Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 209/МА2023/00086

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  08 дугаар сарын 21-ний өдрийн 135/ШШ2023/01040 дүгээр шийдвэртэй,

           Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

    Нэхэмжлэлийн шаардлага: “*******" ХХК-ийн гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ТХҮ-******* дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

            ...”*******” ХХК эдгээр хөрөнгүүдийг дараах байдлаар үнэлжээ. Үүнд: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоот амины орон сууцыг 318,306,396 төгрөгөөр, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* хорооллын Дархан Номин худалдааны төвийн урд байрлах үйлчилгээний зориулалттай барилгыг 703,980,929 төгрөг буюу зах зээлийн бодит үнэнээс хэт доогуур үнэлсэн, Дархан-Уул аймгийн *******т байрлах үнээний фермийн үнэлгээг огт ирүүлээгүй байна.

Монгол Улсын Мэргэшсэн үнэлгээчин нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар үйлчилгээний зориулалттай барилгыг 1,044,683,000 төгрөгөөр, амины орон сууцыг 330,000,000 төгрөгөөр тус тус үнэлж байсан. Иймд дээрх эд хөрөнгүүдийн үнэлгээг ******* ХХК нь хэт багаар үнэлсэнийг үгүйсгэн 2023 оны 4-р сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ТХҮ-423-6340 тоот үнэлгээг хүчингүй болгуулах гомдол хүргүүлж байна...гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, хариу тайлбарын агуулга:

   ... гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.

   Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн /04, /05, /06 дугаартай тогтоолоор дээрх барьцаа эд хөрөнгийг битүүмжилж, 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн /07, /08, /09 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хураасан байна. талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй байх тул 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай тогтоолоор “” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон.

   Үнэлгээний тайланг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, тэмдэглэл хөтөлсөн бөгөөд талуудад 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр биечлэн танилцуулсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

   ...Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан ёсоор хандсанаас хойш 1 жилийн хугацаанд төлбөр төлөгч *******аас өр төлбөрөө барагдуулж чадаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд заагдсан зарим эрхээ хязгаарлуулж байгаадаа гомдолтой байна. Миний бие *******тай холбоотой асуудлаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргахын зэрэгцээ шаардлагатай мэдээлэл хүссэн өргөдлийг өгсөн. Мөн шийдвэр гүйцэтгэгч ******* нь үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан ЖДҮХС-д онцгой давуу байдал бий болгож байна. нэхэмжлэгч *******ийн 3 үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэгч *******ын томилсон ******* ХХК-ийн үнэлгээг одоогийн зах зээлээс доогуур байна гэсэн нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд эргэлзэж байгаа тул төлбөр төлөгч ба бусад төлбөр авагч нарын хууль ёсны эрх ашгийг харгалзан шүүхээс хөндлөнгийн шинжээч томилж өгнө үү гэжээ.

   4. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.5, 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан “*******” ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ТХҮ-423-6340 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

   5. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

   Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдо гаргаж байна.

“*******” ХХК нь ЖДҮ сангийн зээлийн барьцаанд байгаа *******ийн нэр дээрх хөрөнгүүдийг одоогийн зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Үүнд:    

Дархан-Уул аймаг Дархан сумын 13 дугаар баг 10 дугаар хорооллын Батур хотхоны 4 дүгээр байрны 2 тоот амины орон сууцыг 318,306,396 төгрөг,

 Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар баг, 1Д0 дугаар хорооллын Дархан Номин худалдааны төвийн урд байрлах үйлчилгээний зориулалттай барилгыг 703,980,929 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн.

Харин Монгол Улсын мэргэшсэн үнэлгээчин нь дээрх хөрөнгүүдийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үнэлсэн. Үүнд Амины орон сууцыг 330,00,000 төгрөг, үйлчилгээний зориулалттай барилгыг 1,044,68,000 төгрөгөөр үнэлсэн.

Мөн өнөөдрийн байдлаар барилгын зах зээлийн доод үнэ 1 м.кв 3,000,000 төгрөг бөгөөд амины орон сууц 174 м.кв 522,000,000 төгрөг, үйлчилгээний зориулалттай барилга 446 м.кв 1,338,000,000 төгрөг нийт 1,860,000,000 төгрөгөөр үнэлэгдэх боломжтой байгаа юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            6. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс  гомдол гаргагч *******ийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хэргээс судлан үзвэл :

3.  Гомдол гаргагч ******* нь *******д холбогдуулан  шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа,  төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу хөндлөнгийн шинжээч томилж барьцаа хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн...” гэх үндэслэлээр маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг гомдол гаргагч ******* эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргажээ.

            4. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2022/00289 дугаартай тогтоолоор хариуцагч “” ХХК, нараас зээл 500,000,000 төгрөг зээлийн хүү 26,274,499 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 526,294,499 төгрөгийн хамт гаргуулж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн  дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 454 дугаар гүйцэтгэх хуудас  бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлжээ. /хэргийн 39-43/

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан эд хөрөнгө битүүмжлэх болон эд хөрөнгө хураах тогтоолуудаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураасан бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцож үнэлгээ тогтоогоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дугаар тогтоол гаргаж, “*******” ХХК-ийг шинжээчээр томилон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчдод мэдэгдэн, шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулжээ. /хэргийн 117-118/

Шинжээчээр томилогдсон “*******” ХХК нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу Шүүхийн шинжилгээний тухай болон Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, мөн Үнэлгээний олон улсын стандарт-2020-т заасан журмыг баримтлан 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ТХҮ-423-6340 дугаартай дүгнэлт гаргаж,  шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураан авсан *******ийн өмчлөлийн амины орон сууцыг 318,306,396 төгрөг, үйлчилгээний барилгыг 703,980,929 төгрөг, “” ХХК-ийн өмчлөлийн үнээний фермийг 81,869,965 төгрөг, нийт 1,104,157,289 /нэг тэрбэм, нэг зуун дөрвөн сая, нэг зуун тавин долоон мянга, хоёр зуун наян ес/ төгрөгөөр үнэлж, уг үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр танилцуулсан энэ талаар талууд маргаагүй. /хэргийн 4-38, 116/

6. Гомдол гаргагч ******* нь анхан шатны шүүхэд болон давж заалдах шатны шүүхэд давж заалдсан гомдол гаргахдаа “*******” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт багаар үнэлсэн, мэргэшсэн үнэлгээчин 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар үйлчилгээний зориулалттай барилгыг 1,044,683,000 төгрөгөөр, амины орон сууцыг 330,000,000 төгрөгөөр үнэлж байсан гэж дурдсан боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, мөн хуулийн  38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

Мөн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүд “*******” ХХК-ийн гаргасан үнэлгээнээс өндөр үнэтэй гэдгийг нотолж чадаагүй байх тул гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

7. Гомдол гаргагч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцаж, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  55 дугаар зүйлийн 55.7-д “талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл гомдол гаргагч ******* нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх ба хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж байгаагүй, шүүх хэтэрсэн хугацааг хуульд заасан үндэслэлээр сэргээгээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргагч *******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 135/ШШ2023/01040 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч *******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар гомдол гаргагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.АМАРСАНАА                             

                                            ШҮҮГЧИД                                  Г.МЯГМАРСҮРЭН

                                                                                                     Я.ТУУЛ