Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 366

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хурлын  танхимд  нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  Сэлэнгэ аймгийн Шаамар сум Дулаанхан тосгон харваачдын гудамжны 14 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх Тугчин овогт Хишигдоржийн Чулуунцэцэг / РД:МТ67091763 /-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Дулаанхаан тосгон 62 дугаар өртөө, замчдын 26 тоотод оршин суух, Сэлэнгэ аймаг, Дулаанхан тосгоны хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч ажилтай гэх, Бургууд овогт Хорлоогийн Өлзийсайхан /РД: МЖ72021008/ Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгт/-д холбогдох 

“Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаартай тушаал хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гаргах хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Чулуунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх, хариуцагч Х.Өлзийсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Х.Чулуунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1983 оноос 11 дүгээр цэцэрлэгт 16 настайгаасаа анх ажилд орж нийт 32 жил тасралтгүй ажилласан. 2015 оны 09 дүгээр сарын 10-наас 12-ны хооронд Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон туслах багш нарын сургалтанд нийт 10 багш явсан. Энэ сургалтын хугацаанд тус сумын 1 дүгээр цэцэрлэгт байрласан. Оройн цагаар хэсэг багш нар гаднаас архи ууж, бие биенийгээ хэл амаар доромжлон хоорондоо зодолдон муудалцсан. 

Би тэр үед тэд нартай муудалцаагүй, архи дарс ч уугаагүй жижүүр дээр зурагт үзээд  сууж байгаад ороод унтаж амарч байсан. Согтуу гурван багш гаднаас орж ирээд зодолдоход цагдаа ирээд эрүүлжүүлэгдэхээр авч явсан. Гэтэл энэ явдалтай намайг холбон үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр халсан. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй.

Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан үеийн хугацааны цалинг гаргуулж өгнө үү! гэжээ.

Нэхэмжлэгч Х.Чулуунцэцэг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, өөрчилсөн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд байрлах 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч “Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан, ажилгүй байсан хугацааны цалин 258.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар ихэсгэж өөрчилж байна. 

Нэхэмжлэлийн шаардлага:

• Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Х.Өлзийсайханы хууль бус 2015 оны 10 дугаар сарын 01-ний Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах.

• Ажилд эгүүлэн тогтоолгох

• 2015 оны 10 дугаар сарын 01-нээс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү! гэжээ. 

Хариуцагч Х.Өлзийсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: ... 2015 оны 09 дүгээр сарын 10-12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгоны цэцэрлэгийн багш нар томилолтоор Мандал сум руу явсан. Тэгээд томилолтоор явах хугацаанд вагонд архидсан байсан. Эдгээр хүмүүс дунд туслах багш Х.Чулуунцэцэг нь өөрийгөө авч явах чадваргүй болтлоо архи  ууж, агсам тавьж С.Нямдавааг хэл амаар доромжлон туслах багш С.Нямдаваа нь айж зугтааж өөр тасалгаанд нуугдаж байсан, мөн галт тэрэгнээс буугаад Мандал сумын 1 дүгээр цэцэрлэгт очихдоо өөрийгөө жолоодох чадваргүй тэр ч бүү хэл гутлаа өмсөж чадахгүй, биеэ авч явж дийлэхгүй туслах багшаар хамт ажиллаж байсан П.Элбэгжаргал үүрч, сугадан дэмжин байрлах анги танхимд оруулсан байдаг. 2015 оны 09 дүгээр сарын 10-12-ны өдрийн сургалтанд байхдаа оройн цагаар хүүхдийн цэцэрлэгийн өрөө тасалгаа анги танхимд архидан согтуурч мөн хамт сургалтанд явсан Г.Соёл-Эрдэнэ, П.Элбэгжаргал нарыг өдөөн хатгаж тэднийг хэл амаар доромжлон дэвэргэн хөөрүүлж зөрчил гаргасан байх ба эргүүлийн цагдаа нар ирэхэд “Улаан плажтай хүүхэн агсам тавиад байна та нар аваад яв” гэж хүчээр өгч явуулсан байдаг. Энэ тухай П.Элбэгжаргал, Г.Соёл-Эрдэнэ нар Сэлэнгэ аймгийн Боловсрол Соёлын газрын дэргэдэх багшийн ёс зүйн зөвлөлд бичгээр гомдол гаргасан байдаг. Х.Чулуунцэцэгийн дээрхи үйлдлүүд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын тушаал, албан даалгавар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжууд, Сэлэнгэ аймгийн Боловсрол соёлын газрын даргын албан тоот, албан даалгаврууд, Багшийн ёс зүйн дүрэм, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам зэргийг зөрчсөн тул ажлаас халах үндэслэл болсон. 

Ер нь Х.Чулуунцэцэг багшийн энэ зөрчил бол нэг удаа гаргаж байгаа зөрчил биш хичээлийн жил болгонд зөрчил гаргадаг. 

Хичээлийн жил болгонд гарч байгаа зөрчлүүд нь дараагийн сахилгын шийтгэл дуусгаад гаргадаг. Өмнө нь багш Лхагважав, Болормаа, Ариунаа багш нарын хамтаар багшийн ёс зүйн зөрчил гаргаж байсан. Х.Чулуунцэцэг багшийг 2011 оны 09 дүгээр сарын 01-нд ажилд авахад сахилгын зөрчилтэй байсан. Тухайн үед би хүнийг дандаа муугаар хэлээд яахав гэж бодоод дэмжиж Х.Чулуунцэцэгийг мэргэжлийн бус хүнийг мэргэжлийн багшаар 4 жил ажиллуулсан. Миний хувьд Х.Чулуунцэцэг багштай хамтарч ажиллахад хөдөлмөрийн хүндэт медальд тодорхойлж энэ хүнийг бас ажилдаа анхаарч, өөртөө дүгнэлт өгөх болов уу гэж өөрийг нь засаж залруулан дэмжсээр байсан.

 Гэтэл энэ хүн өөрийгөө засаж залруулаагүй удаа дараа зөрчил гаргаж байсан. Хамгийн сүүлийн зөрчил дээр нь 2015 оны 09 дүгээр сарын 12-нд Х.Чулуунцэцэг багшийг бусад ажилчидтай нь хамт яагаад халаагүй вэ гэхээр тухайн үед би цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд байгууллагын тасралтгүй үйл ажиллагаа явуулахын тулд 2015 оны 09 дүгээр сарын 12-15-ны хооронд томилолтоор семинарт явсан хүмүүсээс эхний удаа 3 туслах багшийг ажлаас халж дараа нь 2 туслахыг халсан. 

Ажлаас халсан үндэслэл цэцэрлэгийн багш хүний ёс зүйн талд нийцэхгүйгээр хоорондоо архидаж, нэг нэгнийгээ хэл амаар доромжилж, зодолдсон гэсэн үндэслэлээр халсан. Энэ хүмүүс дунд Х.Чулуунцэцэг багш байсан болохыг бусад багш нар нотолж байгаа. Хэрвээ энэ нотлох баримтыг нотлох баримт биш, уг нотлох баримт нотлогдохгүй гэж үзэж байвал би дараагийн шатны шүүх болох давж заладах шатны шүүхэд гомдол гаргана. Миний бие тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дүгээр зүйл, хөдөлмөрийн гэрээний 6.3.1 дэх хэсэгт заасны дагуу 6.3.2 дахь заалт, багшийн ёс зүйн дүрмийг баримталж ажлаас халсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлийг бариагүй нь Нийгмийн даатгалын тухай хуулинд зааснаар ажилтны буруугаас болж ажлаас халагдсан бол 30 хувийн тэтгэмж олгоно. Ажил олгогчийн буруугаас болсон бол 70 хувийн тэтгэлэг авна гэж заасан байдаг. Миний хувьд ажлаас халах тушаалаа гаргахдаа байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг бодоод хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан заалтыг үндэслэн өөрийнхөө санаачилгаар гэж тушаал гаргасан. Ажлаас халахаас өмнө байгууллагын хурал дээр нэр цохож “та нар зөрчил гаргасан учир ажлаас халагдана” гэж хэлж байсан. Ноцтой зөрчил гаргасан тохиолдолд заавал мэдэгдэнэ гэсэн хуулийн заалт байхгүй. Чулуунцэцэгийг архи уусан гэдгийг хамт семинарт явсан багш нар гэрчилж байгаа. Гэрч Эрдэнэбаясгалан албадан саатуулагдаагүй байна гэж мэдүүлэг өгсөн байсан. Түүнээс биш архи уугаагүй гэсэн мэдүүлэг өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтлаагүй гэхлээр нийгмийн даатгалын байгууллагаас 30 хувийг авдаг гэдэг утгаар хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй. Чулуунцэцэг ажлын байран дээрээ болон ажил үүргээ гүйцэтгэх явцдаа архи уусан.

Өөрөөр хэлбэл Сургалтанд томилолтоор явж байгаа бол ажлын байр гэж үзэж байна. Багшийн ёс зүйн зөрчлийн талаар ярихад бол нийт багш нарын зөвлөл Дулаанхаан тосгоны цэцэрлэг дээр ирж хурлаараа бүх ажилтан албан хаагч нарыг оролцуулж санал асуулга явагдсан. Энэ бол бүх санал асуулгаар дүгнэлт гаргасан. 

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ... Нэхэмжлэгч Х.Чулуунцэцэг миний бие нь Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан үеийн цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 

Хариуцагч Х.Өлзийсайхантай эвлэрэн хэлэлцэж ажилгүй байсан хугацааны цалингаас 1.000.000 төгрөг авч ажилдаа эгүүлэн тогтоолгон, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр тохиролцож, бусад цалингаас татгалзав.

Хариуцагч Х.Өлзийсайхан миний бие нь Х.Чулуунцэцэгт 1.000.000 төгрөгийн цалинг олгохоор болж ажилд нь эгүүлэн авахаар эвлэрэв... гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Чулуунцэцэг нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгийн эрлэгчийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаартай тушаал хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гаргах хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч ажилгүй байсан үеийн цалин 1.000.000 төгрөгийг авч, үлдэх цалингаас татгалзаж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Х.Өлзийсайхан нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалинд 1.000.000 төгрөг төлөхөөр, дээрх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийж өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгт холбогдох “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаартай тушаал хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гаргах хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай хэргийн зохигчид нь “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэг нь Х.Чулуунцэцэгийг ажилд нь эгүүлэн авахаар, ажилгүй байсан хугацааны цалинд 1.000.000 төгрөг төлөхөөр, дээрх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийх”-ээр тус тус эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 8390 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28550 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                Б.МӨНХЗУЛ