Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/02147

 

 

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/02147

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2023/02775 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Б” ХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах, үр дүнгийн урамшуулал 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулал 5,000,000 төгрөг, нийт 21,276,472 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэцогт, Б.Цэвэгмид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие “Б” ХК-ийн Терминал логистикийн албаны даргаар 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ажил олгогч ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдээгүй.

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөн хууль зөрчсөн. Мөн тухайн алба нэгж татан буугдсантай холбогдуулан ажлаас чөлөөлөхдөө ижил төрлийн ажлын байрыг санал болгоогүй. Уг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь зохих журмын дагуу компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлагдаагүй бөгөөд зөвхөн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/737 дугаар тушаалыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Тээвэр зохицуулалтын хэлтсийн Терминал логистикийн алба нь татан буугдсан тул дүйцэхүйц алба тушаал болох Тээврийн хэлтсийн ахлах шинжээчийн ажилд томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү. 

"Б" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч нь хамтын гэрээний 3.3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нийт ажилтнуудад компанийн дундаж цалин 2,712,745 төгрөгөөр тооцож 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшууллыг олгосон тул компанийн дундаж цалингаар 6 сарын цалин хөлстэй тэнцэх буюу 16,276,472 төгрөгийн үр дүнгийн урамшууллыг гаргуулж өгнө үү. Мөн өдрөө “Цалин хөлс олгох журам”-ын 3.1 дэх хэсэгт заасны дагуу 13 дахь сарын цалин хөлс урамшуулалд 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцож олгосон байна. Иймд үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын урамшуулалд 5,000,000 төгрөг, нийт 21,276,472 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Засгийн газраас “Б” ХК-д 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр онцгой дэглэм тогтоосон. Засгийн газрын тогтоосон арга хэмжээний хүрээнд бүрэн эрхт төлөөлөгч нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан бүтэц зохион байгуулалт, орон тооны хязгаарын хүрээнд ажиллах шаардлагатай гэж үзэж 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А737 тушаалаар Терминал логистикийн албыг татан буулгасан. Үүнтэй холбоотойгоор А-ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Уг тушаал нь Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль болон Засгийн Газрын 385 дугаар тогтоолыг үндэслэж гарсан.

Урамшуулал, 13 дахь сарын цалин олгосон тушаал 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарсан, мөн харьяалах алба нэгжийн газрын тайланг үндэслэж олгодог. Энэ тайлангууд байхгүй, мөн дээрх тушаалаас өмнө А- үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай /1991.01.04-ний өдрийн/ хуулийн 1 дүгээр зүйлд тус тус заасныг баримтлан “Б” ХК-д холбогдох тээврийн хэлтсийн ахлах шинжээчээр томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дах сарын цалингийн урамшуулалд 5,000,000 төгрөг, нийт 21,276,472 төгрөгийг гаргуулах тухай А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх боломжтой эсэхийг дүгнээгүй.

Нэхэмжлэгч А- нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Б” ХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст ажлаас халагдсаны тэтгэмжийг хамтын гэрээнд заасны дагуу олгох талаар гомдол гаргасан байдаг, мөн тус өдрөө Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байдаг. Шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг гарсны дараа 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн маргаан таслах комисст дахин ажлаас үндэслэлгүй халсан талаарх гомдлыг гаргасан байдаг. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь дээрх үйл баримтыг дүгнээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсэхийг шийдвэрлээгүй.

“Б” ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.

Монгол улсын Засгийн газрын 2022 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан “Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрэм”-ийн 3.2, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар А- нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд Иргэний хэрэг урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй, боломжтой байсан атал шүүхээс хянаж үзээгүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн.

4.2. Шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулаагүй

Нэхэмжлэгч А- нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл болон Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах зөрчилтэй хоёр нэхэмжлэлийг гаргасан байна.

Анхан шатны шүүх дээрх 2 нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэхдээ зөвхөн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл, тогтоох хэсэгт тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дурьдаагүй, талуудыг дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцүүлээгүй болно,

Мөн шүүх 13 дахь сарын цалин, үр дүнгийн урамшууллыг хэрэгсэхгүй болгож буй талаар дүгнээгүй, шаардах эрхийн үндэслэл тус бүрийг хэлэлцэх, нэхэмжлэл тус бүрээр эрх зүйн дүгнэлт хийгээгүй.

4.3. Шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй.

4.3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт заасан хуульд заасан хугацааны өмнө мэдэгдэл өгсөн эсэхийг бодитоор үнэлээгүй.

“Б” ХК-нд бүтцийн өөрчлөлт хийгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл А-од Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдлийг өгөөгүй талаар үйл баримтыг нотлох баримтаар үнэлээгүй.

4.3.2. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын ажиллах журмыг батлах журмыг бодитоор үнэлээгүй. Хариуцагчийн хариу тайлбарт Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх явцад гаргасан өргөдлөөсөө татгалзаж байгааг илэрхийлж гарын үсэг зурсан гэжээ. Хэрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын видео бичлэг авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь гаргасан өргөдлөө өөрчилсөн байдаг. Иймд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нь өөрчилсөн өргөдлийг хүлээн аваагүй болох нотлогддог.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, гомдлыг хүлээн авахаас татгалзах эрх зүйн үндэслэлгүй юм.

4.3.3. Мөн 13 дахь сарын цалин, үр дүнгийн урамшуулал олгосон “Б” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/752, А/753 дугаар тушаалын үндэслэх хэсэг болон хавсралтыг үнэлээгүй. Тушаалын хавсралтад ажилд ороод 20 хоног болсон эсхүл хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтнуудад олгожээ.

А-ыг ажлаас халснаас хойш ажлын 6 хоногийн дараа үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин хөлс олгохоор Бүрэн эрхт төлөөлөгчийн тушаал гарсан. Тус тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ, цалин хөлс олгох журмыг тус тус баримталсан байна.

4.3.4. Нэхэмжлэгч А- нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ээлжийн амралттай байхдаа халагдсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

4.3.5. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэм, бүрэлдэхүүн баталсан тушаалыг нотлох баримтаар үнэлээгүй.

“Б” ХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын бүрэлдэхүүн нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/15 тоот тушаалаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай тушаалыг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, 156.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрмийг батлах тухай” 153 дугаар тогтоолоор батлагдсан. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5. дахь хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрчний эвлэлгүй, эсхүл үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн тоо нь тухайн байгууллагын нийт ажилтны 30 хувьд хүрэхгүй бол комиссын бүрэлдэхүүнд орох ажилтны төлөөлөгчийг сонгохдоо нийт ажилтны хурлыг зохион байгуулж, нууц санал хураалт явуулж олонхын саналаар сонгоно. Комиссын бүрэлдэхүүнд орохыг хүссэн ажилтан нэрээ дэвшүүлэх эрхтэй", 2.13 дахь хэсэгт “Комиссын анхны хуралдааныг насаар хамгийн ахмад төлөөлөгч даргална. Тус хуралдаанаас комиссын дарга болон нарийн бичгийн даргыг гишүүд зөвшилцөж сонгоно. Комиссын дарга болон нарийн бичгийн даргын үүргийг нэг талын төлөөлөгчид нэгэн зэрэг гүйцэтгэж болохгүй” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг шүүх дүгнээгүй.

4.4. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Засгийн газарт эрх олгох тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Засгийн газар нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор хуулиар өөрт олгосон бүрэн эрхийг хэтрүүлэн чөлөөлөх эрхийг нэмж олгосон байна.

Засгийн газарт эрх олгох тухай хуульд Үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлд Хөдөлмөрийн сахилгын тусгайлсан дүрэм тогтоохоор тогтоох эрхийг олгожээ. Өөрөөр хэлбэл, бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоох хүрээнд томилох эрхийг олгосон байна.

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нь 2022 оны 12 дагаар сарын 09-ний өдрийн А/737 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан байна. Бүрэн эрхт төлөөлөгч нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаар тушаалаар хөдөлмөрийн сахилгын тусгай дүрмийг анхлан тогтоожээ. Үүнээс өмнө сахилгын тусгайлсан дүрэм тогтоогоогүй байна.

А-ыг ажлаас чөлөөлөх тушаах хэсгийн нэгдүгээрт, “Засгийн газраас “Б” ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож шинэчлэх арга хэмжээний хүрээнд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан” гэжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт эрх олгох тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй болно.

4.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь 1991 онд батлагдсан бөгөөд 1992 оны Үндсэн хуульд нийцүүлэн гаргасан хууль биш юм. 1992 онд Үндсэн хуулийг баталснаар нийтлэг зохицуулалт бүхий хуулиуд хүчин төгөлдөр бусад тооцогдсон бөгөөд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь шилжилтийн үеийн хууль болно. Иймдээ ч БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг шүүх хэрэглэж байгаа нь Монгол улсын иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарлаж, нөгөө талаар эрх зүйт төрийн иргэний эрхийг хязгаарлаж буй нь Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд харш болно.

2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-т “шударга бус үйлдлийг хориглох” гэж заасан. Хэнийг хуулиас гадуур ажлаас халж болохгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” 2.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ" гэж заасан. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжийн эрэмбийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхээр заасан байна.

Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Шүүх талуудын тайлбараас маргааны зүйлд хамаарах хэсгийг тодотгох, мэтгэлцээнийг зөв чиглүүлэх үүрэгтэй. Маргааны зүйл нь хариуцлагагүй хандсан гэх үйл баримт байх бөгөөд “Элгэн” ХХК-тай холбоотойгоор хариуцлагагүй хандсан гэж талууд маргаж байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэл болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэж, компанийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороонд хандахгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэргийг анхан шатны шүүх 2 удаа бүхэлд нь хэлэлцсэн. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн талаар анхан шатны шүүхээс тодруулахад Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасны дагуу шууд шүүхэд хандах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд шүүхэд хандсан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан.

5.2 . Нэхэмжлэгчийг бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлаас чөлөөлж, ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор 1 удаагийн тэтгэмж олгосон. Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд ажлаас чөлөөлсний тэтгэмжийг 2 сараар биш 5 сараар олгох ёстой гэж нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

5.3 Нэхэмжлэгч ажиллаж байсан бол 13 дахь сарын цалин, үр дүнгийн цалин урамшуулал авах ёстой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр халсан гэж үзсэн тохиолдолд тухайн ажиллаагүй хугацааны цалин хөлс, олговрыг олгохоор шийдвэрлэнэ. Энэ нь хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлд хамаарахгүй.

5.4. Мөн энэ хэрэг маргаанд н.Бадамжаргал гэдэг хүн оролцож байгаагүй. Бүрэн эрхт төлөөлөгч эрх зүйн онцгой дэглэм тогтоодоггүй. Засгийн газарт эрх олгох тухай хуульд заасны дагуу Засгийн газар “Б” ХК-д онцгой дэглэм тогтоож байгаа болохоос биш бүрэн эрхт төлөөлөгч онцгой дэглэм тогтоохгүй. Эрх олгох тухай  хууль болон Засгийн газрын тогтоол Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн талаар ямар нэгэн шийдвэр байхгүй. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.7, 30.8 дахь хэсэгт заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч “Б” ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. А- нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс “Б” ХК-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн Терминал логистикийн албаны даргын албан тушаалд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

Улмаар түүнийг “Б” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1460 дугаар тушаалаар Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 82 дугаар зүйлийн 82.1, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Б” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 385 дугаар тогтоолын 2, 3.1, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/737 дугаартай тушаалыг үндэслэн Засгийн газрын онцгой дэглэм бүхий компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагаар Тээвэр зохицуулалтын хэсгийн Терминал логистикийн албаны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Дээр дурдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

3.1. Онцгой дэглэм тогтоосон үед нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр шаардлагатай гэж үзвэл үйлдвэрийн газар, байгууллагын бүтэц, үүргийг тогтоох, нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх эрхийг Засгийн газар эдэлнэ, уг эрхийн хүрээнд Засгийн газраас онцгой бүрэн эрхт төлөөлөгчид 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтаар даалгасан үүрэг, олгосон бүрэн эрхийн хүрээнд “Б” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1460 дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлт хийж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж шүүх дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг өгөхдөө БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дэх заалт, 2 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3.2. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь БНМАУ-ын Засгийн газарт бүрэн эрх болгох тухай хуулийн 1 дэх заалтын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэлгүй нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хөдөлмөрийн маргаанд холбогдох урьдчилан шийдвэрлэгдэх ажиллагаа хийгдээгүй, хуульд заасан хугацаанд мэдэгдэл өгөөгүй, ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөн, 13 дахь сарын цалин болон үр дүнгийн урамшуулал олгоогүй, Хөдөлмөрийн маргаан таслах комиссийн дүрэм болон бүрэлдэхүүний талаар гаргасан  давж заалдах гомдлыг хангахгүй.

Учир нь БНМАУ-ын Засгийн газарт бүрэн эрх болгох тухай хуулийн зохицуулалтын хүрээнд үүссэн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах харилцаанд хамаарахгүй.

Түүнчлэн Засгийн газраас “Б” ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх арга хэмжээний хүрээнд А-ыг ажлаас чөлөөлсөн учир “Элгэн” ХХК-тай холбогдох хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандсан гэх үндэслэлд талуудыг мэтгэлцүүлэх шаардлагагүй. Энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө ажлаас халагдсаны тэтгэмж нэхэмжлээгүй тул уг шаардлагыг анхан шатны шүүх дүгнээгүйг буруутгахгүй.

Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, тэтгэмж гаргуулах нэхэмжлэлд талуудыг мэтгэлцүүлээгүй үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй.

 

Мөн БНМАУ-ын Засгийн газарт бүрэн эрх болгох тухай хуулийг хууль тогтоогчийн зүгээс хүчингүй болгоогүй, Үндсэн хуулийн цэцээс Монгол улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж шийдвэр гараагүй буюу хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул Монгол улсын Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэсэн, энэхүү хууль нь иргэний эрхийг хязгаарлаж буй агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

3.3. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэх ёсгүй Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг баримталсан, БНМАУ-ын Засгийн газарт бүрэн эрх болгох тухай хуулийн нэрийг дутуу бичсэн алдаа гаргасныг залруулж өөрчлөлт оруулна.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2023/02775 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2,” гэснийг “БНМАУ-ын” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН

 

                                        ШҮҮГЧИД                                       С.ЭНХБАЯР

 

                                                                                               Т.БАДРАХ