Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 83

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

   Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

   Хохирогч С.Э-,

   Шүүгдэгч Т.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.М-д холбогдох эрүүгийн 1818008400015 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, Т.М-, 2000 оны 12 сарын сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй,  яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн механик инженерийн 1-р дамжааны оюутан, ам бүл 3, өвөө, эмээ нарын хамт оршин суух урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

   Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

    Шүүгдэгч Т.М- нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн нагац ах С.Э-ын “Голомт” банк дахь ................ дугаартай хугацаатай хадгаламжийн данснаас түүний интернет банк үйлчилгээний нэвтрэх нэр, нууц үгийг зөвшөөрөлгүй ашиглан 620 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

   Шүүгдэгч Т.М-ийн өгсөн: Би 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймагт цэрэг татлагат ирээд байж байх хугацаандаа 10 дугаар сарын 13-ны өдөр нагац ах С.Э-ын гэрт ороод гаръя гэж бодсон. Намайг ороход С.Э- ах ганцаараа амарч байсан. С.Э- ахаас утсаар чинь ганц ярьчихаад өгье гэж хэлээд найз Тайшир луу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би утсыг нь оролдож байгаад мессеж рүү нь орж үзэхэд Голомт банкны интернет банкны нууц үг болон нэвтрэх нэр байсан. Түүнийг хараад би өөрийн утсаа интернетэд холбоод Голомт банкны интернет банк руу ах С.Э-ын нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан ороход боломжит мөнгөн дүн 1 000 000 гаран төгрөг байсан санагдаж байна. Би эхний удаад Хаан банкны 5429399375 дугаарын данс руу 20 000 төгрөг авсан. Дараа нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 150 000 төгрөг, Дараа нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 10 000 төгрөг, тэр өдрөө дахиад 61 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 98 000 төгрөг, хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 159 000 төгрөг авсан. Би энэ мөнгийг Улаанбаатар хотод байхдаа хоол, өмсөх хувцас зэрэгт зарцуулсан. Би 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 660 000 төгрөгийг Голомт банкны данс руу нь шилжүүлж хохиролгүй болгосон гэх мэдүүлэг,

 

   Хохирогч С.Э-ын өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Голомт банк ороод хадгаламж барьцаалсан зээлийн төлбөр 160 000 төгрөгийг төлөх гээд очиход таны нэр дээр дахиад 3 зээл байна гэхээр нь тодруулж асуухад Тамир гэж нэр нийт 3 удаа 660 000 төгрөгийн зээл авсан байсан. Энэ бүх зээлийг 7 хоногийн дотор интернет банк ашиглан авсан байсан. Тэгэхээр нь би Тамирын хүү Т.М-ээс чи миний данснаас мөнгө авсан уу гэхэд аваагүй гэсэн. Би цагдаад хандлаа шүү гэхэд Т.М- нь тэг тэг гэсэн. Ингээд би цагдаад өргөдөл өгсөн юм. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. 660 000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр хүлээж авч хохиролгүй болсон гэх мэдүүлэг,

 

   Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Гэрч М.Г- өгсөн: Харилцагчийн хүсэлтийн дагуу интернет банкны үйлчилгээг тухайн иргэний бичиг баримтыг үндэслэн энэ үйлчилгээг олгодог. Нэвтрэх нэрийг харилцагчид өөрт нь хэлж өгдөг. Үүнийг харилцагч ямар нэг байдлаар хадгалж авна. Анх энэ үйлчилгээг авахад нэг удаагийн нууц үгийг олгодог бөгөөд энэ нууц үгээр уг үйлчилгээг идэвхжүүлж цаашид хэрэглэх нууц үгийг өөрөө солино. Харин сольсон нууц үгээ хадгалж авах эсэх асуудал тухайн хүний эрхийн асуудал. Тухайн хүний нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж байгаа тохиолдолд интернет банкаар ороод сонголтын цэснээс хадгаламж барьцаалсан зээлийг сонгож тухайн хадгаламжид байгаа мөнгөн дүнгийн 85 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авч болдог гэх мэдүүлэг /хх 20/,

   Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-8/, хохирогч С.Э-ын Голомт банкны дансны хуулга /хх 35-39/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

   Шүүгдэгч Т.М-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

   Хохирогч С.Э-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн "Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. 660 000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч хохиролгүй болсон" гэх мэдүүлгээр шүүгдэгч Т.М-ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

   2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Т.М- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

   Шүүгдэгч Т.М- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 41-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

   Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тэнссэн 1 жилийн хугацаанд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.М-д хорих ял оногдуулахгүйгээр, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

            3.Шүүгдэгч Т.М-ийн тэнссэн 1 жилийн хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

   4.Эрүүгийн 1818008400015 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

   5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   6.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ