Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Мөнхзул |
Хэргийн индекс | 148/2016/00211/И |
Дугаар | 331 |
Огноо | 2016-06-10 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 331
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 3 дугаар хэсэг, 2-8 тоотод оршин суух, Багачууд овогт Цэрэнбалжирын Анхтуяа /ИО-7403060/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 12 байр 01 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн авто тээврийн төвийн дарга ажилтай, Боржигон овогт Бямбацогтын Нарангэрэл /МТ-80060401/ Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төв /-д холбогдох
“Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Анхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа, хариуцагч Б.Нарангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Анхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвд 2010 онд нярав, бичиг хэргийн ажилтнаар анх ажилд орж байсан. Улмаар Авто тээврийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажил албан тушаал өөрчлөн шилжүүлэх тухай тушаалаар Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвд тасалбар түгээгчээр ажиллаж байгаад тус төвийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 тоот тушаалаар ажлаас халагдсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, 2010, 2011, 2013 онуудад байгууллагын “Шилдэг ажилтан”-аар шалгарч байсан. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр буюу эхний ажлын өдөр урьд өмнө мэдэгдэл өгөлгүйгээр гэнэт дарга тушаал гаргаж тасалбар түгээгчийн үүрэгт ажилд шилжүүлэн ажиллуулсан. Тасалбар түгээгчийн ажлыг даргын баталсан графикийн дагуу ээлжээр ажиллаж улс, хот хоорондын орлогыг программд бичилт хийж тооцооны хуудсаар орлогыг банканд холбогдох дансанд төвлөрүүлдэг болно.
Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан байх бөгөөд Ц.Анхтуяа миний бие нь сахилгын зөрчлийг давтан гаргасан зүйл байхгүй бөгөөд энэ нь ажлаас шууд халах үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь заалтыг үндэслэл болгосон нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл болохыг тогтоосон ямар нэгэн үндэслэл бүхий баримтаар тогтоогдсон зүйлгүй, тооцоо бодсон актгүй, акт бичиг болон санхүүгийн баримтанд гарын үсэг зураагүй, удаа дараа 1 ба 2 сард давтан зөрчил гаргаагүй болно. Энэ бүгдээс харахад Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь ажлаас халах заалт үндэслэлгүй хуульд нийцэхгүй болно. Ажил олгогчоос надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд /гэрээний 3.7/ албан үүргээ гүйцэтгэх явцад өөрийн буруутай үйл ажиллагаанаас байгууллагад хохирол учруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 133, 135 дугаар зүйлд заасанчлан эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэхээр заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 134 дүгээр зүйлийн 134.1, 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсгүүдэд зааснаас харахад албан үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас байгууллагад хохирол учруулбал эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлагыг хуулийн дагуу хүлээлгэхээр зааснаас тус хөдөлмөрийн гэрээнд ажлаас халах ноцтой зөрчилд тусгайлан заасан заалт байхгүй байна.
Тус харилцааг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулсан харилцаа гэж би үзэж байгаа бөгөөд үүнийг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулаагүй бол байгууллагын дотоод журмаар зохицуулахаар заасан /хөдөлмөрийн гэрээний 1.9/ байхад зохицуулахгүй харилцаа гэж үзэж хөдөлмөрийн дотоод журмыг баримтлан тушаалыг үндэслэсэн байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болно. Байгууллагын ёс зүйн хороог урьд өдөр нь байгуулан хорооны дүрэм, журамгүй, хурлын тэмдэглэлгүй амаар шүүн шаардсан мэдээлэл цуглуулсан хэн нэгний өргөдөл гомдлын мөрөөр тайлбар авч байгаа нь нуугдмал, өргөдөл, гомдол ирээгүй, санхүүгийн тооцоо бодолтоор нягтлан бодогч илрүүлээгүй зөрчлийг тулгасан /үйл ажиллагаатай холбоотой зөрчлийг дотоод аудит, аудит, Мэргэжлийн хяналтын газраас актаар тогтоох шаардлагатай / байдаг тул байгууллагын ёс зүйн хороогоор хэлэлцүүлсэн нь өөрөө байгууллагын дотоод журмын 3.17.2-т заасан хяналт шалгалтаар тогтоогдсон гэх үндэслэл болохгүй юм.
Хөдөлмөрийн дотоод журмын 11.7.4 хууль тогтоомж дүрэм, журам зөрчсөн хууль бус үйлдэл хийсэн 11.7.4 нягтлан бодох бүртгэлийн данс, санхүүгийн баримтыг дур мэдэн засварласан, мэдээ тайланг худал гаргасан, будлиантуулах, хугацаанд нь гаргаж ирүүлээгүй бүртгэлийг зохих журмыг хөтлөөгүй, бүртгээгүй зэрэг үндэслэлээр халсан нь тогтоогдохгүй байгаа нь миний бие албан ажлаа сайн гүйцэтгэж программын дагуу бичилтийг хугацаанд нь бүртгэж хийж мэдээ тайланг өдөр бүр цаг хугацаанд нь гаргаж байсан нь хууль тогтоомж зөрчсөн зүйл үгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанчлан миний бие бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, миний энэхүү байдлыг харгалзахгүйгээр ажлаас гэнэт шууд халсанд гомдолтой байна! гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Анхтуяа шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Би 2010 оноос эхлээд Авто тээврийн үндэсний төвд нярав, бичиг хэргийн ажилтны ажлыг хийдэг байсан бөгөөд энэ хугацаанд ямар нэг алдаа гаргаж байгаагүй. Байгууллагын шилдэг ажилтан шагналтай. 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр дарга маань надад урьдчилан мэдэгдэхгүйгээр тасалбар түгээгчийн албан тушаалд томилж тушаал гаргасан. Сарын эцэст санхүүгийн тооцоон дээр будлиан гаргаж тодорхой хэмжээний мөнгө дутаасан гэж нягтлан тооцоолол гаргасан. Тэр тооцооллыг нөгөө ээлжнийхээ хүнтэй хэний буруугаас болж мөнгө дутаасан байгаа талаараа тооцоо хийхэд нөгөө ээлжний хүн маань 159.000 төгрөгийг дутаасан байсан. Нягтлангийн тооцоолсноор 242.000 төгрөг дутсан байсан боловч үлдэгдэл 83.000 төгрөгийг “би төлье гэсэн” асуудлаас болж би ажлаас халагдсан. Ажилд эгүүлэн тогтоолгож, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагыг тавьж байна. Харин ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилснээсээ татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн авто тээврийн төв шүүхэд гаргасан тайлбартаа:
... Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай хуулийн:
40.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;
40.1.5.мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;
131.1.3.ажлаас халах
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын А/115 дугаар тушаалаар батлагдсан Аймгийн авто тээврийн төвийн нийтлэг дүрмийн
4.4 Төрийн дарга нь өөрийн олгогдсон эрхийн хүрээнд тушаал гаргана
Авто тээврийн үндэсний төвийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын
3.17.1 Байгууллагын дотоод журмын заалт, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй,зөрчсөн ёс зүйн болон сахилгын зөрчил давтан гаргасан , хууль тогтоомж дүрэм журамд харш үйл ажиллагаа явуулсан.
3.17.2 өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан, эд хөрөнгийг дур мэдэн хувьдаа хэрэглэж завших, зэргээр газрын итгэл алдагдуулсан зэрэг зөрчил дутагдал гаргасан нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон.
11.7.1 Албан тушаал /ажлын байр/ -ны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй.
11.7.4 Хууль тогтоомж дүрэм журам илт зөрчсөн , хууль бус үйлдэл хийсэн.
11.7.7 Нягтлан бодох бүртгэлийн баримт , данс санхүүгийн тайланг дур мэдэн засварлах, мэдээ тайланг худлаа гаргах хугацаанд нь гаргаж ирүүлэхгүй , бүртгэлийг зохих журмын дагуу хөтлөөгүй, бүртгээгүй, түүнд хяналт тавиагүй гэсэн заалтуудыг тус тус үндэслэн гаргасан Сэлэнгэ аймгийн авто тээврийн даргын 25016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаартай тушаал нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Б.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хариуцагчийн зүгээс шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг өгсөн байгаа хэдий боловч хэргийг судлах явцад Ц.Анхтуяатай эвлэрч болох юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн ч эвлэрч чадаагүй. Ажил эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Анхтуяа нь Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвд холбогдуулан “Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Анхтуяа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Ц.Анхтуяа нь Сэлэнгэ аймгийн авто тээврийн төвд тасалбар түгээгчээр ажиллаж байгаад Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаартай тушаалаар 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгосон нь зохигчдын тайлбар, тус төвийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Ажил олгогч нь дээрхи тушаалыг Сэлэнгэ аймгийн авто тээврийн төвийн даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 тоот тушаалаар Авто тээврийн үндэсний төв ТӨҮГын захирлын а/115 дугаар тушаалаар батлагдсан Аймгийн авто тээврийн төвийн нийтлэг дүрмийн 4.4, МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3.17.1,3.17.2,11.7.1,11.7.4,11.7.7 дэх заалтуудыг тус тус үндэслэн гаргажээ.
Дээрх тушаалд “Ж.Сарнай, Ц.Анхтуяа нарыг 2016 оны 1,2 сард кассын орлогоос дутаасан нь өөрийнх нь тайлбараар тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр ажлаас нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг тус тус цуцалжээ.
Хариуцагч Б.Нарангэрэлийн шүүх хуралдаанд гаргасан ... хариуцагчийн зүгээс шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг өгсөн байгаа хэдий боловч хэргийг судлах явцад Ц.Анхтуяатай эвлэрч болох юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн ч эвлэрч чадаагүй. Ажил эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар, нэхэмжлэгч Ц.Анхтуяагийн шүүх хуралдаанд гаргасан ... хариуцагч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учраас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна... гэсэн байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Авто тээврийн даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10 тоот тушаал хөдөлмөрийн хуулинд нийцээгүй байх тул Ц.Анхтуяаг Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлж, түүнд зохих бичилтийг хийлгэх нь зүйтэй байна.
Мөн ажилтны гэм буруу болон гаргасан зөрчлийнх нь шинж чанар, үр дагаварт нь тохироогүйгээс гадна уг тушаал нь өөрөө ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн факт, баримт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул шүүх уг тушаалыг нь заавал хүчингүй болгох шаардлагагүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвөөс ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, гаргуулж Сүхбаатар сумын орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Анхтуяагийн гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтэр болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан ... “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй хуулбар байх тул нотлох баримтын хүрээнд үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Анхтуяаг Сэлэнгэ аймгийн авто тээврийн төвийн тасалбар түгээгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Ц.Анхтуяагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, даатгалын дэвтрүүдэд зохих бичилт хийхийг Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвд үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвөөс 70.200 төгрөг гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ