Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар Дугаар 101/ШШ2016/04916

 

 

 

 

 

 

 

 

 

                           2016 оны 06 сарын 23 өдөр

  Дугаар 101/ШШ2016/04916

 Улаанбаатар хот

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, вива сити 3/3, 3-1 тоотод оршин байрлах, “Цагаантэргэл” ХХК /РД:5901057/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж, 25 байр 28 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 28-24 тоотод оршин суух, Баадай овогт Идэрмөнхийн Мөнхзалгамж /РД:ШУ87012518/-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт нийт 6,706,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Гэрэлт-Од, хариуцагчийн төлөөөгч Д.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Цагаан тэргэл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч С.Гэрэлт-Од нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч И.Мөнхзалгамж нь 2015.04.08-ний өдөр манай “Цагаан тэргэл” ХХК-тай барьцаат зээлийн гэрээ /Фидуцийн гэрээ/ байгуулж 3.0 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, 1 сарын 8%-ийн хүүтэй зээлж авсан бөгөөд барьцаанд нь TOYOTA Grand MARK 2 маркын 0507 УНЗ улсын дугаартай сувдан цагаан өнгийн арлын дугаар GX1106063813, 2002 онд үйлдвэрлэгдсэн 2010 онд МУ-д орж ирсэн суудлын автомашин барьцаанд тавьсан. И.Мөнхзалгамж нь 2015.04.08-ний өдөр манай “Цагаан тэргэл” ХХК-тай барьцаат зээлийн гэрээ /Фидуцийн гэрээ/ байгуулснаас хойш хүүнд 2015.05.08-нд 240,000 төгрөг, 7 сарын 14-нд 140,000 төгрөг, 7 сарын 22-нд 100,000 төгрөг төлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3.0 сая төгрөг, зээлийн нэг сарын хүү 240,000 төгрөг (3,000,000*8%=240 000), 2015.08.07-ноос 2016.03.07-ныг хүртэлх нийт 214 хоногийн алданги 3,446,000 төгрөг (3,000,000*0.5%= 16,200, 16,200*214=3,446,800), нийт үлдэгдэл зээлийн төлбөр 6,706,800 төгрөг болж байна. Иймд энэхүү зээлийн төлбөрийг зээлдэгч И.Мөнхзалгамжаас гаргуулж өгнө үү. Өмнөх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан бөгөөд одоо хүртэл төлөөгүй тул үндсэн зээлд 3,000,000 төгрөг, хүүнд 240,000 төгрөг, алдангид 1,620,000 төгрөг, нийт 4,860,000 төгрөг нэхнэ гэв.

Хариуцагч И.Мөнхзалгамж нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Цагаан тэргэл” ХХК-ийн захиралын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчид барьцаат зээлийн хүүнд нийт 720,000 төгрөг төлсөн. Тодруулбал, 2015 оны 05-р сарын 08-ны өдөр 240,000 төгрөгийг Цагаан тэргэл ХХК-ийн захирал С.Гэрэлт-Одын Хаан банк дахь 5114210185 тоот дансанд, 2015 оны 06-р сарын 13-ны өдөр 240,000 төгрөгийг Батмөнх Энхдэлхий гэх хүний Хаан банк дахь 5003559163 тоот дансанд (С.Гэрэлт-Одтой утсаар холбогдож энэ сарын хүүг яаж өгөх вэ? гэж асуутал Батмөнх Энхдэлхий гэх хүний Хаан банк дахь 5003559163 тоот дансанд шилжүүлчих гэсэн), 2015 оны 07-р сарын 14-ний өдөр 140,000 төгрөгийг Цагаан тэргэл ХХК-ийн захирал С.Гэрэлт-Одын Хаан банк дахь 5114210185 тоот дансанд, 2015 оны 07-р сарын 22-ны өдөр 100,000 төгрөгийг Цагаан тэргэл ХХК-ийн захирал С.Гэрэлт-Одын Хаан банк дахь 5114210185 тоот дансанд тус тус төлсөн. Гэтэл нэхэмжлэгч 240,000 төгрөгийн хүүг төлөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжпэгчийн нэхэж байгаа алдангийг 214 хоногоор тооцож 3,446,000 төгрөгөөр тооцож гаргасан нь үндэслэлгүй байна. Иргэний хуульд заасны дагуу алдангийн дээд хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% хэтрэхгүй байна гэж заасан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 6,706,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4,860,000 төгрөг нэхэмжилсэн байна.

Хариуцагч нь 1 сарын төлсөн хүүг тооцоогүй, алдангийг хуульд зааснаас илүү тооцсон тул төлөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг зээлдүүлэгч нь зээлдэгчид олгосон талаар маргаагүй байна. Энэхүү гэрээг 3 сарын хугацаатайгаар сарын 8 хувийн хүү төлөхөөр тохиролцон байгуулжээ. Мөн дээрх гэрээний хугацаанд зээлдэгч буюу хариуцагч нь нийт 720,000 төгрөг төлсөн талаар маргаагүй бөгөөд хавтаст хэрэг байгаа баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 18-21 дүгээр тал/ Үүнээс тооцвол хариуцагч нь гэрээний хугацаанд нийт 720,000 /3,000,000*0,08*3/ төгрөгний хүү төлөх бөгөөд хүүг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин дээрхээс өөр төлбөр төлсөн баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч өөр төлбөр төлөгдөөгүй гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 1.7-д зааснаар 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцэж байна. Улмаар мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох үндсэн зээлийн 3,000,000 төгрөгнөөс алдангид 1,500,000 төгрөг тооцогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 4,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 360,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т зааснаар хариуцагч И.Мөнхзалгамжаас 4,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Цагаан тэргэл” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 360,000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 86,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД