Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/02162

 

 

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/02162

 

 

А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 189/ШШ2023/00032 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А банк ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-, В- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 22,598,360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Б-, В- нар нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/202146690767 дугаартай зээлийн гэрээг байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 11,113,561.57 төгрөг дээр 15,500,000 төгрөгийг нэмж нийт 26,613,561.57 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 14.4, сарын 1.2 хувийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон цалингаа барьцаалсан.

Зээлдэгч нар зээлийн гэрээний хуваарийн дагуу үндсэн зээл 5,494,102 төгрөг, зээлийн хүү 3,425,157 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,390 төгрөг нийт 8,933,649 төгрөг төлсөн.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс 192 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, гэрээний 6.1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй. Иймд зээлийн гэрээний 6.1.1 дэх хэсгийг үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл 21,119,459,30 төгрөг, зээлийн хүү 1,420,287,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,613,39 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 13,000 төгрөг, нийт 22,598,360 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 26,613,561 төгрөг зээлж аваагүй, 15,500,000 төгрөгийг авсан. Нэхэмжлэгч нь гэрээний 2.1.3 дахь хэсэгт зааснаас өөр дансанд зээлийг шилжүүлсэн учир уг гэрээг үндэслэн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

Хариуцагч Б- 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас халагдсанаар зээлийн төлөлтөд хүндрэл үүссэн.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 227 дүгээр зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Б-, В- нараас зээлийн үлдэгдэл 21,119,459.30 төгрөг, зээлийн хүү 1,420,287.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,613.39 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 22,598,360.28 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А банк ХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,942 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-, В- нараас 270,942 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч тал 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр А банк ХК-аас 26,613,561 төгрөгийг аваагүй, өмнөх зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл дээр нэмж 15,500,000 төгрөгийг авсан бөгөөд энэхүү 15,500,000 төгрөгийг ЗГ/202146690767 тоот зээлийн гэрээний 2.1.3-т заасан данснаас өөр дансанд шилжүүлсэн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэмээн тайлбарласан. Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бөгөөд нэхэмжлэгч А банк ХК нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчлөлгүй шүүх хуралдаанд орсон.

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгчийн зүгээс 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 15,500,000 төгрөг шилжүүлсэн үү, эсхүл нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан 26,613,561 төгрөгийг шилжүүлсэн үү гэдгийг нэхэмжлэгчээс асууж, хэлсэн тайлбарыг нь бичгээр гаргаж өгөхийг санал болгосон.

Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг асуултаараа зөвтгүүлж, шүүх хуралдаанд өөрчилсөн үндэслэл тайлбарыг бичүүлж аваад хэрэг шийдэж байгаа нь шүүхийн хөндлөнгийн байр суурь, хариуцагч талын нэхэмжлэлийн өөрчилсөн үндэслэлд хариу тайлбар өгөх боломжит хугацаагаар хангуулах, баримт бүрдүүлэх бүрэн эрхийг хангаагүй, мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан асуудал болно.

Дээр дурдсанчлан ЗГ/202146690767 тоот зээлийн гэрээний 2.1.3-т заасан данснаас өөр дансанд 15,500,000 төгрөгийг шилжүүлсэн буюу нэхэмжлэгч тал гэрээний үүргээ зөрчсөн тул энэхүү гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй байна. Энэхүү шалтгаан үндэслэлээр шүүхээс зээлийн хүү 1,420,287 төгрөг, нэмэгдүүлсэн 45,613 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нийт зээлийн үлдэгдлийг анхан шатны шүүх зөв тооцсон тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А банк ХК нь хариуцагч Б-, В- нарт холбогдуулан зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 21,119,459 төгрөг, зээлийн хүү 1,420,287 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,613 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 22,598,360 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 

3. Б-, В- нар нь А банк ХК-тай 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, улмаар 2016 оны 02 дугаар сарын 02, 05 дугаар сарын 18, 2017 оны 12 дугаар сарын 28, 2018 оны 03 дугаар сарын 20, 07 дугаар сарын 20, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд тухай бүр гэрээ байгуулан нэмж зээл авч байжээ /хх 89-124/.

2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч нар нь дээрх гэрээнүүдийн зээлийн үлдэгдэл 11,113,561 төгрөг дээр нэмж 15,500,000 төгрөг, нийт 26,613,561 төгрөгийг нэхэмжлэгчээс жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, сарын 1.2 хувийн хүүтэйгээр зээлдэж авчээ/хх 6-14/.

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон байна.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.1. Зээлийн гэрээний 2.1.4, 2.1.6-д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээг талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн.

 

4.2. Хариуцагч нар нь зээлийн гэрээний хавсралтаар тохиролцсон хуваарийн дагуу зээл эргэн төлөх үүргээ 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн биелүүлээгүй учир нэхэмжлэгч нь тэдгээрт үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосны дараа 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцалсан байна.

Зохигчийн байгуулсан гэрээ цуцлагдсан эсэх нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах тул шүүх энэ үйл баримтыг тогтоох бөгөөд харин нэхэмжлэлийн шаардлага гэж үзэн шийдвэрлэхгүй. Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт зохигчийн байгуулсан гэрээг цуцалж шийдвэрлэснийг залруулж өөрчилнө.

 

4.3. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар зээлдэгч нарын төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр 21,119,459 төгрөг, зээлийн хүү 1,420,287 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,613 төгрөг байсан байх ба энэ тооцоололд хариуцагч тал нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй.

 

4.4. Нэхэмжлэгч нь Б-, В- нарын хамтран эзэмшдэг харилцах данс руу зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байх тул зээлийн гэрээний 2.1.3-т зааснаас өөр харилцах данс руу зээлийг шилжүүлсэн үндэслэлээр хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Учир нь хариуцагч нар нь нэгэнт зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан тул хүлээн авсан зээлд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

 

4.5. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 21,119,459 төгрөг, зээлийн хүү 1,420,287 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,613 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэмэгдүүлсэн хүү шаардах эрхэд хамаарах заалтыг баримтлаагүй, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан байхад хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүд хамаарах заалтыг баримталсан, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шаардлага тус бүрээр задалж бичсэн нь оновчгүй болсныг тус тус залруулж өөрчилнө.

 

5. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргахтай холбоотой гаргасан нотариатын зардал 13,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Шийдвэрийн тогтоох хэсэгт үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын хүрээнд хохирол шаардах эрхийн дээрх нарийвчилсан зохицуулалтыг баримтлаагүйг залруулна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийн дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд тодруулж тайлбар гаргасан, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан үүргийн дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж үзэхгүй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 189/ШШ2023/00032 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 227 дүгээр зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-, В- нараас 22,598,360 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А банк ХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.БАДРАХ