| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0062/Э |
| Дугаар | 70 |
| Огноо | 2019-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Э-д холбогдох 1834009280101 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Төв аймаг Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг “Баруун цуурай” гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, И овогт Т.Э гэв.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Т.Э нь Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг “Баруун цуурай” гэх газар 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.О-ын цээжин тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хх-08 тал/, хохирогч Д.О-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-11-14 тал/, гэрч Ж.Дулмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-17-18 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №714 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-23-24 тал/, шүүгдэгч Т.Э-гаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-19-20 тал/, шүүгдэгч Т.Эгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33 тал/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-37 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-38 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-39 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Т.Э нь Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг “Баруун цуурай” гэх газар 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.О-ын цээжин тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.О-ын: “... Би 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн үед манай хойд аав Т.Э архи ууж ирээд мотоциклийн түлхүүр өгөөч хөдөө яваад ирмээр байна гэхэд чамд түлхүүр өгөхгүй гээд намайг бариад авахаар нь суу гээд дугтарч унагаасан. Тэгсэн чинь өмднөөсөө хутга гаргаж ирээд миний цээж рүү хутгалсан” гэх мэдүүлэг /хх-12 тал,
Гэрч Ж.Дулмаагийн: “Би 2018 оны 11 сарын 11-ний өдөр 17 цагийн үед Т.Э хониндоо явж ирэхдээ согтуу ирсэн. Тэгэхээр нь чи хаана архи уусан бэ гэхэд Дамдин ах адуунд явж байгаад архи өгсөн гэж хэлсэн. Тэгтэл утсаар Мягмар яриад Элбэгийг нааш нь явуулаач энд үхэр усанд унасан байна гэхээр нь энэ хүн согтуу байна Отгонбаатарыг явуулна гэсэн. Тэгсэн Т.Э би яваад ирмээр байна гэхээр нь би хамт явна гэхэд болиод гэртээ орсон. Манай хүү Т.Эгаас түлхүүрээ өгчих гэтэл өгөхгүй гээд өөдөөс нь бариад авсан. Хүү нэг дугтараад унагаатал хутга гаргаж ирээд над руу нэг дайраад буцаад хүүг маань цээжин тус газар нь хутгалсан” гэх мэдүүлэг /хх-18 тал/,
Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №714 дугаартай шинжээчийн “1.2.Д.Отгонбаатарын биед цээжинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Уг гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт хх-23-24 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-37 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-38 тал/ мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Хохирогч Д.О-ын цээжин тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Т.Э-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэг
Шүүгдэгч Т.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Т.Э-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгчийн гэмт буруутай үйлдэлд тохирсон байна гэж шүүх дүгнэж шүүгдэгч Т.Э-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болно.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И овогт Т.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-г 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажиллуулахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад /Төв аймгийн Эрдэнэ сумын тамгын газарт/ даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг устгахийг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ