Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 119

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

                                                                    

 

 

 

 

 

 

 

           О.Анужинд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Пүрэвтогтох,

Хохирогч А.Гэрэлт-Од, түүний өмгөөлөгч Д.Тамир,  

Ялтан О.Анужин, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр,  

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.Гэрэлт-Одын гаргасан давж заалдах гомдлоор О.Анужинд холбогдох эрүүгийн 201626030805 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Хөвх овогт Оюубадамын Анужин, 1990 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, БНХАУ-ын Шанхай хот дахь “Дон хуа” дээд сургуулийн график, дизайнерийн 2 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 5, эх, ах, эмэг эх, өвөг эцэг нарын хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 25-8 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УХ90060256/,   

 

          О.Анужин нь 2016 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 23 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, "Хийморь" хотхоны 30-27 тоотод талх зүсэж байсан хутгаа гартаа барин өөрийн найз А.Гэрэлт-Одыг “орой болсон, согтуу байна, битгий яв” гэж хэлэн хажууд нь очих үед А.Гэрэлт-Од нь сандал дээрээс босох үедээ бүдэрч, түүний барьж байсан хутганд хатгагдаж А.Гэрэлт-Одын биед хүнд гэмтэл хайхрамжгүй хандаж, болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: О.Анужинд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: О.Анужинг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, О.Анужинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Анужинд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар О.Анужинд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгаж, О.Анужин нь хохирогч А.Гэрэлт-Одод 8.600.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч А.Гэрэлт-Од нь гэмт хэргийн улмаас бие махбодид учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч О.Анужингаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, О.Анужин нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, О.Анужинд авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч А.Гэрэлт-Од давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдол гаргах болсон шалтгаан нь О.Анужин анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө, тохиролцооны журмаар гомдолгүй гээд хэлээд өгөөч эмчилгээнд явуулах зардал, мөн учирсан хохирлыг барагдуулна гэсэн. Тэгээд анхан шатны шүүх хуралдааны дараа эмчилгээний зардлыг төлж дуусгана гэсэн гэрээ байгуулснаар би гомдолгүй гэж гарын үсэг зурсан. Миний байцаалтад анх өгсөн мэдүүлэг үнэн зөв болно. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүхээс эрх зүйн туслалцаа үзүүлэхээр өмгөөлөгч би оролцож байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар гэрч Болормаа, Гэсэр, Анар нарын мэдүүлэг байдаг. Болормаагийн мэдүүлэгт “О.Анужин харанхуй шөнө хаашаа явах гэж байгаа вэ гээд хашгирсан. Тухайн үед А.Гэрэлт-Одын цээжнээс цус гарсан байсан” гэсэн, гэрч Гэсэрийн мэдүүлэгт “О.Анужин гартаа хутга барьсан чигээрээ хаачих гэж байгаа юм бэ хөгшөөн гэхэд, харилаа гэсэн. Ингээд А.Гэрэлт-Од үүдний хэсэгт сууж байгаад босохдоо хальт гарт нь байсан хутганд шүргэх шиг харагдсан, тэр үед цээжнээс нь цус гарч байсан” гэсэн, гэрч Анарын мэдүүлэгт “А.Гэрэл-Од огцом эргэж О.Анужингийн барьж байсан хутганд зүсэгдсэн” гэсэн 3 өөр мэдүүлэг байдаг. Эдгээр 3 хүн бүх үйл явдлыг харсан байдаг. Хохирогч хавтас хэргийн 13 дугаар талд өгсөн тайлбартаа О.Анужин тухайн үед хутгаар дүрчихсэн гэж тодорхой мэдүүлдэг. Энэ гэрч болон хохирогчийн мэдүүлгүүдээс үзэхэд гэмт хэргийн үйл баримтыг харсан гэж үзэж байна. Хэрэв А.Гэрэлт-Од О.Анужингийн барьсан хутган дээр унасан бол мэдүүлэгтээ хэлэх байсан. Хохирогчийн хэлсэн тохиролцоонд үндэслэж хэргийн талаарх мэдүүлэг худлаа авагдсан гэж үзэхээр байна. Хэрэг 2016 оны 5 дугаар сарын 29-ний шөнийн 23 цагийн орчимд болсон байдаг. Эрүүгийн хэрэг үүсгэсэн нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр буюу 14 хоногийн дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн байдаг. Энэ хугацаанд хэргийн газрын үзлэг шинжилгээ томилсон ажиллагаанууд хийгдсэн ч хавтаст хэрэгт зайлшгүй хохирогч, холбогдогчийн хувцсанд нэгжлэг хийгдэх ёстой байсан. Энэ талаар баримт хэрэгт байхгүй. Мөн хохирогчийн гэмтлийн талаар шүүх эмнэлгийн дүгнэлтэд тодорхой тусгасан. Үүнд цээж өвчүүг нээсэн, оёдол хийсэн гэсэн ноцтой гэмтэл гарсан. Энэ гэмтэл гарснаар 3 удаа хагалгаанд орж, 5 удаа эмнэлэгт хэвтсэн зардлууд хавтаст хэрэгт авагдаагүй ч цаашид эмчилгээ үйлчилгээ хийгдэх, түүний амь насны асуудал яригдаж байна. О.Анужинг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр сэжигтнээр татан мэдүүлэг авсан нь хэрэг гарснаас хойш 2 сарын дараа хугацаа юм. Үүнээс хойш 9 хоногийн дараа яллагдагчаар татаж, ял сонсгон байцаасан байдаг. Энэ хугацаанд яагаад мэдүүлэг аваагүй вэ гэсэн эргэлзээ төрж байна. Мөн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хавтаст хэргийн 62, 63 дугаар талд хохирол барагдуулах хэлцэл гэсэн бичиг үйлдсэн. Үүнд тохиролцооны талаар тусгагдсан байдаг. Иймд хэргийн талаар нотолбол зохих шаардлагатай ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийгдээгүй, гэрчүүдийн мэдүүлгүүд үнэн эсэх нь эргэлзээтэй, тохиролцсон талаар талуудын ар гэрээс уулзсаныг тодруулах зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байна” гэв.

Ялтан О.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өөрийн гэм буруутай үйлдлээсээ болж найзыгаа гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн яагаад гомдол гаргасан, мөн тохиролцооны талаар би мэдэхгүй” гэв.

Ялтны өмгөөлөгч Т.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрчүүд хэрэг гарах үеийг 3-н өөрөөр мэдүүлдэг. Хэрэг гарах үеийг харахдаа нэг нь усны өрөөнөөс харсан, нөгөө нь тагтнаас, нөгөө нь буйдан дээр сууж байхдаа гэсэн 3 өнцгөөс харсан байдаг. Хэрэг үйлдэгдээд 9 сар болсон. Дахин нөхөж үзлэг хийх боломжгүй гэж үзэж байна. 2 талын ар гэр тохиролцсон талаар хохирогч хэлэхдээ “ээжтэй уулзаад 20.000.000 төгрөг өгнө” гэсэн гэдэг. Хохирогчийн ээжтэй уулзахад О.Анужингийн ээжийн хамт өмгөөлөгч миний бие хамт очсон. Хохирогчийн ар гэр нь уулзахгүй гээд байна. Би хичнээн төгрөгний зардал гарсан, ямар эмчилгээ хийсэн талаар мэдмээр байна гэсэн учраас би зуучилж уулзуулсан. Тэр үед эмчилгээний зардалд 3.900.000 төгрөгийг гарсан гэхээр нь өмгөөлөгчийн зүгээс төлбөрийн баримтыг үзэлгүйгээр 4.000.000 төгрөг төл гэж хэлээд төлүүлсэн. Дараа нь 4.600.000 төгрөгийг хоорондоо тохиролцож өгсөн байдаг. Хохирогчийн мэдүүлгийн зөрүүг арилгахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байцаалт авдаг. Туршилт хийж, нүүрэлдүүлэн байцааж, таниж олуулах ажиллагаа хийсэн. Тухайн үед хохирогч мөрдөн байцаалтад 2 удаа, шүүхийн хэлэлцүүлэгт 1 удаа мэдүүлдэг. Одоо тэр мэдүүлгээсээ буцаж байх шиг байна. Монгол Улсад эмчлүүлэх боломжтой гэмтэл учирсан уу гэдгийг судалж үзэх хэрэгтэй. Хохирогч Солонгос Улс руу явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Монгол эмч нар хохирогчид хагалгаа хийгээд эдгэрээд өнөөдөр шүүх хуралдаанд оролцож байна. Ийм хүнд гэмтэл учирсан байхад Монгол эмч нар түүнийг босгоод ирсэн учир өөрийн улсдаа эмчлүүлэх боломжтой гэж үзэж байна. Эмч нар болон шинжээч эмчийн зүгээс хохирогчид зөвлөгөө өгсөн байдаг. Биеэ сайн бодож, хөдөлгөөнөө хорих хэрэгтэй гэсэн байхад хохирогч сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож, найз нөхдийн хамт гадуур явсан талаарх нотлох баримтаар өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлээр зүйлчилснийг тохиролцоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйл болгосон гээд байх шиг байна. Уг хэрэгт өмгөөлөгч би прокурорын шатнаас оролцож байгаа ба тухайн гэмт хэрэг тохиролцсоны үндсэн дээр хэрэгсэхгүй болох төрлийн гэмт хэрэг биш гэдгийг О.Анужингийн ээжид хэлж байсан. Хохирогчийн зүгээс төлбөр тооцоог нэхэмжилсэн тохиолдолд төлөх үүрэгтэй, дараа нь гарах үр дагаварын хуулийн байгууллага шийдвэрлэнэ гэж хэлсэн. Шүлс хаяснаас болж дотно найзууд нэгийгээ хутгаар хатгасан гэх нөхцөл байдал үүсэх боломжтой юу. Гэрч нарт хууль сануулсаар байхад тухайн үед ямар нэгэн маргаан болоогүй гэсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн учир хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээрх хэргийн хувьд хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан. Зөвхөн хохирогчийн мэдүүлгээр бус хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, нүүрэлдүүлэн байцаалт, шинжээчийн байцаалт, таньж олуулах ажиллагаагаар давхар нотлогдсон. Гэрч нарын мэдүүлэг заавал ижил байх албагүй гэж үзэж байна. Харин өөр өөр өнцгөөс харсан зүйлээ л өөрийнхөө ойлгосноор мэдүүлэг өгөх үүрэгтэй. Хэрэв тохиролцсон бол нэгэн ижил мэдүүлэг өгөх болов уу гэж үзэж байна. Мөн хувцсанд нь нэгжлэг хийснээр хүнийг санаатай хутгалсан үйлдэл үү, санамсаргүйгээр хийгдсэн үйлдэл үү гэдгийг тогтооход ач холбогдолгүй гэж үзэж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тохиолдолд яллагдагчаар татагдах үед өгсөн мэдүүлэг өөрчлөгдөхгүй, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд яллагдагчаар байцаах хугацааг заагаагүй учир хууль зөрчсөн гэх үйлдэл тогтоогдохгүй байна. Тохиролцсон гэж яриад байна. Хохирогч мэдүүлэгтээ би эмчилгээний зардлаа гаргуулсан. Цаашид гарах хагалгааны 20.000.000 төгрөгөө иргэний журмаар нэхэмжилнэ гэсэн. Бодит зардлын хувьд 3.495.000 төгрөгийн баримт байдаг. Гэтэл яллагдагч 8.600.000 төгрөг төлсөн, үүнийг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой заасан. 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш хохирогчид эмчилгээний зардал гарсан бол баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Иймд эдгээр баримтуудаар гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.  

                                                     ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

О.Анужинд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагад нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд О.Анужинд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ уг хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болон болсон үйл баримтад тал бүрээс нь бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй ба шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагаагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, 80.1.6 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна.

Иймд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар дараах зүйлүүдийг шалгаж тогтоох шаардлагатай. Үүнд:

1. Хохирогч А.Гэрэлт-Одын өгсөн тайлбар /хх-14/ болон хууль сануулж авсан анхны мэдүүлэг /хх-17-18/-т дурдагдсан нөхцөл байдлуудыг нарийвчлан тодруулах, дээрх нөхцөл байдлуудыг үгүйсгэх болон батлах баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэх,

2. Шүүгдэгч О.Анужингийн үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг хөдөлбөргүй тогтоох. Тухайлбал, гэмт хэрэг үйлдэх болсон субъектив санаа зорилгыг хөдөлбөргүй тогтоох,    

3. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн бусад шалтгаан нөхцлийг нягтлан тодруулах. 

          Дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгэхээс гадна хохирогч А.Гэрэлт-Од болон гэрч Т.Гэсэр, Т.Анар, Э.Болормаа нарын мэдүүлэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлд заасан “худал мэдүүлэг өгөх” гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Анужинд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очих хүртэл О.Анужинд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

                                      ШҮҮГЧИД                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                    Д.МЯГМАРЖАВ