Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/02143

 

 

 

 

2023 12 13 210/МА2023/02143

 

 

Ц.ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/03242 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Ц.о

Хариуцагч: А ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэмүүлэн, Б.Анхдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Ц.о нь А ХХК-д 2017 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд тус банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаар Б-22/269 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө А ХХК-ийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалт, Ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.3.11, 4 дүгээр зүйлийн 4.9.4а дахь дэд заалт, 5 дугаар зүйлийн 5.15.3, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.5 дахь заалт, ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зүйлийн 4.25, 4.27 дахь хэсгийг зөрчсөн нь хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.5, 10.2.6, 10.2.13, 10.2.20, 10.2.25 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарч гэх үндэслэл заасан.

1.2 Ц.о дээрх зөрчлүүдийг гаргаагүй бөгөөд зөрчил тус бүрийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй. Тус зөрчлүүд нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарахгүй.

1.3 Ажлаас үндэслэлгүй халагдсан талаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах гэсэн боловч хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй гэх хариу өгсөн.

Иймд А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаар Б-22/269 тоот тушаалыг хүчингүй болгож, жижиг дунд бизнесийн хамтын ажиллагааны хэлтсийн харилцааны менежер албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 А ХХК-ийн дотоод аудитын газар нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Шалгуурт суурилсан эрсдэлийн аудит хийж гүйцэтгэсэн. Аудитын тайлан 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор гарч, тус тайлангаар Ц.ын гаргасан зөрчил баталгаажсан. Ц.о нь тус банкны байгууллагын хамтын ажиллагааны хэлтсийн харилцааны менежер Т.Сэлэнгийн дансны үлдэгдлийг ажлын бус шаардлагаар, хувийн ашиг сонирхлын үүднээс шалгасан нь Шалгуурт суурилсан эрсдэлийн аудитын тайлангаар тогтоогдсон тул гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдөр Б-22/269 дугаар тушаалаар Ц.од хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

2.2 Ц.о 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор буюу 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зөрчил гаргасан. Түүний гаргасан зөрчлийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр илрүүлж мөн оны 02 дугаар сарын 25-ны өдөр шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтрүүлээгүй.

2.3 Банкны тухай болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар харилцагчийн нууц мэдээллийг хадгалах, аливаа хэлбэрээр ашиглахгүй байх үүрэгтэй. Мөн А ХХК-ийн дансанд хандах эрхийн зохицуулалтын зааврын 2 дугаар зүйлийн 2.3.1 дэх заалтад заасны дагуу банкны ажилтнуудын цалингийн данс нь хандах эрхийн зохицуулалттай дансанд хамаарах бөгөөд зөвшөөрөл аваагүй ажилтнууд тэдгээр дансанд хандах эрхгүй байдаг. Тодруулбал, Ц.о нь харилцагчийн дансны мэдээллийг шалгах зориулалт бүхий Грейпбанк программыг ашиглан ажлын шугамаар Т.Сэлэнгийн цалингийн дансны үлдэгдлийг шалгасан бол Хандах эрхийн зохицуулалттай дансны мэдээлэл харах боломжгүй гэсэн алдаа заах ба Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн дансдад хандах эрхийн зохицуулалтын зааврын 2 дугаар зүйлийн 2.8.5 дахь заалтад заасны дагуу өөрийн харьяа удирдлага болох санхүүгийн удирдлага, хяналтын газрын захирал, эсхүл санхүүгийн бүртгэл, хяналтын хэлтсийн захирал, эсхүл орлогчоос шууд зөвшөөрөл авсан тохиолдолд хандах эрхийн зохицуулалттай буюу нууцлагдсан дансны мэдээлэлд ажлын шаардлагаар хандаж, шалгах боломж бүрдэх байсан. Гэвч Ц.о нь харилцагчийн дансны үлдэгдлийг шалгахдаа зориулалтын бус хүсэлт программын Зээл төлөлт/шимтгэлийн гүйлгээ хийх мэдэгдэл гэх жижиг дунд бизнесийн хамтын ажиллагааны хэлтсийн ажилтан болон бусад эрх бүхий ажилтнаас тус банкны худалдааны санхүүжилтийн бүртгэлийн хэлтсийн банкны ажилтан болон зээлийн хэрэг бүртгэлийн хэлтсийн банкны ажилтанд бэлэн бус гүйлгээ хийлгэхээр илгээдэг программыг ашиглан хандах эрхийн зохицуулалттай буюу нууцлагдсан дансны үлдэгдлийг ажлын бус шаардлагаар шалгасан.

Худалдаа, хөгжлийн банкны харилцагчийн дансанд хаалт тавих, хасалт хийх, хаалтыг цуцлах зааврын 2 дугаар зүйлийн 2.4, 2.4.4-т тус тус заасны дагуу Ц.о нь зөвхөн Т.Сэлэнгийн зээл, зээлийн хүү, шимтгэл, хураамж, төлбөр зэрэг төлбөрийг төлүүлэх зорилгоор зээл төлөлт шимтгэлийн гүйлгээ хийх мэдэгдлийг худалдааны санхүүжилтийн бүртгэлийн хэлтсийн банкны ажилтан болон зээлийн хэрэг бүртгэлийн хэлтсийн банкны ажилтанд илгээж Т.Сэлэнгийн данс дахь мөнгөнөөс хасалт хийж гүйцэтгүүлэх зорилгоор хүсэлт программд хандах байсан.

2.4 Ц.отой байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон түүний ажлын байрны тодорхойлолтыг үзэхэд хандах эрхийн зохицуулалттай буюу нууцлалтай дансны үлдэгдлийг ажлын бус шаардлагаар шалгах эрх олгосон, үүрэг хүлээгээгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.ыг А ХХК-ийн Жижиг, дунд бизнесийн банкны газрын харьяа Жижиг, дунд бизнесийн хамтын ажиллагааны хэлтсийн Харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч А ХХК-аас нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 48,123,066.7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.од олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.ын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс шүүх хуралдаан болсон 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын дансанд шилжүүлэн, дэвтэрт нь зохих бичилтийг нөхөн хийж, баталгаажуулахыг хариуцагч Худалдаа хөгжлйин банк ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60.1-д зааснаар хариуцагч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 398,563 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Ёс зүйн хорооны ажиллах журамд зааснаар ёс зүйн хороо нь ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргадаг. Харин ажлаас чөлөөлөх шийдвэр гаргадаггүй. Мөн тухайн заалтуудыг зөрчилдөж байна гэж үзсэн тохиолдолд Хөдөлмөрийн дотоод журам болон Ёс зүйн хорооны ажиллах журмын эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актын зорилго, зохицуулах зүйлийн хүрээг хуулиар хэрхэн тодорхойлсныг харгалзах нь ач холбогдолтой.

4.2 Ёс зүйн хороо банкны ажилтнуудад ёс зүйн хэм хэмжээг хэвшүүлэх, ёс зүйн зөрчлоөс урьдчилан сэргийлэх, зөрчил гомдол, мэдээллийг шийдвэрлэх зорилготой. Хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажил олгогч болон ажилтны эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлохтой холбоотой харилцааг зохицуулахад оршдог. Дээрх хоёр журмаар өөр өөр харилцааг зохицуулсан байхад шүүх хөдөлмөрийн харилцааг цуцлах асуудлыг хоёр өөр аргаар шийдвэрлүүлэхээр дотоод хэм хэмжээгээр зохицуулсан нь зөрчилтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1 Хөдөлмөрийн тухай хуульд хууль тогтоомжийн хэм хэмжээний эрэмбийг заасан. Ёс зүйн хорооны шийдвэрийг үндэслэн Ц.ыг ажлаас чөлөөлсөн. Шүүх гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч болон гүйцэтгэх захирлын орлогч, холбогдох хүний нөөцийн хэлтэс, нэгжийн удирдлагын саналыг харгалзан Ц.ыг ажлаас асуудлыг шийдвэрлээгүй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн. Ц.о ёс зүйн дүрэм зөрчсөн талаар дүгнэлт байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч Ц.о нь хариуцагч А ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б-22/269 дугаар тушаалаар ажилтан Ц.ыг тус банкны ажилтан (харилцагч)-ы нууцлалтай цалингийн дансанд ажлын бус шаардлагаар буюу хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх-3/

 

4. Ажилтан Ц.о нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр А ХХК-ийн ажилтан Т.Сэлэнгийн дансанд хандсан үйл баримт тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй.

 

5. Хөдөлмөрийн тухай 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

 

5.1 Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 21/1037 дугаартай хөдөлмөрийн гэрээний 10.2-т ноцтой зөрчлийг нэрлэн заасан. /хх 5-7/ Гэрээний 10.2.20-т ажилтан нь өөрийн ажил үүрэгт хамааралгүй дансанд хувийн ашиг сонирхлын зорилгоор хандсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор заасан байна. Өөрөөр хэлбэл, талууд ажилтны ямар үйлдэл, эс үйлдэхүйг ноцтой зөрчилд тооцох талаар гэрээгээр харилцан тохиролцсон гэж үзнэ.

 

5.2 Ажилтан нь дээрх байдлаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байх тул ажил олгогчийн зүгээс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Түүнчлэн, гэрч Т. нь өөрийн харилцах дансны гүйлгээний талаарх мэдээлэлд хандахыг нэхэмжлэгчид зөвшөөрсөн агуулга бүхий мэдүүлэг гаргасан боловч энэ нь нэхэмжлэгчийн гаргасан ноцтой зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, банк нь харилцагчийн нууцлалыг хадгалах үүрэгтэй. Гэтэл банкны ажилтан нь харилцагчийн мэдээлэлд зөвшөөрөлгүй хандаж буй үйлдэл нь банканд итгэх харилцагчийн итгэлийг алдагдуулах сөрөг үр дагавартай.

 

6. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, 2.5 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

6.1 Хөдөлмөрийн дотоод журмын 2.12 дахь хэсгийн зохицуулалт нь газар, хэлтэс, нэгжийн захирал нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах саналаа холбогдох албан тушаалтанд хүргүүлэх болон зөвшилцөх харилцааг зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх захирлын эрх хэмжээг зохицуулаагүй байна.

 

6.2 Түүнчлэн, анхан шатны шүүх ёс зүйн хорооны ажиллах журмын 4.2.9 дэх хэсэг болон 4.2.10 дахь хэсэг хоорондоо зөрчилтэй талаар дүгнэлт хийсэн нь хэрэгт хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл, А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б-22/269 дугаар тушаалд хэдийгээр Ёс зүйн хорооны 2022 оны 02/2022 дугаар шийдвэрийг үндэслэсэн байх боловч гол үндэслэл, агуулга нь нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/03242 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан А ХХК-д холбогдох, А ХХК-ийн Жижиг, дунд бизнесийн газрын харьяа Жижиг, дунд бизнесийн хамтын ажиллагааны хэлтсийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилт хийхийг даалгах тухай Ц.ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398,566 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН