Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 209/МА2023/00087

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  09 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2023/01223 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******  нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******ь, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
            *******ь миний бие *******тай 2000 онд танилцаж 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдарч байх хугацаанд 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүү *******, 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүү ******* нар төрсөн. ******* нь гэр орондоо тогтохгүй, ажил хийнэ гээд хаашаа ч хамаагүй яваад алга болдог. Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэх, эрүүл согтуугийнхаа аль ч үедээ хэрүүл маргаан үүсгэх, сэтгэл санааны дарамт учруулах зэргээс болж бид хоёр зан харьцааны хувьд таарамжгүй, зөрчилтэй болсон. Мөн согтуугаар хоёр хүүдээ агсам тавьж, хутга гаргахаар нь хүүхдүүд маань 108 дуудах гэснээ айгаад дуудаж чадаагүй байсан. Би цагдаад мэдэгдсэн ба 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхээс түүнд баривчлах шийтгэл оногдуулсан. Цаашид бид хоёр хамтран амьдрах хүсэл, эрмэлзэлгүй болсон. Хүүхдүүдийн асрамжийн тухайд хүү *******, ******* нарыг өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Бидний гэр бүлийн дундын хөрөнгө болох орон сууц болон машин зэрэг эд хөрөнгөөс хүүхдүүд болон өөрт ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг гаргуулна. Мөн дундын эд хөрөнгө болох автомашины граж, автомашин, 2 өрөө орон сууц, газар байдаг. Шүүхэд өгснөөс хойш гражийг өөр хүний нэр дээр шилжүүлсэн байсан. Үүнийг үнэлгээнд оруулаагүй байсан. Би 2 хүүхэдтэйгээ орон сууцаа авч амьдрах хүсэлтэй байна.

******* нь гэр бүлийн хүчирхийлэл хийж, хүүхдүүдээ айлгадаг, цаашид хамтран амьдрах хүсэлгүй болсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлах маргааныг эвлэрүүлэн зуучлалаар урьдчилан шийдвэрлүүлэлгүйгээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, хариу тайлбарын агуулга:

  ... Бидний дунд архи согтууруулах ундааны зүйлээс болж хэрүүл маргаан болж байсан нь үнэн. Одоо миний бие архи огт уухгүй байгаа. Миний зүгээс гэрлэлтээ цуцлуулах боломжгүй байна. Хоорондын маргаанаа эвийн журмаар шийдвэрлэж, элэг бүтэн амьдрах хүсэлтэй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар Монгол овогт ын , овогт ын нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Монгол овогт ын , 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Монгол овогт ын нарыг эх *******ийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад зааснаар 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Монгол овогт ын , 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Монгол овогт ын нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг *******аар тэжээн тэтгүүлж,

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх заалтад зааснаар Г дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 5000 м.кв газар, ДАХ улсын дугаартай тоёота приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл, Ү- дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг Дархан сум 9-р баг 4-р хороолол 4-р байрны тоот 29 м.кв орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, орон сууцны өмчлөгчөөр *******ь, *******, ******* нарыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээнээс *******ын нэрийг хасаж бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, тухайн орон сууцны тухайд нэхэмжлэгч *******иас ,250,000 төгрөг гаргуулж, хариуцагч *******т олгуулж, ДАХ улсын дугаартай тоёота приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг *******иас *******ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Дархан-Уул аймгийн Автотээврийн газарт даалгаж, хариуцагч *******аас тээврийн хэрэгслийн үнэд ногдох хэсэг 5,606,250 төгрөг гаргуулж, 5000 м.кв газрын үнэд хариуцагч *******аас 8,437,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ьд тус тус олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг *******, эх *******ь нарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч *******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ьд тус тус олгож, хүүхдийн тэтгэлэгт жилийн хугацаанд төлөх улсын тэмдэгтийн хураамжид 54,630 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэгт даалгаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* нар эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж  байна.

4.1.Шүүх эвлэрүүлэх арга хэмжээ аваагүй. Анхан шатны шүүхэд миний бие 2 удаа эхнэр *******ь бид хоёрыг эвлэрүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүсэж хүсэлт гаргасан /ХХ-25, 34 дүгээр хуудас/. Хуульд заасан харшлах шалтгаан байхгүй, бидний хувьд бие биедээ хүчирхийлэл үйлдсэн зүйл байхгүй. Гэтэл шүүх 2 удаа татгалзсан. Энэ нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна.” гэж заасныг зөрчсөн,

4.2. Шүүх хуралдаанд оролцох эрхийг маань эдлүүлээгүй. Миний бие ...шүүх хуралдааны өмнө нарийн бичгийн даргад хүсэлтээ амаар хэлсэн боловч бичгээр явуулсан хүсэлт маань 11:05 минутад шүүхэд очсон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь амаар хэлсэн хүсэлтийг маань дамжуулсан байхад 11:00 цагт товлосон хурал 11:05 цагт эхэлсэн атлаа миний тухайн цагт очсон хүсэлтийг хэлэлцэлгүй, шүүх хуралд оролцох эрхийг минь эдлүүлээгүй,

4.3.Хүү *******ын асрамжийн асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан.  Учир нь анхан шатны шүүхээс хүү *******ын саналыг авах ажиллагаа огт хийгээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвхөн хүү *******ийн асрамжийн асуудлыг шийдвэрлэж, *******ын асрамжийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дүгнэлт хийгээгүй атлаа тогтоох хэсэгт *******, *******ыг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн,

4.4.Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаа хийгээгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж ямар ямар хөрөнгийг үзэж шаардаж байгаа эсэх, тэдгээрийг хэрхэн хуваах /хэн нь хөрөнгийг биетээр авч, ногдох хэсгээ мөнгөөр төлөх зэрэг/ талаар анхнаасаа тодорхойлоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, тодруулах эрхтэй боловч уг ихэсгэсэн, багасгасан, тодруулсан шаардлагаа хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр гаргаж, уг шаардлагыг хариуцагчид гардуулан, холбогдох тайлбар авах ажиллагаа хийгдэх учиртай.

Гэтэл дээрх ажиллагаа огт хийгдээгүй төдийгүй, шүүгч шүүх хуралдаанаар нотлох баримт шинжлэн судалсны дараа нэхэмжлэгчээс автомашины гражийн талаар тодруулахдаа “...Сүүлд 2018 онд өмчлөл өөрчлөгдсөн байна. Тэгэхээр энэ шаардлагаа яах вэ? Хүний өмчийг гэр бүлийн дундын өмч гээд авна гэж байж болохгүй” гэсний дагуу нэхэмжлэгч энэ талаарх шаардлагаасаа татгалзаж байна гэжээ. Иймд гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, хэт нэг талыг барьсан,

4.5. Шинжээчийн дүгнэлт хуульд нийцээгүй. ...Томилогдсон шинжээч дүгнэлтдээ нэр бүхий 3 хөрөнгийг үнэлж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр багт байрлах 46,0 мкв талбай бүхий 2 машины гражийг бусдын өмч тул үнэлгээг хийж ирүүлээгүй гэж дурдсан байдаг.

Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамж биелэгдээгүй, шинжээчийн дүгнэлт дутуу, нэхэмжлэгч дээрх хүсэлтээсээ татгалзаагүй байхад дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулж, дутуу шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй,

4.6. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар хийсэн дүгнэлт хуульд нийцээгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт орон сууцыг нэхэмжлэгч, хүүхдүүдэд үлдээж, орон сууцны ногдох хэсэгт *******иас ,250,000 төгрөг гаргуулан *******т олгохоор, автомашиныг хариуцагч *******т шилжүүлж, *******аас автомашины ногдох хэсэгт 5.606,250 төгрөг, газрын үнэд 8,437,500 төгрөг тус тус гаргуулан *******ьд олгохоор шийдвэрлэжээ. Гэтэл шийдвэрийн 13-т “...Хүүхдүүдийн асрамжийг эхэд үлдээж байх тул *******ь, *******, ******* нарт нийт өмчийг тодорхойлсон үнийн дүн болох 103,725,000 төгрөгийн дөрөв хуваасны гурвыг буюу 77,793,750 төгрөгийн эд хөрөнгийг өгөх нь зүйтэй” гэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь ойлгомжгүй, нэг зүйлийг 2 удаа хуваасан гэж үзэхээр байна,

4.7. Мөн нэгэнт бид гэрлэлтийн тухайд эвлэрэхгүй бол хүүхдийн асрамжийн талаар хүүхдүүд маань сэтгэлзүй, амьдрах орчин нөхцөл, одоо сургуульд хамрагдаж байгаа эсэхийг тодруулах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах шинжээч томилуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авмаар байна. Учир нь хүүхдүүдийн талаар төрсний гэрчилгээнээс өөр баримт алга байхад эхийнх нь асрамжид үлдээж, одоог хүртэл хүүхдүүдтэй минь уулзуулахгүй, холбоо бариулахгүй байгаа, эд хөрөнгийн асуудалд миний бие сөрөг нэхэмжлэлээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад хэт нэг талыг барьж хэргийн хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

            6.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт ирүүлсэн байна.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад давж заалдах гомдлыг хангаж, харин анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Анхан шатны шүүх гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тусгай журмын дагуу явуулж чадаагүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

3.Нэхэмжлэгч *******ь нь хариуцагч *******т холбогдуулан гэрлэлт  цуцлуулах, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдсан гомдол гаргажээ.

Хэргээс судлан үзэхэд:

4.Зохигч нь 2000 онд танилцаж, 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болон хамтран амьдарч байгаа бөгөөд тэдний дундаас 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүү *******, 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүү ******* нар төрсөн байна.

5.Нэхэмжлэгч *******ь нь хариуцагч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, сэтгэл санааны дарамтанд оруулдаг учир эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахгүйгээр гэрлэлтээ цуцлуулна гэж нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь эс зөвшөөрч, гэрлэлт цуцлуулахгүйгээр эвлэрэх хүсэлтэй байгаа талаар тайлбар гаргасан ба анхан шатны шүүх хариуцагч *******ыг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 161 дугаартай шийтгэврээр 10 хоногийн хугацаагаар баривчлагдаж байсан гэх үндэслэлээр 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2914 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн эвлэрэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хэргийн 22-23, 28-29/

5.1.Улмаар хариуцагч ******* нь  зөрчлийн улмаас баривчлах шийтгэл хүлээсэн үйлдэлдээ гэмшиж, алдаа дутагдалаа засахаар шийдэж, 2023 оны 03 дугаар сарын 27-нд “Гоё амьдрал” эмнэлгийн сэтгэл зүй эмчилгээнд хамрагдсан, цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх эсэх, гэрлэлтийн хувьд эвлэрэхгүй бол хүүхдийн асрамж, эд хөрөнгийн талаар харилцан ярилцаж, эвлэрэх боломжтой гэх хүсэлт гаргасныг “...тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2914 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн эвлэрэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, тус захирамжид гомдол гаргах эрхгүй талаар дурдаж шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 3206 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /хэргийн 34-38/

5.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т заасны дагуу шүүх гэр бүлийн холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоож, гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэр бүлийн эрхийг хамгаална” гэж тус тус хуульчилсан бөгөөд гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогч хүсэлт гаргасан эсэхээс үл хамаарч шаардлагатай бол шүүх хуульд заасан арга хэмжээг авах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгийн маргаантай тохиолдолд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах, нотлохыг сануулах, нотлох баримт бүрдүүлэх бүхий л бололцоог хангах үүрэг хүлээдэг нь энэ төрлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог юм.

5.3. Гэтэл хариуцагч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсны дараа 2023 оны 03 дугаар сарын 27-нд “Гоё амьдрал” эмнэлгийн сэтгэл зүй эмчилгээнд хамрагдсан учир цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа, гэрлэлтийн хувьд эвлэрэхгүй бол хүүхдийн асрамж, эд хөрөнгийн талаар харилцан ярилцаж, эвлэрэх боломжтой гэсэн хүсэлт гаргаж, холбогдох нотлох баримтаа ирүүлсэн байхад хариуцагчийн эвлэрэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх идэвхтэй байх зарчмыг баримталж оролцоогүй, гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах төрийн үүргийг биелүүлээгүй, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

6. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11:00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч *******т 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цаг 29 минутад утсаар мэдэгдсэн бөгөөд хариуцагч нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “...ээлжийн ажилтай, 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажлаасаа бууна, өөрөө хуралд биечлэн оролцох хүсэлтэй байгаа бөгөөд Гурвантэс суманд сүлжээ муу барьдаг учир цахимаар оролцох боломжгүй байна, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор ханган өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүх 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цаг 05 минутад хүлээн авчээ. /хэргийн 73/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т заасны дагуу гэрлэгчид шүүх хуралдаанд өөрсдөө хүрэлцэн ирэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэхэд ээлжийн ажилтай байгаа нөхцөл нөлөөлж байгаа талаар хариуцагч ******* нь шүүхэд бичгээр мэдэгдсэнийг шүүх 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цаг 05 минутад хүлээн авсан атлаа мөн цаг хугацаанд буюу  11 цаг 05 минутад шүүх хуралдааныг нээж, “...хариуцагч ******* хүндэтгэн үзэх шалтгаанаа илэрхийлээгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг явуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгч, өмгөөлөгч оролцож байгаа ч гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх үүрэгтэй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулах эрх шүүхэд хуулиар олгогдсон байхад энэ эрхээ хэрэгжүүлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь зохигчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

7. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн цагаас гэрлэлт цуцлуулахгүй, хамтын амьдралаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан учир хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар ямар нэгэн байдлаар өөрийн байр суурийг илэрхийлж байгаагүй бөгөөд хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь талуудын мэтгэлцэх эрхийг хангаагүй, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

8. Хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1223 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдсан  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АМАРСАНАА                             

                                            ШҮҮГЧИД     Г.МЯГМАРСҮРЭН

                                                                                      Я.ТУУЛ