Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1100

 

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/03356 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХнд холбогдох,

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгч ХХгийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3/34104 тоот мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 1269 дүгээр шийдвэр, 100 тоот гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах,

ХХХХХ нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг ХХХХнд даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХны ахлах шийдвэр гүйцэтгэгч ХХ нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3/34104 тоот “... 2015 оны 10 дугаар сарын 05-ны дотор үйлдвэрийн байр, химийн агуулах, конторын султган чөлөөлөхийг мэдэгдье. Дурдсан хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд албадан нүүлгэж, гарах зардлыг буруутай этгээдээс гаргах болохыг анхааруулъя” гэх мэдэгдэл ирүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн үйл ажиллагаа болсон. Тодруулбал, манай компани ХХХХнд холбогдуулан “ХХХХХХ” ХК-ийн өнөөгийн удирдлагыг хэрэгжүүлж хувьцаа эзэмшигч нар болон “ХХХХХХ” ХК-д холбогдуулан гаргасан хувьцаа бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлийн дагуу Хан-Уул дүүргийн шүүхэд үүсгэн шалгаж буй иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, ХХХХны шийдвэр гүйцэтгэгч ХХХХХХын албадан чөлөөлүүлэх талаар ямар нэг тогтоол шийдвэр, мэдэгдэл өгөлгүйгээр, шүүхэд гомдол гаргасныг үл хайхран явуулж буй шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйл ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Улмаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх хянан шийдвэрлэж 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2843 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 814 дүгээр магадлал гарч 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Дээд шүүхэд хянагдаж тогтоол гарсан. Улсын Дээд шүүхийн тогтоол нь бичгээр гарч, албажаагүй байна. 

ХХХХны ахлах шийдвэр гүйцэтгэгч ХХ нь 3/34104 тоот мэдэгдэл ирүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулж буйг мэдлээ. Гэтэл шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр, тогтоол хүчин төгөлдөр болоогүй байгаа. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1, 176.2, 178 дугаар зүйлийн 178.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу манай компанийн нэхэмжлэлтэй, ХХХХнд холбогдох иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж, үргэлжлүүлэн явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д заасныг зөрчсөн бөгөөд төлбөр төлөгчийн эрхийг бүдүүлгээр зөрчиж байна.

Иймд 1269 дугаар шийдвэр, 100 тоот гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилаагүй байхад сэргээн явуулсан ахлах шийдвэр гүйцэтгэгч ХХгийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3/34104 тоот мэдэгдэх хуудсыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 1269 дугаар шийдвэр, 100 тоот гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй ХХХХХ, Х, ХХХ нарын нэхэмжлэлтэй, ХХХХХХнарт холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг ХХХХнд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гурван шатны шүүхийн шийдвэрээр “ХХ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс 1 666 м.кв үйлдвэрийн зориулалттай талбай, химийн агуулах болон конторын байрыг албадан чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг гаргуулж “ХХХХХХ” ХК-д олгохоор шийдвэрлэсэн.

ХХХХХ, Х нарын нэхэмжпэлтэй “ХХХХХХ” ХК-д холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 357 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасан нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1269 дүгээр шийдвэртэй иргэний хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас үүсгэсэн иргэний хэрэг биш бөгөөд зөвхөн хувьцаа эзэмшигч нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулахаар хандсан нэхэмжлэл бүхий хэрэг юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах тухай хүсэлт биш учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Төлбөр төлөгч “ХХ” ХХК-ийн хууль бус эзэмшиж буй түрээсийн байрыг 2013 оны 03 дугаар сарын 18-ны дотор сайн дураараа чөлөөлөх мэдэгдлийг 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2/2387 дугаар албан бичгээр хүргүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлмэгц төлбөр төлөгч “ХХ” ХХК-иас Сүхбаатар дүүргийн шүүхэд 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2/2387 мэдэгдэл, үүсгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоосон. Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 4762 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. “ХХ” ХХК нь дээрх нэхэмжлэлийг 4762 дугаар захирамжийг гардан авмагц дахин ижил утга бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 6138 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч “ХХ” ХХК, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХ нар 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “ХХХХХХ” ХК-ийн байрыг 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр буюу 21 хоногийн дотор чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцож, энэ талаар шийдвэр гүйцэтгэгч 139/164 дугаар мэдэгдэл өгч, тэмдэглэл үйлдэн талуудын гарын үсгийг зуруулж баталгаажуулсан. Гэтэл төлбөр төлөгч тохиролцсон хугацаандаа түрээсийн байрыг суллаж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар ямар нэгэн санаачлага гаргалгүйгээр Сүхбаатар дүүргийн шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох утга бүхий нэхэмжлэлийг дахин гаргасан. Сүхбаатар шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 7668 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, мөн шүүх 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хянан шийдвэрлэж шүүгчийн 8830 дугаар захирамжаар “ХХ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй болохыг шүүхээс тогтоож, нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2276 дугаар шийдвэр гарсан. Давж заалдах шатны 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 747 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 660 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл төлбөр төлөгч “ХХ” ХХК нь хяналтын шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дараа урьд шийдүүлж байсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах 21300 дугаар захирамж гарснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин түдгэлзүүлсэн. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1843 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль буст тооцуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг даалгах, ХХХХнаас гэм хорын хохирол 125 536 085 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхлээр нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 814 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 669 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар тавьсан шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг үл биелүүлж, хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг удаа дараа гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байгааг төлбөр төлөгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгосон захирамжуудаас харж болно.

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1269 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн 1128 тоот захирамжийн дагуу бичигдсэн 100 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлага тавьсан нь хууль бус ажиллагаа биш байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “ХХ” ХХК нь манай компанийн үйлдвэрлэлийн байрыг чөлөөлөх тухай 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 1269 дүгээр шийдвэрийг биелүүлэхгүй өдий хүртэл хугацаанд шүүхэд үндэслэлгүй маргаан үүсгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд маш их саад учруулж байна. Үүний цаана манай компанийн өмчлөлийн байрыг шүүхийн шийдвэр гарснаас хойш тооцоход бүтэн 3 жил хууль бусаар ашиглаж, манай компанийг хохироож байна. Энэ компани шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа гүйцэтгэж эхэлмэгц маргаан үүсгэж, маргаан үүсгэх болгондоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт тавьж, энэ төрийн байгууллагыг ажлаа явуулах ямар ч боломжгүй болгосон.

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэл нь мөн үндэслэлгүй байна. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3/34104 тоот мэдэгдэл нь зөвхөн “ХХ” ХХК-д хугацаа өгсөн, хугацаандаа чөлөөлөхийг мэдэгдсэн байдаг. Ийнхүү мэдэгдэл өгсөн нь “ХХ” ХХК-ийн ямар эрх, ашгийг хэрхэн яаж зөрчсөн нь тодорхойгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүх шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсээр байхад яг ямар үндэслэлээр маргаад байдгийг ойлгохгүй байна. Нэгэнт шүүхийн шийдвэрээр манай үйлдвэрийн байрыг чөлөөлөх шийдвэр гарсан байхад, нэхэмжлэгчийн яриад байдаг мэдэгдэх хуудас өгсөн өгөөгүй, хэд хоногийн наана цаана гэдэг асуудал нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхэд саад болохгүй юм.

Үйлдвэрийн байрыг чөлөөлөх тухай 2843 дугаар шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т шүүгчийн захирамжаар ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлд хамаарахгүй байх ба Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаар хэрэг хэлэлцэх явцад шүүхээс авагдсан арга хэмжээ дуусгавар болохоор байна.

Мөн нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Учир нь, нэхэмжлэлийн үндэслэл нь ахлах шийдвэр гүйцэтгэгч С. Бямбасүрэнгийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, мөн түүний мэдэгдлийг хүчингүй болгуулахаар хандаж байна. Хэрэв энэ субьектийн үйл ажиллагаанд гомдож байгаа бол түүнд өөрт нь биш түүний дээд шатны албан тушаалтан, байгууллагад гомдлоо гаргаж шийдүүлэх урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн байна гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцтгэх тухай 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн хариуцагч ХХХХнд холбогдох ахлах шийдвэр гүйцэтгэгч ХХгийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3/34104 тоот мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах тухай, Хан Уул дүүргийн шүүхийн 2012 оны 1269 тоот шийдвэр, 100 тоот гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа ХХХХХ, Х, ХХХ нарын нэхэмжлэлтэй, ХХХХХХнарт холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг ХХХХнд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийн зарим хэсэг буруу байна. Улсын Дээд шүүхийн тогтоол бичгээр гараагүй байхад буюу Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээхээс өмнө ХХХХны ахлах шийдвэр гүйцэтгэгч ХХ нь 3/34104 тоот мэдэгдэл ирүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1, 178 дугаар зүйлийн 178.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

Мөн ХХХХХ нарын нэхэмжлэлтэй, ХХХХХХнарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэлээ дурдаагүй. Дээрх зохигчдод холбоотой маргаан анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа болно. Шүүх дээрх маргаантай асуудлыг бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.

            Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь ХХХХнд холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгч ХХгийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3/34104 тоот мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах, мөн Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 1269 дүгээр шийдвэрийг гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

             “ХХХХХХ” ХХК-ийн үйлдвэрийн зориулалттай 1 666 м.кв талбай бүхий химийн агуулах болон конторын байрыг “ХХ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1269 дүгээр шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн гэж марган, хүчингүй болгуулахаар шаардсан “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2843 дугаар шийдвэрээр  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 814 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 669 дүгээр тогтоолоор тус тус хэвээр үлдээсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байна.

            Иймд 2013 оны 1269 дүгээр шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн эсэхийг дахин нотлох шаардлагагүй, уг маргааныг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

            Дээр дурдсанчлан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох тухай “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдааны 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 669 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсний дараа ХХХХны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3/34104 тоот мэдэгдэх хуудсыг “ХХ” ХХК-д хүргүүлж, химийн агуулах, конторын байрыг султган чөлөөлөхийг мэдэгджээ.

            Нэхэмжлэгчээс дээрх мэдэгдлийг хүчингүй болгох шаардлагын үндэслэлээ Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах боломжтой хугацаанд, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад гүйцэтгэлийн ажиллагаа явуулж хууль зөрчсөн гэх боловч хяналтын шатны шүүхийн тогтоолд гомдол гаргасан тухай баримтыг шүүхэд гаргаагүй байх ба Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй байна.                         Иймд Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байх үндэслэл бүрдээгүй байх тул  ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3/34104 тоот мэдэгдэх хуудсыг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

            Мөн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2843 дугаар шийдвэртэй хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэснээс хойш 3/34104 тоот мэдэгдэх хуудсаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлж явуулсан байх тул шүүхийн 2012 оны 1269 дүгээр шийдвэр, 100 тоот гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагад холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр бүхэлд нь хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй болно. 

Дээрхээс дүгнэвэл Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлгүй гэж шүүх үзэж,  нэхэмжлэгчийн “Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 1269 дүгээр шийдвэрийг гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-иас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа ХХХХХ нарын нэхэмжлэлтэй, ХХХХХХнарт холбогдох бэлэглэлийн гэрээ хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэг нь дээрх 1 666 м.кв талбайг чөлөөлөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоогүй, өөр хэрэг маргаан байх тул уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд 2012 оны 1269 дүгээр шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байхыг даалгах үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул нэхэмжлэгчээс гаргаж буй  “ХХХХХ нарын нэхэмжлэлийг хангах бүрэн үндэстэй, хангаж шийдвэрлэсэн тохиолдолд “ХХХХХХ” ХХК нэхэмжлэл гаргах эрхтэй байсан эсэх нь тодорхойлогдоно” гэх тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Харин шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт дахь үг үсгийн болон үг найруулгын  алдааг засч зөвтгөх шаардлагатай тул зохих өөрчлөлтийг оруулна. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/03356 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ХХгийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3/34104 тоот мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 1269 дүгээр шийдвэрийг гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах, ХХХХХ нарын нэхэмжлэлтэй, иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг даалгах ХХХХнд даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ