Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2016/00227/И |
Дугаар | 130/ШШ2016/00365 |
Огноо | 2016-06-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2016/00365
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Нийслэлийн Х дүүргийн *** дугаар хороонд байрлалтай, Н ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт оршин суух, Б овогт Шын Ад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Ш.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1008157 төгрөг, төлөгдөөгүй хүүний дүн 498584 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99716 төгрөг, нийт 1606457 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Н ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ш.А нь "Н" ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын албан тушаалд ажиллаж байх үедээ буюу 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр NU/ХЗГ313 тоот хэрэглээний зээлийн гэрээг "Н" ХЗХ-той байгуулж сарын 1.89 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хэрэглээний бараа авах зориулалтаар 1099990 төгрөгийг зээлж авсан. Уг зээлийг авахдаа Ш.А нь "Н" ХХК-ийн гүйцэтгэх захиралд хандан "Уг зээлийн гэрээнд батлан даагч хэрэгтэй байгаа тул батлан дааж өгнө үү хэмээн хүсэлт гаргасныг хүлээн авч "Н" ХХК Ш.Агийн үүргийн гүйцэтгэлийг "Н" ХЗХ-ны өмнө батлан даахаар тохиролцож 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр NU/БДГ313 дугаартай "Батлан даалтын гэрээг" байгуулсан билээ.
Гэтэл зээлдэгч Ш.А нь 2014 оны 2 дугаар сарын 6-ны өдөр зээл болон зээлийн хүүг нэг удаа 100000 төгрөгөөр төлж барагдуулаад дахин зээлийн гэрээ болон түүний хавсралтанд заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй улмаас "Н" ХХК батлан даалтын гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж Ш.Агийн зээлийн хүү 117914, үндсэн зээлийн үлдэгдэл 1008517 нийт 1126071 төгрөгийг "Н" ХЗХ-нд бүрэн төлж барагдуулсан. Н ХХК нь батлан даалтын гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийн үүргийг түүний өмнөөс биелүүлж үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул Монгол Улсын Иргэний хуулийн 462 дугаар зүйлд заасны дагуу Н ХЗХ-ны шаардах бүх эрх Н ХХК-нд бүрэн шилжсэн билээ.
Н ХХК-ийн зүгээс Ш.Ад зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьсан боловч тодорхой үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 462 дугаар зүйл, 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн NU/XЗ313 тоот зээлийн гэрээний 2.4, 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн NU/БД313 тоот батлан даалтын гэрээг тус тус үндэслэн 2014 оны 2 дугаар сарын 06-наас 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 785 хоног бөгөөд нийт төлөгдөөгүй хүүний дүн 498584 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний дүн 99716 төгрөг, үндсэн зээлийн 1008157 төгрөг буюу нийт 1606457 төгрөгийг Ш.Агаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н ХХК-ны 2016 оны 4 дүгээр сарын 08-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаж үзлээ. Үүнд миний зүгээс дараах зүйлүүдийг ойлгоогүй болно. Миний хувьд Н Хадгаламж Зээлийн Хоршооноос 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Асус маркийн ноутбук зээлээр авсан нь үнэн. Уг зээлийн төлбөрийг сар бүрийн Н ХХКомпаниас авсан цалингаас суутгаж байсан. 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сар бүр 100000 төгрөгөөр суутгаж 500000 төгрөг 2014 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд ямар ч цалин хөлс олгоогүй учир тухайн саруудад авах ёстой цалингаар үлдсэн 600000 төгрөгийн тооцоо дуусах ёстой байсан. Миний бие тус ажлаа албан ёсоор 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн. Гэвч 7, 8-р саруудын нийгэм даатгалын шимтгэл хүртэл төлөгдөөгүй байсан. Тухайн үед цалин яагаад хасагдаж орж ирээд байгааг нь тодруулахад ноутбукний үнэ болон утасны төлбөрт суутгаж байгаа гэсэн хариу өгдөг байсан. Дашрамд хэлэхэд Н ХХК надад нэг ч удаа зээл хийгдээгүй төлөх ёстой гэдгийг хэлж байсангүй. Хэрвээ миний цалингаас суутгал хийгээгүй тохиолдолд би Н ХХК-нд ажиллаж байх хугацаанд мэдэгдэх ёстой гэж бодож байна. Тиймээс миний бие уг төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Холбогдох материал болох нийгэм даатгалын дэвтрийн хуулбар, ажил хүлээлцсэн акт, депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг хавсаргав гэжээ.
Хариуцагч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Би Н ХХК-ний Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын ажил хийж байсан маань үнэн. Бүх аймгийн захирлуудад нотебүүк тарааж үнийг нь цалингаас суутгаж авахаар гэрээ хийсэн нь үнэн. Би бүх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Сар бүр 100000 төгрөгийг цалингаас суутгахаар тохиролцсон байсан. Би цалингаас дээрх нотебүүкийн үнийг суутгаж байсан гэж ойлгосон. Учир нь миний цалин дутуу орж байгааг лавлахад нотебүүкийн үнийг татаж байгаа гэсэн тайлбар өгсөн. Би 6 сараас 9 сарын хооронд цалингүй ажилласан. Би 9 дүгээр сард ажлаа хүлээлгэж өгөхдөө дээрх 3 сарын цалинг нотебүүкийн үнэд татахаар тохиролцсон байсан. Би үүнийг 2 жилийн дараа мэдэж байгаа нь харамсалтай байна. Надад төлбөр төлөх ёстой байсныг сануулсан бол би зээлийн хүүгийн өсгөхгүйгээр төлөх боломжтой байсан. Миний цалингаас дээрх нотебүүкийн үндсэн үнийг суутгаагүй нь нотлогдвол би нотебүүкийн үнийг төлж өгөхөд татгалзах зүйлгүй. Би зээлийн хүүгийн мөнгийг төлөхгүй. Учир нь 2 жилийн хугацаанд мэдэгдээгүй. Н ХХК нь Нд 1126000 төгрөг төлсөн гэж байна. Яагаад 2 жилийн хугацаа өнгөрүүлж хүү өсгөснийг мэдмээр байна. 2 жилийн хугацаанд надад мэдэгдээгүй ба төлбөр төлөх санамж өгөөгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хариуцагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Ш.Агаас зээлийн болон батлан даалтын үүрэгт 1606457 төгрөг гаргуулж өгөхийг шаарджээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ш.А нь Н ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын албан тушаалд ажиллаж байх үедээ Н ХЗХ-той 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр NU/ХЗГ313 тоот хэрэглээний зээлийн гэрээ байгуулж 1099990 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 1.89 хувийн хүүтэй, хэрэглээний бараа авах зориулалтаар зээлж авсан байна. Зээлдэгч Ш.А нь уг зээлээс 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдөр зээл болон хүүг нэг удаа 100000 төгрөгийг төлсөн байна.
Н ХХК нь 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Н ХЗХ-той NU/БДГ313 дугаартай батлан даалтын гэрээ байгуулж Ш.Агийн үүргийн гүйцэтгэлийг Н ХЗХ-ны өмнө батлан даахаар тохиролцсон байна.
Зээлдэгч Ш.А нь зээлийн гэрээ болон түүний хавсралтанд заасан үүргээ биелүүлээгүй тул Н ХХК нь батлан даалтын гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн болох нь Н ХЗХны гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №16/53 дугаартай эрх шилжүүлэх тухай албан бичгээр тогтоогдож байх бөгөөд Н ХЗХ нь үүрэг гүйцэтгэгчээс шаардах үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрхийг Н ХХК-д шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч болон Н ХЗХны гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №16/53 дугаартай эрх шилжүүлэх тухай албан бичгээс үзэхэд Н ХХК нь батлан даалтын гэрээний дагуу Ш.Агийн зээлийн хүүний үлдэгдэл 117914 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 1008157 төгрөг, нийт 1126071 төгрөг төлсөн байна.
Хариуцагч Ш.Агаас шүүхэд гаргасан тайлбартаа Н компаниас авсан цалингаас 2014 оны 2 дугаар сараас 05-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сар бүр 100000 төгрөг суутгаж байсан байсан ба 2014 оны 6 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл цалин олгоогүй учир тооцоо дуусах ёстой гэж тайлбарласан боловч энэхүү тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагчаас ХААН банкны депозит дансны хуулга, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг гаргаж өгсөн боловч зээл төлснийг нотлох баримт биш байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаах үндэслэл болохгүй гэж үзлээ.
Шүүх хуралдаан дээр хариуцагч Ш.А нь Н ХХК-ийн Н ХЗХ-нд төлсөн 1126071 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба төлөгдөөгүй хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.
Хариуцагч Ш.Агийн Н ХЗХ-той байгуулсан 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр NU/ХЗГ313 тоот хэрэглээний зээлийн гэрээний 2.4-т Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү зээлийн гэрээний 2.1-д заасан хувийн хүүг хавсралтад заасан графикийн дагуу төлөх бөгөөд зээлийн хүүг ашигласан хоногоор тооцно гэж харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1-д Батлан даагч үүрэг гүйцэтгэсэн бол энэхүү үүргийн талаархи үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрх түүнд шилжих бөгөөд ийнхүү эрх шилжих нь батлан даалттай холбогдолгүй үүрэг гүйцэтгүүлэгчийн бусад эрхийг хөндөхгүй гэж заажээ. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд үүрэг гүйцэтгүүлэгч болох Н ХЗХ-ны бүх эрх Н ХХК-д шилжсэн гэж үзэх үндэслэлтэй тул төлөгдөөгүй хүү 498584 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99716 төгрөгийг нэхэмжлэгч Н ХХК нь шаардах эрхтэй байна. Иймд Ш.Агаас 1606457 төгрөгийг гаргуулан Н ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Шын Агаас 1606457 төгрөгийг гаргуулан Н ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40660 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш.Агаас 40660 төгрөг гаргуулан Н ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хариуцагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК