Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 170

 

 

О.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэг нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1705 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1485 дугаар магадлалтай, О.Д-д холбогдох 1806057161295 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт О.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Д-г залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг болон мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүгдэгч О.Д-г бусдыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй. О.Д нь бусдад нийт 24,311,000 төгрөгийн бодит хохирол учруулсан ба хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2 дэх хэсэгт хамаарах бөгөөд түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлд хамаарч байна. Хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарахгүй байтал хамгийн хүнд зүйл, ангиар ял шийтгэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх тусгайлсан зохицуулалтыг оруулж өгсөн нь хохирлыг хэмжээнд хүрэхгүй бол дараагийн хүндрүүлэх зүйлчлэлд оруулах боломжгүйг тогтоосон гэж ойлгож байна. Мөн хохирлын нөхөн төлөгдсөн хэсэг хэргийн зүйлчлэлд хамаарахгүй гэсэн Улсын Дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр тогтоол байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч 2020 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, мөн өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэргийг шинжлэн судлуулсан. О.Дд холбогдох эрүүгийн хэрэг өмнө нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 420 дугаартай яллах дүгнэлтээр 24,740,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн ба О.Дгийн өмгөөлөгчийн зүгээс тус шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг гаргасан ба шүүх хүсэлтийг хүлээн авч 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1403 дугаар шүүгчийн захирамжаар эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж, хэргийг прокурорт буцаасан. Тус захирамжид прокурор эсэргүүцэл бичээгүй тул хүчин төгөлдөр хэвээр байгаа. Гэтэл эсрэгээрээ О.Дгийн эрх зүйн байдлыг дордуулж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр “...эсхүл хүндрүүлж...” гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон ба Монгол Улсын Их хурал хүлээн зөвшөөрсөн байдаг. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 420 дугаартай яллах дүгнэлтээр шилжүүлсэн уг хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн нь хуулийг буруу хэрэглэж, хүчин төгөлдөр хэвээр байгаа шүүгчийн захирамжаа үгүйсгэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нь Үндсэн хуулийн агуулга, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн агуулга, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хянаж үзэхийг хүсье” гэв.

 

Прокурор О.Сарангэрэл хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Д нь бусдын цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, 2017 оны 11 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын хооронд 22 удаагийн үйлдлээр 24,311,000 төгрөгийг залилсан үйлдлийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, бусдын мэдээллийн цахим сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн бөгөөд улмаар шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн. Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргаж, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн О.Дд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч О.Д нь:

- 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 27 дугаар байрны 29 тоотод оршин суух Г.Б-ийн фэйсбүүк хаяг буюу цахим мэдээлэлд хууль бусаар халдаж цахим хэрэгсэл ашиглан түүний нэрийг ашиглан Х.А-ыг хуурч мэхлэн 4,990,000 төгрөгийн “Хаан” банкны 5601026215, 5058154866 дугаарын дансуудаар шилжүүлэн авсан,

- 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 20 дугаар гудамжны 7 тоотод оршин суух Л.Т-ын “Хаан” банкны 5015116231 дугаартай дансны интернет банк руу хууль бусаар нэвтрэн 848,000 төгрөгийг 34600901699 дугаарын “Төрийн банк”-ны дансаар шилжүүлэн авсан,

- 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 52 дугаар байрны 22 тоотод оршин суух Н.Д-гийн фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний хаягаас “мөнгө зээлээч” гэж цахим хэрэгсэл ашиглан, хуурч мэхлэх аргаар М.З-аас 2,400,000 төгрөг, Г.И-аас 2,500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан,

- 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “С.Түмэнбаяр” гэх Т.С-ийн фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний хаягаас “түр мөнгө шилжүүлээч, буцаагаад өгье” гэж цахим хэрэгсэл ашиглан, хуурч мэхлэх аргаар Л.О-ээс 65,000 төгрөг шилжүүлэн авсан,

- 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Д.Б-ын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний хаягаас “мөнгө хүссэн мессеж илгээн” цахим хэрэгсэл ашиглан, хуурч мэхлэх аргаар түүний нэрийг ашиглан Ш.Э-аас 2,100,000 төгрөгийг “Хаан” банкны 5041354434 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

- 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Эрдэнэмөнхийн фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан И.Б-аас 700,000 төгрөгийг “Хаан” банкны 5031738138, 5248026907 дугаарын дансуудаар шилжүүлэн авсан,

- 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Ө.Б-н фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Б.О-с 300,000 төгрөгийг 5422155675 дугаарын “Хаан” банкны дансаар шилжүүлэн авсан,

- 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт С.Б-ын цахим хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан А.Б-аас 300,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

- 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Г.М-ийн фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Д.Э-аас 180,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

- 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Д.М-ийн фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Д.Б-ээс 300,000 төгрөг шилжүүлэн авсан,

- 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Б.Б-н фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Н.Э-ээс 731,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

- 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Н.Т-ийн фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч “10 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гэж хуурч Д.Т-ээс 1,000,000 төгрөгийг “Хаан” банкны 5039540649 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

- 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Б.Л-ийн фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан А.Ц-с 982,000 төгрөгийг “Төрийн банк”-ны 102200237553 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

- 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Н.Б-ын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч Б.Л-ээс 1,040,000 төгрөгийг “Хаан” банкны 5422155675, 5585534166 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

- 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Г.Үүрийнтуяагийн фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Өмнөговь аймагт оршин суух С.С-аас 234,000 төгрөг, Г.Г-оос 500,000 төгрөг, Б.Э-аас 150,000 төгрөг, З.М-аас 150,000 төгрөг, Д.О-ээс 500,000 төгрөг нийт 1,534,000 төгрөгийг тус тус “Хаан” банкны 5030528201 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

- 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Б.Э-ийн фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч цахим хэрэгсэл ашиглан түүний нэрийн өмнөөс Б.Ш руу “мобайл банканд чинь мөнгө байна уу, миний мобайл банкны гүйлгээ хийх лимит дуусчихаад мөнгө гарахгүй байна” гэж зурвас илгээн хуурч 3,450,000 төгрөгийг “Хаан” банкны 5031738138, 5030528201 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

- 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б.Э-ийн фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч цахим хэрэгсэл ашиглан түүний нэрийн өмнөөс Ц.О руу “миний интернет банкны лимит хэтэрчихлээ, надад мөнгө явуулаач” гэж хуурч 120,000 төгрөгийг “Хаан” банкны 5031738138 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

- 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр А.Б-ийн фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Э.Б руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 200,000 төгрөгийг “Хаан” банкны 5419023552 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

- 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Б.Д-ийн фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Д.Ц руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 600,000 төгрөгийг “Хаан” банкны 5071345935 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

- 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Ц.П-ийн фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан А.О руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 400,000 төгрөгийг “Хаан” банкны 5422155675 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

- 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Л.Д-ын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Э.О руу “мобайлд чинь мөнгө байвал яаралтай өгөөч” гэж хуурч 500,000 төгрөгийг “Хаан” банкны 5248026907 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

- 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Б-н фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 50,000 төгрөгийг “Хаан” банкны дансаар шилжүүлэн авсан,

- 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Б-ын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Х.Баярмөнх рүү “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 300,000 төгрөгийг “Хаан” банкны 5041517037 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

- 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Д.Б-ын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан П.Н руу мөнгө гуйсан захидал илгээн 312,000 төгрөгийг “Хаан” банкны 5041354434 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

- 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Р.Булгамаа гэх хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан А.Уг рүү “мобайл банкны дансандаа мөнгө байвал нэг данс руу шилжүүлээд өгөөч” гэж зурвас илгээн 150,000 төгрөгийг “Хаан” банкны 5041517037 дугаарын дансаар шилжүүлэн авч 25 удаагийн үйлдлээр иргэдийн цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Д-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 26.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргүүдийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “О.Д-гийн үйлдлийг амьдралын эх үүсвэр болгосон хэмээн хүндрүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгуулах” агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх хэлбэрийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангадаг билээ.

 

Залилах гэмт хэргийн “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.Д нь бусдын цахим мэдээлэлд хууль бусаар халдан хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хохирогчийн тойрон хүрээлэл, ойр дотны харилцан хамааралтай хүмүүсийн мэдээлэл, өгөгдлүүдийг тандан судалж, тэдгээрийг туслалцаа үзүүлэхээс өөр гарцгүй нөхцөл байдалд хүргэх хэмжээний итгэл үнэмшил баттай төрөхүйц зурвас илгээн төөрөгдүүлэхдээ цахим технологийн тусгай мэдлэг шаардсан бусдын цахим мэдээллийн орчинд зөвшөөрөлгүй нэвтрэх аргаар 25 удаагийн давтамжтайгаар гүйцэтгэж, бусдаас нийт 26,052,000 төгрөгийг гаргуулан авч буй үйл баримт нь залилах гэмт хэргийн дээрх хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан гэж үзэв. 

 

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1705 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1485 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ                                    Б.АМАРБАЯСГАЛАН

        ШҮҮГЧ                                             С.БАТДЭЛГЭР

                             Ч.ХОСБАЯР

                     Б.ЦОГТ

                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН