Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/02104

 

 

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/02104

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/03069 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

гэрээний үүрэгт 17,080,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

968,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Монгол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А ХХК нь Б ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр харуул хамгаалалтын гэрээ байгуулж уг гэрээгээр А ХХК нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд талын Хөл бөмбөгийн талбайн спорт цогцолборт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх, Б ХХК нь ажлын хөлсөд өдрийн 80,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

Б ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс болох 1,040,000 төгрөгийг төлөөгүй.

Мөн гэрээний 7.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг тооцвол 520,000 төгрөг төлөх үүрэгтэй болно.

1.2. Гэрээний 8.1 дэх хэсэгт Хэрэв аль нэг тал урьдчилан мэдэгдэлгүйгээр гэрээг гэнэт цуцалбал гэрээний баталгаат хугацааны үлдэх хоногт ногдох төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгийг гэрээг гэнэт цуцлагч тал нөгөө талд олгоно гэж заасан ба Б ХХК нь урьдчилан мэдэгдэлгүйгээр гэрээг цуцалсан тул баталгаат хугацааны төлбөр буюу өдрийн 80,000 төгрөгөөр тооцож 194 хоногт ногдох 15,520,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт нийт 17,080,000 төгрөг гаргуулж өгнө үү.

1.3. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хамгаалалтын талбайд ТҮЦ буулгаагүй, хашааны гадна буулгасан байсан ба ТҮЦ-ийн өмчлөгч нь буцаан авсан. Хамгаалалтын ажилтан согтууруулах ундаа хэрэглээгүй тул цалингаас нь суутгах боломжгүй.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. Хамгаалалтын талбайд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр үл таних этгээдүүд ТҮЦ буулгасан байсныг хамгаалалтын ажилтан согтуу байсан учир мэдээгүй, ажлын хариуцлага алдсан. Манай компани тус ТҮЦ-ийг хамгаалалтын талбайгаас чөлөөлөхөд 808,000 төгрөгийн зардал гаргасан.

Мөн нэхэмжлэгч байгууллагын хамгаалалтын ажилтан 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажлын байран дээр архидан согтуурсан.

Иймд гэрээний үүргээ удаа дараа зохих ёсоор биелүүлээгүй тул манай компаниас гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүргүүлсэн. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

2.2. Түүнчлэн А ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан ТҮЦ нүүлгэхэд гарсан зардал 808,000 төгрөг, ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй өдрийн цалин 160,000 төгрөг, нийт 968,000 төгрөгийг А ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэг, 365 дугаар зүйлийн 365.1.3-т заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 2,840,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 14,240,000 төгрөгийн хэсгийг, хариуцагч Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,460 төгрөг, хариуцагч Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,782 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас 60,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагчийн өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй, эрх үүрэг тайлбарлаагүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх, үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, цаашлаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийн эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэрэгт шинээр авагдсан "нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн" зэрэг 17-57 дугаар хуудсанд авагдсан баримттай танилцуулсан, мөн шүүх хуралдааны товыг хариуцагч бус В-д мэдэгдсэн. 3.Нямзул нь хариуцагчийг төлөөлөх эрх олгогдсон баримт хэрэгт авагдаагүй байна.

4.2. Иргэний хэргийн 31-36 дугаар талд авагдсан нотлох баримтыг хуулийн шаардлага хангуулж аваагүй, үзлэг хийгээгүй, нотлох баримтаас хасаагүй байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан сиди-нд үзлэг хийгээгүй, ажилтан согтуу байгаа бичлэгийг "он сар тодорхойгүй" гэх үндэслэлээр үнэлээгүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Хэргийн 46-р талд авагдсан "Б" ХХК-ний Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн албан тоотоор ТҮЦ-ийг хамгаалалт бүхий талбайд буулгасан нотлох баримт авагдсан байтал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн ТҮЦ-г гэрээт бус талбайд буулгасан мэтээр үндэслэлгүй дүгнэсэн.

4.3. Хэрэгт цугларсан нотлох баримт хангалтгүй, гэрээний аль тал гэрээг цуцалсан нь тодорхойгүй байхад шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хуульд заасан эрхээ хэрэгжүүлж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах боломжтой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн өмгөөлөгч Ц. Монгол нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувийг гардан авах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хэргийн материалтай тухай бүр танилцсан.

Өмгөөлөгч Ц.Монгол нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд хоцорч ирсэн бөгөөд нэгэнт шүүх хуралдаан эхэлсэн байсан тул шүүх хуралдаанд оролцуулаагүй, энэ нь түүнийг шүүх хуралдааны товыг мэдэж байсан болохыг нотолно.

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид өөрсдийн шаардлага болон татгалзлаа нотлох үүрэгтэй. Хариуцагч нь хэрэг шийдвэрлэх хүртэл 4 сарын хугацаанд өөрсдийн татгалзлаа нотлох баримтыг гаргаж өгөөгүй, үүнд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна. Хариуцагчийн зүгээс хүсэлт гаргаагүй учраас тухайн сиди-нд үзлэг хийгээгүй.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б-д холбогдуулан харуул хамгаалалтын гэрээний үүрэгт 17,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 968,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр харуул хамгаалалтын гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр А ХХК нь хөл бөмбөгийн талбайн спорт цогцолборт хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх, Б ХХК нь гэрээний биелэлтэд хяналт тавьж, нэг хамгаалагчид өдрийн 80,000 төгрөгөөр тооцож ажлын хөлс төлөх, гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам нийт төлбөрийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

 

3.1. Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ цуцлагдсан үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс 1,040,000 төгрөг, алданги 520,000 төгрөг, 194 хоногт ногдох баталгаат хугацааны төлбөр 15,520,000 төгрөг, нийт 17,080,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн гэж маргаж, улмаар гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан зардал 808,000 төгрөг, ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй өдрийн цалин 160,000 төгрөг, нийт 968,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3.2. Анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагчийн санаачилгаар гэрээ цуцлагдсан гэж дүгнэхдээ гэрээ цуцлагдах болсон шалтгаан, нөхцөлийн талаарх зохигчийн мэтгэлцээний байр суурьд эрх зүйн дүгнэлт өгөөгүй, холбогдох үйл баримтыг бүрэн тогтоогоогүй байна.

 

3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т зааснаар шүүх хэргийн оролцогчдод эрх, үүрэг тайлбарлах замаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах, маргааны зүйл болж буй үйл баримтыг тогтоох, энэ талаарх зохигчийн мэтгэлцээний байр суурийг чиглүүлэх үүргийг хүлээнэ.

Уг хуулийн зохицуулалтын дагуу анхан шатны шүүх гэрээ цуцлагдах болсон шалтгаан, нөхцөлийн талаар зохигчийг мэтгэлцүүлэх, үүнд холбогдох баримтад үзлэг хийх шаардлагатай эсэхийг тодруулах үүргээ хэрэгжүүлээгүй байна. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

 

3.4. Иймд гэрээний аль талын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдоогүй тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, гэрээнд заасан алданги болон баталгаат хугацааны төлбөрийн талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй.

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.

 

4. Хэргийн оролцогчийн хуулиар хүлээх эрх, үүрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн гүйцэтгэсэн ажиллагаа зэргийг харьцуулан авч үзэхэд эрх, үүрэг тайлбарлаагүй, хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй зэрэг давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/03069 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,780 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ