| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0012/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2019-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овгийн Ц.О-тхолбогдох эрүүгийн 1834008590482 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Заамар суманд 1976 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 3-257 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Нийслэлийн Чингэлтэй дүүгийн Шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 786 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 413 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 400 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 100 дугаар зүйлийн 100.1, 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 58 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 433 дугаар ангид ял эдэлж байгаад 2018 оны 02 дугаар сарын 02-нд суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НШ76011875 дугаарын регистртэй, М овгийн Ц.О
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ц.О нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төв аймаг Батсүмбэр сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баянхангай” амралтын газарт Д.Ганбаатарыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Оын:
...2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянхангай амралтын газар би харуул хийдэг байсан. Ганбаатар ах менежер хийдэг байсан. Архи дарс уугаад байхаар нь чи ууж байхад би яагаад ууж болохгүй юм гээд архи уусан. Би өөрөө уурандаа Ганбаатар ахтай муудалцсан. Аж ахуйд засвар хийдэг байсан. Кармандаа автеркаар хоёр удаа хойшоо хатгасан. Би тэр өдөр Ганбаатар ахтай архи ууж маргалдаад гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Тэр өдөр муудалцана гэж бодоогүй. Харин хоорондоо муудалцсан. Хохирлыг нь барагдуулах болно... гэсэн мэдүүлгийг өгсөн болно.
Эрүүгийн 1834008590482 дугаартай хэрэгт хохирогч Д.Ганбаатарын /хх-ийн 4-5, 6-7 дугаар хуудас/, гэрч Ж.Эрдэнэдалайгийн /хх-ийн 8 дугаар хуудас/, гэрч Г.Ган-Эрдэнийн /хх-ийн 9 дүгээр хуудас/, гэрч З.Энхтуяагийн /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч Ц.О-ын /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Д.Ганбаатарын /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Б.Бямбажаргалын /хх-ийн 14-15/, гэрч С.Оюунгэрэлийн /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч С.Дунгаамаагийн /хх-ийн 17 дугаар хуудас/, яллагдагч Ц.О-ын /хх-ийн 27-28 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 713 дугаартай дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч Д.Ганбаатарын шинжилгээ өгсөн баримтууд /хх-ийн 40-44 дүгээр хуудас/, хохирогч Д.Ганбаатарын цахим иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 45 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.О-ын хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 46-71 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Ц.О нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төв аймаг Батсүмбэр сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баянхангай” амралтын газарт Д.Ганбаатарыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч хохирогч Д.Ганбаатарын ...Ц.О нилээн ууртай аптерик барьчихсан согтуу гал тогооны өрөө рүү орох гэж байгаа бололтой үүдэн дээр нь таарсан. Тэгэхээр нь би “за чи чинь одоо яаж байна аа хүн алах нь уу” гэтэл над руу үгийн зөрүү байхгүй шууд дүрэх гэж байгаа юм шиг дайрахаар нь би аптерикнийх нь үзүүрийг барьж автал үзүүр нь сугарсан. Тэгтэл нөгөө Ц.О тэр надад байгаа аптерикны үзүүрийг авах гэж над руу дайраад намайг заамдаж авахаар нь би Ц.О-ыг тонгорч газар унагаагаад нөгөө аптерикнийхаа ишиг хойшоогоо газар шидсэн. Тэгээд Ц.О-ыг газар нь үлдээчихээд цаашаа хаалгаар гарах гэж явтал араас Ц.О хогийн төмөр сав аваад миний араас баруун талын мөр хэсэг рүү нэг удаа толгойны ар хэсэг рүү нэг удаа цохичхоод дараа нь Ц.О цээж нүцгэлж хувцсаа тайлаад над руу дайрч намайг газар унагааж миний дээр гараад нөгөө аптерикныхаа үзүүрээр миний зүүн нүдний дээд тал руу 10 гаран удаа цохисон. Тэгэхэд миний нүдний дээд хэсэгт язарч цус гарсан. Тухайн үед нь би өөрийгөө хамгаалах гэж байгаад баруун гарынхаа тохой, шуу хэсгүүд рүү бас л ойролцоогоор арав гаран удаа цохиулсан. Мөн гараараа миний хамар руу гурав дөрвөн удаа цохисон. Тэрний дараагаар миний өмсөж явсан цамцнаас зуурч байгаад ахиад арав гаран удаа толгой баруун гар хэсгүүд рүү өшиглөсөн. Намайг босож байгаад ахиад зодож байтал гаднаас орлогч дарга Хүрэлбаатар орж ирээд Ц.О-ыг салгаж авч гарсан...,
гэрч Ж.Эрдэнэдалайгийн ...хамт ажилладаг хүнээ зодсон гэж захирал нь над руу яриад хэлсэн...,
гэрч Г.Ган-Эрдэнийн ...нэг хүнийг зодсон гэсэн. Цагдаа нар бас асууж ирдэг. Хаана ямар хэрэг хийсэн талаар би сайн мэдэхгүй байна...,
гэрч З.Энхтуяагийн ...менежер ажилтай Ганбаатар ах нэг давхрын үүдэнд таарч тэр хоёр маргалдаж хоорондоо зодолдсон байсан. би зодолдоход нь хажууд нь байгаагүй...,
гэрч Д.Ганбаатарын ...араас хогийн төмөр саваар цохиж шууд хувцсаа тайлаад өөдөөс дайрч юу юугүй л зодоод аптерикээр цохиж дайрсан. Би биеэ хамгаалсан. Тэгээд нүүр нүдгүй л балбаад намайг нилээн гэмтээсэн. Тэгээд хэсэг зодолдсоны дараа дарга Хүрлээ орж ирж салгаж аптерикийн үзүүрийг Отгоогоос булаан авсан юм...,
гэрч Б.Бямбажаргалын ...менежер Ганбаатар хамгаалагч Ц.О ах нар хоорондоо зодолдож байсан. Хоёр биенээ заамдалцаад цохиж байхаар нь хажуугаар нь гараад болиоч ээ гэж хэлсэн... ...Ганбаатар ахын духнаас цус гарчихсан байсан... ...Ц.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...,
гэрч С.Оюунгэрэлийн ...манай ажилчин Ганбаатар ахыг агсам тавиад байхаар салгах гэсэн чинь өөрийг нь нүүр толгой руу нь цохиод цус гарсан. Яг энэ үед би гал тогоонд байсан. Амралтын байрны үүдний хонгилд Ганбаатар ахын нүүр нь цус болчихсон байхыг би харсан. Ц.О эхнэрийг минь гаргаж өг гээд агсам тавиад орилж чарлаад байхаар нь Ганбаатар ах болиулах гэсэн чинь хоорондоо зодолдсон, цохисон юм шиг байгаа юм...,
гэрч С.Дунгаамаагийн ...манай ажилтан Ганбааг толгой руу нь цохиод Хүрэлбаатар захирал эмнэлэг рүү авч явсан гэсэн...,
яллагдагч Ц.Оын ...Тухайн үед Ганбаатар тэнд ирсэн байсан. Тэгээд бид нар архи ууж суугаад хоорондоо маргалдаад тэгээд Ганбаатар намайг цохиод авахаар нь би барьж аваад зодсон юм... гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 317 дугаартай ...Д.Ганбаатарын биед хамар ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, баруун зовхи, цээж, баруун шуунд цус хуралт, баруун шуу, чих сорви бүхий... хөнгөн хохирол учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Д.Ганбаатарын шинжилгээ өгсөн баримтууд, шүүгдэгч Ц.О-ын хувийн байдлыг тодруулсан баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Оын согтуурсан үедээ иргэн Д.Ганбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.
Иймд шүүгдэгч Ц.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.Оын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ганбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан.
Хохирогч Д.Ганбаатар нь эрүүл мэндтэй холбоотой эмчилгээний болон бусад зардалд хавтас хэрэгт авагдсан баримтаар 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөг, баримтгүй 2.520.000 /хоёр сая таван зуун хорин мянга/ төгрөг, нийт 3.000.000 /гурван сая/ төгрөг нэхэмжилсэн байна.
Үүнээс баримттай 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг шүүгдэгч Ц.Оаас гаргуулж, хохирогч Д.Ганбаатарт олгохыг,
харин баримтгүй нэхэмжилсэн 2.520.000 /хоёр сая таван зуун хорин мянга/ төгрөгийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ц.О-т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.О-т торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,
36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,
38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл,
заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн Ц.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М овгийн Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгж буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М овгийн Ц.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1350 нэгж буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М овгийн Ц.О-т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч М овгийн Ц.О нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М овгийн Ц.Оаас 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч ХА61100317 дугаарын регистртэй, Боржигон овгийн Довчингийн Ганбаатарт олгосугай.
7. Хохирогч Д.Ганбаатар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М овгийн Ц.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М овгийн Ц.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН