Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Ганболд |
Хэргийн индекс | 101/2014/06700/и |
Дугаар | Дугаар 101/ШШ2016/04913 |
Огноо | 2016-06-23 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар Дугаар 101/ШШ2016/04913
2016 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 101/ШШ2016/04913 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 1 байр 21 тоотод оршин суух, Хөвүүд овогт Батмөнхийн Батжаргал /РД:ЦА65021511/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202 байр 30 тоотод оршин суух, Бэсүд овогт Галсанпунцагийн Нарантуяа /УК70030207/ -д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батжаргал, хариуцагч Г.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1997 онд Г.Нарантуяатай танилцаж 1999 оны 9-р сарын 27-ны 607 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 1999 оны 6-р сарын 23-нд хүү Б.Нэгүүн-Очир, 2002 оны 1-р сарын 11-нд хүү Нэмүүн-Очир нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2004 онд салаад 12 жил тусдаа амьдарч байна. Хоёр хүү эх Г.Нарантуяагийн асрамжид өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрахгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Миний бие хүүхдийн боловсрол ирээдүйд тусалж байхаар Г.Нарантуяатай тохирсон. Хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээнэ. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Г.Нарантуяа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Б.Батжаргалын тус шүүхэд хандаж гаргасан 13 хуудас бүхий материал хавсаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид 12 жилийн өмнө салсан. Одоо тус тусдаа амьдралтай учир гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон учир гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй тул гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүд миний асрамжид байдаг бөгөөд эцэг нь боломжоороо тусалдаг. Бид эд хөрөнгийн маргаан байхгүй. Би өөр хүнтэй хамтын амьдралтай болоод 7 жил болж байна гэв.
Хавтаст хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батжаргал нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.Нарантуяа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Түүнчлэн хэдийгээр хүүхдийн амрамж, тэтгэлэгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч гэрлэлт цуцлуулах шаардлагын үр дагавар болох хүүхдийн асрамж, тэтгэлэгийг хамтад нь шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1. Нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулах талаар:
Б.Батжаргал, Г.Нарантуяа нар нь 1997 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 1999 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн нь Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас олгосон ПА №670 дугаар гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. /хавтаст хэргийн 8 дугаар тал/
Дээрх гэрлэгчид нь зан харилцааны таарамжгүй байдлаас болж тусдаа амьдардаг, сүүлийн 12 жил тусдаа амьдарсан, хариуцагч тусдаа амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дахь эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон тухай 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлээр тогтоогдсон тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2. дахь хэсэгт “Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна” гэж заасан арга хэмжээг авах шаардлагагүй гэж дүгнэв.
Иймд Б.Батжаргал, Г.Нарантуяа нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Үүнээс гадна Б.Батжаргал, Г.Нарантуяа нар гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээлгэх эрхтэй болохыг тэмдэглэж байна.
2. Хүү Б.Нэгүүн-Очир, Б.Нэмүүн-Очир нарын асрамж, тэтгэлэгийн талаар:
Б.Батжаргал, Г.Нарантуяа нарын дундаас хүү Б.Нэгүүн-Очир 1999 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн болох нь түүний Г-1709 дугаар, хүү Б.Нэмүүн-Очир 2002 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр төрсөн болох нь түүний Г№396 дугаар төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна. /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/
Нэхэмжлэгч Б.Батжаргал нь хүү Б.Нэгүүн-Очир, Б.Нэмүүн-Очир нарыг эхийн асрамжид үлдээх тухай тайлбар гаргасан бөгөөд хариуцагч Г.Нарантуяа энэхүү хүсэлтийг зөвшөөрсөн байна. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд Б.Нэгүүн-Очирыг Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн 12ё ангид, Б.Нэмүүн-Очирыг 23 дугаар сургуулийн 8е ангид сурдаг тухай тодорхойлолт, эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмнэлгийн тодорхойлолтыг ирүүлсэн бөгөөд зохигч тусдаа амьдарсанаас хойш хүү Б.Нэгүүн-Очир, Б.Нэмүүн-Очир нар нь эхийн асрамжинд байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд хүү Б.Нэгүүн-Очир, Б.Нэмүүн-Очир нарыг түүний эх Г.Нарантуяагийн асрамжид үлдээхэд хүүхдийн цаашдын хүмүүжилд ноцтой хохирол учруулахгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж дүгнэв. Түүнчлэн нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлгийг талаар шаардлага гаргаагүй боловч Гэр бүлийн тухай хуульд заасан тэжээн тэтгэх үүргийн дагуу эцэг Б.Батжаргалаар хүү Б.Нэгүүн-Очир, Б.Нэмүүн-Очир нарыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Улмаар зохигчид хүүхдийн тэтгэлэгийн талаар харилцан тохиролцоогүй тул хуульд зааснаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Харин Б.Батжаргал, Г.Нарантуяа нарын гэрлэлт буюу гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийн харилцаа дуусгавар болж байгаа ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4. дэх хэсэгт заасан дагуу эцэг, эхийн хувьд тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд мөн зүйлийн 26.6. дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснийг тэмдэглэж байна.
Түүнчлэн зохигч хэн аль нь эд хөрөнгийн маргаангүй гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД