Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2016/04708

 

 

 

 

 

 

 

                        2016 оны 06 сарын 13 өдөр

 Дугаар 101/ШШ2016/04708

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, эмнэлгийн 16-463А тоотод оршин суух, Бэгз овогт Батмөнхийн Батням /РД:ЦЕ84080560/,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 56 байр 6  тоотод оршин суух, Хөтчин овогт Ганболдын Тулга /РД:ЦЕ84080217/-д холбогдох

            гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Наранбат, хариуцагч Г.Тулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Наранбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Б.Батням нь 2002 онд Г.Тулгатай танилцан улмаар 2004 оны 03 дугаар сарын 22-нд гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд 2004.01.06-нд охин Хулан төрсөн. Зан харилцааны таарамжгүй байдлаас болж цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2005 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин Хулан эхийн асрамжид өнөөг хүртэл өсөн торхиж байна. Одоо аав Тулга нь тусдаа амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Хуланг эхийн асрамжид үлдээж эцэг Г.Тулгаас тэтгэлэг гаргуулж өгнө үү. Тэтгэлэгт 5,000,000 төгрөг нэг удаа авахаар тохирсон байгаа гэв.

            Хариуцагч Г.Тулга нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Харин тэтгэлэгийн хувьд бид нэг удаа 5,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон гэв.

            Хавтаст хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Батням нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Г.Тулга нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, тэтгэлэгийг нэг удаа 5,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон байна.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

1. Нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулах талаар:

Г.Тулга, Б.Батням нар нь 2002 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болж, 2004 оны 03 дугаар сарын 22-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн нь Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас олгосон ПА №166 дугаар гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. /хавтаст хэргийн 6 дугаар тал/

            Дээрх гэрлэгчид нь зан харилцааны таарамжгүй байдлаас болж тусдаа амьдардаг, сүүлийн 10 жил тусдаа амьдарсан, хариуцагч тусдаа амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дахь эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон тухай 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 575 дугаар тэмдэглэлээр тогтоогдсон, хариуцагч энэ талаар маргаагүй тул  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2. дахь хэсэгт “Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна” гэж заасан арга хэмжээг авах шаардлагагүй гэж дүгнэв.    

            Иймд  Г.Тулга, Б.Батням нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.  

            Үүнээс гадна Г.Тулга, Б.Батням нар гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар  эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ  сэргээлгэх эрхтэй болохыг тэмдэглэж байна. 

2. Нэхэмжлэлийн шаардлага болох охин Б.Хулангийн асрамж, тэтгэлэгийн талаар:     

Г.Тулга, Б.Батням нарын дундаас охин Б.Хулан 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн болох нь түүний 670 дугаар төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. /хавтаст хэргийн 7 дугаар тал/

Нэхэмжлэгч Б.Батням нь охин Б.Хуланг өөрийн асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Г.Тулга энэхүү шаардлагыг зөвшөөрсөн байна. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд Б.Хуланг Баянгол дүүргийн Ганзам-20 дугаар сургуулийн 6а ангид сурдаг тухай тодорхойлолт, эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмнэлгийн тодорхойлолтыг ирүүлсэн бөгөөд зохигч тусдаа амьдарсанаас хойш охин Б.Хулан нь эхийн асрамжинд байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иймд охин Б.Хуланг түүний эх Б.Батнямын асрамжид үлдээхэд хүүхдийн цаашдын хүмүүжилд ноцтой хохирол учруулахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв. Түүнчлэн нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шааардлага гаргасан бөгөөд Гэр бүлийн тухай хуульд заасан тэжээн тэтгэх үүргийн дагуу эцэг Г.Тулгаар охин Б.Хуланг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Улмаар зохигчид хүүхдийн тэтгэлэгийг нэг удаа 5,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т заасантай нийцэж байна. Иймд зохигчдын тохиролцсон байдлаар тэтгэлэгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин Г.Тулга, Б.Батням нарын гэрлэлт буюу гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийн харилцаа дуусгавар болж байгаа ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4. дэх хэсэгт заасан дагуу эцэг, эхийн хувьд тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд мөн зүйлийн 26.6. дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснийг тэмдэглэж байна.  

Түүнчлэн зохигч хэн аль нь эд хөрөнгийн маргаангүй гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.   

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт зааснаар Хөтчин овогт Ганболдын Тулга /РД:ЦЕ84080217/ Бэгз овогт Батмөнхийн Батням /РД:ЦЕ84080560/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. дахь хэсэгт зааснаар  2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Б.Хулан /РД:УЛ04210643/-г түүний эх Б.Батнямын асрамжид үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Тулгаас нэг удаа 5,000,000 төгрөг гаргуулж, охин Б.Хуланг тэжээн тэтгүүлсүгэй.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Тулгаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Батнямд олгосугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД