Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 80

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б.У холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............ эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........... хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.У

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.У нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Хас” банкаар үйлчлүүлэх явцдаа иргэн Б.П өр авлагын асуудлын улмаас харилцан маргалдаж улмаар зууралдан хана руу түлхэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруу, үйл баримтын талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Хохирогч Б.П “...Би цүнхээ өгөхгүйн тулд ноцолдож байгаад хойшоо нуруугаараа хана руу түлхэгдэж миний цүнхэнд байсан эд зүйл шалан дээр тарж унасан ...Үлдэгдэл 700.000 төгрөгийг нь ар гэрийн шалтгаан, боломжоос болоод өгөхгүй удаасанд Ууганжаргал уурлаж бид хоёр маргалдах шалтгаан болсон ...Би Ууганжаргалаас болж тонустай болсон, сэтгэл санаа хямарсан, ...Нийт 357,373 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 53-55/,

 

Гэрч Э.У “...Би 2018.08.21-ний өдөр ажлаа хийж байтал зааланд эмэгтэй хүмүүс маргалдаад унасан. Тэгээд харахад хоёр эмэгтэй зааланд бие биенээ бариад авсан өөрөөр хэлбэл заамдалцаад авахаар би очоод та хоёр ингэж болохгүй, албан байгууллага олон нийтийн газар гээд дундуур нь ороод салгасан, бие биедээ өртэй хүмүүс шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56/,

 

Гэрч Т.Д “...Жирэмсэн эмэгтэй хар бараан өнгийн хувцастай байсан. Нөгөө хүүхэн нь цагаан өнгийн футболк, шорттой байсан энэ хүүхэн манай банкаар байнга үйлчлүүлдэг нэлээд ширүүн төрхтэй эмэгтэй байдаг. Жирэмсэн эмэгтэйг харж байгаагүй. Салгаж байхад цагаан хувцастай хүүхэн л хэл амаараа дайраад мөнгө нэхээд байсан “ноднин жил авсан, жил боллоо шүү дээ” гээд байсан. Жирэмсэн хүүхэн “өгөх л гэж байна шүү дээ” гэх утгатай юм хэлээд нэг их дуугарахгүй байсан. Цохиж зодсон зүйл намайг харахад болоогүй. Хоёр эмэгтэй нэг нэгнийхээ энгэрээс бариад түлхэлцээд цагаан өнгийн футболктой эмэгтэй түрэмгийдүү заамдсан чигтээ жирэмсэн эмэгтэйтэй түлхэлцээд байсан. Намайг салгах гээд очсон байхад л бие биенээ тавихгүй түлхэлцээд жирэмсэн эмэгтэй хана руу очоод тулчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 57/,

 

 Гэрч Ч.М “...Уг умайн булчингийн чангаралт нь ажлын ачаалал цочирсноос үүсэж болдог” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,

 

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 880 дугаартай “...Б.П биед 26-27 долоо хоногтой жирэмсэн. Умайн булчин чангаралтай /тонус/ байдал тогтоогдлоо. Дээрх эмгэг байдал нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх тухайлбал доргих, цохигдох, түлхэгдэх үед үүсэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.П биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Отгончимэгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1101 дугаартай “...Б.П жирэмсэн үеийн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр үзүүлсэн хэт авиан оношлогоогоор бага зэргийн тонустай гэсэн байна. Тухайн хэрэг нь 2018 оны 08 дугаар сарын 21-нд болсон гэх бөгөөд энэ хооронд зовиуртай байгаад үзүүлсэн гэх эмчийн бичиг, шинжилгээний бичиг үгүй учир умай байнгын тонустай байсан гэж үзэхгүй. Умайн булчингийн чангарал нь жирэмсэн эмэгтэй хүчтэй доргих, цохигдох, сэтгэл санааны цочролд орох айх, цочих, сандрах зэрэгт үүсч болно. Б.П биед 26-27 долоо хоногтой жирэмсэн, умайн булчин чангаралттай /тонус/ бүхий гэмтэл нь умай хэт тонустай байх нь ураг зулбах аюултай бөгөөд эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх эмнэлгийн бичиг баримтаас харахад тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно” гэх нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68/,

 “Хас” банкны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9/,

 

Шүүгдэгч Б.У “...надаас мөнгө зээлчхээд уг мөнгөө өгөхгүй удаад байснаас болж маргалдаж хэрэлдсэн юм. Бие биенээ бид хоёр заамдалдаж аваад салсан. Яг цохилцож зодолдсон асуудал бол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 76/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 212 дугаартай “...Б.П нь эх барихын ужиг өгүүлэмжтэй, урьд нь зулбахыг завдалт оношоор 2 удаа эмчилгээ хийгдэж байсан байх тул умайн булчингийн чангарлыг гэмтлийн шалтгаантай гэж үзэх үндэслэлгүй байна. Зулбахыг завдалт нь гадаад, дотоод олон шалтгаантай. Гадаад шалтгаан нь гэмтэл, сэтгэл санааны цочрол, гадаад орчны нөлөө, хооллолтын нөлөө гэх мэт олон шалтгаанууд байна. Дотоод шалтгаан нь жирэмсэн эхийн бие организм болон ургийн өсөлт хөгжилтөнд нөлөөлдөг эмгэгүүдээс шалтгаална. Зулбахыг завдсан үед ихэвчлэн эмчийн  эмчилгээ шаардлагагүй, хэвтрийн дэглэм, хүчилсэн үйл ажиллагаанаас зайлсхийхийг зөвлөнө. Цаашид дутуу буюу бүрэн зулбалтын шинж илэрвэл жирэмснийг таслах хүртэлх мэс ажилбар хийгдэнэ. Б.П Эмнэлгийн бичиг баримтан дээрх эмчилгээнд бичигдсэн эмнүүд нь умайн булчинг сулруулах зорилгоор хийгддэг болно. Эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд Б.П нь 2018 оны 04 дүгээр сарын 30, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тус тус зулбахыг завдалт гэж оношлогдож байжээ” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 127-128/ зэрэг болно.

 

Б.У үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.У болон хохирогч Б.П нар 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Хас” банкаар үйлчлүүлэх явцдаа өр авлагын асуудлаас болж харилцан маргалдан улмаар барьцалдаж түлхэлцсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокурор шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед умайн булчин чангарал /тонус/, зулбалтын завдалт үүссэн гэж үзэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлджээ.

 

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 880 дугаартай “...Б.П биед 26-27 долоо хоногтой жирэмсэн. Умайн булчин чангаралтай /тонус/ байдал тогтоогдлоо. Дээрх эмгэг байдал нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх тухайлбал доргих, цохигдох, түлхэгдэх үед үүсэх боломжтой”  гэх дүгнэлт нь ургийн зулбалтын завдалтын шалтгааныг шууд тодорхойлсон, эргэлзээтэй байна гэж үзэн шүүх дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 212 дугаартай 3 шинжээчийн гаргасан дүгнэлтэд “...Б.П нь эх барихын ужиг өгүүлэмжтэй, урьд нь зулбахыг завдалт оношоор 2 удаа эмчилгээ хийгдэж байсан байх тул умайн булчингийн чангарлыг гэмтлийн шалтгаантай гэж үзэх үндэслэлгүй байна. Зулбахыг завдалт нь гадаад, дотоод олон шалтгаантай. Гадаад шалтгаан нь гэмтэл, сэтгэл санааны цочрол, гадаад орчны нөлөө, хооллолтын нөлөө гэх мэт олон шалтгаанууд байна. Дотоод шалтгаан нь жирэмсэн эхийн бие организм болон ургийн өсөлт хөгжилтөнд нөлөөлдөг эмгэгүүдээс шалтгаална” гэжээ.

 

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь үндэслэл бүхий байна гэж шүүх үзэв.

 

Учир нь уг дүгнэлтэд “умайн булчингийн чангарал, зулбалтын завдалт”-ын үүсч болох шалтгаан нөхцлийг бодитой тусгасан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас Б.П биед хөнгөн хохирол учраагүй, харилцан маргалдаж барьцалдаж авах үйлдлийг гэм буруутай үйлдэлд тооцохоор хуульчлаагүй байна.

 

Б.П биед учирсан гэх умайн булчингийн чангарал нь гэмтлийн шалтгаантай гэж үзэх үндэслэлгүй, Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар хангагдах тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б.У холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.У цагаатгах нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад байдлын талаар:

 

Б.У үйлдлийн улмаас Б.П эрүүл мэндэд хохирол учраагүй гэж үзсэн учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар  “эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдуулан гаргасан” гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагаатгагдсан этгээд нь хуулийн байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас хохирол хүлээсэн, эрх нь зөрчигдсөн гэж үзвэл нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б.У холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......  дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.У цагаатгасугай.

 

2. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Б.П “357,373 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзвэл уг хохирлоо арилгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл гаргах эрхтэй болох,  Б.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ГЭРЭЛТ-ОД