Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2016/04706

 

 

 

 

 

 

 

                        2016 оны 06 сарын 13 өдөр

 Дугаар 101/ШШ2016/04706

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Чингэсийн өргөн чөлөө, Өөрийн байр “М Си Эс кока кола” ХХК /РД:2663503/,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 170с-ийн 1-4 тоотод оршин суух, Батаа овогт Болдмаа /РД:ЧЕ83103005/,

            Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 19 гудамж, 15а тоотод оршин суух,  Батаа овогтой Хандхүү /РД:ЧЕ66121929/ нарт холбогдох

            зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11,311,936 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Пагамсүрэн, хариуцагч Б.Болдмаа, Б.Хандхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М-Си-Эс Кока-Кола” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Л.Пагамсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай М-Си-Эс Кока-Кола ХХК ("Нэхэмжлэгч”) нь Б. Болдмаа("Хариуцагч")- хүсэлтийн дагуу 2015 оны 07-р сарын 20-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэйгөөр өөрийн 10,643,580 төгрөгийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүнийг зээлээр олгосон. Гэтэл Хариуцагч нь уг хэлэлцэн тохиролцсон хугацаандаа төлбөрийг барагдуулалгүй 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн байдлаар нийт 8,500,00 үлдэгдэлтэй болсон. Бидний зүгээс түүнд дахин төлөх хугацаа олгох зорилгоор 2015 оны 12-р сарын 28-ны өдөр Төлбөр гүйцэтгэх гэрээ-г байгуулсан ба уг гэрээний дагуу 2016 оны 01-р сарын 11-ны дотор уг үлдэгдэл төлбөрийг төлөхөө амлаж, ийнхүү төлөөгүй тохиолдолд гэрээний 2-р зүйлийн 2.1-д заасны дагуу гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон боловч мөн л удаа дараа шаардсан атал одоог хүртэл төлбөрийн үүргийг гүйцэтгэлгүй зайлсхийсээр байна. Мөн нэхэмжлэгч М-Си-Эс Кока-Кола ХХК, Хариуцагч Б. Болдмаа болон түүний эгч Батаа овогтой Хандхүү нар нь 2016 оны 01-р сарын 26-ны өдөр "Батлан даалтын гэрээ” байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу Б.Болдмаагийн зүгээс төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй, төлбөрийн чадваргүй болсон зэрэг тохиолдолд Б. Хандхүү нь түүний өмнөөс өөрийн хувь хөрөнгөөр хариуцлага хүлээх болохоо илэрхийлж батлан даалт гаргасан. Иймээс Монгол улсын иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1, 458-р зүйлийн 458.1, талуудын хооронд байгуулагдсан Төлбөр гүйцэтгэх гэрээний 2-р зүйлийн 2.2 дахь заалт Батлан даалтын гэрээний 3-р зүйлийн 3.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн гэрээний үндсэн төлбөрийн үүрэг болох 8,286,400 төгрөг, алдангийн үүрэг болох 3,025,536 төгрөг, нийт 11,311,936 төгрөгийг хариуцагч Б. Болдмаа, батлан гч Б. Хандхүү нараас үүгээр нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн зүгээс алдангиасаа 1,000,000 төгрөгийг хасаж тооцох боломжтой юм гэв.

Хариуцагч Б.Болдмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 07 дугаар сард нэхэмжлэгч талаас 92 сая төгрөгний төлбөртэй гэж шаардсан тул 50 сая төгрөг хүнээс зээлж байгаад бүх төлбөрөө төлж барагдуулсан. Харин одоогийн 8 саяын барааг 07 дугаар сард биш 11 дүгээр сард авсан барааны төлбөр юм. Энэ барааг авсан талаар маргаан байхгүй. Харин одоогоор ажилгүй байгаа тул алданги төлөх хүндрэлтэй байна гэв.

Хариуцагч Б.Хандхүү нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэх зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11,311,936 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангийн тооцооноос буюу нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,000,000 төгрөгнөөс татгалзсан байна. Иймд 10,311,936 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзнэ.

Хариуцагч нь зээлээр бараа авсан талаар болон түүний мөнгөн дүнгийн талаар маргаагүй байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан, улмаар бараа нийлүүлсэн талаар маргаагүй байна. Улмаар дээрх гэрээний дагуу 8,500,000 төгрөгний үлдэгдэлтэй бөгөөд уг төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр төлөхөөр тохиролцсон болох нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч Б.Болдмаа нарын тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 8,500,000 төгрөгний үлдэгдэлтэй боловч хөнгөлөлтөө хасаад 8,286,400 төгрөгийг үндсэн төлбөрт нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. Хариуцагч энэ талаар маргаагүй. Талуудын хооронд байгуулсан төлбөр гүйцэтгэх гэрээний 2.1-д 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. Иймд 3,025,536 төгрөгний алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4-т заасантай нийцэж байна. Мөн нэхэмжлэгч, хариуцагч Б.Хандхүү нар нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулсан байна. Энэ талаар хариуцагч Б.Хандхүү маргаагүй. Энэхүү гэрээний 3.1-д зааснаар хариуцагч Б.Хандхүү нь хариуцагч Б.Болдмаагийн нэхэмжлэгчийн өмнө хүлээх аливаа үүргийг өөрийн хөрөнгөөр батлан даасан байна. Гэрээ нь Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1-д заасан шаардлагыг хангасан байна. Улмаар хариуцагч Б.Болдмаа нь нэхэмжлэгч “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ний өмнө 10,311,936 төгрөгний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч Б.Хандхүүгээс дээрх төлбөрийг хамтран хариуцуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1, 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар хариуцагч Б.Болдмаа, Б.Хандхүү нараас 10,311,936 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М-Си-Эс Кока-Кола” ХХК-д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 179,941 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД