Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг, 

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овгийн Б.Э-т холбогдох эрүүгийн 1834009810005 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1994 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Төв Чандмань Дулааны эрчим хүчний газар машинист  ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймаг, Зуунмод сум 3 дугаар баг, Хөтөлийн 3-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ИГ94050718 дугаарын регистртэй, Т овгийн Б.Э

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Э нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт Э.Мөнхбаттай хувийн таарамжгүй харьцааны маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Э-ын:

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр орой ээлжээсээ буугаад Мөнхбат ах ажил дээр согтуу ирсэн. Усанд орчхоод ороод гараад ирэхэд утас алга болчихлоо гэсэн. Бадмаа ах бид хоёр утас руу нь залгахад нь утас нь холбогдохгүй байсан. Ажлынхаа хувцсыг шалгуулсан. Сейфээ шалгуулсан. Учрыг нь олъё гээд цагдаа дуудсан. Цагдаа нартай Мөнхбат ахын гэрээр ороход ээж эгч хоёр нь нэг дор тар гээд тараасан. Манай дарга нар шугам эвдэрсэн гээд хуралдаж байсан. Мөнхбат ах араас ирээд ганцаараа хүрээд ирсэн. Та нараас болж гэрээсээ муудлаа гээд надаа уурлаад байсан. Тэгвэл цагдаагаа дууд гэж хэлсэн. Намайг түлхээд би Мөнхбат ахыг цохиод намайг нэг цохисон. Тэгээд цагдаа дуудсан. Ийм л зүйл болсон гэв.

 

Эрүүгийн 1834009810005 дугаартай хэрэгт хохирогч Э.Мөнхбатын /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Ц.Мөнхболдын /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч М.Алтангэрэлийн /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Б.Баднаанямбуугийн /хх-ийн 14 дүгээр хуудас/, яллагдагч Б.Э-ын /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/, зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 08 дугаар хуудас/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 32 дугаар хуудас/, шүүгдэгч У.Золчимэгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа, дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт 27 дугаар хуудас/, цагдаагийн газрын цахим хайлтын системийн лавлагаа /хх-ийн 29-31 дүгээр хуудас/, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 586 дугаартай шийтгэвэр /хх-ийн 34-35 дугаар хуудас/, хохирогч Э.Мөнхбат болон шүүгдэгч Б.Э нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт Э.Мөнхбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Э.Мөнхбатын ...ажил дээр очсон чинь нөгөө хэд ажил дээр архи уугаад сууж байхаар нь би уурлаад та нар хүний юм авчхаад хүн доромжилж байгаа юм шиг инээж хөхрөлдөөд сууж байдаг цагдаа орно гэсэн чинь Б.Э босож ирээд миний нүүр рүү цохисон...,

гэрч Ц.Мөнхболдын ...Мөнхбат ах араас ирээд та нараас болж гэр бүлийнхэнтэйгээ муудлаа пизда нар минь цагдаа оръё гэхэд Б.Э за явъя хувцсаа өмс гээд гараас нь татахад чи муу пацаан гээд гараараа нүүр рүү түлхсэн тэгсэн Б.Э нэг удаа нүүр хэсэгт нь цохисон. Мөнхбат ах зөрүүлээд нэг удаа цохисон...,

гэрч М.Алтангэрэлийн ...Б.Э нэг удаа цохиод, зөрүүлээд Мөнхбат ах нэг цохисон. Тэгээд би голоор нь орж салгаад...,

гэрч Б.Баднаанямбуугийн ...Б.Э цагдаа явахуу гээд гадуур хувцсаа өмс гээд Э.Мөнхбатыг суугдаад гарах гэтэл нүүр рүү нь түхсэн. Тэгсэн Б.Э та зүгээр байгаарай гээд нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд зөрүүлээд Мөнхбат нэг удаа нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд Б.Э хөлөөрөө өвдөг хэсэгт нь өшиглөх шиг болсон. Алтангэрэл салгасан...,

яллагдагч Б.Э-ын ...Мөнхбат ах орж ирээд та нараас болж би гэрийнхэнтэйгээ муудалцлаа гээд бид нар руу дайрахаар нь би тэгвэл одоо цагдаа оръё гээд нүд хавьд нь цохисон. Намайг зөрүүлээд зүүн шанаа руу Мөнхбат цохиод авсан... гэсэн мэдүүлгүүд, 

шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай ...Э.Мөнхбатын биед зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацарт хавдар бүхий... хөнгөн хохирол учирсан талаарх дүгнэлт, зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 586 дугаартай шийтгэвэр, хохирогч Э.Мөнхбат болон шүүгдэгч Б.Э нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

  

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно. 

 

            Прокуророос шүүгдэгч Б.Э-т холбогдох эрүүгийн 1834009810005 дугаартай хэргийг яллагдагч Б.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч Э.Мөнхбат нь түүнтэй эвлэрсэн тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

            Шүүх шүүгдэгч Б.Э-ын Э.Мөнхбатын эрүүл мэндэд зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацарт хавдар бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Мөнхбатад зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацарт хавдар бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

 

Гэвч шүүгдэгч Б.Э нь хохирогч Э.Мөнхбатад гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол 150.000 төгрөг нөхөн төлж, хохирогчийн оронд нэг удаа ээлжинд нь гарсан болох нь хохирогч Э.Мөнхбат, шүүгдэгч Б.Э нарын хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгчийг хохирогчтой эвлэрсэн гэж үзсэн бөгөөд шүүгдэгч Б.Э энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Э хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгосон улсын яллагчийн торгох ялын хэмжээнд оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

                   36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овгийн Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т овгийн Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т овгийн Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун тавин нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

    

4. Шүүгдэгч Т овгийн Б.Э-т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Т овгийн Б.Э нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Э.Мөнхбат нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүйг, хохирогч, шүүгдэгч нар эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.  

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т овгийн Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т овгийн Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН