Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 332

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх   хурлын  танхимд  нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг 8 дугаар хороо Зүүнбаян цагаан 7 дугаар гудамж, 247 тоотод оршин суух, Боржигон овогт Ядамын Гүндэгмаа /МЭ 69100806/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой 2 дугаар баг Орхоны гудамжний 1-04 тоотод оршин суух, Шардаа овогт Цэвэгийн Отгонтөгс-д холбогдох 

“10.813.300 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Гүндэгмаа,нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагч Ц.Отгонтөгс, хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Шинэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Гүндэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Отгонтөгс нь Сэлэнгэ аймгийн Хушаат суманд хөрөө арам ажиллуулж мод, модон бүтээгдэхүүн худалдан борлуулдаг юм. 2014 оны 01 дүгээр сарын 28-нд Ц.Отгонтөгс нь надтай уулзаж байшин барих зориулалтаар модон бүтээгдэхүүн зарах шаардлагатай байна. Хэдэн төгрөг хэрэг болоод байна, чи мөнгө байвал хүүтэй зээлээч хүнээс ч хамаагүй зээлж өгөөч гэсэн санал тавиад өчнөөн удаа утасдаж надаас гуйгаад байхаар нь чи удаахгүй биз дээ, би хүнээс мөнгө зээлээд дараа нь өөрөө өрөнд орчихвол яахын гэж хэлэхэд тийм асуудал болохгүй, найдвартай гэсээр байгаад 15.000.000 төгрөг зээлж авсан. 

Ц.Отгонтөгстэй тухайн үед бичгийн гэрээ хийж хүү 5%-р тогтоосон. Ингээд Ц.Отгонтөгс нь мөнгийг минь өгөхгүй олон удаа араасаа чирэгдэл учруулж Хушаат суманд өөрийн өрөөлийн машинаар ирж уулзаж сүүлдээ муудалцах болж арга буюу өөрөөсөө мөнгө гарган ачаа ачуулан өрнөөсөө хагасалсан билээ. 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр миний бие Хушаат суманд ирж Ц.Отгонтөгстэй хоёр биендээ байгаа бүх баримт тооцоог үндэслэн тооцоо нийлсэн. Энэ тооцоогоор Ц.Отгонтөгс надад 15.985.800 төгрөг төлөх үлдэгдэлтэй гарсан юм. Тооцоон дээр Ц.Отгонтөгс бид хоёр аль аль нь зөвшөөрч гарын үсэг зурсан баримт байгаа. Үлдэгдэл мөнгөнөөсөө 2015 оны 07 дугаар сарын 22-нд өдөр өөрийн зардлаар уулнаас мод татаж Улаанбаатар хот руу тээвэрлэж 5.172.500 төгрөгний авлага авсан. 

Тиймээс 15.985.800 төгрөгнөөс 5.172.500 төгрөгийг хасаж тооцоход 10.813.300 төгрөгийн үлдэгдэл үлдсэн юм. Гэвч энэ хугацаанаас хойш Ц.Отгонтөгс нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөхгүй төлнө, төлнө гэсээр байгаад өдий хүрлээ. Иймд Отгонтөгсөөс 10.813.300 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ. 

Хариуцагч Ц.Отгонтөгс шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд иргэн Я.Гүндэгмаа нь надад холбогдуулан 10.813.300 төгрөг гаргуулахаарх нэхэмжлэл гаргасаныг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч намайг хэдэн төгрөг хэрэг болоод байна, хэнээс ч хамаагүй хүүтэй мөнгө зээлээч гэж нэхсээр байгаад , хүүтэй мөнгө авсан гэж огт үндсэлэлгүй зүйл бичжээ. Би Гүндэгмаа гэдэг хүнийг таньдаггүй байсан. 2013 оны 9 сард Х.Батсүмөэрэл гэдэг залуу надтай хамтран модны хийхээр тохиролцсон. Ингээд бид хамтран 2014 оны 1 \ сарын 28 өдөр хүртэл ажилласан. Тухайн үед Сэлэнгэ амйгийн Байлгаль орчны газраас шалгалт хийгээд манай хөрөө рамны газрын ажлыг түр зогсоосон. Бид 2 тэр үед 30 гаран хүн ажиллуулаж байсан бөгөөд уг хүмүүс маань цалингшаа нэхэж, хүмүүсинй цали н15.365.655 төгрөг болоход надтай хамтран ажиллаж байсан. Батсүмбэрэл нь эгчээсээ уг мөнгийг зээлж аваад ажилчдын цалин тараагаад цагаан сарын дараа модныхоо ажлыг эхлэхээр мөнгийг нь эгчдээ модон материалаар бодоод өгье гэж ярилцаж тохиролцоод 15.000.000 төгрөг зээлж авсан, авахдаа миний дансаар авсан. Уг мөнгө ажилчдын цалин тараагаад дууссан. Цагаан сарын дараа модны ажлаа эхлүүлэхээр болоход Байгаль орчны байцаагч, албаны хүмүүс зөвшөөрөл өгөхгүй , хавар хуурайшилт ихтэй байна гэснээр тэр намрынхаа 9 сард ой нээгдэнгүүт ажлаа эхэлжэхний ачаа буюу 7.820.000 төгрөгний үнэ бүхий 340 палкийг ачуулсан. Гэтэл Гүндэгмаа нь ирээд мөнгийг удаасан. Би чамаас 7.500.000 төгрөгний хүү авна гэж хэлээд 14.680.000 төгрөг нэхсэн. Би энэ хүнтэй ямар нэг хүүтэй мөнгө авах зээлийн гэрээ хийгээгүй. Тийм учраас нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвгөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Гүндэгмаа миний бие Ц.Отгонтөгсөөс 10.813.300 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 6.813.300 төгрөгнөөс татгалзаж байна. Үлдэх 4.000.000 төгрөгөө 2016 оны 9 дшгээр сарын 15-ний дотор авахаар эвлэрэн тохиролцов.

Хариуцагч Ц.Отгонтөгс миний бие нь Гүндэгмаагийн нэхэмжилж байгаа 10.813.300 төгрөгнөөс 4.000.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны дотор төлнө. Гүндэгмаа нь 6.813.300 төгрөгнөөс татгалзаж эвлэрсэн болно.Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдүүлнэ... гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Гүндэгмаа хариуцагч Ц.Отгонтөгсөөс 10.813.300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч 6.813.300 төгрөгнөөс татгалзан, 4.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч Ц.Отгонтөгс хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,123 дугаар зүйлийн 123.1-р зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Нэхэмжлэгч Я.Гүндэгмаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Отгонтөгсөд холбогдох 10.813.300 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигчид 4.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 188.000 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                Б.МӨНХЗУЛ