Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 95

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Хохирогч Б.У,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар И овогт Ц.Бт холбогдох эрүүгийн 1918000960081 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, И овогт Ц.Б /РД: /, Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 1, элэгний фиброз ба цирроз өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Энхтуяа нь Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Уыг бусадтай хардан нүүр, цээж хэсэгт олон тооны удаа цохиж эрүүл мэндэд нь дух, баруун, зүүн нүдний зовхи, дотор салст, хацар, хамар, дээд уруул, зүүн доод эрүү, зүүн чих, цээжинд цус хуралт, зүүн чамархай, баруун хацарт зулгаралт, дух, баруун, зүүн нүдний зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- ...шөнө 03 цагийн орчимд Ц.Б ахын утас руу нэг эрэгтэй хүн залгаад намайг асуусан чинь Ц.Б нь босож ирээд намайг тэр залуутай хардаад гараа атгаж байгаад нүүр рүү 4-5 удаа, цээж рүү 2 удаа цохисон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хохирогч Б.Уын өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-7/,

- ...2019 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Б.У бид 2 унтаж байхад шөнө нэг эрэгтэй хүн утсаар Б.Уыг асуухаар нь би уурлаад Б.Уын нүүр рүү 4-5 удаа гараараа цохиж зодсон... гэх шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 18/,

- Б.Уын биед дух, баруун, зүүн нүдний зовхи, дотор салст, хацар, хамар, дээд уруул, зүүн доод эрүү, зүүн чих, цээжинд цус хуралт, зүүн чамархай, баруун хацарт зулгаралт, дух, баруун, зүүн нүдний зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 130 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12/,

- Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэрэг 2 оноо буюу бага түвшинд гэх үнэлгээ /хх-ийн 25-28/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Бийн үйлдлийн улмаас хохирогч Б.Уын биед дух, баруун, зүүн нүдний зовхи, дотор салст, хацар, хамар, дээд уруул, зүүн доод эрүү, зүүн чих, цээжинд цус хуралт, зүүн чамархай, баруун хацарт зулгаралт, дух, баруун, зүүн нүдний зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Б.Уын “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Б, хохирогч Б.У нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Бийн хамтран амьдрагч Б.Уыг зодож эрүүл мэндэд нь дух, баруун, зүүн нүдний зовхи, дотор салст, хацар, хамар, дээд уруул, зүүн доод эрүү, зүүн чих, цээжинд цус хуралт, зүүн чамархай, баруун хацарт зулгаралт, дух, баруун, зүүн нүдний зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.  

Шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй. 

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ц.Б нь урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, элэгний фиброз ба цирроз өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай, нийгмийн халамжийн тэтгэмжид хамрагддаг болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21/, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 29/, Нийгмийн халамжийн дэвтэр /хх-ийн 32/-ээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б нь элэгний фиброз ба цирроз өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай, нийгмийн халамжийн тэтгэмжид хамрагдаж сар бүр 155.000 төгрөгийн тэтгэмжтэй байх тул түүний орлого олох боломжийг харгалзан үзээд түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 50.000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР