Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/02130

 

 

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/02130

 

 

С.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/03396 дугаар шийдвэртэй,

С.А-ын нэхэмжлэлтэй

НШШГГ-т холбогдох

Хохирол 64,146,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ЖЭБК ХХК болон Ч.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаартай захирамжаар С.А-аас үндсэн өр төлбөрт 10,040,849.32 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 158,002 төгрөг, нийт 10,198,851.32 төгрөгийг төлбөр төлөгчөөс гаргуулж, төлбөр авагч ЖЭБК ХХК-д олгож шийдвэрлэсэн. Энэ захирамжийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд С.А-ын өмчлөлийн эрхийн улсын Г-220500**** дугаартай, Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Зүүн наран, ** дугаар гудамжны ** тоот хаягтай 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг төлбөрт тооцон шилжүүлсэн.

1.1. Дээрх 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаартай захирамж 2 өөр байдлаар гарсан байдал нь хэргийг шийдвэрлэсэн шүүгч А.С-гийн 2022 оын 03 дугаар сарын 24-ний өдрийн 1245 дугаартай албан бичгээр хожим нотлогдсон. Тухайн асуудлыг шийдвэрлэсэн жинхэнэ шийдвэр нь барьцааны асуудал тусаагүй, харин тухайн маргааныг шийдвэрлээгүй шүүхийн шийдвэр нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар туссан байсан. Хариуцсан шүүгчийн зүгээс буруу шүүгчийн захирамжийг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсыг гаргасан ба энэ байдал баримтаар тогтоогдсон тул 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/01420 дугаар магадлалаар тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ магадлалд хэргийн зарим оролцогч гомдол гаргасан боловч Улсын Дээд шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоол гаргаж, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон юм.

1.2. Гэтэл төлбөрт тооцон шилжүүлсэн миний газрыг төлбөр авагч ЖЭБК ХХК нь Ц.Э гэх өөр хүнд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр цааш дамжуулан худалдан борлуулж, гэрчилгээ өөр хүний нэр дээр шилжсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болсон хэдий ч өөрийн өмчлөлийн газраа буцаан авах боломжгүй болсон. Би өөрийн өмчлөлийн газраа Ц.Э гэх хүнээс буцаан авах хууль зүйн боломжгүй тул тухайн газар, түүнд хамаарах эд зүйлийг үнэлүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулсан этгээдээс гаргуулахаар болсон юм. Газар, түүнд хамаарах эд зүйл болох жимсний мод, банзан хашаа зэргийн үнэлгээ 64,146,000 төгрөгийн зах зээлийн үнэтэй гэж үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар үнэлэгдсэн болно.

1.3. Иймд 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/01420 дугаар магадлалд хууль бусаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсны улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй талаар тусгайлан зааж өгсөн тул шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийн зөрүүтэй байдлыг нягталж үзэх хуульд заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж, үүний улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас өөрт учирсан хохирол болох 64,146,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: С.А-ын нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна.

2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаар захирамжаар С.А аас 10,198,851 төгрөгийг гаргуулж, ЖЭБК ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 21250299 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгчийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй эд хөрөнгийг тодруулж, 2019 онд ЖЭБК ХХК-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй, төлбөр төлөгч С.А-ын өмчлөлийн эрхийн улсын Г-220500**** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ** дугаар хороо, Зүүн наран ** дугаар гудамжны ** тоот, 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх тухай хугацаатай мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож, эрхийн улсын Г-220500****дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ** дугаар хороо, Зүүн наран ** дугаар гудамжны ** тоот 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 10,198,851 төгрөгийн төлбөрт тооцож, төлбөр авагчид шилжүүлэх тухай хүсэлтийг тус газарт ирүүлсэн тул өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичгийг Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 6/299 дүгээр тогтоолоор дуусгавар болгосон.

2.2. С.А аас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/02042 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2022/01420 дугаар магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дах хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаартай захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/Ш32021/04944 дугаартай албадан биелүүлэх захирамж, 0354 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэгт үндэслэн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөрт тооцон шилжүүлсэн улсын бүртгэлийн Г-220500****дугаартай, Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Зүүн наран, ** дугаар гудамжны ** тоот хаягтай, 482 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг буцаан олгох үеийн ханшаар үнийг тогтоон, төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2022/01420 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилж өгнө үү гэх гомдлыг Улсын Дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ЖЭБК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: ЖЭБК ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.А-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,040,849.32 гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/3437 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.1. С.А уг захирамжийг сайн дураар биелүүлэхээс зайлсхийж, төлбөр барагдуулах үйлдэл хийхгүй байсан тул шүүхийн шийдвэр албан гүйцэтгүүлэх хүсэлт гарган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан.

3.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч С.А нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 16 гудамж, 1а тоот хаягт байрлах, Улеын бүртгэлийн Г-220500****дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг ЖЭБК ХХК-д өөрийн өр төлбөр болох 10,198,851.32 төгрөгөөр тооцож шилжүүлэх хүсэлтийг ЖЭБК ХХК-аас хүлээн зөвшөөрч төлөх төлбөрөөс суутган, барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг гаргасан.

Иймд нэхэмжлэгч С.А-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь хууль бусаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсны улмаас учирсан хохиролд 64,146,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

4.1. Ч.Ч нь ЖЭБК ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасны дагуу С.А аас зээлийн гэрээний үүрэгт 10,040,849.32 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаар шийдвэрээр зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн. Гэвч С.А шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх үйлдэл хийгээгүй тул албадан биелүүлэх хүсэлт гаргахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан.

4.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр С.А нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 10,198,851.32 төлбөрт тооцон ЖЭБК ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасан байна.

Иймд нэхэмжлэгч С.А-ын хохирлын төлбөрт 64,164,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хохирлын төлбөрт 64,146,000 /жаран дөрвөн сая нэг зуун дөчин зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай С.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478,680 /дөрвөн зуун далан найман мянга зургаан зуун наян/ төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талаас хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

6.1. 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2023/03396 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, маргааны учир холбогдлыг ойлголгүй шийдвэр гаргасан байна. Төлбөр авагч ЖЭБК ХХК, төлбөр төлөгч С.А нар оролцсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/01420 дугаартай магадлалаар бүхэлдээ хүчингүй болсон. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл болсон гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/Ш32022/14335 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн, гүйцэтгэх баримт бичиг хүчингүй болсон. Дээрх хүчингүй болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд С.А-ын өмчлөлийн газрыг төлбөр авагчид шилжүүлсэн нь маргааны зүйл болсон өмчлөх эрхтэй газрын эрхийг түдгэлзүүлсэн, мөн сэргээсэн хариуцагч байгууллагын тогтоолууд, өмчлөх эрхийг шилжүүлэх талаар улсын бүртгэлийн байгууллагад хандсан мэдэгдэл зэргээр нотлогддог. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь тухайн ажиллагааг эрхлэн явуулах хуулиар олгогдсон эрхтэй байгууллагад хандан гаргасан хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр бүрэн төлөгдсөн буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл нь төлбөр бүрэн төлөгдсөн байхыг шаарддаг. Төлбөр төлөгдөөгүй нөхцөлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон гэж үзэхгүй. Талууд хүсэлт гаргаснаар төлбөр төлөгдөөгүй. Хүсэлтийн дагуу өмчлөх эрхийг шилжүүлэх мэдэгдлийг хүргүүлж, төлбөр авагчид өмчлөх эрх шилжих үндэслэл бүрдсэнээр төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзнэ. Иймээс талуудыг хүсэлт гаргасан даруйд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоогүй харин 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр буюу мэдэгдэл хүргүүлсний дараа ажиллагааг дуусгавар болгосон. Иймд анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй гэж дүгнэсэн нь буруу байна.

6.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбогдуулан явуулж буй бүхий л ажиллагаа нь заавал албадах шинжтэй байхыг хуулиар шаарддаггүй, зарим нөхцөлд албадлагын бус байдлаар ажиллагаа явагдаж, дуусгавар болох тохиолдол гарч болдог. Жишээлбэл, талуудыг тохиролцуулах, эвлэрэх нөхцөлийг олгох, үнийн санал авах, өөрөө худалдах хугацаа олгох гэх мэт ажиллагааг албадах шинжтэй гэж тодорхойлох боломжгүй. Мөн албадах шинжийг агуулаагүй үйл ажиллагаа учир эдгээр ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хэрэгжүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй гэж дүгнэж болохгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчийн хүсэлтийн дагуу өмчлөх эрхтэй газрын өмчлөлийг шилжүүлэхтэй холбогдуулан хэрэгжүүлсэн ажиллагаанууд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг хэсэгт хамаарах учир 210/МА2022/01420 дугаартай магадлалд зааснаар мөн л хүчингүй болно.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ, тэр дундаа өмчлөх эрхийг шилжүүлсэн ажиллагаа хүчингүй болсон тулд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахаас өмнөх байдалд нөхцөл байдлыг сэргээх учиртай. Товчхондоо шилжүүлсэн газрыг С.А т буцааж, төлбөр авагчийн газраар төлүүлсэн шүүхийн шийдвэртэй өр төлбөрийг буцаан үүсгэнэ. Харин газрыг буцаах боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас хохирлоо шаардсан болно.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон гүйцэтгэх баримт бичиг хүчингүй болсон тул төлбөр авагч нь дахин шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ гаргаж, гүйцэтгэх баримт бичиг гаргуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нээх талаар хүсэлт тавин шийдвэлүүлэх эрх нээлттэй. Хариуцагч тал шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичиг харилцан адилгүй зөрүүтэй байхад зөрүүг арилгах арга хэмжээг авахуулахаар шийдвэр гаргасан шүүхэд хандаагүй, харин эсрэгээрээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахаар шийдвэрлэсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3 дах хэсэгт заасныг зөрчсөн гэм буруутай. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.2-т дурдсан боловч хангалтгүй байна. Шүүгч шийдвэрээ уншиж танилцуулахдаа эдгээр хуулийн зохицуулалтыг зөрчсөн хариуцагч буруутай байна гэж дүгнэсэн гэж хэлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах ёсгүй байхад хууль зөрчиж, хууль бусаар явуулсан учир үүний үр дагаварыг шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцах үүрэгтэй болно.

6.3. С.А нь ЖЭБК ХХК-д шүүхийн шийдвэр бүхий өр төлбөртэй гэдгээ үгүйсгээгүй, харин энэ шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдах ёстой болно. Хуулийн дагуу дахин явагдсан нөхцөлд нөхцөл байдал хэрхэн явагдахыг одоо тааварлах боломжгүй, өмнөх шигээ ижил явагдана гэж тодорхойлох боломжгүй, сайн дураар бэлнээр төлөхийг үгүйсгэхгүй. Нэгэнт хүчингүй болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үнэлж дүгнэх боломжгүй. Анхан шатны шүүхээс хүчингүй болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл баримтыг олон удаа үнэлж дүгнэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож алдсан байдаг. Хуурамч шүүхийн шийдвэрийн дагуу гарсан гүйцэтгэх баримт бичигт тулгуурласан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах ёсгүй байсан. Анхнаасаа явагдах ёсгүй ажиллагааны оролцогчийн гаргасан хүсэлтийг хожим нотлох баримтаар үнэлж дүгнэх боломжгүй. Мөн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/01420 дугаартай магадлалын агуулгыг гуйвуулан тайлбарлах эрхгүй. Магадлалын хянавал хэсгийн 4.6-д дүгнэсэн. Магадлалаар өмчлөх эрх шилжүүлэхтэй холбогдуулан хэрэгжүүлэн хариуцагчийн ажиллагааг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг хэсэгт хамааруулан дүгнэснийг анхан шатны шүүх анхаараагүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх боломжгүй, харин хүлээн авч дагах ёстой байдаг. Магадлалын энэ дүгнэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэмжээ хязгаарыг давхар үнэлж дүгнэсэн гэж үзэх бүрэн боломжтой юм. Өмчлөх эрх бүхий газрын үнэлгээний хувьд хэргийн бусад оролцогч энэ талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг анх үүсгэснээс хойш хохирол учраагүй. Шүүгчийн туслах гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх хуудсыг буруу бичсэнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар мэдэх ямар ч боломжгүй. Гарын үсэг, тамга тэмдэгтэй баримтыг шинжээч биш учраас мэдэх боломжгүй.

7.1. 2020 оноос эхлэн гүйцэтгэх хуудсанд талуудын овог, нэр, регистрийн дугаар бичигдээгүй бол Улсын бүртгэлийн газраас баримт шаардахад ажиллагаатай болсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт зааснаар буцаадаг болсон. Талуудын эвлэрэлд ойлгомжгүй зүйлс байдаг тул шүүхээс гүйцэтгэх арга журмыг тодорхой болгохыг шаарддаг болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад ихэнх нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгасан байдаг боловч зарим гүйцэтгэх баримт бичигт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсхүл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байхаар дурдсан гүйцэтгэх хуудас зарим тохиолдолд ирэхээр нь буцаадаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бид хянах эрхгүй. Шүүхийн шийдвэрийг хянадаг байгууллага дээд шатны шүүх байдаг. Анхнаасаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах ёсгүй хүсэл зоригоо илэрхийлээгүй гэж ярьдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд хүсэл зоригоо илэрхийлж эвлэрэх талаар заасан байдаг тул төлбөртөө тооцож шилжүүлье эсхүл авъя гэж хүсэлтээ илэрхийлсний улмаас Улсын бүртгэлийн газар руу явуулж өгөөч гэж ярьсан. Магадлалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасныг зөрчсөн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болголоо гэж дүгнээгүй.

7.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад дууссаны дараа шүүгчийн туслах нь шүүгчийн захирамжийг буруу гаргасан гэх асуудал үүссэн. Шүүгчийн туслах дээр эрүүгийн хэрэг үүсээд цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа. С.А нь шүүхийн шийдвэрээр ямар нэгэн төлбөргүй байсан мэтээр тайлбарлаж байгааг гайхаж байна. Улсын бүртгэлийн байгууллагаас авсан лавлагаагаар барьцаа хөрөнгө нь ЖЭБК ХХК-ийн нэр дээр шилжсэн. Төлбөр авагч цааш хөрөнгөө борлуулсан талаарх баримт байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ЖЭБК ХХК болон Ч.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас шүүгчийн захирамж жинхэнэ байсан бол газраа өгөхгүй байсан гэж тайлбарладаг. Зээлийн гэрээ 2019 онд байгуулагдсан. Уг зээлийн гэрээний дагалдах гэрээгээр барьцааны гэрээ байгуулагдсан. 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамж 2 өөр гарсан ч зээлийн харилцаа үүссэн нь үнэн, хөрөнгийг барьцаалсан нь үнэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах ёстой байсан. С.А зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй тул газрыг нь барьцаанд авсан. ЖЭБК ХХК-аас газрыг борлуулаад, 10,000,000 гаруй төгрөгийг С.А-ын өр төлбөрт суутгаад, үлдэгдэл гэрээний төлбөрийг С.А-ын данс руу шилжүүлснийг өөрөө хүлээн зөвшөөрдөг.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан нь үндэслэлтэй, анхнаасаа явагдах ёстой байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч С.А хариуцагч НШШГГ-т холбогдуулан хохирол 64,146,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ шүүхийн шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн тул төлбөрт тооцон шилжүүлсэн газрын үнэ 64,146,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн явагдсан гэж маргасан байна.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаар захирамжаар хариуцагч С.А нь 10,040,849.32 төгрөгийг графикийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.2. Шүүгчийн захирамж, түүнд үндэслэн бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, энэхүү ажиллагааны явцад 482 м.кв талбай бүхий газрыг төлбөр төлөгчийн хүсэлтийн дагуу төлбөр авагчид төлбөрт тооцон шилжүүлсэн.

3.3. Хариуцагч НШШГГ нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу төлбөр төлөгч С.А т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

3.4. Төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт тооцон шилжүүлсэн газрын үнийг буцаан олгох үеийн ханшаар тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/02042 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2022/01420 дугаар магадлалаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

3.5. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШЗ2022/14335 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг тус тус хүчингүй болгосон үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

4. Гүйцэтгэгдсэн шийдвэр болох Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаар захирамж хүчин төгөлдөр байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар буцаан олгох үеийн ханшаар газрын үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх боломжгүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

4.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд төлбөр төлөгч нь төлбөр авагчид төлөх төлбөртөө тооцон өөрийн өмчлөлийн газрыг шилжүүлэх хүсэлт гаргасныг төлбөр авагч хүлээн зөвшөөрснийг үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг өөрийн хүсэлтээр бүрэн гүйцэтгэсэн тул хариуцагч албадан гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.2. Түүнчлэн хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх үйл баримт нотлогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/03396 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478,680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 Д.БЯМБАСҮРЭН