Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 180

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Э ” ХХК /

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, 

Хариуцагч: Нийслэлийн газрын алба /хуучин нэрээр Нийслэлийн өмчийн харилцааны газар/,

Гуравдагч этгээд: Ж.Б 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/890 дүгээр захирамжийн Ж.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, кадастрын зурагт өөрчлөлт оруулсан кадастрын зургийг хүчингүй болгохыг Нийслэлийн өмчийн харилцааны газар /хуучин нэрээр/-т даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн захирал Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У, хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн захирал Б.Б, өмгөөлөгч Э.Ун нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 

“Э ХХК нь Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 275 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт авто угаалгын төвийн зориулалтаар 1200 м.кв газар эзэмшүүлж улмаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 677 дугаар захирамжаар эзэмшил газрын зориулалт өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгон, 

Улаанбаатар    хотын    ерөнхий   архитектур     бөгөөд     барилга   хот    байгуулалт төлөвлөлтийн газраас 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн БГТ-10/677/12 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 375/2011 дүгээр барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосноор “Э ” ХХК нь авто угаалгын төвийн барилга баригдсан.

Гэтэл Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 275, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 677 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 186383119******* дугаарт бүртгэгдсэн кадастрын зураг нэгж талбарын хил заагийн зурагт “Э ” ХХК-нд авто угаалгын төвийн зориулалтаар олгосон 5 эргэлтийн цэг бүхий 1200 м.кв газрын байршил зүүн тийш шилжиж, нэгж талбарын 18638311******* дугаартай эргэлтийн 4 цэгээр бүртгэсэн байх ба манай компанийн зүгээс албан хүсэлт өгөөгүй, газар эзэмших эрх олгосон этгээдийн зөвшөөрөлгүйгээр кадастрын зургийг өөрчилсөн байна. 

Улмаар Өмчийн харилцааны газарт ямар учраас кадастрт өөрчлөлт оруулсан талаар хандахад мэдээллийн сангийн бодит байдлыг хангаж зөрчлийг арилган баригдсан барилгыг эзэмшил газрын кадастрын зурагт оруулан эзэмшил газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулалгүйгээр нэгж талбарын байршлыг өөрчлөн бүртгэсэн гэдэг хариуг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 5/520 тоот албан бичгээр өгсөн. Энэхүү кадастрын зургийг өөрчлөлт оруулахад хэний хүсэлтээр ямар байгууллагын зөвшөөрлөөр хийгдсэн талаарх баримт хүсэхэд Өмчийн харилцааны газар болон архивын газраас холбогдох баримт нь гарахгүй байна гэсэн хариуг амаар өгч байна.

Энэхүү өөрчилсөн кадастр хийгдсэнээр манай барилгын баруун талд орших 400 м.кв талбай бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээнд өөрчлөлт ороогүй байхад Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/890 дүгээр захирамжаар Ж.Б-т үйлчилгээний зориулалттай 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлэхээр миний газрыг давхардуулан олгосон байхыг газар дээр минь хашаа барьснаар мэдлээ.

Ингээд Нийслэлийн Засаг даргад захирамжийн холбогдох заалтыг хүчингүйд тооцуулахаар 2016 онд гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад надад хариу өгөөгүй.

Иймд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э ” ХХК-ийн  авто  угаалгын  төвийн  баригдсан  барилгын баруун талд орших 400 

м.кв талбай бүхий “Э ” ХХК-ийн эзэмшлийн газрыг давхардуулан олгосон Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай захирамжийн хавсралтын Ж.Б*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, кадастрын зурагт өөрчлөлт оруулсан кадастрын зургийг хүчингүй болгохыг Нийслэлийн өмчийн харилцааны газар /хуучин нэрээр/-т даалгуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т шүүхэд ирүүлсэн тайлбар болон Нийслэлийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 134  дүгээр захирамжаар “Э ” ХХК-д Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ард Аюушийн өргөн чөлөөний замын хойд талд 1200 м.кв газрыг эзэмших эрх олгосон ба нийслэлийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 275 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулсан.

“Э ” ХХК нь газар дээрээ үйлчилгээний барилга барихдаа эзэмшил газраасаа зүүн тийш хэтрүүлэн барилга барьсан бөгөөд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний эскиз зургийг үндэслэн мэдээллийн санд бодит байдлын зургийг оруулж зөрчлийг арилган баригдсан барилгыг эзэмшил газарт нь оруулан талбайн хэмжээг өөрчлөлгүйгээр нэгж талбарын байршлыг шинэчлэн бүртгэсэн.

Ийнхүү нэгж талбарыг өөрчлөн бүртгэсний дараа Ж.Б-т Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/575 дугаар захирамжаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 400 м.кв газрыг олгосон ба нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/890 дүгээр захирамжаар үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж баталгаажуулсан. Ж.Б-т газар эзэмшүүлэхдээ Э ХХК-ийн эзэмшил газартай давхцуулаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 

“Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ард Аюушийн өргөн чөлөөнд дүүргийн Засаг даргын 2014 оны А/575 дугаар захирамжаар тухайн газрыг эзэмшсэн бөгөөд тус газраа Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/890 дугаар захирамжаар баталгаажуулан дуудлага худалдааны анхны үнэ болох 6.336.000 төгрөгийг төрийн санд тушааж, үйлчилгээний зориулалтаар 400 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших болсон. 

Дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нар газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчөөгүй тул “Э ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан үзээд нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн гаргасан “...нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/890 дүгээр  захирамжийн Ж.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, кадастрын зурагт өөрчлөлт оруулсан кадастрын зургийг хүчингүй болгохыг Нийслэлийн өмчийн харилцааны газар /хуучин нэрээр/-т даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Э ” ХХК нь Баянгол дүүргийн Засаг дарга 2009 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 134 дүгээр захирамжаар  тус дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ард Аюушийн өргөн чөлөөний замын хойд талд 1200 м.кв газар эзэмших зөвшөөрөл олгосны дагуу газар эзэмших эрхийн 017******* дугаартай гэрчилгээ  авч, гэрээ  байгуулан, улмаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 275 дугаар захирамжаар  уг газраа авто машины угаалгын төвийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 01******* дугаартай гэрчилгээ  авч, гэрээ  байгуулжээ. 

Гуравдагч этгээд Ж.Б*******т Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/575 дугаар захирамжаар  400 м.кв газрыг /“Э ” ХХК-ийн эзэмшил газрын залгаа ертөнцийн зүгээр баруун талд/ 2 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших 0005******* дугаартай гэрчилгээ  олгон, Ж.Б-рын гаргасан хүсэлт , Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлтийг  тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/890 дугаартай    “Газар     эзэмшүүлэх   эрхийг   баталгаажуулах   тухай” захирамжаар  үйлчилгээний   зориулалттайгаар,    уг    газрыг  5 жилийн хугацаатай Ж.Б-т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгч “...манай компанийн зөвшөөрөлгүйгээр 5 эргэлтийн цэгтэй байсан кадастрын зургийг зүүн тийш болгон 4 цэгээр бүртгэн өөрчлөлт оруулан, өмнөх 5 цэгтэй байсан эзэмшил газартай давхцуулан Ж.Б*******т газар эзэмшүүлсэн” хэмээн маргаж байгаа нь дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна. 

 Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1/1060 дугаар албан бичгээр  шүүхэд ирүүлсэн лавлагаа, агаарын зургийг кадастрын нэгдсэн мэдээллийн сан дахь зурагтай давхцуулсан баримтаас үзвэл нэгж талбарын 186383119******* дугаартай 1200 м.кв талбайтай газар нь /Э ХХК 5 эргэлтийн цэгтэй/ Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2009 оны 7 дугаар сараас 2012 оны 02 дугаар сарын архивын мэдээлэлд бүртгэгдсэн байсан ба харин нэгж талбарын 1863831******* дугаартай 1200 м.кв газар /4 эргэлтийн цэгтэй/ нь 186383119******* дугаартай газартай байршлын хувьд 1058 м.кв талбайгаар, нэгж талбарын 1863831******* дугаар бүхий 400 м.кв газар нэгж талбарын 186383119******* дугаар 1200 м.кв газартай 139 м.кв талбайгаар тус тус давхцаж байгаа нь харагдана. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмнөх нэгж талбарын 186383119*******  дугаар 1200 м.кв газартай гуравдагч этгээдийн 400 м.кв газар давхцалтай болох нь харагдах боловч одоогийн нэгж талбарын 1863831******* дугаартай 1200 м.кв газартай гуравдагч этгээдийн газар ямар нэг давхцалгүй байгаа нь тогтоогдохын зэрэгцээ нэхэмжлэгчийн энэхүү кадастрын зүүн тийш өөрчлөгдсөн зураг нь 2012 онд үйлдэгдсэн болох нь нотлогдох бөгөөд гуравдагч этгээдэд 2014 онд газар эзэмшүүлэхэд тухайн газар нь хэдийнээ зүүн тийш болж өөрчлөгдсөн, нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцуулж гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй болох нь энэхүү баримтаар нотлогдож байна. 

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 677 дугаар “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” захирамжаар  “Э ” ХХК-д авто угаалгын барилгын зориулалтаар 0.0655 га газарт 5 хүртэл жилийн хугацаанд барилга барихыг зөвшөөрснөөр БГД-10/677/12 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын  дагуу 12.8 м х 51.2 м /655.36 м.кв/ хэмжээтэй барилга барихаар төлөвлөж байсан бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн Барилга архитектурын ажлын зургаар  барилгын урт 14 м х 57 м, /барилгын баруун талд залгаа 18х20 м барилга баригдаагүй байгаа зургаар төлөвлөсөн гэх/ байх бөгөөд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын А/28 дугаартай шинжээчийн дүгнэлтээр  “...Э ” ХХК-ийн барьсан барилга нь 825 м.кв талбайтай болох”-ыг хэмжиж тогтоосон байна.

Энэ нь нэхэмжлэгчийн барьсан барилга нь нийслэлийн Засаг даргын захирамжаар барилга барихаар зөвшөөрсөн талбайн хэмжээнээс нэмэгдсэн байх бөгөөд уг барилгадаа 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч бүртгүүлэхдээ  мөн 4 цэгтэй кадастрын зургийг хавсарган өгч байжээ.         

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасныг хариуцагч нийслэлийн Засаг дарга зөрчөөгүй, нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн эзэмшиж байсан гэх газар нь мэдээллийн сан дах кадастрын зургаар 2012 онд өөрчлөлт орсны дараа, 2014 онд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ бусдын газартай давхцуулаагүй байна.             

Иймд хариуцагч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд газар эзэмшүүлэх захирамж гаргасан, Нийслэлийн газрын алба нэхэмжлэгчийн эзэмшил газрын кадастрын зургийг түүний барьсан барилга, төлөвлөсөн орц гарцад нийцүүлэн өөрчилсөн болох нь шинжээчийн дүгнэлт, Барилга архитектурын ажлын зураг, шүүхээс газар дээр хийсэн үзлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нарын үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн гаргасан “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/890 дугаартай “Газар эрхийг баталгаажуулах тухай” захирамжийн Ж.Б*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, кадастрын зурагт өөрчлөлт оруулсан кадастрын зургийг хүчингүй болгохыг Нийслэлийн өмчийн харилцааны  газар   /хуучин нэрээр/-т   даалгуулах”   тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан шинжээч нарын ажлын хөлс 1.279.476 төгрөгийг нэхэмжлэгч “Э ” ХХК нь урьдчилан төлсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.САЙХАНТУЯА