Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 74

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А-д холбогдох 1934000000048 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар баг Ламын-Уул гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ж овгийн Ц.А гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын “Галуут” 2 дугаар багийн нутагт хохирогч Б.Мягмарбаярын өмчлөлийн сартай хамар цагаан хүрэн гүү, хар даагыг завшихыг завдсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/, “эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын 2019 оны 01 дүгээр 26-ны өдрийн 04 дугаар тогтоол /хх-05-06 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-07 тал/, 90-61 УНТ дугаартай тээврийн хэрэгслийн хэрэгслийн гэрчилгээ /хх-09 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10 тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-11 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-14 тал/, эд зүйл, баримт бичиг гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэг тусгах тухай /хх-15 тал/, мал эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн хуудас /хх-16 тал/, №00000840 дугаартай мал, амьтаны эрүүл мэнд-гарал үүслийн гэрчилгээ  /хх-17 тал/, автомашин худалдах, худалдан авах гэрээ /хх-18 тал/, хохирогч Б.Мягмарбаярын мэдүүлэг /хх-21-22 тал/, гэрч Б.Төрбатын мэдүүлэг /хх-25 тал/, гэрч Д.Пионерын мэдүүлэг /хх-26 тал/, гэрч Б.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хх-27-28 тал/, гэрч Д.Цолмонгийн мэдүүлэг /хх-29-30 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-32 тал/, Д.Цолмонгийн өмчлөлийн 90-61 УНТ улсын дугаартай Бонго Жи2 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан /хх-36-41 тал/, шүүгдэгч Ц.А-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57, Ц.Агийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын “Галуут” 2 дугаар багийн нутагт хохирогч Б.Мягмарбаярын өмчлөлийн сартай хамар цагаан хүрэн гүү, хар даагыг завшихыг завдсан болох нь:

 

хохирогч Б.Мягмарбаярын: “...Би 2016 онд Тулгаа гэдэг Мөнгөнморьт сумын ах надад дүүгээ морь унуулсанд баярлалаа гээд сартай хамар цагаан, хязаалан настай, саран дэвсгэртэй задгай буйлан тамгатай байдас өгч байсан юм. Тэгээд 2017 оны хавар байдас маань их туранхай байсан ба унагалаад алга болчихсон. Тэгээд хайсан би 2018 оны 08 сарын үед байх Баяндэлгэр сумын иргэн Ц.А гэх айлын адуунд нийлсэн сураг гарсан ба манай ах Мягмарсүрэн очиж үзэхэд мөн байна гэсэн. Тэгээд Ц.Ад харж байгаарай гэж захиж үлдээсэн ба би өөрөө очиж авч амжихгүй за энэ жилдээ танай адуунд байж байг 2019 оны хавар авъя гэж тохиролцсон юм. Тэгсэн Ц.А нь манай ах руу утсаар яриад унагатай гүүгээ ирж авахгүй бол тарган байгаа алга болчих вий дээ гэж хэлсэн гэсэн. Тэгээд ах надад тэр талаар хэлж очиж ав гэсэн ба би ажил ихтэй байсан болохоор арай тэр олон адуун дотроос хүний ганц гүү алга болно гэж байхгүй байлгүй дээ гэж бодсон. Би унагатай гүүгээ 4 сар гээд авах бодолтой байсан юм. Тэгсэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Цагдаагаас над руу залгаж танай эзэмшлийн нэг тооны гүүг даагатай нь Төв аймгийн Эрдэнэ суманд хүн ачиж явахад нь саатуулж шалгаж байна гэж хэлсэн тэгээд би ирж гүүгээ мөн бишийг нь харахад сартай хамар цагаан, хязаалан настай, саран дэвсгэртэй задгай буйлан тамгатай гүү маань хар дааганыхаа хамт байж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,

гэрч Б.Төрбатын: “Би 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Ламын-Уул гэх газраас Ц.Агийн адуунаас хамар цагаан саран дэвсгэртэй Х үсгэн тамгатай нэг тооны гүү, хээр зүсмийн тамгагүй даага нэг ширхэг, мөн миний өөрийн хээр зүсмийн саран дэвсгэртэй таван хошуу тамгатай сарвай, мөн миний эзэмшлийн хар толгойтой хонь зэргийг авчиж Улаанбаатар хот орохоор явж байгаад Төв аймгийн Эрдэнэ суманд баригдсан юм” гэх мэдүүлэг /хх-25 тал/,

гэрч Д.Пионерын: “2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн малчин Цэцэгжаргалын Ц.Ад мал эмнэлгийн гаргасан журмын дагуу гарал үүслийн гэрчилгээ олгосон юм. Тэгээд энэ талаар мэдүүлэг өгөхөөр ирсэн бөгөөд одоо байгаа нөхцөл байдлаас харж үзэхэд хулгайн мал байсан бололтой. Би Өчигдөр орой үдэш болсон байсан ба машины дугаарыг нь харчихаад хоёр адуу байсан ба Ц.Агийн амаар хэлсэн зүс тамгатай адууг гарал үүсэл дээр бичсэн юм. Миний харснаар хоёр тооны адуу байсан. Би ерөнхийдөө танихгүй хүмүүст малын гарал үүсэл өгөхдөө заавал малчинаас нь асууж гарын үсэгтэй ирж байж гарал үүслээ аваарай гэж хэлээд явуулдаг ба өөрийн нутгийн хүмүүс ирж гарал үүсэл авах тохиолдолд харж байгаад зүсээр нь олгодог юм” /хх-26 тал/,

гэрч Б.Мягмарсүрэнгийн: “Манайх Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2-р багийн нутагт оршин суудаг. 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манайх Баяндэлгэр сумын Үнэгтээс гэх газар байхад сартай хамар цагаан хүрэн гүү, хар унагатай адуу сүргээсээ сарниж алга болсон. Тэгээд намар явж байгаад Ц.Агийн адуунд сураг гараад асуутал манай адуунд байгаа гэж хэлэхээр сайн харж байгаарай дулаан орохоор авъя гэж хэлээд захиж орхисон” гэх мэдүүлэг /хх-28 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-11 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-14 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ц.А-гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон болно.

 

            Бусдын хөрөнгийг завшихыг завдсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

 

Хохирогч Б.Мягмарбаяр нь өөрийн өмчлөлийн сартай хамар цагаан гүү, хар даагыг Ц.А-д хариуцуулан хадгалуулж байсан ба Ц.А хариуцуулсан эд хөрөнгө буюу 2 тооны бод малыг зарж мөнгө болгох гэж яваад үйлдэл дээрээ баригдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

Шүүгдэгч Ц.А нь гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл эс, үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байна. Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

 

Ц.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц.А-гийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй болно.

          Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ц.А гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар арилсан, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан /Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, шийдвэрлэлээ.

         Ц.А-г ялаас чөлөөлөхдөө шүүх хуралд улсын яллагчаар оролцсон прокурор болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийг тус тус харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ц.А-гийн гэмт хэрэг үйлдэх үедээ 90-61 УНТ дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан талаар тухайн тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч Д.Цолмон мэдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дугаартай “90-61 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн” Төв аймгийн Прокурорын газрын прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 90-61 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, №02019505 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны өмчлөгч Д.Цолмонд буцаан олгох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Ц.А-гийн гэмт хэрэг үйлдэхдээ тухайн гэмт хэргийг үйлдэхдээ учруулж болох хор аюулын хэмжээг ихэсгэх, гэмт үйлдэлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугатах зорилгоор  хэрэглэсэн тээврийн хэрэгслийн /үнэлгээгээр тогтоогдсон/ үнэ 2668400 төгрөгийг Ц.А*гээс гаргуулж, Улсын орлого болгох шийдвэрлэвэл зохино.

Хохирогч Б.Мягмарбаярын замын зардал нэхэмжилсэн 150000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт нотлох баримтаар нотлогдоогүй тул дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлээ.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн улмаас Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Ж овогт Ц.А-г хөрөнгө завшихыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

            3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Мягмарбаяр нь 150000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

 4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар “90-61 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн” Төв аймгийн Прокурорын газрын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 90-61 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, №02019505 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны өмчлөгч Д.Цолмонд буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 2668400 төгрөгийг Ц.А-гээс гаргуулж, Улсын орлого болгосугай.

 

5.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  6.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шат ны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 7.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ