Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 100

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Н.Бд холбогдох эрүүгийн 1918000000094 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Н.Б /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Энхтуяа нь Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 23:00 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 10 дугаар хэсэг, 4 дүгээр гудамж, 66 тоотод хадам аав М.Стай маргалдаж, улмаар хутгаар хоолойн баруун хэсэг, баруун далны хэсэгт тус тус хатгаж эрүүл мэндэд нь хүзүү хоолойн баруун хажуу болон баруун далны доод хэсгийн шархнууд, баруун гарын эрхий хуруу дахь зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- ...хүргэн Н.Бтой маргалдаад зодолдсон. Тэгтэл хүргэн ширээн дээр мах хэрчиж байгаад орхисон шар модон иштэй хутгыг аваад миний хүзүүний баруун тал руу нэг удаа, баруун далны доод хэсэгт нэг удаа тус тус хатгасан. Тэгэхээр нь би “чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэхэд охин маань биднийг салгасан. ...Надад гомдол санал байхгүй. Мөн нэхэмжлэх ямар нэгэн эмчилгээний төлбөр байхгүй гэх хохирогч М.Сын өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- ...аав М.С, нөхөр Н.Б нар хоорондоо зодолдоод эхэлсэн. Нэг харахад аав М.С нь “намайг хутгалчихсан байна шүү дээ” гээд хүзүүнийхээ баруун хэсгийг гараараа дарчихсан зогсож байсан... гэх гэрч З.Сийн мэдүүлэг /хх-ийн 17-18/,

- ...Тэгээд гэртээ ороход хадам аав “чи миний охин руу юу гээд байгаа юм бэ?” гэхэд нь би “танд хамаагүй шүү” гэж хэлсэн. Тэгээд бид 2 барилцаж аваад хэсэг хэрэлдэж байгаад би ширээн дээр байсан шар өнгийн модон иштэй хутгыг аваад хадам аав М.Сын хүзүүний баруун тал руу 1 удаа, нурууны зүүн хэсэгт 1 удаа хатгасан... гэх шүүгдэгч Н.Бын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21/,

- Хэрэг учрал гарсан гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 10 дугаар хэсгийн 14 дүгээр гудамжны 66 тоот... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9/,

- ...бор шаргал өнгийн модон бариултай, саарал өнгийн ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон зах ирмэг хэсэг нь шатсан байж болохоор харласан цаас зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12/,

- М.Сын хүзүүний баруун тал 0.5-1 см орчим, цээжний ар тал, 6 дугаар хавирганы түвшинд 0.5-1 см орчим хатгагдсан шархтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч У.Алтансүхийн тодорхойлолт /хх-ийн 26/,

- М.Сын биед хүзүү хоолойн баруун хажуу болон баруун далны доод хэсгийн шархнууд, баруун гарын эрхий хуруу дахь зулгаралт тогтоогдлоо. Дээрх шарх, зулгаралт нь хурц ир үзүүртэй багажны хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. М.Сын биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 180 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Бын үйлдлийн улмаас хохирогч М.Сын биед хүзүү хоолойн баруун хажуу болон баруун далны доод хэсгийн шархнууд, баруун гарын эрхий хуруу дахь зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч М.Сын “...Надад гомдол санал байхгүй. Мөн нэхэмжлэх ямар нэгэн эмчилгээний төлбөр байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, хохирогч М.С, шүүгдэгч Н.Б нар хоорондоо байгуулсан 1145 дугаартай эвлэрлийн гэрээ /хх-ийн 49/-ээр тус тус нотлогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд; тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү болон энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж заажээ.

Шүүгдэгч Н.Б нь хохирогч М.Сын охин З.Сэтэй хамтран амьдардаг, шүүгдэгч, хохирогч нар нь хадам эцэг, хүргэний харилцаатай боловч Н.Б нь Дархан-Уул аймагт, М.С нь Улаанбаатар хотод буюу тусдаа амьдардаг болох нь хэрэгт авагдсан Н.Бын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40/, М.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч, хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна.

Иймд шүүгдэгч Н.Бын хадам аав М.Стай маргалдаж, улмаар хутгаар хоолойн баруун хэсэг, баруун далны хэсэгт тус тус хатгаж эрүүл мэндэд нь хүзүү хоолойн баруун хажуу болон баруун далны доод хэсгийн шархнууд, баруун гарын эрхий хуруу дахь зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.  

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй. 

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Н.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй боловч хувиараа хөдөлмөр эрхэлж, тогтмол бус орлоготой болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, Н.Бын ХААН банк дахь дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 51-56/-аар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлж, тогтмол бус орлоготой байх тул түүний орлого олох боломжийг харгалзан үзээд түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр буюу сар бүр 50.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн модон бариултай, саарал өнгийн ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон за ирмэг хэсэг нь шатсан байж болохоор харласан цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 50.000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн модон бариултай, саарал өнгийн ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон за ирмэг хэсэг нь шатсан байж болохоор харласан цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР