Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 336

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг  шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх   хурлын  танхимд  нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  Дархан-Уул аймаг Дархан сум 4 дүгээр баг 22 дугаар хороолол 14 дүгээр байр 163 тоотод оршин суух, Чин мэргэд овогт Лувсанбатын Баярсувд /МЮ 73110766 /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Бор гүвээ 4 дүгээр хэсэг 90 тоотод оршин суух, Борнууд овогт Эрдэнэ-Очирын Дүүрэнжаргалд холбогдох “3.220.000 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Шинэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Баярсувд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Баярсувд миний бие 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Э.Дүүрэнжаргалтай бичгийн гэрээ хийж 2.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Гэтэл Дүүрэнжаргал нь хийсэн гэрээнийхээ дагуу үүргээ биелүүлэхгүй надаас зээлсэн үндсэн зээл 2.000.000 төгрөг 6 сарын хүүнээс сүүлийн төлөөгүй үлдсэн 6 сараас 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх 660.000 төгрөгийг нийт 2.660.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн энэхүү нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сум дундын шүүхэд өгсөн боловч хариуцагч нэхэмжлэлд бичсэн 5 дугаар баг, 4 хэсэг, 090 тоотод амьдардаггүй гэсэн үндэслэлээр 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүгчийн 2233 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм. 

Дүүрэнжаргалын хаягийг тодорхойлж улсын бүртгэлээс иргэний үнэмлэхийн лавлагааг гаргуулж түүний амьдарч байгаа хаягаар нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие Сэлэнгэ аймагт нэхэмжлэл гаргах гэж ирсэн буцсан 4 удаагийн замын зардал 80.000 төгрөг, өмгөөлөгч хөлсөлсний төлбөр 250.000 төгрөг зэргийг нэхэмжилж байна. Үндсэн зээл зээлийн хүүгийн хамт 2.660.000 төгрөг, нааш, цааш явсан замын 4 удаагийн  80.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс, 250.000 төгрөг нийт 3.220.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Э.Дүүрэнжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: 3.220.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Надтай байгуулсан гэрээгээ гараар засварласан байна. Би Баярсувдаас 1.100.000 төгрөгтйг 1 сарын 15 хувийн хүүтэйгээр сарын 165.000 төгрөг төлөхөөр авсан. Үүнийг 2.000.000 болгон засварлан бичсэн байна. Миний тооцоогоор 905.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж бодож байна. Иймд надаас нэхэмжилсэн 3.220.000 төгрөгнөөс 905.000 төгрөгийг би хариуцана үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Л.Баярсувд миний бие тус шүүхэд Эрдэнэ-Очирын Дүүрэнжаргалд холбогдуулан 3.220.000 төгрөг нэхэмжилснээс хариуцагчтай эвлэрэн хэлэлцэж 2.500.000 төгрөг дээр тохиролцон эвлэрлийн гэрээ байгууллаа. 

1.Үлдэгдэл 720.000 төгрөгнөөс татгалзаж байна. 

2. Нэхэмжлэгч миний бие төлбөрийг хэсэгчлэн төлөхийг зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаар тохиролцов.

3.Тэмэдгтийн хураамжинд төлсөн 66.470 төгрөгийг хариуцагчаас гаргуулах.

Хариуцагч Э.Дүүрэнжаргал миний бие Л.Баярсувын нэхэмжилсэн 3.220.000 төгрөгнөөс 

а/ 2.500.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч гэрээ байгууллаа. 

б/Төлбөрийг хэсэгчлэн сар болгон 250.000-300.000 төгрөгөөр төлж 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 

в/ Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн Л.Баярсувдын тэмдэгтийн хураамжийг төлөхөөс татгалзахгүй.  Энэ талаар дахин маргаан гаргахгүй болно! гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Баярсувд хариуцагч Э.Дүүрэнжаргалаас 3.220.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч 720.000 төгрөгнөөс татгалзан, 2.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч Э.Дүүрэнжаргал хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,123 дугаар зүйлийн 123.1-р зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Баярсувдын нэхэмжлэлтэй хариуцагч Э.Дүүрэнжаргалд холбогдох 3.220.000 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигчид 2.500.000 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 66.470 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 66.470 төгрөг, орон нутгийн орлогоос 32.235 гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МӨНХЗУЛ