Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/02183

 

 

2023 12 18 210/МА2023/02183

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/02952 дугаар шийдвэртэй

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

П ХХК-д холбогдох,

хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай компани нь Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, А-ын гудамж ** тоот хаягт орших, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-220300**** дугаартай, 2304 м.кв талбайтай 2 давхар барилгын хууль ёсны өмчлөгч юм.

1.1. Манай компанийн нэрлэсэн нийт энгийн хувьцааны 20 хувийг А ХК нь 2012 оноос эзэмших болсон ба 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, А-ын гудамж 2 тоот хаягт байрлах компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-220300**** дугаартай барилгын 2 давхрыг А ХК гэрээний үндсэн дээр түрээслэж, үйл ажиллагаагаа явуулдаг байсан бөгөөд бидний хооронд байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дууссан. А ХК нь түрээсийн гэрээ хэрэгжих хугацаанд гэрээний үнийг манай компанийн дансанд төлдөггүй зэрэг гэрээний үүргээ зөрчсөн учир, манай зүгээс А ХК-д байгуулсан түрээсийн гэрээг цаашид сунгахгүй тул байр чөлөөлж, актаар хүлээлгэж өгөх тухай мэдэгдлийг удаа дараа бичгээр хүргүүлсэн боловч гэрээний хугацаа дуусахад байрыг чөлөөлөөгүй.

1.2. Гэтэл 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр П ХХК /Тэнгэр телевиз/-иас манай өмчлөлийн барилгын 2 дугаар давхрыг түрээслэх, түрээсийн гэрээг байгуулах, хамтран ажиллах хүсэлтийг ирүүлсэн, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар П ХХК нь А ХК-ийн түрээслэж байсан, барилгын 2 дугаар давхрыг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эзэмшиж, ашиглаж байна. А ХК нь манай компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч, манай өмчлөлийн байрыг түрээслэж байсан болохоос өмчлөлийн байрыг захиран зарцуулах, гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгөх, давхар түрээслэх эрх бүхий этгээд биш юм.

1.3. П ХХК-ийн дээрх үйлдэл нь биднийг үл хүндэтгэсэн, хууль бус бүдүүлэг үйлдэл гэж ойлгож байна. Иймд Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, А-ын гудамж ** тоот хаягт орших, манай компанийн хууль ёсны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-220300**** дугаартай барилгын 2 дугаар давхрыг П ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: А ХК-тай 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан.

Тодорхой тооны эд хөрөнгийн хамтаар ашиглаж түрээслэхээр болж, хуулийн дагуу түрээсийн гэрээг байгуулсан. Төлбөрөө цаг хугацаанд нь төлөөд явж байсан. Гэтэл манайд холбогдуулж нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. А ХК нь Н ХХК-тай байгуулсан түрээийн гэрээгээ хүчин төгөлдөр гэж хэлж байсан. Гэтэл маргаан үргэлжилж байсан учраас А ХК-тай байгуулсан түрээсийн гэрээг цуцлахаар болсон. 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төлөөлөгч томилж, эд хөрөнгийг хүлээлцэж акт үйлдэн, бүх зүйлийг чөлөөлсөн. Бид хууль бусаар эзэмшихгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Маргаан бүхий талбайд үйл ажиллагаа явуулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: А ХК нь Н ХХК-тай үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг 2014 онд байгуулж, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр сунгасан.

3.1. Түрээсийн гэрээний 4.2-т түрээсийн гэрээний хугацаа дууссан боловч талууд татгалзаагүй бөгөөд аль нэг тал гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө дуусгавар болгох тухай бичгээр мэдэгдээгүй тохиолдолд гэрээ цаашид адил хугацаагаар сунгасанд тооцно гэж заасны дагуу талууд уг гэрээг дуусгавар болгох тухай аль аль талдаа бичгээр мэдэгдээгүй. Гэрээнд заасны дагуу 5 жилийн хугацаагаар сунгагдаж түрээсийн төлбөрийг төлж байгаа. Гэрээтэй холбоотой асуудалд гуравдагч этгээдэд гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгөөгүй. Гэрээ сунгагдсан учраас гэрээний 3.1.7-д заасныг үндэслэн дамжуулан түрээсэлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар маргаантай холбоотой П ХХК-иас манайд байнга хандаж байсан. 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр түрээсийн гэрээг цуцалж байгаа мэдэгдлийг ирүүлсэн. Ингээд түрээсийн байрыг хариуцагч манайд хүлээлгэж өгсөн. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий хөрөнгөд хариуцагч үйл ажиллагаа явуулаагүй. Иймээс хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх боломжгүй.

3.2. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш түрээсийн гэрээтэй холбоотой маргаан байхгүй. Нэхэмжлэгч талаас төлбөр шаардсан зүйл байхгүй. О.Баясгалан нь Н ХХК-ийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй. О.Б-ийн эрх дуусгавар болсон. 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн түрээсийн гэрээ сунгагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, А-ын гудамж ** тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-220300**** дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай, 2304м.кв талбайтай, Н ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхрыг П ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

5.1. П ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 22/07/22 тоот /хх-14/ Н ХХК-д хүргүүлсэн албан бичгээр Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Ерөнхий сайд А-ын гудамжинд байрлах оффисын байрыг урт хугацаагаар гэрээ байгуулан түрээслэх хүсэлтээ илэрхийлсэн. Гэвч Н ХХК-иас хариу өгөөгүй. Үүний дараа А ХК-иас 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 22/150 тоот албан бичгээр /хх109/ ...Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, А-ын гудамж-2 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг Н ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу А ХК түрээслэж байгаа бөгөөд түрээсийн гэрээний хугацаа 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгагдсан, мөн гэрээний 3.1.7-д заасны дагуу гуравдагч этгээдэд дамжуулан түрээслэх эрхтэй тул манай компанитай түрээсийн гэрээ байгуулан түрээслэх боломжтой талаар мэдэгдсэн.

Уг хүсэлтийг П ХХК-иас хүлээн авч, үл хөдлөх хөрөнгийг түрээслэх хүсэлтээ 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр А ХК-д бичгээр /хх-115/ мэдэгдэж, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр А ХК-тай үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг /хх-111/ 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай байгуулж, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, А-ын гудамж-** тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн 2 давхрын 1150 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэсэн байдаг. Мөн П ХХК-иас шүүхэд үүссэн маргаантай холбоотойгоор А ХК-иас тодруулга тайлбар авахад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, А-ын гудамж-2 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг Н ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу одоог хүртэл түрээслэж, түрээсийн гэрээний төлбөрийг Н ХХК-д төлсөөр байгаа талаар мэдээлэл өгч, баримтыг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, А ХК-ийн танилцуулсан түрээсийн гэрээ, Н ХХК-д түрээсийн төлбөр төлж буй баримтууд, тус компаниас өгсөн мэдээллээр А ХК-ийг үл хөдлөх хөрөнгийг хүчин төгөлдөр гэрээний дагуу түрээслэж байгаа нь батлагдаж байгаагийн үндсэн дээр бид А ХК-иас дамжуулан үл хөдлөх хөрөнгийг түрээслэсэн байтал шүүх ямар үндэслэл, баримтаар бусадтай байгуулсан өмнөх түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсныг П ХХК мэдэж байсан гэж дүгнэсэн нь тодорхойгүй бөгөөд үндэслэлгүй байна.

5.2. П ХХК нь бизнесийн үйл ажиллагаагаа олон талаар үр ашигтай явуулах, харилцагч үйлчлүүлэгчтэй хамтран ажиллахад маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн байрлал маш сайн тохирч байсан тул бид уг байршилд үйл ажиллагаа удаан хугацаанд явуулах хүсэл сонирхол байсан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүссэн нөхцөл байдал, шүүхийн маргаантай холбоотойгоор уг үл хөдлөх хөрөнгийг цаашид түрээслэх боломжгүй гэж тус компанийн удирдлагаас үзэж А ХК-тай байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг цуцалж, үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөх хүсэлтээ "А" ХК-д өгсөн. Уг хүсэлтийн дагуу А ХК болон П ХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ дуусгавар болж, манай компаниас 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үл хөдлөх хөрөнгийг, эд хөрөнгийн хамт А ХК-д хүлээлгэж өгч, 23/А01 тоот акт үйлдэж баталгаажуулсан бөгөөд баримтууд хэрэгт авагдсан болно.

"П ХХК нь үл хөдлөх хөрөнгийг анх түрээслэхдээ А ХК-тай түрээсийн гэрээ байгуулж, тус компаниас үл хөдлөх хөрөнгө, оффисын эд хөрөнгүүдийг хүлээж авсны дагуу түрээсийн гэрээ дуусгавар болох үед буцаагаад А ХК-д хүлээлгэн өгч, үл хөдлөх хөрөнгийг чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгч Н ХХК-тай ямар нэг гэрээ байгуулж, эрх зүйн харилцаа үүсгээгүй учир нэхэмжлэгчид үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөх эрх зүйн үндэс байхгүй юм. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ тодорхой хэлсэн. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийг Н ХХК-д чөлөөлж өгөх үүрэг бүхий этгээд нь А ХК бөгөөд харин П ХХК-ийн хувьд түрээсийн гэрээ байгуулсан А ХК-д хүлээлгэн өгөх үүргийнхээ дагуу үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх П ХХК-иас Н ХХК-д үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөх эрх зүйн харилцаа үүсэхгүй, нэхэмжлэгч Н ХХК үл хөдлөх хөрөнгийг П ХХК-иас хүлээж авах үйл баримт болохгүй нь хэргийн бодит нөхцөл байдлаас харагдаж байхад ...тухайн үл хөдлөх хөрөнгийг хүлээж аваагүй талаар нэхэмжлэгч тайлбар гаргасныг хариуцагч няцаах үүргээ хэрэгжүүлээгүй... гэж дүгнэсэн нь хэргээ ойлгоогүй, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь судлаагүй гэж үзэхээр байна.

Мөн П ХХК нь тухайн үл хөдлөх хөрөнгийг түрээслэхдээ А ХК-ийн оффисын тавилгуудыг ашиглаж байсан бөгөөд түрээсийн байр, эд хөрөнгө хүлээлцэх 23/А01 тоот актад эд хөрөнгүүдийг тодорхой дурдаж, А ХК-д хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл, П ХХК тухайн түрээсийн үл хөдлөх хөрөнгийг А ХК-д хүлээлгэн өгч өөрсдийн өмч хөрөнгөө авч, хариуцагчийн зүгээс үл хөдлөх хөрөнгийг чөлөөлсөн ч А ХК-ийн өмч хөрөнгүүд үлдсэн тул маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө чөлөөлөгдөх боломжгүй юм. Нөгөө талаас дээрх нөхцөл байдлаас хамаарч шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг бүрэн чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шаардлагаа П ХХК-д холбогдуулж бус А ХК-д холбогдуулж гаргаснаар уг нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг 2 үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргасан байна. А ХК болон Н ХХК-уудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Уг гэрээнд дамжуулан түрээслэх эрхтэй болон тухайн гэрээ нь сонгогдсон байсан гэх тайлбар хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна.

6.1. А ХК болон Н ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон. Гэрээ дуусгавар болсонтой холбоотой гэрээний хугацааг сунгахгүй гэх мэдэгдлийг Н ХХК-ийн зүгээс А ХК-д шуудангаар хүргүүлсэн баримтыг анхан шатны шүүх үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байдаг. Түрээсийн гэрээний талууд нь А ХК, Н ХХК-уудын хооронд 2014 онд байгуулагдсан гэрээг сунгасан тохиолдол байдаг. Уг сонголтыг хийхдээ бичгээр хийж, гэрээний сунгалтыг баталгаажуулж байсан. Гэвч хэргийн материалд бичгээр хийсэн сунгалтын талаарх баримт байхгүй. Бичгээр гэрээг сунгасан баримт байхгүй байхад ямар баримтад үндэслэж дүгнэсэн нь тодорхойгүй. Гэрээг сунгасан тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд гэрээг бичгээр байгуулна гэж тохиролцсон талаарх нотлох баримт байхгүй.

6.2. Мөн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш П ХХК-аас Н ХХК-д хандаж албан бичиг явуулсан. Танай байгууллага манай байгууллагад уг объектоо түрээслэх хүсэлтүүдийг П ХХК-аас ирүүлсэн. П ХХК-ийн А ХК-тай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссан учраас Н ХХК-д хандаж, түрээсийн гэрээг шинээр байгуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргасан. Гэвч Н ХХК уг хүсэлтээс татгалзсан. Уг үйл баримтаас харахад А ХК, Н ХХК-уудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа дууссан гэх нөхцөл байдлыг мэдсэн учраас жинхэнэ өмчлөгчид түрээсийн гэрээ байгуулах саналыг тавьсан. Гэвч Н ХХК-ийн зүгээс П ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй гэж хариуг өгсөн. Өмнөх түрээсийн гэрээг дуусгавар болсныг мэдсэн атлаа А ХК-д тухайн объектыг дамжуулан түрээслэх эрх П ХХК-д байхгүй. Мөн хариуцагчийн зүгээс хэргийн үйл баримтаас эсрэг тайлбар гаргаж байна. Хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ сунгагдаагүйг мэдэж байсан. Гэрээний хугацаа дуусгавар болсон гэж үзэж байгаа учраас дамжуулан түрээслэх эрхтэй эсэх асуудлыг хэргийн үйл баримтын хүрээнд ярих шаардлагагүй. Гэвч хариуцагчийн зүгээс уг зүйл заалтыг баримталж байгаа учраас тухайн тайлбартай холбогдуулан нэмэлт тайлбар гаргасан. Гэрээнд зааснаар дамжуулан түрээслэх эрхтэй гэж үндсэн гэрээнд засвар оруулсан байдаг. Эрхгүй гэж зохицуулсан байхад гараар эрхтэй гэж засвар оруулсан байна. Уг нөхцөл байдал нь хүчин төгөлдөр гэрээний заалт биш болж байна. Тухайн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан этгээдүүд нь Н ХХК болон А ХК-уудыг төлөөлөх эрхгүй этгээд байдаг. Хариуцагчийн зүгээс гараар засвар оруулсан гэрээний хуулбар гаргаж өгсөн атлаа тухайн этгээдүүдийг төлөөлөх эрхтэй байсан гэж тайлбарладаг. Гэрээний хугацаа дуусгавар болоогүй тохиолдолд А ХК нь гуравдагч этгээдээр дамжуулан түрээслэх эрхгүй. Гэвч өөрчлөлт оруулсан тохиолдолд гэрээний сунгалт хийсэн болон гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулсан хэлбэрээр нэмэлт гэрээ байгуулж, албан ёсны төлөөлөх эрхтэй этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулах байсан. Уг үйл баримт нь талуудын хооронд байгуулагдсан гэрээтэй холбогдуулсан зүйл байхгүй.

Тухайн түрээсийн гэрээний объектыг А ХК-д өгсөн учраас маргаан байхгүй гэж тайлбарласан байна. Бодит нөхцөл байдалд П ХХК буюу тэнгэр телевиз нь Н ХХК-ийн 2 давхарт үйл ажиллагаа явуулж байна. Анхан шатны шүүхэд хариуцагчийн зүгээс уг тайлбарыг гаргасан байдаг. Хариуцагч тухайн объектыг А ХК-д хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ямар тохиолдолд хууль ёсны өмчлөгчид нь хүлээлгэн өгсөн зүйл байхгүй. Н ХХК-аас тухайн объектыг А ХК-д хүлээлгэж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Нэхэмжлэгч Н ХХК буюу өмчлөгчид нь тухайн орон сууцыг хүлээлгэн өгөх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Гэвч хариуцагч нь тухайн объектыг өмчлөгч биш этгээдэд хүлээлгэн өгсөн байна. Анхан шатны шүүх хуралдаан болох үед хариуцагчийн зүгээс Н ХХК-ийн орон сууцыг чөлөөлсөн бөгөөд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбарласан. Гэвч одоог хүртэл тухайн объектод үйл ажиллагаа явуулж байна. Тэнгэр телевизийн цахилгаантай холбоотой тасалдал гарсан бөгөөд тухайн үед Н ХХК-д цахилгаантай холбоотой асуудал гарсанаас Тэнгэр телевизийн үйл ажиллагаа доголдсон байна. Тухайн асуудалтай холбогдуулан Тэнгэр телевизийн үйл ажиллагаа доголдож, харилцаа холбооны зохицуулах газар тог тасалсан гэх мэдээллийг өгсөн. Уг үйл баримтаас шалтгаалан өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч буюу тухайн объектыг хууль ёсны өмчлөгчид нь шилжүүлж өгөөгүй гэжээ.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Н ХХК болон А ХК-ууд нь хоорондоо харилцан хамааралтай байдаг. Н ХХК-ийн 20 хувийн хувьцааг А ХК нь 2012 оноос хойш эзэмшиж байна.

7.1. Хувьцаа эзэмшигч нарын хооронд маргаан үүссэнээс болж, Н ХХК-аас нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2014 оноос эхэлж А ХК үл хөдлөх эд хөрөнгийг 1,150 м.кв талбайг түрээсэлж байсан. Уг түрээсэлсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй боловч А ХК нь тухайн гэрээг байгуулахад оролцсон. Мөн А ХК-аас өөр 4 компани түрээсэлж үйл ажиллагаа явуулж байсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.7-т дамжуулан түрээслэх эрхгүй гэх агуулга яригдаж байна. Анх 2014 онд гэрээ байгуулахдаа Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Уг нөхцөл байдлаас хойш тухайн объектыг дамжуулан түрээсэлж байсан. 2022 оны 07 дугаар сард нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа дамжуулан түрээслэх эрхгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

7.2. Мөн гэрээ цуцалсан талаарх мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч гуравдагч этгээдүүдийн хооронд түрээсийн гэрээний асуудал байсан. Тухайн гэрээг сунгах тохиолдолд гэрээг заавал бичгээр сунгах ёстой гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний 4.2-т гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсан санал гаргаагүй тохиолдолд адил нөхцөлөөр сунгагдсанд тооцно. Уг гэрээнд бичгээр сунгасан зохицуулалт байхгүй учраас өмнөх нөхцөлөөр гэрээг сунгагдсан гэж үзэж байна. Түрээсийн төлбөрийг төлж байгаа талаарх үйл баримтыг анхан шатны шүүхээс харгалзан үзэж, дүгнэлт хийгээгүй байна. Гэрээнээс татгалзсан талаарх мэдэгдлийг шуудангаар А ХК-д хүргүүлсэн гэж тайлбарлаж байна. Гэвч тухайн шуудан нь А ХК-д хүргэгдсэн гэх нотлох баримт байхгүй. А ХК-иас хүлээн авсан талаарх нотлох баримт байхгүй. Гуравдагч этгээд А ХК-ийн зүгээс тухайн шууданг хүлээн аваагүй талаар тайлбар өгсөн байдаг. Манай байгууллагад хүлээлгэн өгөөгүй атлаа ямар шалтгаанаар танай байгууллагад хүлээлгэн өгсөн гэж тайлбарладаг.

7.3. А ХК нь дамжуулан түрээслэх эрхтэй учраас хариуцагчид давхар түрээсэлсэн. Тухайн объект манай эзэмшилд байгаа учраас хүлээлцэх тохиолдолд гуравдагч этгээд нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх асуудал яригдана. Гэвч гуравдагч этгээд нь уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар тухайн газарт үзлэг хийн шалгаж үзэх боломжтой байна. Гэвч хэргийн оролцогчоос байхгүй гэж байхад байгаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан тайлбар нь үндэслэлгүй гэжээ.

8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, цугларсзн нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна:

8.1. Нэхэмжлэгч Н XXК болон гуравдагч этгээд А ХК нарын хооронд үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдаж өнөөдрийг хүртэл үйлчилж байна. Түрээсийн гэрээний дагуу Н ХХК нь улсын бүртгэлийн 220300**** дугаартай Сүхбаатар дүүрэг ** дугаар хороо, Ерөнхий сайд А-ын гудамж-** тоот барилгын 2 дугаар давхарын 1150 м.кв талбайг А ХК-д түрээслүүлдэг. Н ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-220300**** дугаартай барилгын 2 дугаар давхарыг П ХХК-ийн эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдалд буюу гэрээг дуусгавар болсон байна гэж дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, нэхэмжлэгч гуравдагч этгээд нарын зүгээс 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээтэй холбогдуулан дуусгавар болсныг тогтоолгох ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй байхад 2014 оны 11 сарын 19-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон гэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн хальж дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч тал нь гуравдагч этгээдэд түрээсийн гэрээг цуцлах мэдэгдэл шуудангаар хүргүүлсэн гэж маргаж байгаа боловч гуравдагч этгээдэд яаж хүлээлгэж өгсөн үйл баримт нь нотлогдоогүй зөвхөн шуудангийн илгээсэн баримтыг анхан шатны шүүх үнэлсэн нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Тодруулбал, гуравдагч этгээд шуудангаар илгээсэн баримтыг хүлээж аваагүй учраас гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүлээн аваагүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар үнэнд нийцсэн бодит тайлбар гаргаж мэтгэлцсэн. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд аваагүй учраас аваагүй гэх тайлбар мэдүүлдэг. Харин нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд хүлээлгэж өгсөн үйлдлээ нотолж чадаагүй, тухайн мэдэгдлийг шуудангаар илгээсэн гэх боловч шуудан нь гуравдагч этгээдэд хүлээлгэж өгсөн эсэх эсхүл буцсан эсэх нь тодорхойгүй эргэлзээтэй байхад анхан шатны шүүх шуудангаар илгээсэн нь гуравдагч этгээд хүлээн авсан гэж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн байна,

8.2. Нэхэмжлэгч Н ХХК болон гуравдагч этгээд А ХК нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээний 4.2-т "...түрээсийн гэрээний хугацаа дууссан боловч талууд татгалзаагүй бөгөөд аль нэг тал гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө гэрээг дуусгавар болох тухай бичгээр мэдэгдээгүй тохиолдолд гэрээ цаашид адил хугацаа; нөхцлөөр сунгагдсанд тооцно" гэж заасны дагуу түрээслэгч А ХК болон түрээслүүлэгч Н ХХК-ийн хэн аль нь талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг цуцлах, дуусгавар болохоор бичгээр нөгөө талдаа албан ёсоор мэдэгдээгүй учир түрээсийн гэрээ нь гэрээнд заасны дагуу 2027 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаанд тухайн нөхцлөөр сунгагдсан тул түрээсийн төлбөрийг А ХК, Н ХХК-д төлж байна. Түрээсийн төлбөрийг А ХК төлөхдөө Н ХХК-ийн 80 хувийн хувьцаа эззмшигч П.Э-ын хүсэлтийн дагуу түүний бусдаас авсан зээлийн хүүг төлөх мөн үлдэгдэл төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар төлдөг. Гэтэл анхан шатны шүүх тухайн баримтыг хэрэгт хамааралгүй гэж үзээд үнэлээгүй нь үндэслэлгүй байна.

Түрээсийн гэрээний 3.1.7-д зааснаар түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн байрыг гуравдагч этгээдэд дамжуулан түрээслэх эрхтэй байхаар зохицуулсны дагуу барилгын 2 давхарын 1150 м.кв ажлын байрыг А ХК нь П ХХК-д 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 22/150 тоот албан мэдэгдлийг хүргүүлсэн. Тус албан бичгийг П ХХК хүлээн аваад 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 22/88 тоот албан бичгээр А ХК-д үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэн ажиллах хүсэлтэй байгаа тул уг үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх үнийн санал, нөхцлөө гэрээний төслийн хамт ирүүлнэ үү гэсний дагуу А ХК 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22/158 тоот албан бичгээр гэрээний төслийг хүргүүлснээр 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан байдаг.

Гэтэл шүүхэд Н ХХК нэхэмжлэл гаргаснаар П XXК нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр А ХК-д түрээсийн гэрээгээ цуцалж байгаа талаарх мэдэгдэл хүргүүлсний дагуу түрээсийн гэрээний хугацааг дуусгавар болгож 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Түрээсийн байрыг П ХХК нь А ХК-д хүлээлгэж өгсөн байдаг. Тодруулбал, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөнд П ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй, үл хөдлөх эд хөрөнгийг А ХК-д хүлээлгэж өгсөн байхад анхан шатны шүүх П ХХК-иас хууль бус эзэмшлээс чөлөөлөх шийдвэр гаргасан нь бодит байдалд хэрэгжих боломжгүй шийдвэр гаргасан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хзрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь А ХК байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаантай асуудал үүссэн. Гэвч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч, хувьцаа эзэмшигч нарын хоорондын маргаантай асуудлууд хамааралгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа учраас түрээсийн гэрээтэй холбоотой байна. П ХХК нэхэмжлэгчийн хууль ёсны өмчлөлийг зөвшөөрөлгүйгээр дотоод асуудалд нь нөлөөлсөн байна.

Гуравдагч этгээдийн гаргасан тайлбар нь хоорондоо логик зөрчилтэй байна. Хариуцагч, гуравдагч этгээд нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дамжуулан түрээслэх эрхийнхээ хүрээнд П ХХК-д түрээсэлсэн гэх тайлбарыг анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарласан. Гэвч А ХК түрээслэх эрхтэй гэж үзэж түрээсэлсэн гэх тайлбарыг гаргасан боловч анхан шатны шүүхээс өөрийн санаачилгаар ажиллагаа хийгээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргаж, ажиллагаа хийлгэх шаардлага байхгүй. Талууд гэрээг хүчинтэй гэж үзэж, түрээсэлсэн учраас хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна гэж тайлбарласан. Анх 2022 оны 08 дугаар сард анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан уг маргааныг анхан шатны шүүх шийдвэрлэхийн тулд 1 жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Хариуцагч, гуравдагч этгээд нарын зүгээс санаатайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулсан. Манай зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг А ХК хүлээн авсан учраас хариуцагчаас биш, гуравдагч этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхтэй гэж тайлбарласан. Хэргийн бодит нөхцөл байдалд анхан шатны шүүх хуралдаан явагдаж байсан учраас шалгах шаардлагагүй байсан. Учир нь хариуцагч, гуравдагч этгээд нарын зүгээс анхан шатны шүүх хуралдаан болох үед ямар нэгэн шалтгаанаар 10 гаруй удаа шүүх хуралдааныг хойшлуулж байсан гэв.

10. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдолд тайлбар гаргаагүй болно.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, мөн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А ХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талын байр суурийг дэмжиж оролцжээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч Н ХХК нь гуравдагч этгээд А ХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6/14 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, А-ын гудамж, ** тоот хаягт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 2 давхар барилгын 2 дугаар давхрын 1,150 м.кв талбай бүхий хэсгийг А ХК-д 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж ашиглуулахаар, түрээсийн байрны 1 м.кв талбайн түрээсийн төлбөр 15.5 ам доллар, нэг сарын түрээсийн нийт төлбөр 17,825 ам долларыг түрээслүүлэгч Н ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1 хх 6-9/

3.2. Талууд 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн төлбөрийг 31,287,590 төгрөг, хугацааг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар харилцан тохиролцож, гэрээнд өөрчлөлт оруулжээ. /1 хх 10-11/

 4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

4.1. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, А-ын гудамж, 2 тоот хаягт байршилтай, 2,304 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай 2 давхар барилгын А корпуст байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Н ХХК болох нь улсын бүртгэлийн Ү-220300**** дугаарт бүртгэсэн 000180863 дугаар гэрчилгээгээр тогтоогдсон. /1 хх 6 /

4.2. Хариуцагч П ХХК нь дамжуулан түрээслэх эрхтэй этгээдтэй түрээсийн гэрээг байгуулсан тул хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй гэж маргажээ.

А ХК нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, А-ын гудамж ** тоот, 1,150 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг П ХХК-д 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай түрээслэх, П ХХК нь нэг сарын түрээс 31,287,590 төгрөг төлөхөөр тохиролцсон үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ хэрэгт авагдсан байна. /1 хх 111-114/

Нэхэмжлэгч Н ХХК болон гуравдагч этгээд А ХК-ийн хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дууссан ба нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болох талаар мэдэгдсэн албан бичгийг гуравдагч этгээдэд шуудангаар хүргүүлсэн байна. /1 хх 13, 178/

Гэрээг цуцлах явдал зөвхөн хугацаа нь дуусаагүй гэрээний хувьд байх ойлголт юм. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болсон тул гэрээг цуцлах асуудал яригдахгүй. Иймд нэхэмжлэгч гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй гэх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй атал гуравдагч этгээд А ХК энэ үүргээ гүйцэтгэлгүй, гэрээний хугацаа дуусгавар болсны дараа хариуцагч П ХХК-д дамжуулан түрээсэлсэн нь хууль бус болжээ. Хэдийгээр хариуцагч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр маргаан бүхий хөрөнгийг эзэмшиж байгаа ч гуравдагч этгээдийн эзэмших эрх дуусгавар болсны дараа хариуцагчид хөрөнгийг шилжүүлсэн тул хариуцагчийг хууль ёсны эзэмшигч гэж үзэхгүй. Иймд хариуцагч нь гуравдагч этгээдтай байгуулсан гэрээнд үндэслэн эзэмших эрхтэй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь гуравдагч этгээд биш, харин нэхэмжлэгч буюу тухайн түрээсийн талбайн өмчлөгч нь буцааж өгөхийг шаардаж байх тул хариуцагч хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсныг хариуцагч мэдээгүй байсан нь өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

4.3. 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч П ХХК түрээсийн талбайг А ХК-д хүлээлгэн өгсөн гэх түрээсийн байр, эд хөрөнгө хүлээлцэх акт хэрэгт авагдсан боловч маргаан бүхий хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хариуцагчид эзэмших эрх байхгүй тул тэрээр өмчлөгчийн шаардлагаар хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй. Иймд П ХХК-аас Н ХХК-д үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөх эрх зүйн харилцаа үүсэхгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч түрээсийн төлбөр нэхэмжлээгүй тул түрээсийн төлбөрийг хэрхэн төлж байсан талаарх баримтыг шүүх үнэлээгүй гэх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

5. Дээрхийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/02952 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан хариуцагчаас төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 Д.БЯМБАСҮРЭН