Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0087

 

2019 оны 02 сарын 14 өдөр  

  Дугаар 221/МА2019/0087

Улаанбаатар хот

“П в х к э” ХХК нарын

нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч компаниудын төлөөлөгч Ч.Ц, нэхэмжлэгч компаниудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, Т.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0768 дугаар шийдвэртэй,“П в х к э” ХХК нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0768 дугаар шийдвэрээр: “...Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П в х к э” ХХК нарын Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалын 3.9 дэх заалтыг бүрэн хэрэгжүүлж ажиллах үүргээ биелүүлээгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч компаниудын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, нэхэмжлэгч нарын харилцагч компаниудын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хугацааны нийгмийн даатгалын төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон 128/ШШ2018/0768 дугаар шийдвэрийг гаргасан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт, Нийгмийн даатгалын ерөнхий даргын 2015 оны А/84-р тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим, зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар нь Засгийн газрын 1996 оны 80 дугаар, 1998 оны 92 дугаар тогтоолуудыг тус тус зөрчсөн гэх үзэх бүрэх үндэслэлтэй. Мөн “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар албан бичгээр .... Хэлтсүүдэд үүрэг өгсөн нь өөрийн гаргасан акт нь хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн, уг акт нь үйлчилж эхлээгүй болохыг харуулж байна” гэж үзсэн. Мөн Заавар нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлээгүй болох нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3-2/27 дугаар лавлагааны хуудсаар тогтоогдож байх тул уг заавар хүчин төгөлдөр үйлчлэлгүй болно гэсэн. Мөн зааврын 3.9 дэх хууль бус зааварчилгааг баримтлан шүүх нэхэмжлэлийг хангах эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзсэн гэжээ.

Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0320 дугаар шийдвэрийг хүчингүй болгож. нэхэмжлэлийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

Шүүхийн шийдвэр нь илт хууль бус захиргааны актыг үндэслэсэн буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсгийг зөрчсөн, мөн хуулийн шаардлага хангахгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, шүүх нэхэмжлэлийн зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй, орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4, 121.3.5, 121.3.7 дахь хэсэгт заасан үндэслэл бүрдсэн гэж бид үзэж энэ гомдлыг гаргаж байна. Үүнийг дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар албан бичгийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамжаар “илт хууль бус захиргааны акт” гэж тогтоож, Зааврын эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Захиргааны 3.9 заалт хүчин төгөлдөр үйлчлэх болохыг ерөнхий хуулийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байдаг. Гэтэл эрх зүйн үйлчлэлгүй Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 1/1635 дугаар албан бичгийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаж, зааврын 3.9 дэх заалтыг үйлчилж эхлээгүй гэж нотлоход ашигласан буюу өмнө гарсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг огт харгалзан үзээгүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 буюу “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн заалтыг зөрчсөн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заавар нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлээгүй нь тогтоогдож байх тул уг заавар хүчин төгөлдөр үйлчлэлгүй гэж үзсэн. Мөн энэ асуудлыг хариуцагчийн зүгээс хариу тайлбартаа болон шүүх хурлын явцад байнга сануулж байсан бөгөөд өөрсдийн байр суурийг хамгаалах гол үндэслэлээ болгож байсан. Шүүхээс уг зааврыг хүчин төгөлдөр үйлчлэлгүй гэж хариуцагчид ашигтай дүгнэлт хийж, шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт заасан боловч энэ дүгнэлтийн эрх зүйн үндэслэлийг заагаагүй. Мөн нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахад нэн чухал ач холбогдолтой Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсгийг огт дурдаагүй, хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглээгүй.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалаар батлагдсан заавар нь батлагдсан цагаас хойш хүчин төгөлдөр үйлчилж ирсэн бөгөөд нийгмийн даатгалын байгууллагууд хэрэгжүүлж ажилласан. Энэхүү заавар нь зөвхөн бидний нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлыг зохицуулаагүй. Энэ нь Улсын Их Хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан 4 хууль буюу Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл заалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн маш өргөн хүрээний асуудлыг зохицуулсан цогц хэм хэмжээний акт.

Энэ захиргааны хэм хэмжээний актыг баталсан этгээд болох Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь уг актаа Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар бүлэгт заасан процедур, нөхцөл, журмын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл захиргаа болох Нийгмийн даатгалын ерөнхий газар энэ үүргээ биднийг нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд биелүүлээгүй, харин ч 3.9 дэх заалтаас бусад хэсгийг Монгол Улсын хэмжээнд бүрэн мөрдүүлж, хэрэгжүүлж ажилласан. Энэ бүртгүүлэх үүрэг нь түүнийг мөрдөж, биелүүлсэн олон нийт буюу хуулийн этгээд, иргэдийн үүрэг биш. Гэтэл энэ байгууллагаас өөрийн баталсан шийдвэрээ Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн бүртгүүлэх ажиллагааг хийгээгүй атлаа уг шийдвэр нь олон нийтэд эерэгээр нөлөөлөх үндэслэл бүрдсэнийг мэдмэгц түүнийг хүчинтэй биш гэж тайлбарласан. шүүхээс энэ байр суурийг дэмжиж, уг зааврыг хүчин төгөлдөр үйлчлэлгүй гэж шүүхийн шийдвэрийн үндэслэлдээ тусгасан. Захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлэлгүй мөрдүүлсэн тохиолдолд тэрхүү актын хүчин төгөлдөр үйлчлэлгүй гэж үзэх үндэслэл нь уг хэм хэмжээний актыг биелүүлээгүй хуулийн этгээд, иргэнд үүрэг, хариуцлага хүлээлгэх үед л яригддаг. Харин бүртгүүлээгүй захиргааны хэм хэмжээний актыг мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг тухай актыг баталсан захиргааны байгууллага хариуцахыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсэгт маш тодорхой заасан. Өөрөөр хэлбэл захиргаа хуулиа мөрдөхгүйгээр, Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэхгүйгээр захиргааны хэм хэмжээний акт баталж, мөрдүүлсэн бол үүсэх үр дагаврыг өөрөө хариуцах үүрэгтэй, түүнийг дагаж мөрдөөгүй хуулийн этгээд, иргэнд хариуцлага хүлээлгэхгүй. Гэтэл энэ заавар буюу захиргааны хэм хэмжээний актыг Нийгмийн даатгалын ерөнхий газар болон түүний харьяа салбар байгууллагууд 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 3 жил гаруй хугацаанд мөрдүүлж, хэрэгжилтийг нь хангуулж ирсэн. Энэ нөхцөл байдалд шүүхээс дүгнэлт хийлгүйгээр зааврыг хүчин төгөлдөр үйлчлэлгүй гэж үзэж хариуцагчийн талд ашигтай дүгнэлтийг хийсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсгийг хэрэглээгүй.

Бидний нэхэмжлэлийн шаардлагын нэг гол үндэслэл бол Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” байсан. Гэтэл шүүхийн шийдвэрт энэхүү зарчмыг захиргаа баримтлах ёстой эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй орхисон. Гэтэл энэ байдал нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх гол нөхцөлүүдийн нэг болсон гэж бид үзэж байна.

Энэ “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ыг захиргаа буюу хариуцагч байгууллагууд энэ захиргааны хэрэгтэй холбогдох дараах 2 нөхцөлд баримтлаагүй, үүнээс шалтгаалан бидэнд мөнгөн үр дагавар үүссэн. Үүнд:

1. 3 жил гаруй хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдээр мөрдүүлж, хэрэгжилтийг нь хангуулж байсан зааврын 3.9 дэх заалтыг бусад заалтын нэг адилаар хэрэгжүүлэх шаардлага тавих үед уг зааврыг бүхэлд нь хүчингүй болгох гэж зүтгэж байгаа захиргааны үйл ажиллагаанд бид “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” үйлчлэх ёстойг анхааруулсан.

Захиргаа шийдвэр гаргаж, түүний хэрэгжилтийг хангуулах эрхтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд өөрийн хүслээр хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрээ өөрчилдөг. Энэ харилцаанд оролцож, уг шийдвэрийг нь биелүүлж буй олон нийттэй харьцуулахад эрх мэдэлтэй, маш олон давуу талтай тоглогч байдаг.

Захиргаа буюу Нийгмийн даатгалын ерөнхий газар нь зааврыг 3 жил гаруй хугацаанд Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж, мөрдөж ажиллахыг олон нийтээс шаардаж ирсэн. Олон нийт үүнийг нь ч мөрдөж ирсэн. Гэтэл зааврын нэг заалт буюу 3.9 дэх заалт олон нийтэд эерэг, ашигтай нөхцөл бий болгох үед “Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлгүй, хүчин төгөлдөр үйлчлэлгүй” гэж тайлбарлах нь шударга ёс болон хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг огт хангахгүй байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 796 дугаар бүхий хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлд дурдагдсан хэд хэдэн хуулийн этгээдүүдэд уг зааврын 3.9 дэх заалтын дагуу 2015 оны 06 дугаар сараас 18-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа дахин баталгаажуулж, илүү төлсөн шимтгэлээ буцаан авах эрхийг нь баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр эцсийнх буюу хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул эдгээр байгууллагуудын хувьд зааврын 3.9 дэх заалт тэдэнд үйлчлэхээр болсон нь олон нийтэд ил, тодорхой болсон. Нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тухайн үйл баримтыг нотолсон, зааврын 3.9 дэх заалт хүчин төгөлдөр бөгөөд, хэрэгжүүлэх ёстой гэж шийдсэн тохиолдолд тэдгээр байгууллагуудтай яг адилхан нөхцөлд байгаа бусад хуулийн этгээдүүд адил эрх эдлэх нь шударга ёсонд нийцнэ.

Улмаар бидэнд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим энэ тохиолдолд үйлчлэх ёстой гэж үзэж байгаагаа шүүх хуралдааны явцад болон нэхэмжлэлдээ тусгасан. Гэвч шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ энэ асуудалд огт дүгнэлт хийгээгүй, захиргааны үйл ажиллагаанд баримтлах үндсэн, суурь зарчим үйлчлэх эсэхийг тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх гол үндэслэл болсон.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0320 дугаар бүхий Шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг анхан шатны шүүхээр хянан, хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид Шүүхийн Шийдвэрийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гардан авсан бөгөөд хавсралтад заасан итгэмжлэлийн дагуу шүүхийн шийдвэрийг давж заалдах бүрэн эрхийн хүрээнд энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалын 3.9 дэх заалтыг бүрэн хэрэгжүүлж ажиллах үүргээ биелүүлээгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч компаниудын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, нэхэмжлэгч нарын харилцагч компаниудын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хугацааны нийгмийн даатгалын төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгчээс “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны А/84 дүгээр тушаалаар Нийгмийн даатгалын хуулийн зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах зааврыг батлан гаргасан. Уг зааврын 3.9-д “2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч болон даатгуулагчийн хувьд адил байхаар” тогтоосон. Нэгэнт баталсан заавраа хэрэгжүүлж ажиллах үүргээ биелүүлээгүй хохироож байна” гэх агуулгаар маргажээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах зааврыг баталж, уг зааврын 3.9-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар мөрдөж эхэлнэ...” гэж заасан байна.  

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн “Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг ... даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно” гэсэн заалтыг “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ... Засгийн газар жил бүр тогтооно” гэж заасан бөгөөд Засгийн газар нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр тогтоолыг гаргахаас өмнө ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг шинэчлэн тогтоогоогүй бөгөөд тухайн маргаж буй цаг хугацаанд Засгийн газрын 1996 оны 80, 1998 оны 92 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.

Нийгмийн даатгалын тухай хуульд ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газар тогтоол гаргаж тогтоохоор хуульчилсан байхад Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах зааврын 3.9-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар мөрдөж эхэлнэ...” гэсний дагуу бид нарын хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой гэх гомдол нь үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим нь хуулийг мэдээгүйгээс үүссэн итгэлийг хамгаалах агуулгагүй. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх тул энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасны дагуу хууль ёсны итгэл хамгаалах зарчим үйлчлэхгүй.

Мөн нэхэмжлэгчийн “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 796 дугаар бүхий хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Уг шүүхийн шийдвэрээр тухайн үйл баримтыг нотолсон” гэх гомдол нь үндэслэлгүй байна. Учир нь энэхүү маргаантай төсөөтэй хэрэг өөр этгээдийн нэхэмжлэлээр шийдвэрлэгдсэн байдал нь уг маргааны үйл баримтад шууд нөлөөлөхгүй.

Түүнчлэн эрх зүйн эрэмбийн хувьд дээд хүчин чадалтай Засгийн газрын тогтоолоор “ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг ялгаатай байхаар зохицуулсан байхад Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга агуулгын хувьд өөр байхаар тогтоох эрхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нараас харилцагч компаниудын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хугацааны нийгмийн даатгалын төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна”, 28.2.1-д “нэхэмжлэлд гарын үсэг зурах, хариу тайлбар гаргах” гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын харилцагч компаниудаас нэхэмжлэгч нарт шүүхэд төлөөлөх эрх олгогдоогүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0768 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “... нэхэмжлэгч нарын харилцагч компаниудын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хугацааны нийгмийн даатгалын төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ