Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 199

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны  5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар М.Э ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э , түүний өмгөөлөгч Д.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О , Т.Г , хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э , гуравдагч этгээд О.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Э шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: 

М.Э миний бие 1988-1990 онд Монгол телевизд хальс зөөгч, 1990-1994 онд Монгол Улсын Их сургуулийн НУФ-д сурч, 1994-1995 Монголын радиод социологич, 1995-1997 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд сурч төгсөөд 1997 онд төрийн албаны шалгалт өгч тэнцэн Хууль зүйн яаманд мэргэжилтнээр орж, 1998 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн. 1998-2006 онд /Хууль зүйн яам /ХЗДХЯ/-нд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2006-2013 онд Архивын ерөнхий газрын дэд дарга бөгөөд Үндэсний төв архивын захирал, 2015 оны 0З дугаар сараас Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргааны хэлтсийн дарга зэрэг улсын болоод Төрийн захиргааны ажилтан тушаалыг 20 гаруй жил хашиж ирсэн. 1998 онд Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн.

Миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 379 дүгээр тушаалаар Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1030 дугаар тушаалаар тус газрын Захиргааны хэлтсийн даргаар томилогдон ажилласан.

Ажиллаж байх хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүрэг болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж ажилласан бөгөөд захиргааны зүгээс сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.

Нийслэлийн улсын бүртгэлийн газарт ажиллахдаа 2015 оны ажлын Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, газрын дарга 96 хувьтай үнэлж дүгнэж, ажилласан. Байгууллагын архивын баримтыг зохих журмын дагуу бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, 2015 онд зохион байгуулагдсан Байгууллагын архивын улсын үзлэгт Нэгдүгээр байр эзэлсэн. 2007 онд Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, 2009 онд Засгийн газрын хүндэт жуух бичиг болон бусад байгууллагын шагналаар тус тус шагнагдсан.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Б/35 дугаар тушаал гарган Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Төрийн захиргааны нийт албан хаагчдыг ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/38 дугаар тушаалаар буцаан томилсон юм.

Ийнхүү буцаан томилохдоо тус газрын зохион байгуулалтын шинэ бүтцэд миний хариуцан гүйцэтгэж байсан Захиргааны хэлтсийн даргын орон тоо, чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байтал миний оронд өөр хүн /цэргийн тэтгэвэрт гарсан О.Б / томилсоныг хууль бус гэж үзэж байна. Ингэхдээ ямар нэг тайлбар өгөөгүй, урьдчилан мэдэгдээгүйгээр Захиргааны ерөнхий хуульд заасан ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийн оролцоог хангаагүй болно.

Энэ үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ны орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;/ гэсэн заалтыг зөрчиж, миний хууль ёсны ашиг сонирхлыг бүдүүлгээр зөрчиж, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн.

Эдгээр тушаалууд нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн /Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/35, мөн өдрийн Б/38 тоот тушаал/ ба дээрх тушаалуудын өөрт хамаарах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, хууль ёсны ашиг сонирхлыг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэх дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү. 

Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.С гийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/38 тоот  тушаалын О.Б т холбогдох хэсгийг хүчингүй болгож, намайг шинэчлэн батлагдсан Нийслэлийн улсын бүртгэлийн газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоонд нийцүүлэн ажил албан тушаалд томилоогүй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргааны хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай” гэжээ.

Нэхэмжлэгч М.Э 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.С 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/35 дугаар тушаал гарган тус байгууллагын нийт ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн бөгөөд мөн өдрөө Б/38 тоот тушаал гаргаж ажилтнуудаа буцаан томилсон. 

Дээрх тушаалаар тус газрын зохион байгуулалтын шинэ бүтцэд миний хариуцсан гүйцэтгэж байсан Захиргааны хэлтсийн даргын орон тоо, чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байтал миний оронд өөр хүн томилсоныг хууль бус гэж үзэж байна. Ингэхдээ ямар нэг тайлбар өгөөгүй, урьдчилан мэдэгдээгүйгээр Захиргааны ерөнхий хуульд заасан ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийн оролцоог хангаагүй болно. 

Энэхүү эс үйлдэл нь Төрийн албан тухай хуулийн 27.2.3 дахь заалт төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх,/ эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ..,/, түүнчлэн мөн хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан нөхцөл байдал үүсээгүй байхад хуучин эрхэлж байсан ажилд буцаан томилоогүй эс үйлдэлийг тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас халагдахгүй байх баталгааг хангаагүй зөрчсөн гэж үзэж байна. 

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 4-т заасан иргэний ажиллаж хөдөлдөрлөх, цалин хөлс авахтай холбоотой эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа юм. 

Энэ тушаалаар 2012 оноос хойш ажилд орсон хүмүүсийг буцаан томилоогүй бөгөөд хэт улс төржсөн, хоморголсон шинжтэй шийдвэр байлаа. Иймд: 

“1. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.С гийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/38 тоот  тушаалын О.Б т холбогдох хэсгийг хүчингүй болгож, намайг шинэчлэн батлагдсан Нийслэлийн улсын бүртгэлийн газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоонд нийцүүлэн ажил албан тушаалд томилоогүй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргааны хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгох, 

2. Ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах

3. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх,”  гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тодруулгадаа:  

Хариуцагчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/38 тоот тушаалын О.Б т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэдгийг хасаж, бусад хэсэг болон 3 дахь хэсгийг хэвээрээ,  нэхэмжлэлийг багасгаж өөрчилж байгаа бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзсан зүйл байхгүй.

М.Э ыг шинэчлэн батлагдсан Нийслэлийн улсын бүртгэлийн  газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоонд нийцүүлэн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах гэж тодруулж байна гэв.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 1998 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтнээр төрийн албан хаагчаар ажиллаж байсан. 1998 онд төрийн албан хаагчийн шалгалтад орж, төрийн албаны тангараг өргөсөн. Үүнээс хойш Архивын ерөнхий газрын дэд дарга, 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, мөн оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1035 тоот тушаалаар тус тус томилогдон ажиллаж байсан. 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд агентлагийн дарга сонгогдсоны үр дүнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.С түр томилогдож ирсэн байдаг. Түр орлон гүйцэтгэгч байх хугацаандаа буюу 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/35 тоот тушаалаар Нийслэлийн улсын бүртгэлийн газрын нийт ажилчдыг чөлөөлж, томилсон.

 М.Э ыг Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргааны хэлтсийн ажлаас шууд чөлөөлсөн. Энэхүү тушаалыг бид нар хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Төрийн албаны тухай хууль, Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийг тус тус зөрчсөн. Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд бол агентлагийн дарга агентлагийн ажилчдыг чөлөөлж томилох эрхтэй. 

Гэтэл Р.С агентлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж ажиллаж байх явцдаа томилж, чөлөөлсөн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл энэ хугацаандаа агентлагийн ажилчдыг томилж, чөлөөлсөн хууль бус үйл ажиллагаа явуулсан. Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.С нь Аймаг, нийслэлийн газрын дарга нарыг томилж, чөлөөлөхдөө М.Э ыг чөлөөлсөн. Ингэхдээ бол агентлагийн албан тушаалтныг чөлөөлж байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт төрийн байгууллага өөрчлөгдөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалттай бүтэц нь өөрчлөгдсөн, төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг хадгалагдан үлдсэн бол тухайн ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй. Ажлын байрны орон тоо цөөрсөн бол өөр ажил албан тушаалд томилох тухай төрийн албаны тухай хуульд хуульчилсан байдаг. Хуульд заасан үндэслэл бүрдээгүй байсан бөгөөд оронд нь О.Б орсон. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албаны шалгалт өгч орох ёстой байсан. Байгууллагад түр ажиллаж байсан хүнийг томилсон байдаг. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд тайлбарлахдаа ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн гэж тайлбарладаг. 

Миний үйлчлүүлэгчийг ажлаас халсан нь Төрийн албаны болон Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчсөн. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.С гийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/38 тоот тушаалын О.Б т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байгаа. Улмаар М.Э ыг ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийх. Ажилд эгүүлэн тогтоосноор үр дагавар үүсэх боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. 

Хариуцагчийн тайлбар бол захиргааны хэлтэс байж байгаад Захиргаа, удирдлагын хэлтэс болж бүтэц өөрчлөгдсөн гэж хэлсэн. Гэхдээ захиргааны хэлтэс байж байгаад Захиргааны удирдлагын хэлтэс болж яагаад чиг үүрэг нь өөрчлөгдөж, яагаад тэнцэхгүй болсон талаар нотлох баримт гаргаж өгч чадахгүй байна. Р.С дуудаж М.Э тай уулзсан гэсэн. Дуудахад нь М.Э орж уулзсан. Энэ нь төрийн албанд ажилласан талаар танилцуулахад албан тушаал өөрчлөгдөхгүй, чамтай хамтарч ажиллана гэсэн байдаг. Гарсны хойно гаргасан тушаал бол энэ юм. О.Б гэдэг хүнийг энэ орон тоо дээр яагаад томилох болсон талаар нотолж чадахгүй байна. 

Сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явдаг. Захиргааны хэлтэст сул орон тоо гараагүй байсан. Сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт зарлачхаад М.Э ороогүй гэж тайлбарлаж байна. Үндэслэлгүй тайлбар гэж нотлогдож байна. 

Хуулиар ажилгүйдлийн тэтгэмж авах нь тусдаа чиг үүрэгтэй. Ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа нь өөрөө нийгмийн хамгаалал юм. Ажилгүй болсон тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авна гэж хуулиар заасан байгаа. Зөвшөөрсөн учраас авна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Ажлаас халагдсанаа зөвшөөрч байгаа зүйл биш. Хариуцагчаас тушаалаар дансанд нь шилжүүлсэн. Дансанд шилжүүлснээ зөвшөөрсөн гэсэн хууль бус тайлбар өгч болохгүй.

Хариуцагч сул орон тоо гарсан гэж үзэж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Байгууллагын чиг үүрэг өөрчлөгдсөн гэж ярьж байна. Яг энэ ажлын байр дээр нэмэгдсэн чиг үүрэг харагдахгүй байгаа. Сая юу нэмэгдсэн бэ гэхээр газрын даргын эрхлэх ажлын хүрээнд аливааг удирдах, оновчтой зөвлөгөөгөөр хангах. Засгийн газарт бол сайд нар , яамд газар, хэлтсийн дарга нар, агентлагийн дарга зэрэг бүгд дээд шатны албан тушаалтанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах чиг үүрэгтэй. Мэргэжилтэн мэдээллийн зөвлөгөө өгдөг бөгөөд хаана ч нэмэгддэггүй. Ажлын байрны тодорхойлолт шинэчлэгдсэн гэж тайлбарлаж байгаа нь, мөн ямар үндэслэлээр сонгон шалгаруулалт явуулдаг талаар тайлбарлаж чадахгүй байгаа зэрэг нь харагдаж байна. 

Нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж өөрчилж байгаа. Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргааны хэлтсийн даргын албан тушаалаас үндэслэлгүй халж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байх үедээ гаргасан шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгож, М.Э ыг захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох хүсэлтийг гаргаж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах шаардлага байгаа. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нь шүүхийн шийдвэрийн үр дагаврын дагуу арилгагдаж, эрх нь сэргээгдэнэ гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:  

Монгол Улсын Их Хурлын 2016 оны “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" 04 дүгээр тогтоолоор Оюуны өмчийн газар татан буугдаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар байгуулагдсан.

Дээрх эрх бүхий байгууллагуудын шийдвэр болон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2016 оны “Оюуны улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/16 тоот тушаалын дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий нь бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын аймаг, нийслэл, сум дүүрэг дэх салбар, нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Б/37 дугаар тушаалаар Аймаг, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, хэлтсийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийсэн.

Нийслэлийн Улсын бүртгэл, статистикийн газрын хувьд бүтэц зохион байгуулалтаар дараах үндсэн өөрчлөлтүүд орсон. Үүнд:

-Тус газрын үндсэн нэгж болох Статистикийн хэлтэсгүй болсон.

-Захиргаа, удирдлагын хэлтэстэй болсон.

-Архивын хэлтэс хэвээр үлдсэн.

-Бүртгэл арга, зүйн хэлтэстэйгээр зохион байгуулагдсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/16 дугаар тушаалаар Нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь дүүрэг, хорооны бүртгэлийн болон улсын бүртгэгчийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй болж өөрчлөгдсөн байна.

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Нийслэлийн Улсын бүртгэл, статистикийн газрын Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Э тай бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 9909... дугаараар холбогдсон. Мөн дараа нь өөрийн биеэр ирж Тамгын газрын даргатай уулзсан байдаг. Ингээд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тус газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/111 дугаар тушаалаар олгосон бөгөөд М.Э нь тус байгууллагад гарсан бүтцийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, нэг удаагийн тэтгэлгийг хүлээн авсан юм. 

Иймд М.Э нь байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, асуусан саналын дагуу өөр ажлын байр, албан тушаалд томилогдохгүй, хуульд заасны дагуу 6  сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авч ажлаас чөлөөлөгдөхөө хүлээн зөвшөөрсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ яръя. М.Э 2015 оны 03 дугаар сард анх улсын бүртгэлийн байгууллагад ажилд орсон. Өмнө нь өөр төрийн байгууллагад ажиллаж байсан. Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр анх 2015 оны 03 дугаар сард орсон. 03 сарын дараа буюу 2015 оны 06 дугаар сард жинхэлсэн байдаг.

 Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллага олон удаа бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон. 2016 онд улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болж өөрчлөгдсөн. 2016 оны Улсын Их хурлын сонгуулийн үр дүнд Засгийн газар өөрчлөгдөн байгуулагдсантай холбоотойгоор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, статистикийн байгууллагаас салж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болж бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон. Энэ өөрчлөлтөөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын салбар болох Нийслэлийн улсын бүртгэл, статистикийн газар бол өөрчлөлтөд орсон. Энэ хүрээнд бол Нийслэлийн улсын бүртгэл, статистикийн газрын Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Э ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргааны хэлтэс бол бүтэц, зохион байгуулалтад орж, Захиргаа удирдлагын хэлтэс болж өөрчлөн байгуулагдсан. 

Ийм учраас ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт өөрчлөлт орсон учраас М.Э ыг ажлаас чөлөөлж, түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгсөн. М.Э ын оронд тухайн нийслэлийн салбар нэгжид захиргааны хэлтсийн дарга, нийслэлийн улсын бүртгэлийн даргаар ажиллаж байсан О.Б гуайг томилсон байгаа. Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн хүрээнд захиргааны ерөнхий хуульд  заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн. М.Э тай утсаар ярьсан бөгөөд ямар саналтай байгаа талаар асуусан. Сайдтай яриад эргэж хариу өгнө гэсэн. Ер нь бол Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал, шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дараах тайлбар гаргаж байна. Ямар нэхэмжлэл гаргаж байгаа вэ гэхээр ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг хүчингүй болгуулах гэж байгаа. 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/35 тоот тушаалыг хэлээд байх шиг байна. Би ингэж ойлгож байна. 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/38 тоот тушаалын өөрт хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгох гэж байгаа. Өөрт хамаарах хэсгийг тайлбарлахгүй байна. Тушаалыг харах хэрэгтэй. 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/35 тоот тушаалаар юуг тодорхойлоод байгаа вэ гэхээр Засгийн газрын агентлагийн тухай хууль, Хууль зүй яамны хүрээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар байгуулагдсантай холбогдуулаад Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/16 тоот тушаалыг тус тус үндэслэсэн. Хавсралтаараа бол  2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг гэв. 

Нэхэмжлэгчийн гаргаж байгаа үйл баримтуудыг үзээд хамгийн сүүлд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.С гийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/35 тоот тушаалын О.Б т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг анхнаасаа би ойлгож байсан. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу М.Э тай сонсох ажиллагаа явагдсан. Энэ дээр өөрөө санал бодлоо илэрхийлэх ёстой байсан. Тэмдэглэлд тусгагдсанаар бол илэрхийлээгүй. Сайдтай уулзчихаад эргэж хариу өгнө гэсэн. Энэ Хууль зүй сайдын доор төрийн ажил хашиж байна уу, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаал доор ажил, албан үүргээ гүйцэтгээд байна уу. Саналаа өгөх ёстой. Хэлтсийн даргаар үргэлжлүүлж ажиллах ёстой юу, эсхүл цалин хөлс бууруулахгүйгээр томилуулж ажиллуулах юм уу. Энэ сонсох ажиллагаа ингэж хийгдэж байгаа. Эргэж хариу өгөөгүй. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбарт бол Р.С гэдэг хүнтэй бол уулзсан, хамтран ажиллах асуудал яригдсан гэдэг. Хамтран ажиллана гэдэг маань Төрийн албаны  тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан алба хашиж байсан албан тушаалынхаа цалинг бууруулахгүйгээр өөр ажилд шилжихийг хэлээд байгаа юм уу. Эсхүл Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтэст үргэлжлүүлж, ажиллах гээд байгаа юм уу. Санал бодлоо хэлж байж асуудалд хандана. Санал бодлоо илэрхийлээгүй учраас Р.С дарга тухайн байгууллагад сүүлийн 6 жил ажилласан дадлага, туршлага, мэдлэг, чадвартай О.Б ийг томилох ажиллагаа хийсэн. О.Б ийг түр томилсны дараа сонгон шалгаруулалт явуулсан. 

2016 оны 11 дүгээр сард сонгон шалгаруулалтын талаар нийтэд мэдээлсэн. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр салбар зөвлөлийн дүгнэлт гарсан. Төрийн албан хаагчийн баталгаа байх нь зөв өө. Өнөөдөр таны санал бодлыг сонсож, ярилцаж, тохиролцох асуудал байсан. Гэтэл ярилцаж тохирсон зүйл байхгүй. Сайдтай уулзана гэсэн байдаг. Энэ хүн ажил албан тушаал дээр ажиллах сонирхолтой байсан бол О.Б ийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тохиолдолд энэ хүн сонгон шалгаруулалтад орох эрх нь нээлттэй байсан. Гэтэл эрхээ эдэлж чадаагүй. О.Б ийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/38 тоот тушаалын О.Б т холбогдох хэсгийг хүчингүй болгох. Энэ 2016 оны Б/38 тоот тушаалаар О.Б ийг Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд түр томилсон тушаал байгаа. Өнөөдөр түр томилсон тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага бол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. 

Тухайн үед Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаанд саналаа өгөөгүй тохиолдолд бид нар яасан бэ гэхээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дахь хэсэгт зааснаар бол төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгосон байдаг. Энэ тэтгэлгийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/111 дүгээр тушаалаар олгосон. Картад нь шилжүүлсэн. Урьдчилсан хэлэлцүүлгээс өмнө хүсэлт өгсөн. Ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой. Энэ бол хөндөгдөж гарч ирэх ёстой. М.Э тэтгэлгийг хүлээн зөвшөөрөөгүй бол ажилгүйдлийн тэтгэмжийг хөндөж авах ёстой байсан. 

Би ажилгүй болчихлоо, маргаан гараагүй тохиолдолд тухайн харьяалах нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлж, ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь нээгдэж байгаа. Ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд 2016 оны нийгмийн даатгалын сангийн ерөнхий зөвлөлийн гаргасан журмын дагуу тэтгэмжийг авах ёстой байсан. Харьяалах нийгмийн даатгалд бүртгүүлсэн үү, бүртгүүлсэн. Тухайн ажлын газраас тооцоогүй гэсэн тодорхойлолтоо авсан уу, авсан. Ингээд ажилгүйдлийн тэтгэмжийн асуудал хөндөгдөж гарч ирж байна. Ажилгүйдлийн тэтгэмжийг авахын тулд хэд хоногийн дотор материалыг бүрдүүлж өгөх вэ гэхээр хуульд зааснаар 14 хоногийн дотор бүрдүүлж өгч байгаа. Би ажилгүй болчихлоо, захиргааны байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд баримтыг цуглуулж өгч авах эрх үүсэхгүй байна. 

М.Э Төрийн албаны зөвлөлд хандсан байдаг. Тухайн хүн төрийн албанд ажиллах санал бодлоо илэрхийлээгүй. Нийгмийн даатгалын ерөнхий зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын хавсралт. Энэ бол ажилгүйдлийн тэтгэмжтэй холбогдож гарч ирсэн. Төрийн албыг хашсан жил бол их юм. Тэтгэмж олгох журмын 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т ажлаас чөлөөлөгдсөн гэж тодорхой зааж өгсөн. Ажлаас чөлөөлөгдөх нь янз бүрийн ойлголттой. Сахилгын шийтгэл юм уу, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийн сангаас тэтгэмж авах эрх хаалттай байдаг. Энэ эрхийг бол эдэлсэн байгаа. Ажлаас чөлөөлсний дараа өөр ажилд томилоогүй энэ үйл ажиллагааг энэ хүн маань хүлээн зөвшөөрч, үйлдэл, үйл баримтаараа нотолсон асуудал гэж үзэж байна. 

Ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах гэж байгаа. Ямар албан тушаал дээр хэдэн төгрөг нэхэж байгаа вэ. Авсан 6 сарын тэтгэлгээ яаж тооцох юм бэ. Ажилгүйдлийн тэтгэмжийг олгох тухай хуульд зааснаар буцаан ажилгүйдлийн тэтгэмжийн санд авсан бол буцааж тушаах шаардлагатай. Үүнийг шүүх яаж дүгнэж цэгнэх вэ. Ажилгүйдлийн тэтгэмж авсан энэ хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэж явдаг. Тасраагүйд тооцдог. Тасраагүй зүйл дээр нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийх. Үүнийг байгууллага нөхөж төлөхгүй. Яагаад гэхээр тухайн хүний цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хувь хүн төлөх хэмжээнд суутгаж, нийгмийн даатгалын байгууллагад төлж байгаа. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна. М.Э , О.Б хоёрыг улсын бүртгэлийн байгууллага зэрэгцүүлж, хэн олон жил энэ байгууллагад ажилласан, хэн нь илүү туршлагатай зэргийг харгалзаж, тус байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.С нь О.Б ийг томилсон асуудал байгаа. 

Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 

Улсын Их хурал тогтоол батлах тухай, удирдах албан тушаалтыг төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулах журам гэж бий. Улсын Их хурлын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоол байдаг. Энэ журмын 14 дүгээр зүйлд төрийн албаны жинхэнэ удирдах албан тушаалтны сул орон тоо гарсан тохиолдолд томилно. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.

Нийслэлийн улсын бүртгэл, статистикийн газар гэж байсан. Тэгэхээр энэ газар чинь үндсэндээ байхгүй болсон. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар бий болсон. Нэг газар татан буугдаж, нэршлийн хувьд өөр болж ирэхээр тухайн ажил, албан тушаал дээр томилгооны асуудал яригдаж байгаа. Нийслэлийн улсын бүртгэл, статистикийн хэлтсийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга байсан хүн энэ хэлтсийнхээ дарга дээр байх ёстой. Ялгаатай юм шүү. Яагаад гэхээр нэршил, удирдлага зохион байгуулалтын хувьд өөрчлөгдсөн.  Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны 12 дугаар сарын А/304 дүгээр тушаал, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/16 тоот тушаалуудын чиг үүргийг тодорхойлсон.

Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.6-д даатгуулагч хууль бусаар ажлаас халагдсан, шүүхээс тогтоогдсон гэж байгаа. Хууль бусаар ажлаас халагдсаныг хэлж байгаа. Маргаад байгаа 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/35 тоот энэ тушаал өөрөө хууль бус байж М.Э ыг ажилд нь эгүүлэн тогтоох асуудал яригдана. Хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байсан хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлж тооцоо хийнэ. Энэ юуг хэлж байгаа вэ гэхээр М.Э ажлаас үндэслэлгүй халагдсан тохиолдолд, гэхдээ томилогооны асуудал яригдахгүй байгаа шүү. Намайг томилоогүй байна гэсэн асуудал яригдаад байгаа шүү. М.Э үйл баримтаар хүлээн зөвшөөрч байна. Томилогооны асуудал дээр 2016 оны Б/35 тоот тушаал орж ирж байгаа. 

2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/38 тоот тушаалын О.Б т холбогдох хэсгийг хүчингүй болгох гэдгийг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өөрчилж байна гэж би ойлголоо. Энэ хэсгийг хүчингүй болгуулъя гэдгээс татгалзаж байна гэж ойлгож байна.

Ажлаас халсан асуудлыг хууль бус гэж үзээд байгаа юм байна. Энэ талаар М.Э гомдол гаргаагүй бөгөөд нэхэмжлэлдээ дурдаагүй байгаа.  2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/35 тоот тушаалтай холбогдож чөлөөлсөн асуудал яригдаж байгаа. Чөлөөлсөн асуудал маань өөрөө хууль бус уу, хууль зүйн дагуу юу гэдэг дээр шүүх үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. М.Э ыг ажлаас чөлөөлсөн асуудалтай холбогдоод ажилгүй байсан хугацааны нөхөн олговор яригдана. 

Хоёрдугаарт цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн нөхөн бичилтийн асуудал яригдана. Чөлөөлсөнтэй нь маргахгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа гэж байна. Яаж багасгаж байгаа вэ. Жишээлбэл 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/38 тоот тушаалын О.Б т холбогдох хэсгийг яаж багасгаж байгаа вэ. Үүн дээр тайлбар хэлэхгүй байна. Хүчингүй болгох үндэслэл нь юу байв. Энэ тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэдгийг юу нотолж байгаа вэ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тайлбар хэлье. О.Б т холбогдох хэсгийг хүчингүй болгох гээд байгаа бол 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/38 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан юм аа. Үүнийг эсрэгээр нотолж чадаагүй. 

М.Э ыг шинжлэн батлагдсан Нийслэлийн улсын бүртгэлийн газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тооны нэгжид томилоогүй. 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/38 тоот тушаалыг яриад байгаа юм уу, ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тухай орон тоо, ажил албан тушаалд томилоогүйд гомдож байгаа юм уу. Би томилоогүйд нь гомдож байгаа гэж ойлгож байгаа. Нийслэлийн улсын бүртгэлийн газрын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох гэж байгаа. Тэгэхээр ямар тохиолдолд ажилд эгүүлэн тогтоодог вэ. Төрийн албаны тухай хуульд тодорхой заасан байгаа учраас би хэлээд байгаа. Ажлаас нь үндэслэлгүй халагдсан тохиолдолд ажилд эгүүлэн тогтоолгох асуудал яригдана. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар шүүх дүгнэлт гаргахгүй. Гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага бол хууль зүйн үндэслэлгүй. Ажлын байрны тодорхойлолт дээр маргаад байх зүйл байхгүй. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Нийслэлийн улсын бүртгэлийн газар, нөгөө нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харьяа Нийслэлийн улсын бүртгэл, статистикийн газар гэж нэр томъёо, нэршлийн хувьд өөрчлөгдсөн. Гаргаж байгаа шаардлага нь хэр хууль зүйн үндэслэлтэй вэ. 

Гуравдагч этгээд О.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: 

Миний бие О овогтой Б 1986 онд Политехникийн дээд сургууль, онд Үндэсний тагнуулын академийг төгссөн. Барилгын инженер, эрх зүйч мэргэжилтэй. 1986 онд НАХЯ-нд томилогдон ажлын гараагаа эхлэн, УАБХЕГ, ТЕГ, ТТХГ, Төрийн ордон, Их эр цогцолбор зэрэг байгууллагуудад төлөөлөгч, ахлах төлөөлөгч, хэлтсийн орлогч, хэлтсийн дарга, албаны болон цогцолборын даргаар ажиллаж байгаад 2011 онд өөрийн хүсэлтээр цэргийн тэтгэвэрт 51 насандаа гарсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар ийн 16.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан эрхийнхээ дагуу өргөдөл хүсэлт гаргасанаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 840 тоот тушаалаар тус газрын Бүртгэлийн хяналтын газарт хяналтын улсын ахлах байцаагчаар томилогдон ажилласан.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 518 тоот тушаалаар Нийслэлийн улсын бүртгэлийн газарт Захиргааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1516 тоот тушаалаар Нийслэлийн улсын бүртгэлийн газрын даргын үүргийг хавсран гүйцэтгэгчээр, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1616 тоот тушаалаар Нийслэлийн улсын бүртгэлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдов.

Статистикийн байгууллагатай нэгдэн бүтцийн өөрчлөлт хийж Ардчилсан намын гишүүн хүнийг томилж, намын харъяалалгүй намайг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/94 тоот тушаалаар Нийслэлийн улсын бүртгэлийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөв. Би ажилгүй 3 сар явж байтал сонгуулийн маргааш Улсын бүртгэл, статистикийн газрын хүний нөөцийн хэлтсээс “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын  2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/289 тоот тушаалаар Нийслэлийн улсын бүртгэлийн, статистикийн газрын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон” гэж дуудлага ирж ажилдаа эргэн орсон. Бүртгэлийн байгууллагад чамгүй хугацаанд ажилласнаар иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн програмуудад хяналт тавьж ажиллаж ирсэн.

Манай байгууллага нь “Оюуны өмч”-ийн байгууллагатай нэгдэхээр бүтцийн өөрчлөлт хийгдсэнээр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/35 тоот тушаалаар Нийслэлийн улсын бүртгэл, статистикийн газрын Бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөгдөөд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/38 тоот тушаалаар Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдов. Улмаар Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтанд орж “Хангалттай" гэж дүгнэгдсэнээр жинхэлж БЕГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/250 тоот тушаалаар Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар томилогдов.

Иргэний шинэчилсэн бүртгэл, иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн цахимжуулалт, түүний хяналт баталгаажуулалтанд чамгүй цаг хугацаа, идэвхи зүтгэл гарган ажилласаар ирсэн.

Нийслэлийн улсын бүртгэлийн газарт 2014 оны 04 дүгээр сарын 28-нд томилогдон ирснээр бүх ажил тодорхой дээр бууж Нийслэлийн 9 дүүрэг 152 хорооны 370 гаруй залуучууд, ажилтнуудыг бүртгэл арга зүйн удирдлагаар ханган ажиллахын зэрэгцээ урам хайрлаж шагнаж, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд, албан хаагчдыг ТОСК-ийн орон сууцжуулах асуудлыг шийдвэрлэж байсан. 

Би ажиллаж байгаа хугацаандаа тус газрын конторын барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон байсныг Нийслэлийн Засаг даргатай зөвшилцөж тус газрыг “N c” /хуучнаар А б/-ийн байранд шилжүүлэхээр  түрээсийн асуудлыг шийдвэрлүүлэн шилжин байрлах ажлыг амжилттай зохион байгуулж ажиллаж ирсэн гэжээ. 

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би цэргийн байгууллагад ажиллаж байгаад 51 насандаа өөрийн хүсэлтээр цэргийн албанаас гарсан. Төрийн байгууллагад үргэлжлүүлэн ажиллахаар н.Мөнхбаатар даргын үед Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын газрын хяналтын улсын ахлах байцаагчаар 6 жил ажиллаж байна. Бүх салбарт ажилласан. Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Цэргийн албанд тэтгэвэрт гарснаас биш хууль зүйн хувьд бол ажиллах эрч хүч, хүч чадал байгаа гэв. 

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч М.Э нь “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.С гийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/38 тоот  тушаалын О.Б т холбогдох хэсгийг хүчингүй болгож, намайг шинэчлэн батлагдсан Нийслэлийн улсын бүртгэлийн газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоонд нийцүүлэн ажил албан тушаалд томилоогүй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, энэ шаардлагын хүрээнд захиргааны хэрэг үүсгэжээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/38 тушаалын Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргаа хэлтсийн даргыг томилсон хэсгийг хүчингүй болгож, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх” гэж тодруулсан.

Үүний дараагаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “М.Э ыг шинэчлэн батлагдсан Нийслэлийн улсын бүртгэлийн газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоонд нийцүүлэн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохыг даалгах” гэж багасган тодруулжээ. 

Маргааны үйл баримтын талаар:

1.Нэхэмжлэгч М.Э нь төрийн захиргааны албан хаагч, дэс түшмэл ангилал, ТЗ-9-3 зэрэглэлтэйгээр Нийслэлийн улсын бүртгэлийн газрын  Захиргааны хэлтсийн даргаар 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр томилогдсон /хх 152, 153/.

Засгийн газрын 2015 оны 501 дүгээр тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны А/304 тушаал /хх 205-218/, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын Б/45 дугаар тушаалын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болон өөрчлөгдсөнтэй холбогдуулан Нийслэлийн улсын бүртгэлийн газрын  албан хаагчдыг нийтэд нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөр чөлөөлжээ /хх 143-145/. 

Улмаар байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй  холбогдуулан нэхэмжлэгч М.Э ыг Нийслэлийн улсын бүртгэл, статистикийн газрын Захиргааны хэлтсийн даргаар 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр томилсон байна /хх 146-151/. 

Дүгнэлт:Нэхэмжлэгч нь эрх зүйн байдлын хувьд төрийн захиргааны албан тушаал буюу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд /Нийслэлийн улсын бүртгэл, статистикийн газрын Захиргааны хэлтсийн даргаар/ ажиллаж байсан. 

2.Үүний дараагаар Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн А/16 дугаар тушаал /хх 99-119/-ын дагуу Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталжээ. Үүгээр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн нэртэй болж, Оюуны өмчийн чиг үүрэг шинээр нэмэгдэж, статистикийн чиг үүрэг хасагдсан байдлаар тус хэрэгжүүлэгч агентлагын тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн. 

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж байгаатай холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 16.45-18.30 цаг хүртэл хугацаанд Нийслэлийн улсын бүртгэлийн газрын хэлтсийн дарга нартай утсаар ярьж саналыг сонссон байна /хх 80 -94/. Энэ ажлын хүрээнд нэхэмжлэгч М.Э тай холбогдож саналыг асууж, улсын бүртгэгчээр буюу албан тушаал бууруулан ажиллуулах боломжтой талаар ярилцжээ /хх 93/. 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/37 дугаар тушаал /хх 59-63/-ын хоёрдугаар хавсралтаар Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын бүтцийн тогтолцоог баталж, гуравдугаар хавсралтаар Нийслэлийн улсын бүртгэлийн газрын албан тушаалын орон тоо, ангилал, зэрэглэлийг баталж, Захиргаа, удирдлагын хэлтэстэй, хэлтсийн даргатай байхаар, орон тоог 48 байхаар баталжээ.

Дээр дурдсан шийдвэрүүдийг үндэслэн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн Б/35  дугаар тушаал /хх 7-8, 56/-аар Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын зохион байгууллатын бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Нийслэлийн улсын бүртгэл, статистикийн газрын төрийн захиргааны албан хаагчдыг нийтэд нь үүрэгт ажлаас нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, үүнд нэхэмжлэгч М.Э багтжээ.

Улмаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/38  дугаар тушаал /хх 9-11, 57-58/-аар Нийслэлийн улсын бүртгэлийн газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай нийцүүлэн тус газрын албан хаагчдыг томилсон байна. Уг тушаалын хавсралт /хх 58/-д дурдснаас үзэхэд нэхэмжлэгч М.Э ын өмнө ажиллаж байсан хэлтсийн нэр Захиргаа, удирдлагын хэлтэс нэртэй болж, уг хэлтсийн даргын албан тушаалд хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын өмнөх бүтцээр Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан, гуравдагч этгээд О.Б ийг томилжээ. 

Дүгнэлт: Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа Засгийн газрын шинэ бүтэц батлагдаж, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоог өөрчлөн баталж, үүний дагуу өмнөх Улсын бүртгэл, статистикийн чиг үүргийг хэрэгжүүлж байсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгт өөрчлөлт орж, мөн нэр өөрчлөгдөж Оюуны өмч, улсын бүртгэлийн газар болон өөрчлөгдөн зохион байгуулагджээ. 

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Нийслэлийн улсын бүртгэл, статистикийн газрын Захиргааны хэлтсийн даргын албан тушаалын нэр нь өөрчлөгдсөн шинэ бүтцийн дагуу  Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга гэж өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, зарим чиг үүрэг нэмэгдсэн ч агуулгын хувьд бүхэлдээ өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдаж байгаа гэдэг нь ажлын байрын тодорхойлолтууд /хх 67-70, 133-136/-ыг харьцуулан дүгнэхэд тогтоогдож байна. 

Түүнчлэн байгууллагын албан хаагчдыг өөрчлөгдөн байгууллагдсан бүтэц орон тоонд нийцүүлэн ажилд нь буцаан томилох шийдвэрийг нийтэд нь гаргахдаа нэхэмжлэгчийг ажилд буцаан томилоогүй харин гуравдагч этгээдийг түүний албан тушаалд томилжээ. 

3.Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санд ажил хайгч иргэнээр 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр бүртгүүлсэн, ажилгүйдлийн тэтгэмжийг Сүхбаатар дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 76 хоног ажилгүйдлийн тэтгэмж авчээ /хх 220, 221, 224/. 

4. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/111 дүгээр тушаал /хх 38-39/-аар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т болон бусад хуулийн заалтыг баримтлан “Улсын бүртгэл, статистикийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдон үндсэн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж буй албан хаагчдад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох”-оор зааж, үүний дотор нэхэмжлэгч М.Э ад 5,373,462 төгрөг олгохоор шийдвэрлэжээ. 

5.Нэхэмжлэгч М.Э нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/35, Б/38 дугаар тушаалуудын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1086 дугаар албан бичиг /хх 12/-ээр шүүхэд хандахыг зөвлөжээ. 

Энэ албан бичгийн дагуу нэхэмжлэгчээс тус шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

6.Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3/12058 “Төрийн албаны зөвлөлийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс тус газрын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх, дүгнэлт гаргах сонгон шалгаруулалтыг энэ оны 12 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд зохион байгуулна...төрийн албан хаагчид ...бүртгэлээ хийлгэнэ үү... ” гэсэн агуулга бүхий албан бичиг /хх 154/-ийг Газар, хэлтсийн дарга нарт хүргүүлжээ. 

Улмаар Төрийн албаны зөвлөлийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02/08-17 тогтоол /хх 155/-оор Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, дээр дурдсан сонгон шалгаруулалтад орж тэнцсэн үндэслэлээр Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд гуравдагч этгээд О.Б ийг томилуулахаар нэр дэвшүүлжээ. 

Үүний дараагаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/250 дугаар тушаал /хх 64/-аар Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан гуравдагч этгээд О.Б ийг  уг албан тушаалд жинхлэн томилжээ. 

Дүгнэлт: Нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалыг сул орон тоо гэж үзэн, сонгон шалгаруулалт зарлан, гуравдагч этгээдийг жинхлэн томилсон байна. 

Маргаж байгаа зүйлийн талаар:

Дээр дурдсан маргааны үйл баримтуудаас нэхэмжлэгч тал “байгууллагын зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор өмнө нь эрхэлж байсан албан тушаал хэвээр хадгалагдаж байхад эргүүлэн томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус учир ажилдаа буцаан томилогдох, ажилгүй байсан хугацааны тэтгэлэг авах үндэслэлтэй” гэж маргажээ. 

Хариуцагч талаас “нэхэмжлэгч нь албан тушаалдаа эргэн томилогдох хүсэл зоригоо илэрхийлээгүй учир түүнийг албан тушаалд нь буцаан томилоогүй, харин түүнд 6 сарын тэтгэлэгтэй тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн, өөрийг нь ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч маргаагүй учир ажлаас үндэслэлгүй халагдсан бөгөөд эргүүлэн томилогдох үндэслэл үүсэхгүй, хүсэл зоригоо илэрхийлээгүй гэдэг нь нэхэмжлэгчтэй утсаар холбогдсон, тэтгэлэг авсан,  ажилгүйдлийн тэтгэмж авсан байдлуудаар тогтоогдож байна, ажилгүйдлийн тэтгэмж авснаар ажилласан жил тоологдож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдээд явна” гэж маргасан. 

Гуравдагч этгээд талаас “бүртгэлийн байгууллагад 2011 оноос хойш үр бүтээлтэй, идэвхи зүтгэл гарган ажиллаж ирсэн, сонгон шалгаруулалтын дагуу албан тушаалд жинхлэн томилогдсон. ” гэсэн тайлбарыг гаргасан.

Харин нэхэмжлэгч талаас байгууллагын зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байдал, нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалыг сул орон тоо гэж үзэн, сонгон шалгаруулалт зарлан, гуравдагч этгээдийг жинхлэн томилсон байдал зэрэгтэй маргаагүй, хариуцагч талаас нэхэмжлэгчийн эрх зүйн байдал, төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүрэг бүхий дээд шатны байгууллагын гомдлын хариуг өгсөн байдал зэрэгтэй маргаагүй байна. 

Хууль зүйн үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгчээс төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн захиргааны албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотойгоор тэр дундаа төрийн албан хаагчийн баталгааг хариуцагч захиргааны байгууллага зөрчиж, өөрчлөгдсөн зохион байгуулалтын бүтэц, орон тоонд нийцүүлэн албан тушаалд буцаан томилоогүй эс үйлдэхүй гаргасан гэж маргасан. 

Төрийн албаны тухай хуулийн зорилтыг тодорхойлсон 1 дүгээр зүйл, Төрийн албан хаагчийн батлагааг зохицуулсан 27 дугаар зүйл зэргээс үзэхэд төрийн захиргааны /төрийн жинхэнэ/ албан хаагчийн баталгаа, нэмэлт баталгаа буюу төрийн захиргааны албан хаагчид төрийн албыг хэрэгжсүүлсний төлөө олгогдож байгаа боломж, нөхцөлүүдийг заасан. Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас төрийн захиргааны байгууллагын хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр гаргаж, үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль болон илүү нарийвчилсан харилцааг зохицуулсан бусад хуульд заасан зарчим, эрх, үүргийг баримтална. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэлт баталгаагаар хангагдана: 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ны орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;” гэжээ. 

Харин мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно;” гэжээ. 

Маргааны үйл баримтаас үзэхэд хариуцагч захиргааны байгууллага нь дээр дурдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн өөрийн байгууллагыг өөрчлөн байгуулагдаж, нэхэмжлэгчийг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан гэж үзэн 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгохоор шийдвэрлэжээ. 

Гэтэл маргааны үйл баримтаас үзэхэд эрх бүхий байгууллагын шийдвэрээр  хариуцагч төрийн захиргааны байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн, нэхэмжлэгчийн ажиллаж байсан Захиргааны хэлтэс нь Захиргаа, удирдлагын хэлтэс болон өөрчлөгдсөн боловч нэхэмжлэгчийн хэрэгжүүлж байсан чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, зарим чиг үүрэг шинээр нэмэгдсэн, томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч ажлын байрны тодорхойлтод заасан өмнөх чиг үүргийн агуулга нь хэвээр хадгалагдан үлдсэн нь тогтоогдсон.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “...чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэсэн нь агуулгын хувьд төрийн албан хаагчид олгож байгаа нэмэлт баталгаагаар хангагдах эрх, харин ажил олгогч төрийн байгууллагын хувьд түүнд хуулиар хүлээлгэсэн үүрэг гэж үзэхээр байна. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийш шинээр болон өөрчлөгдсөн аливаа Засгийн газрын болон бусад бүтэцтэй холбоотойгоор ажлаас чөлөөлөхгүй байх, төрийн албан хаагч албан тушаалаадаа үргэжлүүлэн ажиллах баталгаа юм. 

Иймээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн учир нэхэмжлэгч  өөрчлөгдсөн зохион байгуулалтын бүтцийн хүрээнд тодруулбал, Нийслэлийн бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах баталгаагаар хангагдах эрхтэй бөгөөд ажил олгогч захиргааны байгууллага түүнийг маргаан бүхий албан тушаалд үргэжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байна.

Хариуцагч захиргааны байгууллага өөрт нь хуулиар олгогдсон энэхүү үүргийг  нэхэмжлэгчийн үүрэг мэтээр “нэхэмжлэгч өмнөх албан тушаалдаа буцаан орох хүсэл зоригоо илэрхийлээгүй”, “хүсэл зоригоо илэрхийлээгүй гэдэг нь нэхэмжлэгчтэй утсаар холбогдсон, тэтгэлэг авсан,  ажилгүйдлийн тэтгэмж авсан байдлуудаар тогтоогдож байна” гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, албан тушаалдаа үргэжлүүлэн ажиллах баталгаагаар хангагдаж, ийм эрхтэй байтал нэхэмжлэгч заавал тухайн албан тушаалд ажиллах талаар хүсэл зоригоо илэрхийлэх шаардлагагүй, үүрэггүй юм. 

Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байтал өөрчлөгдөн батлагдсан зохион байгуулалтын бүтэц, орон тоонд нийцүүлэн албан тушаалд томилоогүй, нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд үргэжлүүлэн ажиллуулах хуульд  заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасантай нийцээгүй бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим, 4.2.6-д заасан төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл баталгааг төр хангах төрийн албанд баримтлах зарчмыг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж  байхад албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд хэрэглэх хуулийн заалт болох Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг хариуцагч хэрэглэн нэхэмжлэгчийг ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулаагүй эс үйлдэхүй гаргажээ. Ийнхүү нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргах байтал түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгох тухай хуульд зааснаас өөр шийдвэр гаргаж, маргаан бүхий албан тушаалын сул орон тоо гараагүй байхад Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу сул орон тоо гарсан гэж үзэн сонгон шалгаруулалт зарлаж, гуравдагч этгээдийг маргаан бүхий албан тушаалд томилсон. 

Дээрхээс дүгнэхэд хариуцагч нь бодит нөхцөл байдлаас өөрөөр нөхцөл байдлыг дүгнэж нэхэмжлэгчийг албан тушаалд үргэжлүүлэн ажиллуулах боломжоор хангах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна. Хариуцагчийн энэхүү эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчимд нийцээгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Нэхэмжлэгч нь 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг авах хүсэлтийг тусгайлан гаргаагүй харин хариуцагч байгууллагаас ийм шийдвэр гаргасан, ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулаагүй учир нийгмийн халамж, хамгаалалтын хэлбэрийг сонгон, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасан ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийн дагуу ажилгүйдлийн тэтгэмж авсан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан нөхцөл байдлаас дүгнэхэд  “тэтгэлэг нэхэмжлэгчийн дансанд шилжсэн, тэтгэлэг, ажилгүйдлийн тэтгэмж авснаараа ажилдаа буцаан томилогдох хүсэл зориггүй байсан, ажилгүйдлийн тэтгэмж авснаар ажилласан жил тоологдож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдээд явна” гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. 

Мөн ажилд нь үргэлжлүүлэн томилоогүйгээс шалтгаалж нэхэмжлэгч төрийн албан тушаалыг эрхэлж, цалин хөлсөө авч, ажиллах нөхцөлөөр хангуулж чадахгүй байгаа бодит нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд илтэд хохирол учирч байгаа үр дагавар бий болсоныг харуулж байна. Гэтэл хариуцагч талаас “өөрийг нь ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч маргаагүй учир ажлаас үндэслэлгүй халагдсан бөгөөд эргүүлэн томилогдох үндэслэл үүсэхгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. 

Дүгнэхэд, нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэвч өөрчлөгдөн батлагдсан зохион байгуулалтын бүтэц, орон тоонд нийцүүлэн нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах, томилох хуульд  заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй. Энэ хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч М.Э ын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, ... авах, 27.1.2-т заасан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах, 27.2.3-д заасан “зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол уг албан тушаалд нь үргэлжлэн ажиллах”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч байгууллага зөрчсөн гэдэг нь тогтоогдож байна. 

Үүний учир төрийн захиргааны албан хаагч М.Э ын төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, ... авах, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах, хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалдаа үргэжлэн ажиллах эрх, төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдахгүй байх эрх, хууль ёсны сонирхлыг шүүхээс сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэж байгаа учир Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаа буюу ажлын 130 өдрийн хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор тооцон олгохыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4, 5, 7 дахь хэсгийн а /ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдах үеийн хохирлыг төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно/-д заасны дагуу хариуцагчаас ажилгүй байсан хугацааны 7,340,060 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, түүнчлэн тухайн олговрыг Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын төсвөөс гаргуулах нь зүйтэй гэж үзэв. 

Тооцооллын задаргаа:

1,106,660 төгрөг буюу бүтэн ажилласан сүүлийн 3 сарын 1 сарын дундаж цалин (үндсэн цалин 779338 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 116,901 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 210,421 төгрөг) : 19,6 өдөр буюу сүүлийн бүтэн ажилласан 3 сарын ажлын өдрийн дундаж тоо (6 сард 20 өдөр, 7 сард 16 өдөр, 8 сард 23 өдөр) = 56,462 төгрөг /сүүлийн бүтэн ажилласан 3 сарын 1 өдрийн дундаж цалин/, /хх 76/. 

56,462 төгрөг х 130 өдөр (ажлаас чөлөөлсөн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх ажлын өдрийн тоо) = ажилгүй байсан хугацааны цалин 7,340,060 төгрөг. 

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2-т заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулсантай холбоотойгоор Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын төсөвт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр нэхэмжлэх, мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж төсөвт учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.2.1, 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Э ын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “М.Э ыг шинэчлэн батлагдсан Нийслэлийн улсын бүртгэлийн газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоонд нийцүүлэн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохыг даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай. 

2.Нэхэмжлэгч М.Э ыг Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 7,340,060 төгрөгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын төсвөөс гаргуулан олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргад даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ              А.САРАНГЭРЭЛ