Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 224/МА2024/00002

 

 

 

 

 

 

 

2024        01          04                                         224/МА2024/00002

 

Ж.Б-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Л.Алтан, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 152/ШШ2023/00491 дүгээр шийдвэртэй,

Ж.Б-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай  шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Mиний бие 1968 онд төрсөн, 55 настай. Би 8 дугаар анги төгсөөд 1985 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд илгээлтийн саальчнаар томилогдон Х.У-гийн эзэмшиж байсан 15 тугалтай үнээг гардан авч 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан. Дээрх хугацаанд ажиллаж байсан хугацааны цалингийн тодорхойлолт, ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байсан боловч ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, цалингийн баримт архиваас шүүлгэсэн боловч гарахгүй байгаа тул шүүхэд хандсан.

Иймд миний Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

3. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 152/ШШ2023/00491 дүгээр шийдвэрээр:

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1985 оны  7 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай Ж.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгч Ж.Б давж заалдсан гомдолдоо: “...Тухайн үед намайг ажиллаж байхад “Алдар” нэгдлийн дарга байсан Мангалжав даргатай уулзахад тэр үеийн бичиг баримт шатаж устсан. Архиваас шүүгээд олдохгүй бол шүүхэд ханд гэж хэлсэн. Ингээд би 2 гэрчээр гэрчлүүлсэн. С гэдэг хүн намайг ажиллаж байхад гэрээрээ манай Торхилог багт ажиллаж амьдарч байсан. Төрбат гэдэг хүн Торхилог багийн малын эмч, багийн дарга хийж байсан. Энэ хоёр хүн худал хэлж мэдүүлэг өгдөг хүн биш, үнэн зөвөөр нь хэлсэн байх гэж бодож байна. Би одоо ажил хийж чаддаггүй. Бие муутай тул эмчийн хяналтад байдаг. Манай нөхөр эрхэлсэн ажилгүй, би сард 200-300 мянган төгрөгийн эм уудаг. Ах, дүү нарын тусламжаар амьдардаг. Иймд миний гомдлыг хүлээн авна уу” гэжээ. 

5. Нэхэмжлэгч Ж.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1985 онд илгээлтийн эзнээр хөдөө гарч аав ээжийнхээ ажилд тусалж байсан. Тэр үеийн ажиллаж байсан ямар ч бичиг баримт олдоогүй. Манай аав крилл үсэг мэддэггүй хүн байсан. Шүүгчийн туслах Ш.А нь таныг ажиллаж байгаагүй, Ж гэсэн гарын үсэгтэй бичиг ирсэн байна гэж танилцуулсан. Манай аав бичиг үсэг огт мэддэггүй учраас гарын үсгээ зурж чадахгүй гэж хэлсэн. Энэ бичгийг хаанаас авсан бэ гэж асуухад Улсын бүртгэлийн хэлтсээс авсан гэж хэлсэн. Улсын бүртгэлийн хэлтсээс очиж асуухад таны регистрийн дугаарын лавлагаа гардаг болохоос ийм бичиг баримт манайхаас гарах боломжгүй гэж хэлсэн. Энэ бичиг баримтыг хаанаас авсан юм бол гэж гайхаад архивын газраас лавлахад манайхаас ийм баримт гарах боломжгүй гэж хэлсэн” гэв.    

                                         ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ж.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 152/ШШ2023/00491 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж дүгнэв.

          2. Нэхэмжлэгч Ж.Б нь Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

             3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

           3.1. Шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцлүүдийн нэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шүүхийн ажиллагаа бөгөөд нотлох баримтыг үнэлэх ажиллагаа гэж талуудаас шүүхэд гаргасан баримтуудын тухайн маргаанд хамааралтай, хуулиар зөвшөөрөгдсөн, үнэн зөв, хоорондын уялдаа холбоотой байдлуудыг тус тус тодорхойлж, үүний үндсэн дээр эрх зүйн оновчтой дүгнэлт хийхэд чиглэсэн үйл ажиллагаа юм.

           Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 1971-1992 онуудад Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд зочид буудлын үйлчлэгч, барилгачин, сумын ахуй үйлчилгээний төвд мастераар ажиллаж байсан гэх Г.С, 1979-2009 онуудад Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн Торхилог бригадад малын эмч, багийн Засаг даргаар ажиллаж байсан гэх Т.Т нарыг гэрчээр асуусан тэмдэглэл хэргийн 18-21 дугаар талд авагдсан байх ба гэрч Г.С, Т.Т  нар  мэдүүлэгтээ: “Ж.Б нь 1985 онд 8 дугаар төгсөөд илгээлтээр Давст сумын Торхилог бригадад саальчнаар томилогдон нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан” талаар мэдүүлсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх  гэрч Г.С, Т.Т нарын мэдүүлгийг хэрхэн үнэлсэн талаар, тухайлбал тухайн мэдүүлгүүдийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлж буй, эсхүл үнэлээгүй, тэдгээр нь нотолгооны шаардлага хангасан, эсхүл хангахгүй байгаа, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эсхүл холбогдолгүй талаар дүгнээгүй нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хуульзүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэх хуулийн  шаардлагад нийцээгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдсан гомдол үндэслэлтэй байна.

3.2  Нэхэмжлэгч Ж.Б нь 1985 онд илгээлтийн эзэн болж байхдаа авахуулсан гэх фото  зургийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байх бөгөөд шүүхээс  уг  гэрэл зургийг 1985 онд авахуулсан эсэх, хэн хэнтэй авахуулсан нь тодорхойгүй тухайн зургаар түүнийг саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн байна.

         Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дээрх фото зураг нь түүний  Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг нотлох эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд шүүхээс шаардлагатай ажиллагааг хийхгүйгээр тухайн зургаар түүнийг саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоох боломжгүй  гэж шууд дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх үндэслэл, журмыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

         Нэхэмжлэгчээс өөрийн гаргаж буй шаардлагаа хангуулахад ач холбогдолтой гэж  үзэж гаргаж  өгсөн баримт болох  уг фото зурагт хамт авахуулсан этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах зэргээр ажиллагаа явуулж, үйл баримтыг тогтооход ач холбогдолтой нотлох баримтаар үнэлэх эсэхээ шийдвэрлэх боломжтой атал шүүх энэ талаар ажиллагаа хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх  онцгой ажиллагаа явуулах агуулга, зарчимд нийцээгүй байна. 

      Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэгчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч, мөн хуулийн 133 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг тусгай зохицуулалттай.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ,  мөн зүйлийн 6.6 дахь хэсэгт: Энэ хуулийн 133 дугаар зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт энэ зүйл хамаарахгүй гэж зааснаас үзэхэд шүүхээс эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжүүлэхийг шаардаагүй байна.

Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хүсэлт гаргагч / нэхэмжлэгч / нь тогтоолгохыг хүсч буй үйл явдал, үйл баримтаа зөвхөн өөрөө нотлох, нотлох баримт цуглуулах үүргийг дангаар хүлээхгүй бөгөөд  шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах, мөн цугларсан  баримт, мэдээллүүдийн нотолгооны ач холбогдлыг хуульд заасан ажиллагаагаар тодруулах зэрэг ажиллагаа явуулах боломжтой байхаар хуульчилсан байна. 

 Тодруулбал, шүүх нэхэмжлэгчийн хүсэлтэд үндэслэн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл баримтыг сэргээн тогтооход шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа санаачилгаараа явуулахыг хуулиар хязгаарлаагүй байна. 

  4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад  дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүсч буй үйл явдал, үйл баримтыг сэргээн тогтооход шаардлагатай ажиллагаа хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчсөн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ж.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 17-ны өдрийн 152/ШШ2023/00491 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /далан мянга хоёр зуу/ 70200/  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                                       Л.АЛТАН

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.ЖАМБАЛСҮРЭН