Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Мөнхзул |
Хэргийн индекс | 148/2016/00190/И |
Дугаар | 314 |
Огноо | 2016-06-02 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 314
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Төрийн банкны Сэлэнгэ салбарын харилцааны менежер ажилтай Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Баттөр /РД: МЭ81022014/ ын нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг Мөнхтолгой Орхоны гудамж 4-6 тоотод оршин суух Цагаантуг овогт Тогтоолын Уранхүү /РД: МЮ69090960/
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг Мөнхтолгой Баржигар улаан гудамж задгай тоотод оршин суух Цагаантуг овогт Лхагвасүрэнгийн Туул /РД: МС93112924/ нарт холбогдох
“7.245.630 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Шинэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Т.Уранхүү, Л.Туул нар нь 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 13/158 тоот гэрээ байгуулан 8.000.000 төгрөгийн малчны барьцаат зээлийг 18 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан зээлсэн юм. Гэтэл зээлдэгч нар нь өнөөг хүртэл итгэл эвдэн банктай харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ удаа дараа зөрчиж, зээлээ төлөхгүй хүндрэл учруулсаар байгаа тул хариуцагч Т.Уранхүү, Л.Туул нараас үндсэн зээл 4.236.385 төгрөг, хүү 2.703.355 төгрөг, торгууль буюу нэмэгдүүлсэн хүү 305.890 төгрөг нийт 7.245.630 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Уранхүү, Л.Туул нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 13/158 тоот гэрээ байгуулан 8.000.000 төгрөг авсан нь үнэн. Одоо Төрийн банкнаас нэхэмжилсэн 7.245.630 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Уг 7.245.630 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Төрийн банкны Сэлэнгэ салбар нь хариуцагч Т.Уранхүү, Л.Туул нарт холбогдуулан 7.245.630 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Зохигчид нь 2013 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр 13/158 тоот зээлийн гэрээ байгуулж 8.000.000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатайгаар 8.000.000 төгрөг зээлж авсан болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбар, бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.
Иймд 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 13/158 тоот зээлийн гэрээний дагуу бодогдсон 4.236.385 төгрөг, хүү 2.703.355 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 305.890 төгрөг нийт 7.245.630 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Харин нэхэмжлэгчээс ... дээрх зээлийг авахдаа хариуцагч Т.Уранхүү, Л.Туул нар 421 толгой мал, 5 ханатай гэр, зурагт зэргийг барьцаалсан гэж байгаа хэдий ч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хичнээн тооны толгой мал барьцаалсан талаархи нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “мал, тэжээвэр амьтад хашаа худгийн тооллого” нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан ...“бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” ингэхдээ .... Нотариатын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасан ... Үйлчлүүлэгч хүсвэл утга агуулгыг нь өөрчлөхгүйгээр тэмдэглэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчлүүлэгч болон нотариатын үйлдэл хийхэд оролцсон бусад оролцогч гарын үсэг зурж, нотариатч тамга, баталгааны тэмдгээ дарж баталгаажуулна” гэснийг зөрчсөн байна.
Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 35.6 дахь хэсэгт заасныг зөрчиж хийсэн нэмэлт, өөрчлөлтийг хүчингүйд тооцно” гэж заасан байх тул дээрх нотлох баримтыг шүүх үнэлэх боломжгүй байна.
Иймд хариуцагч Т.Уранхүү, Л.Туул нараас 7.245.630 төгрөг гаргуулж Төрийн банкны Сэлэнгэ салбарт олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 130.880 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 7.245.630 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 130.880 төгрөг гаргуулан Төрийн банкны Сэлэнгэ салбарт олгохоор тогтов.
Хариуцагч Т.Уранхүү, Л.Туул нар нь “шүүх хуралд оролцохгүй” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 453.2 дахь хэсэгт зааснаар Т.Уранхүү, Л.Туул нараас 7.245.630 төгрөг гаргуулж Төрийн банкны Сэлэнгэ салбарт олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 130.880 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Уранхүү, Л.Туул нараас 130.880 төгрөг гаргуулан Төрийн банкны Сэлэнгэ салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ