Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2016/04740

 

 

 

 

 

 

 

                        2016 оны 06 сарын 13 өдөр

 Дугаар 101/ШШ2016/04740

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, 1 бааз гудамж 4-14 тоотод оршин суух, Боржигон овогт Дашнямын Бямбагэрэл /РД:УХ92070471/,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 хороолол, 13 байр 163 тоотод оршин суух, БОржигин овогт Лхагвасүрэнгийн Батцэнгэл /РД:ТГ82070679/-д холбогдох,

            Гэрээний үүрэгт 3,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, хариуцагч Л.Батцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Бат-Өлзий нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.Батцэнгэл нь 2015.12.11-нд өөрийнхөө өмчлөлийн 8699 УБҮ улсын дугаартай Тоёота Приус маркийн авто машиныг нэхэмжлэгч Д.Бямбагэрэлд 17 сая төгрөгөөр тооцож зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр өгсөн байна. Гэрээ байгуулах үед худалдан авагч нь 1,500,000 төгрөг бэлнээр төлж цаашид cap бүр 650,000 төгрөг төлөхөөр, худалдагч тал тээврийн хэрэгслэлийг хуульд заасны дагуу холбогдох байгууллагад бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлэхээр гэрээнд тохиролцсон байна. Худалдан авагч Д.Бямбагэрэл нь 2016.03.11 хүртэл хугацаанд 1,600,000 төгрөг, төлбөртэй нийт 3,100,000 төгрөг төлсөн байна. Гэтэл үүрэг гүйцэтгүүлэгч буюу худалдагч Л.Батцэнгэл нь худалдсан эд хөрөнгийн эрхийг худалдан авагч талд шилжүүлж өгөхгүй ИХ-ийн 262-р зүйлийн 262.1, 3.8-д заасан үүргээ ноцтой зөрчиж байсан тул Д.Бямбагэрэл нь энэ үүргээ биелүүлэхийг хэд хэдэн удаа шаардаж 2015.01.24-нөөс хойш төлөлт хийх асуудлаа зогсоож гэрээнээс татгалзахаа мэдэгдсэнээр  худалдагч Л.Батцэнгэл нь  автомашиныг булааж буцааж авсан байна. Д.Бямбагэрэл нь гэрээний дагуу урьдчилан төлсөн нийт 3,100,000 төгрөг буцаан авах шаардлага гаргахад өгөхгүй гэж байгаа юм. ИХ-н 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзаж болох ба учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байх тул Л.Батцэнгэлээс 3,100,000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэв.

Хариуцагч Л.Батцэнгэл нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Лхагвасүрэн овогтой Батцэнгэл миний бие иргэн Дашнямын Бямбагэрэлтэй Тээврийн Хэрэгсэл Худалдах, Худалдан авах гэрээг 2015 оны 12-р сарын 5-ны өдөр, мөн 12-р сарын 11-ны өдөр 2 удаа хийсэн болно. Гэрээг 2 удаа хийх болсон шалтгаан нь Д. Бямбагэрэлтэй холбоотой бөгөөд анхлан авсан (2005 оны дөнгөж орж ирсэн Prius 20 машин/ машинаа тухайн өдрийнхөө маргаашнаас өөлж, он залуу машинаар солимоор байна гэж удаа дараа гуйж эхэлсэн болно. Тиймээс, миний бие түүний хүсэлтээр 2009 онд үйлдвэрлэсэн УБҮ8699 дугаар бүхий Toyota Prius 20 маркийн машинийг 12-р сарын 11-ний өдөр ямар ч сэв, доголдолгүйгээр хүлээлгэн өгсөн болно. Энэхүү машиныг худалдан авахын тулд миний эхнэр 2015 оны 11-р сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөгийн 1,8% хүүтэй зээл авсан болно. Энэхүү зээлийн хүү өнөөг хүртэл төлөгдөж байгааг дурдах нь зүйтэй. Дээрх гэрээнүүдийн явцад миний бие иргэн Д. Бямбагэрэлд аливаа доголдол, согоггүй тээврийн хэрэгслүүдийг жолоочийн хариуцлагын даатгал, тээврийн хэрэгслийн даатгалуудын хамт хүлээлгэн өгсөн. Мөн түүнчлэн, миний зүгээс түүнд гэрээний дагуу төлбөрөө төлөхийг шаардсанаас өөрөөр түүнийг дарамталсан, залилсан, гэрээгээ зөрчсөн үйлдэл нэг ч удаа гаргаагүй болно. Харин Д. Бямбагэрэл дээр дурдсан гэрээнүүдээр хариуцлага хүлээж байх явцдаа дараах зөрчил дутагдлуудыг гаргасан болно:

  1. 2015 оны 12-р сарын 5-ны өдөр УБӨ 53-69 машиныг авч 6 хоног хэрэглэх хугацаанд гаргасан нийт 115,200, төгрөгийн торгуулийг төлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч өнөөг хүртэл төлөөгүй.
  2. Тээврийн Хэрэгсэл Худалдах Худалдан Авах Гэрээний 2,4 заалтыг топгмол зөрчсөн. 2015 оны 12-р сарын 05-наас 2016 оны 3-р сарын 23-ны өдрийн хугацаанд төлбөрийг гэрээт хугацаанд бүрэн хийсэн удаа байхгүй. Утсаа салгах, утсанд хариулахгүй байх, төлбөрийг олон хоногоор удаа дараа хоцроох, хойшлуулах, шалтаг тоочих зэрэг зөрчлүүд гаргасан болно.
  3. Төлбөрийг өөрийн дураар байнга хэсэгчлэн төлсөн.
  4. Миний бие автомашинд тээврийн хэрэгслийн даатгал хийлгэж машинд аливаа осол, гэмтэл гарсан тохиолдолд даатгал дуудаж, баримтжуулахыг сануулж байсан боловч машины урд гупер хагалсан, сетка хагалсан, 2 удаа шүргэлцсэн, мөн машины тэнхлэг тохиргоог алдагдуулсан боловч даатгал дуудаж хохирлыг арилгуулаагүй зэрэг гэмтэл учруулсан. Мөн энэ тухай надад мэдэгдээгүй. /Машиныг хураахдаа энэ гэмтлийг дурдахад энэ миний машин болох юм чинь тэр гэмтэл, сэв танд хамаагүй шүү дээ гэсэн/
  5. УБҮ 86-99 автомашинд гаргасан торгуулийн төлбөрийг төлөөгүй.
  6. 250,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй.

Хэдийгээр Д. Бямбагэрэл нь удаа дараа дээрх зөрчлүүдийг гаргасан боловч миний бие түүнд хүлээцтэй хандаж, гэрээг хэвийн үргэлжлүүлж байсан болно. Гэвч 2016 оны 3-р сарын 19-нд надтай уүлзах хүсэлт тавьсны дагуу миний бие 3-р сарын 23-ны өдөр түүнтэй уүлзсан. Тэрээр надад 7 хоногийн дараа Австри улс руу явахаар болсон гэж хэлээд надад доорх 3 шаардлагыг ээлжлэн түлгасан:

  • Түүний төлсөн урьдчилгаа төлбөр болох 1,500,000 төгрөгийг түүнд буцааж төлөх /түүний хувьд гэрээг хангалттай зөрчсөн учраас боломжгүй гэдгийг хэлсэн/
  • Эсвэл энэ гэрээг хэвээр үргэлжлүүлээд тэрээр гадаадаас төлбөрөө үргэлжлүүлэн шилжүүлэх /хэрвээ түүний эзгүйд машинд осол гэмтэл учирвал би гадаадад байгаа хүнд нэхэмжлэл гаргах боломжгүй тул зөвшөөрөх боломжгүй/
  • Эсвэл хэсэг хугацааны дараа түүний гадаадад явахаар барьцаалсан 5,000,000 төгрөг чөлөөлөгдөхөд түүнийг надад төлөөд машиныг шууд өөр дээрээ болгож авъя гэсэн. /миний хувьд 10 сая төгрөг 1 сарын 1,8%-ийн хүүтэй зээлж авсан байсан түл түүнд 8,100,000 төгрөгөөр машинаа өгөх үндэслэлгүй. Ямар ч бизнес хийж байгаа хүн ийм алдагдалтай саналыг хүлээн авахгүй.

Д. Бямбагэрэл нь 7 хоногийн дараа гадаад руу явах болсон гэж өөрөө надад хэлсэн тул миний хувьд өөрийн эрсдлээ тооцоолох нь зайлшгүй. Тиймээс би түүнд тодорхой орлоготой, гэрээг үргэлжлүүлээд явах чадвартай хүн авчиртал машинаа хураалаа, түүнтэй гэрээг үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ хэлж, тайлбарласан болно. /Миний хувьд шууд машиныг хураан авах эрх ч байсан боловч дахин боломж олгосон/ Гэвч тэрээр намайг луйварчин, сурчихсан залилагч гэх мэтчилэн элдвээр доромжилсон. Өөрөө намайг доромжилсныхоо дараа ойр ойрхон залгаж, мессеж бичиж намайг сүрдүүлэх гэж оролдсон тул би түүнд гомдол гаргах эрх нь нээлттэй байгааг сануулснаас өөрөөр түүнтэй аливаа маргаан үүсгээгүй болно. Мөн түүнчлэн тэрээр эхнэрийнхээ нэрээр гэрээг шинэчлэн хийх хүсэлтэй байгаагаа надад хэлсэн. Түүний эхнэр нялх хүүхэдтэй, эрхэлсэн ажилгүй, оюутан гэж Д. Бямбагэрэл өөрөө надад хэлж байсан болно. Та бүхэн миний Д. Бямбагэрэлтэй байгуулсан гэрээг нарийвчлан анзаарбал сарын 4,1% хүүтэй зээлтэй адилтгаж болох бегөөд миний бие түүнээс 1,8% хувийг банкны хүүнд төлж зөвхөн 2,3% хувийн ашиг харж буй бизнес байсан боловч өнөөдөр уг машин маань сул зогсож миний бие банкны хүүг үргэлжлүүлэн төлөх байдлаар хохирол амссаар байгаа. Түүгээр зогсохгүй, би хувийн шалтгааны улмаас орон нутагт ажиллаж байгаа бөгөөд Д. Бямбагэрэлтэй холбоотой шалтгаанаар маш олон удаа зардал, чирэгдэл болж Улаанбаатарт очиж байсан. Иймээс машинд учруулсан хохирол, үлдэгдэл төлбөр, өмгөөллийн төлбөр, торгууль, алданги зэргийг бодитоор үнэлүүлж өөрт учирсан хохирлыг мөн нэхэмжлэхээ мэдэгдье. Д. Бямбагэрэл нь энэхүү гэрээний явцад өөрийгөө туйлбаргүй, хариуцлага хүлээх чадваргүй, түргэн, хувирамтгай, дураараа ааштай гэдгээ удаа дараа харуулж байсан. Аливаа гэрээнд оролцогч талуудад хүлээсэн үүрэг, хариуцлага, эрх мөн гэрээгээ зөрчсөн тохиолдолд үүсэх хариуцлага, эрсдэл гэж байдаг. Миний хувьд дээрх машиныг одоогоор бусдад худалдаж, түрээслэх байдлаар ашиг олоогүй харин зогсоолын болон банкны төлбөрийг төлсөөр байгаагаа дахин дурдъя. Мөн түүнчлэн машин түрээсийн үйлчилгээний өнөөгийн зах зээлийн ханш өдрийн цагаар 30,000₮ хоногоор 50,000-70,000₮ байдгийг харгалзвал Д. Бямбагэрэл нь өөрийн төлсөн 3,100,000₮-нд машиныг 110 хоног хэрэглэж, мөн гэмтэл учруулсан нь миний түүнд ямар ч төлбөр буцаан төлөх үндэслэлгүйг батална. Д. Бямбагэрэл нь өөрийн гаргасан нэхэмжлэлдээ дурдсан огноо, шалтгаан бүгд зохиомол байгаа тул та бүхэн өөрсдийн эрх мэдлийн хүрээнд түүний нэхэмжлэлийн үндэслэл, бодит байдлыг нарийвчлан шалгаж бусдыг үндэслэлгүйгээр гүтгэж, зохиомол нэхэмжлэл үүсгэж байгаад нь зохих хариуцлагыг давхар тооцож өгнө үү. Миний хувьд автомашин нь 2015 оны 12-р сарын 11- ээс 2016 оны 3-р сарын 23-ны оройг хүртэл Д. Бямбагэрэлд байсныг тогтооход шаардлагатайг нотлох боломжтой байршлуудыг тогтооход шаардлагатай мэдээлэл өгөх боломжтой. Мөн бидний хооронд бичилцсэн мессеж, утасны дуудлагуудыг шалгана уу. Тээврийн Хэрэгсэл Худалдах, Худалдан авах Гэрээний 3,8 заалт хууль дүрмийн дагуу хэрэгжих хугацаа болоогүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Учир нь аливаа хөрөнгийг зээлээр худалдахад зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дууссанаар худалдагч нь худалдан авагчид нэрийг шилжүүлж өгдөг практиктай. Тиймээс миний хувьд автомашиныг түүний нэр дээр шууд шилжүүлэх үүрэг хүлээгээгүй болно. Үүнийг Д. Бямбагэрэл ч мэдэж байгаа. Тиймээс түүний зүгээс ч надад ийм утгагүй шаардлага хүргүүлсэн явдал байхгүй. ИХ-ийн 227-р зүйлийн 227,1-ийн дагуу Д. Бямбагэрэл удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, / зөрчлийг 1-р сарын 25-нд сануулсан/ мөн гэрээг хариуцагчгүй үлдээж гадаадад гарахаар завдаж байсан тул миний хувьд гэрээнээс татгалзаж эд хөрөнгөө хураах эрхтэйгээс гадна Тээврийн хэрэгсэл Худалдах, Худалдан Авах Гэрээний 3,1 заалтын дагуу түүнд урьдчилгаа, болон явцын төлбөрийг буцаан төлөхгүй тохиролцоотой болохыг мэдэгдье гэв.

Хавтаст хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь 3,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзсан тул урьдчилан төлсөн төлбөрийг гэрээнд зааснаар буцаан олгох үндэслэлгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, мөн оны 12 дугаар сарын 11-ны өдөр тус тус тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд 11-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү гэргээгээр  зохигчид 8699УБҮ улсын дугаартай автомашиныг зээлээр худалдаж, худалдан авахаар тохиролцжээ. Улмаар нэхэмжлэгч нь урьдчилгаанд 1,500,000 төгрөг, гэрээний хэрэгжилтийн явцад 1,600,000 төгрөг, нийт 3,100,000 төгрөг төлсөн талаар хариуцагч маргаагүй. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарласан. Улмаар хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, биелүүлэхийг удаа дараа шаардсан, гадаад улс уруу явахаар болсон тул автомашиныг буцааж авсан гэж тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Харин хариуцагч нь маргаж буй автомашиныг нэхэмжлэгч ашиглах явцдаа гэм хор учруулсан, мөн оногдуулсан торгуулийг төлөөгүй байгаа гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг нотлоогүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйг дурдах нь зүйтэй. Иймд хэрэв хариуцагч нь өөрт учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргавал энэ шийдвэр саад болохгүй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Л.Батцэнгэлээс 3,100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бямбадэлгэрт олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 64,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД