| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2022/03807/И |
| Дугаар | 210/МА2023/02146 |
| Огноо | 2023-12-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2023/02146
| 2023 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 210/МА2023/02146 |
“А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/02915 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б- В- нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 182,191,892 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Зээлдэгч Б- нь зээлээ төлөхгүй байсан тул бид 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Тус шүүхээс манай олгосон зээлийн зарим хэсгийг бэлнээр олгоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгохдоо өмнөх хаагдсан зээлийн гэрээнүүдийн төлбөрийг төлөгдөөгүй гэж үзсэн тул уг зээлүүдийг хүүгийн хамт төлөх үүрэг хариуцагчид мөн хэмжээгээр ногдоно.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаар шийдвэрт ЗГ2772016 тоот гэрээний 20,000,000 төгрөгийн зээлийг бодитоор олгоогүй тул мөн өдрийн хөрөнгийг зээлийн төлбөрт тооцсон өмнөх ЗГ2332016, ЗГ2482015, ЗГ0912016, ЗГ3812015 тоот гэрээний үүрэг мөн дүнгээр төлөгдөөгүй, уг зээлүүдийг хүүгийн хамт төлөх үүрэг хариуцагчид мөн хэмжээгээр ногдоно хэмээн дүгнэсэн.
Тус шийдвэрийн үндэслэл хэсэгт мөн ЗГ2332016 тоот гэрээний 40,000,000 төгрөгөөс бодитоор 6,206,722 төгрөг олгосон гэж шүүх дүгнэсэн тул мөн өдрийн дутуу олгосон хөрөнгийг зээлийн төлбөрт тооцсон өмнөх ЗГ1022015, ЗГ0912016, ЗГ1472015 тоот гэрээний үүрэг мөн дүнгээр төлөгдөөгүй, уг зээлүүдийг хүүгийн хамт төлөх үүрэг хариуцагчид мөн хэмжээгээр ногдоно гэсэн.
Иймд Б-гаас 5 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 150,147,724 төгрөг, Б-, В- нараас хамтран авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 32,441,68 төгрөг, нийт 182,191,892 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3/131, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 3/158, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/25, 3/26, 3/27, 3/28 тоот албан бичгүүд болон 2018 оны 06 дугаар сарын 04, 2018 оны 08 дугаар сарын 24-ний албан бичгүүддээ хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн тул барьцааны зүйлийг чөлөөлүүлэх хүсэлттэй болохоо илэрхийлсэн байдаг.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181 дүгээр шийдвэрт 1022015, 2482015, 0912016, 1472015,3812015 тоот зээлийн гэрээнүүд нь төлөгдөж дууссаныг дурдсан.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-гаас 6,678,273 төгрөгийг, хариуцагч Б-, В- нараас 9,030,921 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгож, үлдсэн 166,482,698 төгрөгийг хэрэгсэхгүй болгож
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,068,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 121,802 төгрөгийг, хариуцагч Б-, В- нараас улсын тэмдэгтийн хураамжид 159,444 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагаас 166,482,698 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Нэхэмжлэгчийн зүгээс барьцаа хөрөнгийг цуцлах албан бичгүүдийг шүүхэд хандахаас өмнө Б- нарын төлж дууссан зээлийн гэрээнүүдийг үндэслэн хэсэгчлэн цуцалж байсан. Гэвч эдгээр гэрээнүүдийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаар шийдвэрээр дуусаагүй гэж үзсэн.
Тус шийдвэрийн дагуу Б-гаас 71,681,727 төгрөгийн төлбөрийг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж тус ажиллагааны явцад тодорхой хэмжээнд төлбөр хийгдэж байсан тул зарим барьцаа хөрөнгийг хариуцагчийн хүсэлтийн дагуу барьцаанаас чөлөөлсөн.
Б- нь зөвхөн 181/ШШ2021/01133 дугаар шийдвэрийн дагуу 71,681,727 төгрөгийг төлбөрийг тодорхой хугацаанд цувуулан гүйцэтгэсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж, барьцааны үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шаардсан тул бид чөлөөлсөн.
Дээрх үйл баримт нь зээлийг бүрэн төлж барагдуулсан гэсэн үг биш бөгөөд тухайн шүүхийн шийдвэрт зааснаар нэхэмжлэл гаргах эрхээсээ татгалзаж байгаа хэрэг бүр биш юм. Иймд 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3Г1472015 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 21,672,704 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3Г2482015 тоот зээлийн гэрээ үлдэгдэл 6,333,900 төгрөг болон 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 3Г2332016 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 4,568,000 төгрөгийг тус тус нэхэмжлэх эрх 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1191 дугаар магадлалд зааснаар хэвээр байгаа гэж үзэж байна.
№ЗГ3812015 зээлийн гэрээний үүрэг 5,449,480 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй болохыг баримтаар нотлоогүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй, хариуцагч талаас тухайн нэхэмжлэлийг хэрхэн яагаад төлөх үндэслэлгүй вэ гэдгээ нотолсон баримтгүй байхад зөвхөн нэхэмжлэгч л нотлох үүрэгтэй мэтээр хуулийг буруу тайлбарласан.
Мөн шүүх хуулийг буруу тайлбарлан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхийг хасч тооцсонд гомдолтой байна. Дээрх 2 гэрээний үнийн дүн үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэл байхад тус дүнд нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон гэж үзсэн нь үндэслэлгүй, энэ нотлох баримтаар тогтоогдохгүй, түүнчлэн хариуцагч дээрх асуудлаар маргаагүй болно.
Иргэний хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх талаар тусгасан, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаар шийдвэрт заасны дагуу №ЗГ1022015, №3Γ1472015, №3Г2482015, №ЗГ3812015, №3Γ0912016, №3Г2332016 тоот зээлийн гэрээнүүдийн төлөгдөөгүй дүнгээр хүүгийн хамт төлөх үүрэг хариуцагчид ногдоно гэж заасны дагуу Б-, В- нараас нэхэмжилсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Зээлийг гэрээ дуусгавар болсны дараа нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх албан тоотыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт явуулж байсан. Хариуцагч нарыг зээлийн төлбөрөө хэсэгчилж төлсөн мэтээр тайлбарласан нь илт гуйвуулсан байна.
Нэхэмжлэлд дурдсан 7 гэрээний дагуу зээлсэн бүх зээлийг төлж дууссан тул барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай албан тоотыг Улсын бүртгэлийн газар руу явуулж, энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргасан.
Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна.
3. Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь хариуцагч Б-д холбогдуулан 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ1022015 тоот, 20,000,000 төгрөг олгосон зээлийн гэрээний үүрэгт 22,131,796 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ1472015 тоот, 45,000,000 төгрөг олгосон зээлийн гэрээний үүрэгт 71,823,340 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ2482015 тоот, 40,000,000 төгрөг олгосон зээлийн гэрээний үүрэгт 22,160,035 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ3812015 тоот, 20,000,000 төгрөг олгосон зээлийн гэрээний үүрэгт 17,657,187 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ2332016 тоот, 40,000,000 төгрөг олгосон зээлийн гэрээний үүрэгт 16,375,366 төгрөг,
хариуцагч Б-, В- нарт холбогдуулан 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ0912016 тоот, 25,000,000 төгрөг олгосон зээлийн гэрээний үүрэгт 32,044,168 төгрөг, нийт 182,191,892 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1191 дугаар магадлалаар 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ2332016, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ2772016 тоот зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б-гаас 72,774,826 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Мөн дээрх шийдвэр, магадлалд энэ хэргийн маргааны зүйлд хамаарч буй 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ1022015, 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ1472015, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ2482015, 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ3812015, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ0912016 тоот зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтөд холбогдох зарим үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийсэн байна.
3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.
Гэхдээ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1191 дугаар магадлалд маргаан бүхий зээлийн гэрээнүүдийн талаар дүгнэлт өгөхдөө тухайн зээлийн гэрээний дагуу бодитоор олгогдсон мөнгөн хөрөнгийн хэмжээ, эргэн төлөлтийн нийт хэмжээ болон хугацаа, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, бодогдох хугацааны талаар дэлгэрэнгүй дүгнээгүй.
3.3. Иймд анхан шатны шүүх зөвхөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалд дурдсан үйл баримтад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй зээлийн гэрээнүүдэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчид хэзээ, ямар хэмжээний зээл олгосон, ийнхүү олгосон зээлийн эргэн төлөлтийг хариуцагч хэзээ, ямар хэмжээгээр гүйцэтгэсэн талаарх санхүүгийн анхан шатны баримтыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримттай харьцуулсны үндсэн дээр шүүхийн зүгээс зохигчийн байгуулсан зээлийн гэрээнд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна.
Түүнчлэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр зохигчийн байгуулсан ЗГ1022015, ЗГ1472015, ЗГ2482015, ЗГ3812015, ЗГ0912016 тоот зээлийн гэрээнүүдийн талаар өгсөн дүгнэлтийг анхан шатны шүүх харилцан адилгүй байдлаар тайлбарлаж зөрүүтэй дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй болсныг дурдвал зохино.
4. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/02915 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 990,370 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Т.БАДРАХ