тэнцсэн эсэх нь шийдвэрлэгдэхээр байна.

        Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “сонгон шалгаруулалтын комиссын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгаруулалтын Э.С-гаас авсан ярилцлагын 9.8 оноог хүчингүй болгох, дахин үнэлж дүнг гаргахыг даалгах” гэж тодорхойлсон нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын комиссын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлттэй маргаж байгаа эсэх нь тодорхойгүй байхад шүүх “ярилцлагын шалгалтад 9.8 оноогоор дүгнэсэн” нь дангаараа захиргааны акт болох эсэх талаар дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

        Үүнээс гадна “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын Дөрвийн 4.2-т “Сонгон шалгаруулалт явуулах тохиолдол бүрт комиссыг шинээр байгуулна” гэх заалтаас үзвэл Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/56 дугаар тушаалаар байгуулагдсан шалгалтын комисс “татан буугдсан” гэх тайлбар үндэслэлтэй байж болохоор байна.

        Энэ тохиолдолд шүүх тухайн шалгалтын комисс татан буугдсан эсэх талаарх баримтыг хэрэгт авч асуудлыг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

        Шалгалтын комисс татан буугдсан тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 /Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна/-т заасны дагуу холбогдох этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах шаардлагатай.

        Тухайн асуудлыг тодруулалгүйгээр анхан шатны шүүх комиссын дарга болон комисст холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн улмаар комиссын дарга болон гишүүн, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан этгээдийг хариуцагчаар татан оролцуулсан нь ойлгомжгүй байна.

        Үүнээс гадна анхан шатны шүүх сонгон шалгаруулалтын дүнг гаргахдаа сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулсан эсэх, ялангуяа “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын Зургаагийн 6.1-ийн (9), Наймын 8.1.2-т заасан ажиллагааг хэрхэн явуулсныг сонгон шалгаруулалтад оролцогчдыг дүгнэсэн үйл ажиллагааг харьцуулах байдлаар, тухайлбал, ярилцлагын шалгалтад орсон бусад нэр дэвшигчдийн хөтөлбөр, төслөө танилцуулсан байдал, асуулт асуусан байдал зэргийг харьцуулах байдлаар дүгнэх, үүний тулд тэдгээрийн хөтөлбөр, төслийг нотлох баримтаар авсны эцэст дүгнэлт өгөх шаардлагатай.

        Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

        Харин Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга комиссын гишүүдэд нөлөөлсөн, комиссын гишүүд Боловсрол, соёл, урлагийн газрын даргын нөлөөнд автсан зэрэг үйлдэл байгаа гэж үзвэл тэдгээр албан тушаалтнуудыг эрх бүхий холбогдох байгууллагад хуулийн дагуу шалгуулах нэхэмжлэгчийн эрх нээлттэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

                                                ШҮҮГЧ                                                  О.НОМУУЛИН

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАТБААТАР