Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0088

 

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0088

   Улаанбаатар хот

 

 

Б.А нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Ц.З, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 109/ШШ2018/0034 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Б.А нэхэмжлэлтэй, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 109/ШШ2018/0034 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Агаас Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б.Ад сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халах тухай” Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Б.Аг урьд эрхэлж байсан Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнаар /Иргэний танхим, сум, багийн хурал, сургалт, сурталчилгаа хариуцсан/ эгүүлэн тогтоолгох” бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.А нь давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Б.А миний бие нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 109/ШШ2018/0034 дүгээр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад уг шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Б.А миний нэхэмжлэлтэй хэргийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Банзрагчийн Ад сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халах тухай” тушаал хууль зүйн үндэслэлгүй. Холбогдох журам, зааврыг ноцтой зөрчсөн. Ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудал нь тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр ажлаас халсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга “Аймаг, сумдын ажлын алба, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарын уулзалт, уралдаан тэмцээн”-ийг 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 09-ний хүртэлх хугацаагаар Архангай аймгийн Өлзийт суманд зохион байгуулахаар болсон. Ингээд миний бие нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 20-23 цагийн хооронд соёл урлагийн арга хэмжээг Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран хариуцахаар болсон. Тухайн арга хэмжээ нь зохион байгуулагдаж дуусаад тарсан боловч манай хурлын ажилчид намайг орхиод байрлаж байсан газар руугаа явчихсан байсан. Миний бие нь тухайн үед машингүй байсан тул Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч З.Мөнхтогтохтой таарч хүргээд өгөх боломж байна уу гэж гуйсан боловч З.Мөнхтогтох төлөөлөгч нь хүмүүстэй явж байсан учраас хүргүүлж чадаагүй. Гэтэл дарга, н.Энхбаатар хоёр ирж авсан. Машинд ороод суухад М.Б дарга чи архи уусан байна гэхээр нь би архи уугаагүй гэж хэлсэн. Гэтэл ажилчдын байрлаж байсан гэрт дагуулж ороод ажилчдын өмнө Б.А архи уусан байна. Та нараар гэрчлүүлэх гэж ирлээ гэж доромжилсон өнгө аястай хэлсэн. Архи уугаагүй цагдаа дуудаад үнэрлүүлье гэхэд хүлээж аваагүй. Анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлэг дээр хариуцагч М.Б нь Б.Аг үнэрлүүлье гэхээр нь үнэрлүүлээгүй гэдгээ хэлдэг. 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хамт олны хурал болсон. Тухайн хуралд орох гэж байхад М.Б дарга чи архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрөөд уучлалт гуйчих чамайг ажлаас чинь халахгүй гэдэг зүйлийг ярьж байсан. Гэтэл хамт олны хурлын тэмдэглэл дээр “Б.А би даараад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Хамт олноосоо уучлалт хүсэж байна. Даргыг бухимдуулсанд уучлаарай” гэж бичсэн байхыг тухайн хэргийн материалаас уншсан. Тухайн тэмдэглэлийг надад танилцуулаагүй. Би тийм зүйл яриагүй. Даргаас уучлалт гуйсан зүйл байхгүй. Анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлгээр М.Б дарга Б.А надаас уучлалт гуйгаагүй гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүхэд хандаж хурлын ажилчдын тэмдэглэл нь худлаа болох нь тодорхой харагдаж байна. 1. Тухайн тэмдэглэлтэй би огт танилцаагүй, миний зүгээс М.Б даргаас уучлалт гуйсан зүйл байхгүй, архи уугаагүй гэдгээ л хэлсэн. 2. Хариуцагч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Б.А нь надаас уучлалт гуйгаагүй" гэдгийг хэлсэн. Ингээд уг тэмдэглэлийг үнэлэх боломжгүй талаар анхан шатны шүүхэд хандаж тайлбараа хийсэн боловч анхан шатны шүүх нь уг тэмдэглэлийг дүгнэлтдээ үндэслэсэн байна. Хариуцагчаас тухайн тэмдэглэлээ үгүйсгэсэн зүйл ярьж байхад анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэхгүй байгаа нь илт миний биеийг буруутгасан нэг талыг барьж дүгнэлт хийж байгаа нь тодорхой харагдаж байна. Мөн шүүх гэрчийн мэдүүлгүүдийг үнэлэхдээ хариуцагчийн удирдлага нь дор ажиллаж байгаа гэрч Ж.Э, Г.Энхбаатар, Э.Ганчимэг гэх хүмүүсийн мэдүүлгийг нотлох баримт болгож, зөрчлийг тогтоогдсон гэж дүгнэсэн нь өрөөсгөл болсон.

Учир нь хариуцагч болон миний биед хамааралгүй хөндлөнгийн гэрчүүд болох З.Мөнхтогтох “...Би Атай тааралдсан. 2018 оны 09 дүгээр сарын 08-ны орой бүжиг тарах гээд 00 цагт нилээн өнгөрсөн байхад таарсан. Б.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” /хх-н 192-193/. Гэрч Ч.Эрдэнэцогтын “...орой бас урлагийн арга хэмжээ болсон. Тэр үеэр Б.А арга хэмжээгээ зохион байгуулаад эрүүл явж байсан” /хх-200-201/. гэрч Б.Батжаргал “...орой үдэшлэг бүжиг болсон. Тэр үед таарсан. Тэр үед ч Б.А эрүүл явж байсан” /хх-202-203/ гэдэг.

2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Төрийн албаны зөвлөлийн “журам батлах тухай” 129 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн Захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын

1.2 Төрийн байгууллага нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхдээ Иргэдээс төрийн байгууллага,албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон энэхүү журмыг баримтална.

2.1.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан албан тушаалыг эрхэлж байгаа төрийн захиргааны албан хаагч бүхий төрийн байгууллага бүрт төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрх бүхий байнгын.орон тооны бус ёс зүйн хороо ажиллана.

2.4.Тухайн төрийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчийн тоо 10 хүрэхгүй бол Ёс зүйн хороо байгуулахгүй байж болно. Энэ тохиолдолд тухайн төрийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл бүхий төрийн байгууллагын Ёс зүйн хороо шалган тогтоож, дүгнэлт гаргана.

3.1 Төрийн албаны зөвлөл болон Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл бүхий төрийн байгууллагын Ёс зүйн хороонд тухайн Зөвлөлөөс нэр дэвшүүлэн томилогдсон төрийн захиргааны албаны удирдах албан тушаалтан түүнчлэн тухайн байгууллагын болон энэхүү журмын 2.4-т заасан төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээлэл хамаарна. Дөрөв.Ёс зүйн хорооны дүгнэлтийг хэлэлцэх 4.1-4.6 4.1. Ёс зүйн хороо дүгнэлтээ энэхүү журмын 2.2-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд танилцуулна. 4.2 Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөл нь Ёс зүйн хорооны дүгнэлтийг тус тусын хуралдаанаар хэлэлцэнэ. 4.3 Төрийн захиргааны албан хаагч ёс зүйн зөрчил гаргасныг тогтоож, сахилгын шийтгэл ногдуулахаар гаргасан Ёс зүйн хорооны дүгнэлтийг Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөл хэлэлцээд, үндэслэлтэй гэж үзвэл , шийдвэрээ томилох эрх бүхий албан тушаалтанд холбогдох материалын хамт хүргүүлнэ. ..гэж заасан байхад Б.А миний биеийг Монгол Улсын Засгийн газрын тогтоол дүрэм батлах тухай 2010 оны 11-р сарын 10-ны өдрийн “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм” 5.4.5-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх” гэсэн заалтыг зөрчсөн гэж анхан шатны шүүх дүгнэлтийг хийсэн атлаа уг дүрмийн хэрэгжилтийг хянан шийдвэрлэх 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Төрийн албаны зөвлөлийн журам батлах тухай 129 тоот тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх хүчин төгөлдөр журмыг анхан шатны шүүх нь хэрэглэхгүй байгаа нь илт хариуцагчийн талд үйлчилж байна гэж үзэж байна.

Иймд 2018 оны 12 дугаар сарын 11-ний 109/ШШ2018/0034 дугаартай Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “хэт нэг талыг барьсан холбогдох заавар журмыг ноцтой зөрчсөн, маргаан бүхий үйл баримтад бодитой дүгнэлт хийгээгүй” шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Агаас “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Б.Аг урьд эрхэлж байсан Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнаар эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар “Б.А нь Өлзийт суманд албан үүргээ гүйцэтгэж явахдаа архи уун согтуурсан” гэж төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Нэхэмжлэгчээс “...Б.А миний биеийг ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудал нь тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр ажлаас халсан ...” хэмээн маргажээ.

Төрийн албаны тухай (2002) хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.4.5-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх”, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2-т “Ажлын байранд болон ажил үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн бол ажлаас халах хүртэл арга хэмжээ авна” гэж заасан байна.

Нэхэмжлэгч Б.А нь “... би архи уугаагүй байсан” гэх боловч 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн сонсох ажиллагаан дээр өгсөн тайлбартаа “... Жаахан уусан” талаараа өөрөө мэдүүлсэн нь хэрэгт авагдсаны зэрэгцээ 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр албан үүргээ биелүүлж байх үедээ архи уусан байсан нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хамт олны хурлын тэмдэглэл, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нарийн бичгийн дарга Г.Энхбаатарын “Архи уусан байсан. ... даараад байсан учраас дулаацахаар архи бага зэрэг уусан гэж хэлсэн ...”, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан Э.Ганчимэгийн “... хөл дээрээ тогтохооргүй нилээн гуйваад, нүдний харц нь эвгүй болсон, хэл ам нь ээдэрсэн байсан ...”, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан Д.Туяасайханы “... арга хэмжээ дуусаад явцгаая гэхэд архи уусан байсан”, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, орон нутгийн өмчийн хяналт үнэлгээ, шинжилгээ хариуцсан ажилтан Л.Бүжинлхамын “... нилээн согтуу, хэл нь орооцолдоод байсан” гэх албан хаагчдын тайлбар, мэдүүлгээр тогтоогджээ.

Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтуу байсан нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг үйлдэл нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй байна. Иймд “ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудал нь тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр ажлаас халсан” гэх нэхэмжлэгчийн гомдол үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгч Б.А тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй талаар Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч З.Мөнхтогтохын “...Б.А архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан”, Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Эрдэнэцогт “... Б.Аг архи уусан эсэхийг нь мэдэхгүй байна. ... Тэр үеэр Б.А арга хэмжээгээ зохион байгуулаад эрүүл явж байсан” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа боловч уг гэрчийн мэдүүлгүүдээр нэхэмжлэгч Б.Аг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж үзэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс “... Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журамд зааснаар зөрчлийг шалгаж тогтоол, дүгнэлт гаргаагүй” гэх боловч дээр дурдсанчлан нэхэмжлэгч Б.Агийн ёс зүйн зөрчил нь тогтоогдсон байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримт, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 109/ШШ2018/0034 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                                   Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                                   Д.БААТАРХҮҮ