Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 224/МА2024/00001

 

 

 

                       

 

 

                                               

2024        01          04                                         224/МА2024/00001

 

Ц.С-гийн нэхэмжлэлтэй, Ч.Б-т

холбогдох иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 152/ШШ2023/00439 дүгээр шийдвэртэй,

Ц.С-гийн нэхэмжлэлтэй, Ч.Б-т холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,717,7000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.С, хариуцагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.С-гийн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,717,7000 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Миний бие Ч.Б-тай 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулж, 1,300,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдсэн. Ч.Баас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч Д.Бд төлсөн гэх шалтгаанаар зээлдсэн мөнгөө өгөхгүй байгаа юм. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр буюу зээл төлөхийн өмнөх өдөр мессэж илгээхэд Ч.Б “би Д.Б-ийг Боршоо боомт дээр ажиллаж байхад мөнгөө бэлэн өгсөн шүү, хүүтэйг нь бүгдийг өгсөн” гэж хэлсэн тул би Д.Бэс асуугаад эргээд холбогдъё гээд утсаа тасалсан.

Түүнээс хойш би Ч.Б-ын 99450866 дугаарт 2 удаа мессэж илгээж, 3 удаа залгасан боловч утсаа аваагүй. Би 01 дүгээр сард дахин мессэж бичээд “нөхөр бид 2 салж байгаа, хэрэв чи зээлсэн мөнгөө төлсөн бол баримтаа өгөөч” гэхэд Ч.Б утсаар маш ууртайгаар “эхнэр нөхрийн дунд намайг хэрэгт оруулаад байна, та нарын хувийн асуудал надад хамаагүй, би нөхөрт чинь мөнгөө өгчихсөн, би чамд баримт гаргаж өгөх шаардлагагүй” гэж хэлсэн. Түүнээс хойш Ч.Б-тай огт холбогдож чадахгүй байсан ба утас нь орох ярианы эрх хаагдсан байсан учраас 8 дугаар сард одоо ашиглаж байгаа дугаарыг нь олж холбогдоод шүүхэд хандсан. Мөн Ч.Б 2022 оны 01 дүгээр сард мөнгийг төлсөн гэж надад хэлсэн боловч Д.Б-ийн дансанд 2022 оны 3 дугаар сард мөнгө хийснийг харахад Д.Б, Ч.Б нар нийлж намайг залилсан гэж үзэж байна. Иймд Ч.Б-аас үндсэн зээл 1,300,000 төгрөг, алданги 1,417,000 төгрөг, нийт 2,717,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

  3. Хариуцагч Ч.Б-ын татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах.

  4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: “...Миний бие нь 2022 оны 11 дүгээр сард Д.Б-ийг Боршоо боомтод барилгын засварын ажил хийж байхад нь 94044155 дугаарын утсанд нь холбогдож “1,300,000 төгрөгийн хэрэг гараад байна” гэж ярьсан. Эхлээд 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ц.С гэх 5800605499 тоот данснаас 300,000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн үедээ Д.Б-ээс “мөнгө шилжүүлсэн Ц.С гэх хүн чамтай ямар холбоотой хүн бэ?” гэж утсаар асуухад манай эхнэр гэж хэлсэн.

Д.Б рүү 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр холбогдож мөнгөний хэрэг гараад байна гэхэд би Боршоо боомтод байгаа учраас очиж чадахгүй, мөн 300,000 төгрөгөөс дээш болохоор зээлийн гэрээ байгуулаад аваарай, би эхнэр лүүгээ мөнгө шилжүүлчихнэ гэж хэлсэн, тухайн өдөр Д.Б-ийн эхнэр Ц.С-тай зээлийн гэрээ байгуулсан ба 1,300,000 төгрөгийг 2 хувааж авсан. Тухайн үед Ц.С надад та 10 хувийн хүүтэй гэж мэдэж байгаа юу гэж асуусан, бидний хооронд өөр ямар нэгэн яриа болоогүй.

Би Боршоо боомтод ажилладаг. Мөн Д.Б боомтын барилга засварын ажил хийж байхад нь зээлсэн мөнгөнийхөө хүүг тухайн сар бүр нь бэлнээр өгсөн. Үндсэн зээл 1,300,000 төгрөгийг Д.Б-д 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 5085235835 тоот дансанд нь өөрийн харилцах данснаас шилжүүлсэн болно.

Тухайн үед Д.Б-д зээлсэн мөнгөө төлсөн гэдгээ хэлсэн. Миний хувьд Д.Бэс зээлсэн мөнгөө бүрэн төлсөн. Би Ц.С-г танихгүй, Д.Б нь танд зээлсэн мөнгөний эх үүсвэр надаас гарсан гэж хэлээд дансаа явуулсан учраас нэг гэр бүлийн хүмүүсийн хэнд нь ч шилжүүлсэн болно гэж үзээд зээлсэн мөнгөө төлсөн. Миний бие зээлсэн мөнгөө төлчхөөд байхад 6 сарын дараа Ц.С гэр бүлийн болон мөнгөнөөс үүдэлтэй маргаанаа надаас нэхэмжилж байгаад гүнээ харамсаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 5. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 152/ШШ2023/00439 дүгээр шийдвэрээр:

- Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д  зааснаар хариуцагч Ч.Б-аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, 1,300,000 төгрөг, алданги 650,000 төгрөг, нийт 1,950,000 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч Ц.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 767,700 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

6. Хариуцагч Ч.Б давж заалдсан гомдолдоо: “Миний бие Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 152/ШШ2023/00439 дүгээр шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг хангаагүй гэж үзэж байна.

Ч.Б миний бие Д.Б-ээс мөнгө зээлж авсан бөгөөд тухайн үед Д.Б нь хөдөө орон нутагт ажиллаж байсан учраас өөрийн биеэр гэрээ байгуулж, нотариатаар батлуулах боломжгүй гэдгээ хэлж, тухайн үед нэг гэр бүл байсан Ц.С-гийн 5800605499 тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр нийт 1,300,000 төгрөг шилжүүлж, түүний эхнэр Ц.С-тай гэрээ байгуулж мөнгө авахаар тохиролцсон.

Ц.С эхлээд 300,000 төгрөг шилжүүлж,  дараа нь буюу гэрээ байгуулахдаа 994,000 төгрөг, нийт 1,294,000 төгрөг шилжүүлж, гэрээний 4.4 дэх  заалтыг зөрчсөн учир зээлийн гэрээ хүчингүй гэж үзэж байна.

Мөн гэрээнд эргэн төлөгдөх данс, хэнд төлөх нь тодорхой бус байсан учраас би анх ярилцаж мөнгө зээлж авсан Д.Б-ийн 5085238835 тоот дансанд 1,300,000 төгрөг шилжүүлж, хүүг бэлнээр өгсөн.

Тухайн зээлсэн мөнгө Д.Б-ийн данснаас Д.С-гийн дансанд түр хугацаагаар шилжиж, түүнээс над руу шилжсэн болохыг шүүх бүрэн гүйцэт нотлоогүй, өөрөөр хэлбэл хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоохгүйгээр шийдвэрлэсэн нь буруу байна.

Энэ шийдвэрийн улмаас Д.С нь үндэслэлгүй хөрөнгөжиж байна. Харин Д.Б болон миний бие хохирч байна.

Иймд энэхүү шийдвэрийг хүчингүй болгож, Д.Б-ийг гуравдагч этгээдээр тогтоож, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоосны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ. 

7. Хариуцагч Ч.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2022 оны 11 дүгээр сард Б рүү мөнгөний хэрэг байна гэж утсаар ярьж мөнгө зээлдэж авсан. Тухайн үед Б нь би  өөрөө гэрээ байгуулах боломжгүй байна, Ц.С-тай гэрээ байгуулаарай гэхэд би “тэр ямар учиртай хүн бэ” гэхэд манай эхнэр юмаа, би мөнгийг нь данснаасаа шилжүүлье” гэж хэлсэн.

Иймд би Ц.С-тай зээлийн гэрээ байгуулж 1,294,000 төгрөгийн зээл авсан. Эхлээд 300,000 төгрөг авсан, дараа нь 994,000 төгрөгийг тус тус авч, нийт 1,294,000 төгрөг зээлдсэн.

Үүнээс хойш дараа сарын дараа Ц.С-гаас “таны зээлийн хугацаа дуусаж байна” гэсэн мессеж ирсэн. С-гаас ийм мессеж ирлээ гэж Б-д хэлэхэд бэлнээр өгчих гэж хэлэхээр зээлсэн мөнгөнийхөө хүүг бэлнээр Б-д өгсөн. Гуравдугаар сарын 01-ний өдөр хотод би семинартай байхад Б над руу та мөнгөө өгөх боломж байна уу гэж асуухаар нь би данс руу нь шилжүүлсэн. Уг мөнгийг шилжүүлэхийнхээ өмнө нь энэ мөнгийг хэний данс руу шилжүүлэх вэ, гэрээн дээр төлөх данс нь тодорхойгүй байна гэж асуухад эх үүсвэр нь минийх учраас над руу шилжүүлчих гэж хэлсэн тул 1,300,000 төгрөгийг 3 дугаар сарын 01-ний өдөр Бийн данс руу шилжүүлсэн.

Үүнээс хойш 6 сарын дараа Ц.С над руу таны зээлийн хугацаа дууссан гэж ярихад би Б рүү залгаж, би “та хоёрыг хохиролгүй болгочихсон байхад таны эхнэр надаас мөнгө нэхэж байна” гэж хэлэхэд манай эхнэр мэдэж байгаа гэж хэлсэн.

Энэ асуудлаас болж 10 дугаар сард анхан шатны шүүх хурал болсон. Миний хувьд бол Б-ээс зээлсэн мөнгөө өгч хохиролгүй болгосон. Б нь тухайн үед эхнэр нь байсан Ц.С руу 300,000 болон 1,000,000 төгрөгөөр шилжүүлэг хийсэн мөнгөний баримт хэрэгт авагдсан байгаа.

Би зээлсэн мөнгөө өгч хохиролгүй болгочихсон байхад нөхрөөсөө салсныхаа дараа надаас мөнгө нэхэмжилж байна. Төрийн албан хаагч хүнийхээ хувьд цаг зав, сэтгэл санаагаараа хохирч байгаад гомдолтой байна. Гэрээнд заасан хугацаанд зээлийн хүүгээ төлөөгүй бол өөр хэрэг. Гэтэл хүүтэйг нь хамт төлсөн. Энэ асуудлаас болж 2 сарын хугацаанд шүүхээр явж байна. Ц.С-тай гэрээ байгуулсан учраас асуудалгүй гэж бодоод  шилжүүлсэн. Давж заалдах шатны шүүхээс намайг хохиролгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

8. Нэхэмжлэгч Ц.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “  Манайх таньдаг хүмүүстээ зээл гаргадаггүй, харин миний хувьд таньдаг, танихгүй байсан ч зээл олгодог байсан. Би анхан шатны шүүхэд дансны хуулгаа нотлох баримтаар гаргаж өгсөн.

Эхлээд би Ч.Б-т 300,000 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс хойш 15 хоногийн дараа 1 сая төгрөг нэмж шилжүүлсэн. Ингээд 1.300.000 төгрөгийн үнийн дүнгээр зээлийн гэрээ байгуулсан.

11 дүгээр сарын 23-ны өдөр мөнгөө зээлээд 12 дугаар сарын 23-ны өдөр буцаагаад нэхэхэд Ч.Б нь “ би бүх мөнгөө өгсөн” гэж хэлсэн. Дахин залгахад би зээлсэн бүх мөнгөө Б боршоо боомтод байхад нь өгсөн гэж хэлсэн ба би түүнд “ өгсөн бол баримтаа авч ирж өгөөрэй” гэж хэлсэн. Б нь хүний мөнгийг хүмүүст зээлдэж хохироож байгаа шүү гэж Б-т хэлэхэд наад асуудлыг чинь би мэдэхгүй, та нар өөрсдөө учраа олцгоо гэж хэлсэн.

Тэгээд би Б-ээс “Баас чи мөнгө авсан уу” гэж асуухад авсан эсэхээ хэлэхгүй, өчнөөн цаг хугацаа өнгөрөөсөн. Б нь одоо ч хүртэл мөнгө авсан тухайгаа тодорхой хэлэхгүй байгаа. Хариуцагч Ч.Б руу мөнгөө нэхэж 3 сарын эхээр 2 удаа мессеж бичсэн баримт нь байгаа. Тэгэхэд Ч.Б нь над руу нэг удаа боловч залгаж мөнгийг чинь өгсөн, одоо надад хамааралгүй гэж хэлээгүй. Мөн мөнгө хийсэн бол баримтаа авч ирээд өгөөрэй гэж хэлэхэд миний үгийг тоохгүй байсан. Үүнээс хойш 4 сарын дараа буюу 8 сард 99450866 дугаар луу залгахад орох ярианы эрх нь хаагдчихсан байсан.

Ийм учраас ажил руу нь очиж  утасны дугаарыг нь олж авч холбогдож нэхэмжлэлээ гаргасан. Энэ мөнгө төгрөгийн асуудал нь гэр бүл салалтай холбоотой асуудал биш. Би хүүтэй мөнгө зээлддэг ажлыг 10-аад жил хийсэн. Ч.Б нь гэрээний үүргээ биелүүлээгүй. Б нь мөнгөө буцааж авсан гэдэг нь худлаа байсан. Би хариуцагчийг Б-тэй хамтарч намайг залилах гэж оролдсон гэж бодож  байна

Б нь энэ бизнесийг хийж байгаагүй. Харин энэ маргаад байгаа зээл нь түүний ганц, нэг гаргасан зээл байгаа юм. Зарим нь зээлээ буцааж өгөөд зарим нь өгөөгүй учраас би анхан шатны шүүхэд хандсан. Б нь зөндөө залилан хийсэн. Зээлийн эх үүсвэрээ банкнаас цалингийн зээл авч шийдсэн. Энэ зээлээс Б нэг ч төгрөг төлөөгүй. Өөрийнхөө нэр дээр гарсан 10 сая төгрөгийг шүүхэд хандаж буцааж авсан” гэв.

                                         ҮНДЭСЛЭХ нь:

           1. Хариуцагч Ч.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 152/ШШ2023/00439 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч Ц.С хариуцагч Ч.Б-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 1.300.000 төгрөг, алданги 1.417.000 төгрөг, нийт 2.717.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

3. Хариуцагч Ч.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “миний бие Д.Б-ээс мөнгө зээлж авсан бөгөөд зээлж авсан 1,300,000 төгрөгийг Бийн данс уруу шилжүүлсэн, зээлийн хүүг Б-д өөрт нь бэлнээр өгч байсан. Тухайн үед Д.Б нь хөдөө ажиллаж байсан тул түүний хүссэнээр эхнэр Ц.С-тай нь зээлийн гэрээ байгуулсан. Зээлсэн мөнгөө буцаан төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан байна.

           4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хариуцагч Ч.Б-аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,300,000 төгрөг, алданги 650,000 төгрөг, нийт 1,950,000 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч Ц.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 767,700 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Ч.Б  эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

6. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж  давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг зөв тодорхойлоогүй буюу зохигчдын маргаж буй маргааны үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. 

Шүүхийн шийдвэр “ үндэслэл бүхий байх ” хуулийн шаардлагыг хангахын тулд шүүх хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудаар хэргийн үйл баримт болон хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон эсэхийг үнэлэхдээ шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгөх явдал байдаг.

Нэхэмжлэгч Ц.С нь шүүхэд “ миний бие Ч.Б-тай 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулж, 1,300,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдсэн. Ч.Б-аас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч Д.Б-д төлсөн гэх шалтгаанаар зээлдсэн мөнгөө өгөхгүй байгаа юм” гэх тайлбарыг гаргаж, Ч.Б-тай байгуулсан гэх зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр 1.300.000 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилсэн байх ба хариуцагч уг зээлийн төлбөрийг нэхэмжлэгч Ц.С-гийн нөхөр Д.Б-ийн ХААН банкинд байрших 5085235835 дансанд 2022 оны 03 сарын 01-ний өдөр буцаан шилжүүлсэн буюу зээлийг төлж дууссан талаар тайлбар гаргаж, ХААН банкны дансны хуулга 7 хуудас баримт / хуулбар/,

            - Д.Бийн : “ Миний бие 2022 оны 11 дүгээр сард Ч.Б-тай ярилцаж тохиролцоод 1.300.000 төгрөгийг түүнд зээлсэн нь үнэн. Миний бие тухайн үед Боршоо боомтод барилгын ажилтай байсан, нотариат орж зээлийн гэрээ байгуулах боломжгүй байсан тул Ц.С-гийн дансанд мөнгийг шилжүүлж, Ц.С-гаар дамжуулж Б-тай зээлийн гэрээ байгуулсан. Ч.Б-т зээлсэн мөнгө нь миний мөнгө тул өөрийн дансаар Б-аас шилжүүлж авсан. Зээлийн хүүг Б-аас сар бүр бэлнээр авч байсан, Ч.Б нь надаас зээлсэн мөнгөө бүрэн төлсөн тул одоо ямар нэг төлбөр, тооцоо байхгүй” гэх тайлбар /хх-ийн 18-28-р тал/ баримтыг тус тус шүүхэд ирүүлжээ.

 Мөн нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн, Ц-ий С-гийн  ХААН банкны ........... тоот дансны дэлгэрэнгүй хуулга баримт хэрэгт / хх-ийн 38-40-р тал/ авагдсан байна.

Хэргийн зохигчид буюу талуудаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий байж болох эдгээр баримтуудыг хэрхэн үнэлж буй, эсхүл хэрэгт хамааралгүй гэж үзсэн талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй, түүнчлэн талуудаас гаргасан зарим баримтуудыг хуульд заасан шаардлагад нийцүүлэх ажиллагаа хийгээгүй байна.

Шүүхээс хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар ямар үйл баримт тогтоогдсон, зохигчдын мэдүүлсэн үйл баримтын аль нь тогтоогдож, аль нь үгүйсгэгдэж буй талаар нотлох  баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 116.4-т заасантай нийцээгүй.

Түүнчлэн шүүх хэрэгт цугларсан баримтууд /зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, дансны хуулга баримт г.м/-аас зөвхөн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хийгдсэн гэх, 1355 дугаартай  зээлийн гэрээний баримтад  үндэслэн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх үндэслэл, журмыг зөрчсөн гэж дүгнэв.                

7. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46.150 төгрөгийг / дөчин зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч Ч.Б-т олгох үндэслэлтэй байна.          

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 152/ШШ2023/00439 дүгээр шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ч.Б-ын давж заалдах гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.150 / дөчин зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагч Ч.Б-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт,  эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.МӨНХЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                       Д.ЖАМБАЛСҮРЭН  

                                                                                                Л.АЛТАН