Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2023/0012

 

 

“С э С В Э” ХК-ийн

 гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн

төлөө газрын улсын байцаагч Б.Э***********д

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      Г.Банзрагч

Танхимын тэргүүн:    Д.Мөнхтуяа

Шүүгчид:                    М.Батсуурь

              П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:           Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2022/0831 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2023/0007 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н******а, хариуцагч Б.Э*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г****** нарыг оролцуулан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гомдлын шаардлага:

1. “С э С В Э” ХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Э*******д холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Э*******гийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/20 дугаар хяналт шалгалтын удирдамжийг баталж, улсын байцаагч Б.Э****** нь 2022.08.15-2022.08.31-ний өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг /Б***** дүүргийн ***-р хороо, ****-р хороолол ***** байрны ** давхарт *** сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг “****” ****-р хороолол салбар/ хийж гүйцэтгэжээ.

2.1. Улсын байцаагч Б.Э******ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” **** дугаар шийтгэлийн хуудсаар “С э С В Э” ХК нь ... барааны талаар үнэн зөв бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй нь холбогдогчийн мэдүүлэг, 01/20 дугаар удирдамжтай хяналт шалгалтын тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож, уг үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 5,000,000 (таван сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

3. Гомдол гаргагч “С э С В Э” ХК-иас “... улсын байцаагч нь төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалт болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/20 дугаар хяналт шалгалтын удирдамжийн 4 дэх заалтыг ноцтой зөрчсөн, удирдамжийн 4.1-т зааснаар зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ бүрдэлт, үнэ тогтоосон тооцооллыг гаргуулан авч шалгах” гэсэн хүрээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийх ёстой байтал, удирдамжид заасан цар хүрээнээс хальж лангуу нь дээр худалдаалж буй үнэн нь хямралтай бүтээгдэхүүнд хамаарч байгаа эсэхэд шалгалт явуулсан зөрүүтэй нөхцөл байдлыг бий болгосон, хууль тогтоомжоор олгосон эрхийг хэтрүүлэн хэрэглэсэн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмыг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар акт нь ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг хангах ёстой, гэтэл удирдамжид “зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн” гэдэгт ямар нэр төрлийн бараа бүтээгдэхүүн багтаж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй болсноос төөрөгдөлд орсон нөхцөл байдлыг үүсгэсэн ба улсын байцаагч өөрийн үзэмжээр хамааралгүй бараа, бүтээгдэхүүнд хамаатуулан буруу хэрэглэсэн нь байгууллагын эрх ашгийг хохироосон, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахаас урьтан шууд торгох арга хэмжээ авсан нь зүйд нийцэхгүй тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах  ... ” гэж;

3.1. Хариуцагчаас “...супермаркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхэд 2022.08.15-2022.08.31-ний өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд хийж гүйцэтгэсэн, удирдамжийн 1-д заасан хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, мөн 4.7-д заасан “шаардлагатай” гэж үзвэл хяналт шалгалтын явцад бусад асуудлыг нарийвчлан шалгах гэж заасан хүрээнд хэрэглэгчдийн гомдол мэдээлэлд үндэслэн аж ахуй эрхлэгчид нь хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв, бодит мэдээлэл өгч байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн, хяналт шалгалтаар түүврийн аргаар 23,000 төгрөгийн үндсэн үнээс 10%-ийн хөнгөлөлттэй гэх хямдралын тэмдэглэгээтэй “R***** 200 граммтай набор”-ыг сонгож касс дээр бичүүлэх замаар үнийн мэдээллийг шалгахад үндсэн үнээр бичигдэж байсан бөгөөд бүтээгдэхүүний лангуун дээр хямдралын тэмдэглэгээ байршуулсан хэдий ч хямдралгүй үнээр борлуулж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж, худалдагч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар ...” гэж тус тус маргажээ.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан “С э С В Э” ХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Э******ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ********дугаар Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2022/0831 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “Сэ С В Э” ХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Э****ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ********* дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

6. Гомдол гаргагч С э С В Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л*****-Э*****ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7. Гомдол гаргагч С э С В Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л****-Э*****ээс магадлалыг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1. ... Хариуцагч улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дүгээр зүйлийн 52.1, 52.3, 52.5 дахь заалт, 01/20 дугаар хяналт шалгалтын удирдамжийн 4 дэх заалтыг тус тус ноцтой зөрчиж шийтгэл оногдуулсан, энэ талаар давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

7.2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч субъект бөгөөд гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу зохих этгээдэд хяналт шалгалт явуулж, шийтгэлийг оногдуулах ёстой, үүнээс бусдаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дүгээр зүйлийн 52.5-т заасан хуулийн шууд “хориглосон” гэсэн зохицуулалтыг дагаж мөрдөх хуультай, гэтэл давж заалдах шатны шүүхээс үүнийг буруутгах үндэслэлгүй гэж буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхээс хийсэн зөв шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу гэж үзэж байна.

7.3. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжид заасан цар хүрээнээс хальж, гомдол гаргагч байгууллагын холбогдох дэлгүүрийн лангуу дээр худалдан борлуулж буй бараа, бүтээгдэхүүний үнийн бүрдэлт, үнэ тогтоосон тооцооллыг гаргуулан авахаар шалгалт явуулж шийтгэлийн хуудас гаргаагүй, харин өөрийн үзэмжээр хэдэн бараа бүтэгдэхүүний лангуу дээр буй үнэ нь хямдралын бараа бүтээгдэхүүнд хамаарч байгаа эсэхэд шалгалт явуулсан зөрүүтэй нөхцөл байдал бий болсон.  Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг нь 01/20 дугаар удирдамжийн 4.1-т заасан “зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ бүрдэлт, үнэ тогтоосон тооцооллыг гаргуулан авч шалгах”-тай уялдаж байгаа нь ойлгомжгүй, зөрүүтэй.

7.4. Бидний ойлгож байгаагаар улсын байцаагч нь зарим буюу тодорхойлсон бараа, бүтээгдэхүүний үнэ бүрдэлт, тооцоолол, аргачлал, нийлүүлэгчээс нийлүүлсэн үнэ зэргийг харьцуулан судалж, худалдаалах болсон үнэ нь шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн зарчмыг хангаж байгаа эсэхэд анхаарч шалгах ёстой байсан гэж үзэж байх тул улсын байцаагч нь хууль тогтоомжоор олгосон эрхийг хэтрүүлэн хэрэглэж, холбогдох хууль тогтоомжийг зөрчин шийтгэлийн хуудсыг гаргасан учир хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

7.5. Хяналт шалгалтын удирдамжийн 4.1 дэх хэсэгт “зарим нэр төрлийн” гэж тодорхойлсон, зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн гэдэг яг ямар төрлийн бараа, бүтээгдэхүүн хамаарч байгаа нь тодорхойгүй, мөн удирдамжийн зорилго хэсэгт Засгийн газрын 05 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхийг шалгах зорилготой, мөн цахим сайтад уг тогтоолд нийцэж байгаа эсэхийг шалгах зорилгоор төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн гэж нийтэлжээ. Уг Засгийн газрын 2022 оны 199 дүгээр тогтоолоор Гаалийн албан татвараас 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлөх элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны жагсаалтыг баталсан ба хариуцагчийн зөрчилд дурдсан “Р**** шоколад” нь дээр дурдсан бараа, бүтээгдэхүүний жагсаалтад багтаагүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

7.6. Иймд, давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2023/0007 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2022/0831 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8. Хариуцагчаас гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

10. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлногэж “хууль ёсны”; 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж “шударга ёсны” зарчмыг тус тус баталгаажуулсны зэрэгцээ 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” хэмээн шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхойлсон байна.

11. Иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн зөрчлийн шинжийг бүрэн хангаж байж зөрчилд тооцогдох бөгөөд тухайн зөрчлийн шинж, үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэмжээнээс хамаарч ямар шийтгэл оногдуулахыг хууль тогтоогч тусгайлан зохицуулсан.

12. Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” бүрэн эрхийг улсын байцаагч хэрэгжүүлэн ажиллахаар заасны дагуу хариуцагчаас хяналт шалгалтын явцад илэрсэн алдаа дутагдлыг арилгах боломжтой байвал шийтгэлийн арга хэмжээ авахаас урьдач үүрэг даалгавар өгч, түүнийг арилгах арга хэмжээ авч болох талаар зохицуулалттай байна.

13. Энэ хэргийн тухайд, **** дугаар хороололд байрлах ***-д “R******” *** граммтай набор нь лангуун дээр 23,000 төгрөг (үндсэн үнэ) гэсний зэрэгцээ 10 хувийн хөнгөлттэй гэсэн тэмдэглэгээтэй, түүнийг кассанд уншуулахад хөнгөлттэй бус үндсэн үнээр уншигдсан үйлдлийг хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “... худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах” үүргээ биелүүлээгүй, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчсөн гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

14. Учир нь, хариуцагчаас хяналт шалгалтын явцад илэрсэн тус алдаа дутагдлыг засах боломжоор хангаагүйгээс гадна сонгосон барааны үнийн хөнгөлттэй хугацаа дуусаж, үндсэн үнээр борлуулагдаж байгааг санаатайгаар хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, барааны талаар сонголт хийхэд туслах мэдээллээр хэрэглэгчийг бүрэн хангаагүй гэж шууд үзэх боломжгүй, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хэрэглэгчийн эрхийг хангуулаагүй буюу “үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах” үүргээ биелүүлээгүй гэх Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчлийн шинж байхгүй гэж үзэхээр байна.   

15. Нөгөө талаас хэрэглэгч (худалдан авагч) үйлдвэрлэгчээс өгсөн барааны мэдээлэлд тулгуурлан аль бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах нь түүний сонголт учир хэрэглэгчийн зүгээс лангуун дээр худалдагдаж буй барааг сонгон, төлбөр төлөх хэсэгт эцсийн байдлаар худалдан авах эсхүл буцаах боломжтой, энэ тохиолдолд хэрэглэгчийг бодит мэдээллээр хангахаас татгалзсан буюу буруу мэдээлэл зориуд санаатайгаар өгсөн хуулийн этгээдийн үйл ажиллагаа гэж дүгнэх үндэслэлгүй.

16. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2023/0007 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2022/0831 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол

гаргагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Г.БАНЗРАГЧ

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 Д.МӨНХТУЯА

     ШҮҮГЧИД                                                                     М.БАТСУУРЬ

                                                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                          Х.БАТСҮРЭН