Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/02138

 

 

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/02138

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/02885 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 67,725,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урангоо, хариуцагчийн өмгөөлөгч Г.Чинбат, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Батцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Б- нь А-тэй 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 43,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж авсан. Гэрээнд заасан 43,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө бэлнээр хүлээлгэн өгсөн.

Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор зээлсэн мөнгөө 5 хувийн хүү болох 2,150,000 төгрөгийн хамт нийт 45,150,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл тэрээр өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон зээлийн хүүгээс огт төлбөр төлөөгүй ба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд “Зээлдэгч зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож зээлдүүлэгчид алданги төлнө" гэж заасан.

Иймд хариуцагчаас үндсэн зээл 43,000,000 төгрөг, хүү 2,150,000 төгрөг, алданги 22,575,000 төгрөг, нийт 67,725,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч нь нэхэмжлэгчийг огт танихгүй бөгөөд мөнгө зээлж авч байгаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

А-ээр дамжуулан Б-тэй зээлийн гэрээ байгуулсан. Голомт банк дахь өөрийн данснаас 40,850,000 төгрөгийг авч, бэлэн байсан 2,150,000 төгрөгийг нэмээд Б-д өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А-ийн хариуцагч Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 67,725,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 496,600 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хариуцагчийг нэхэмжлэгч А-тэй байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 43,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж зөв дүгнэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно", 76.2 дахь хэсэгт "... шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан... үеэс үүснэ" гэж заасан.

2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг гуравдагч этгээд В-, нэхэмжлэгч А- нар шаардсаар ирсэн бөгөөд үр дүнд нь талууд гэрээгээ дүгнэж, 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр харилцан тохиролцсоноор зээлийн болон барьцааны гэрээний үүргийг дуусгавар болгосон байдаг.

Түүнчлэн мөн өдрөө Г-ийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох 52,000,000 төгрөгт харилцан тооцож В-ын өмчлөлд шилжүүлснээр 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдсан.

Нэгэнт зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдсан учир А- болон В- нарын хувьд Улсын Дээд шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00148 дугаартай тогтоол гарах хүртэл тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын эрх нь зөрчигдөөгүй тул учир хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх боломжгүй.

Харин Улсын Дээд шүүхийн 148 дугаар тогтоол гарснаар нэхэмжлэгчийн шаардах эрх үүсч байх атал анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг зөв үнэлж, дүгнэж чадсангүй.

Иймд шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1 Анхан шатны шүүхээс хариуцагч Б-г “2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлийн гэрээний зүйл болох 43,000,000 төгрөгийг хүлээн авсан” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг ямар ч эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэрээ гэж тусгасан байдаг. Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2021 /00148 дугаар тогтоолоор мөнгө хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдоогүй гэж дүгнэж, магадлалыг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл, В- нь Б-д 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 43,000,000 төгрөгийг олгоогүй гэдэг нь 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

Гэтэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчиж нэгэнт тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэж, өмнөх 3 шатны шүүхээр дүгнэгдсэн үйл баримтыг дахин өөрөөр дүгнэж буй нь үндэслэлгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг буцаах ёстой байсан гэж хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс дүгнэж байгаа.

6.2. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтууд шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэрүүд нь Шүүхийн тусгай архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байдаг. Эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаан хэлэлцэх үед шинжлэн судалсан. Хэдийгээр шүүгч шийдвэртээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй тул нотлох баримтаас хасах шаардлагагүй гэж дүгнэсэн хэдий ч шүүгч шийдвэрээ гаргахад эдгээр баримтууд нөлөөлсөн байх боломжтой.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хуулбар үнэн тамга дарагдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нь тухайн шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шийдвэрийн үндэслэх хэсгийн гомдолд дурдсан хэсэгт өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

А- нь Б-д зээлийн гэрээний зүйлийг шилжүүлсэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчид анхнаасаа шаардах эрх үүсээгүй.

Мөн энэ маргаад байгаа асуудлыг 2019 оны 07 сарын 19-ний өдрийн магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны тогтоолоор А- болон Б- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ хэлбэрийн төдий байгуулагдсан, шаардах эрх үүсээгүй гэж үзсэн байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа тоолох шаардлагагүй.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Өмнө нь Б-гийн нэхэмжлэлтэй В-д холбогдох, тухайн хоёр иргэний хооронд байгуулсан гэрээг шүүх дүгнэсэн. А-ийн нэхэмжлэлтэй Б-д холбогдох хэргийн үйл баримтыг шүүх дүгнэсэн зүйл байхгүй. Хариуцагч нь гэрээнд 43 ,000,000 төгрөг бэлнээр хүлээж авав гэж гарын үсэг зурсан. Улсын Дээд шүүхийн шүүх хуралдаанд шүүгч зээлийн гэрээний үлдэгдэл хэд вэ гэж хариуцагчаас асуухад үлдэгдэлтэй болохоо зөвшөөрч хариулж байсан. 

А- Б- нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байхыг үгүйсгэхгүй. Хэрэв байгуулагдаагүй бол А-ээс 43,000,000 төгрөг авсан асуудал нь үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал юм.

 

9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, гомдлыг дэмжиж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 67,725,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээн аваагүй гэж маргажээ.

Гуравдагч этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг дэмжиж оролцсон байна.

 

2.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж, маргааны зүйлд хамаарал бүхий үйл баримтыг алдаатай тогтоосныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

 

3. А-, Б- нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч А- нь 43,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Б- нь сарын 5 хувийн хүүтэй буцаан төлөх үүргийг хүлээсэн ба зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож алданги төлөх үүрэг хүлээхээр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн.  

 

4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/01222 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1343 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00148 дугаар тогтоолоор В-, Б- нарын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, В-, Г- нарын хооронд байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-1 дүгээр байрны 4 тоот сууцны өмчлөгчөөр Г-ийг тогтоож шийдвэрлэжээ. Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

 

4.1. Дээр дурдагдсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолд дараах үйл баримтыг тогтоож, эрх зүйн дүгнэлт өгсөн. Үүнд:

4.1.1 Б-, В- нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 43,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээлэх гэрээ байгуулсан. Мөн өдөр Б- нь А-тэй адил нөхцөлөөр зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээгээр эрх зүйн үр дагавар үүсгээгүй, нэг ч төгрөг өгч авалцаагүй,

4.1.2. В-ын Голомт банк ХХК дахь дансны 40,850,000 төгрөгийг “Дэлгэрсүрэнд зээлдүүлэв” гэсэн утгатай зарлагын баримт нь зөвхөн нэг талын баримт бөгөөд Б-д уг мөнгийг шилжүүлсэн гэх нөхцөл байдлыг эргэлзээгүй нотлохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангах баримт гэж үзэхгүй.

 

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамаарал бүхий маргааныг шүүх урьд шийдвэрлэхдээ энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үйл баримтыг тогтоожээ.

 

4.3.  Хэдийгээр зохигч нь зээлийн гэрээ байгуулсан боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ хэрэгжих гол нөхцөл болох мөнгө буюу эд хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэн өгөөгүй болох нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байна.

Түүнчлэн зээлийн гэрээнд 43,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж хариуцагч гарын үсэг зурсан байгаа нь зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээн авсныг нотлохгүй.

 

4.4. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг шаардах эрхгүй байх тул энэхүү маргаанд хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.

Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт хөөн хэлэлцэх хугацааны хуулийн зохицуулалтыг баримталсан нь оновчгүй болсныг өөрчлөх замаар залруулах нь зүйтэй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/02885 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтын “281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар” гэснийг “281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж өөрчилж, шийдвэрийг бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

                                                                                                             

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 496,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлсөн 496,575 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД

 

                               ШҮҮГЧИД                                       Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                     Т.БАДРАХ