Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2016/00366

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дүгээр багт оршин суух, С овогт Хы Бы нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б, прокурор Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол нийт 17373000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт теллерээр ажиллаж байхдаа ажлын давуу талыг ашиглан олон харилцагчийн данснаас их хэмжээний зарлагын гүйлгээг данс эзэмшигч бус хүмүүст холбогдох бичиг баримтгүйгээр олгосон гэх шалтгаанаар Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч Ш.Е нь манай салбарт теллерээр ажиллаж байсан А.Хад холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгээд урьдчилсан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн юм.

Улсын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх тасгийн мөрдөн байцаагч Ц.Нгийн зааварчлагаар 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Цагдаагийн газраас намайг сэжигтнээр татаж мэдүүлэг авч, уг хэрэгтэй холбогдуулан намайг Улаанбаатар хотод хүрэлцэн ирэхийг шаардсан учир 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот руу онгоцоор өөрийн зардлаар очсон болно.

Улаанбаатар хотод очсоны дараа мөрдөн байцаагч Ц.Нгийн аман шийдвэрийн дагуу 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Улсын мөрдөн байцаах газарт өдөрт гурван удаа очиж бүртгүүлж байсан ба энэ хугацаанд автобусны зардал, хоол хүнс, байрны хөлс зэрэг бүх зардлыг би өөрөө хувиасаа гаргаж байсан юм.

Улаанбаатар хотод 2014 оны 1 дүгээр сарын 13-наас мөн оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 5 сар буюу 150 хоногт Улсын мөрдөн байцаах газарт өдөрт 3 удаа ирж бүртгүүлж байсан.

Гэтэл 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаагч Ц.Н бидэнд чөлөө өгөөд аймаг руу явуулсан ба түүний дуудлагаар эргэж Улаанбаатар хот руу 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр очиж, мөн өдөрт 3 удаа мөрдөн байцаагчид бүртгүүлж мөн оны 8 дугаар сарын 13-ны хүртэл хотод байсан юм. Энэ хугацаанд тээврийн зардал, хоолны зардал, байрны хөлс гээд нэлээд хэмжээний зардал гаргаж, эдийн засгийн хувьд хохирол амслаа.

Түүнчлэн эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч авч, гэрээ хийж, өмгөөллийн хөлсөнд 2000000 төгрөг бэлнээр төлсөн болно. Эрүүгийн хэргийг удаан шалгасны эцэст Улаанбаатар хотын Дүүргийн 2 дугаар прокурорын газрын хяналтын прокурор Г.М, Д.М нар 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр "Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 531 дүгээр тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэргийн надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон юм.

Иймд намайг хууль зүйн үндэслэлгүйгээр Монгол Улсын Эрүугийн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр хатаж, улмаар Улаанбаатар хотод дуудаж олон хоногоор Улсын мөрдөн байцаах байгууллагад очиж бүртгүүлэх хууль бус шаардлага тавьж сэтгэл санаа, эдийн засгийн хувьд учруулсан хохирлыг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389, 390 дүгээр зүйлд зааснаар төрөөс гаргуулж өгөхийг хүсэж байна. Үүнд: 1. 2014 оны 1 дүгээр сарын 13-наас 2014 оны 8 дугаар сарын 13-ныг хүртэл 7 сарын хугацаанд Улаанбаатар хотод байрны хөлсөнд 3850000 төгрөг,

2.Өмгөөлөгчийн хөлсөнд 2000000 төгрөг,

3.2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот руу очсон онгоцны зардал 190000 төгрөг,

4.Мөн энэ хугацаанд Баян-Өлгий аймагт ирэх боломжгүй байсан ба 6 сарын турш хол газар хүүхдүүд санаад 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр онгоцоор очсон болно. Гэр бүлийн хүмүүсийн онгоцны очиж, ирэх зардал 813000 төгрөг,

5.2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр биднийг Өлгий руу буцаан явуулсан ба машины зардалд 110000 тегрөг,

6.2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод буцаж очсон ба очих зардалд 80000 төгрөг,

7. Ажилгүй байсан хугацааны цалин хэрэгт шалгагдсан 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 07-ны хүртэл сарын цалин 750000 төгрөг х 7 сар=5250000 төгрөг,

8. 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр уг хэрэг хэрэгсэхгүй болж Улаанбаатар хотоос буцаж ирсэн зардал 80000 төгрөг,

9.Үүнээс гадна энэ хэргийн улмаас эрүүл мэнд болон сэтгэл санааны маш их хохирол амссан болно. Сэтгэл санааны хохирол болох 5000000 төгрөгийг Иргэний хуульд заасан журмын дагуу арилгуулж, надад учирсан эдийн болон эдийн бус хохирол нийт 17373000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгөхийг тус тус хүсэж байна гэжээ.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б би Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу төрийг төлөөлж иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгч эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас өөрт учирсан эдийн болон сэтгэл санааны хохирол болох 17373000 төгрөгийг нэхэмжилж, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Би хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцсан. Нэхэмжлэгч сэтгэл санааны хохирол 5 сая төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь 12373000 төгрөгийн хохирлын нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа хэргийн учир албадан саатуулагдаж, баривчлагдаж байгаагүй. Өчигдөр хавтаст хэрэгтэй танилцсаны дараа шүүхийн шийдвэрүүд авагдсан байна. Нэхэмжлэгч гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдож шалгагдахаас өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Нэхэмжлэгч алдаа дутагдал гаргасны улмаас ажлаас чөлөөлөгдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин болох 5250000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Улаанбаатар хотод удаан хугацаагаар гэр бүлээсээ хол эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, сэтгэл санааны хохирол амссан гэдгийг нь харгалзан үзэж сэтгэл санааны хохиролд 2 сая төгрөгийг гаргуулж өгөх саналтай байна. Нэхэмжлэгч унаа болон хоолны зардалд гарсан зардлаа нотлох баримт бүрдүүлж нэхэмжилж чадаагүй гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 17373000 төгрөгөөс 3000000 төгрөгийн сэтгэл санааны хохирол, 5250000 төгрөгийн цалин нэхэмжилсэн төгрөгийг хасаж олгох саналтай байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Х.Б нь мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 17373000 төгрөгийг төрөөс гаргуулж өгөхийг хүсжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Х.Быг Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан ажлын хэсэг буюу Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Баян-Өлгий аймаг дахь Х банкны салбарт теллерээр ажиллаж байх хугацаандаа банкны болон төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийг зөрчин баримтын, эрх мэдлээ хэтрүүлэн итгэмжлэлгүйгээр эх орны хувь хишгийг А.Хэд олгосон гэж Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-д заасан гэмт хэрэгт сэжигтнээр татаж шалгасан боловч Х.Бы учруулсан хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-т зааснаар буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3-т тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүснэ гэж заасан байх тул Х.Бд нь хохирол нэхэмжлэх эрхтэй гэж үзэх үндэслэлтэй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1-д хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны нь үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас зогсоосон тэтгэвэр, тэтгэмж, шүүхийн шийдвэрээр хураасан, улсын орлого болгосон, түүнчлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж гаргуулсан торгууль, иргэнээр төлүүлсэн байцаан шийтгэх ажиллагааны болон бусад зардал, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс зэрэг эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө гэж заасан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 17373000 төгрөгөөс Х.Бы мөрдөн байцаагчийн зарлан дуудах хуудсаар Өлгийгээс Улаанбаатар хотож очиж, ирсэн зардал 380000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн 2000000 төгрөг төлсөн болох нь Изинис Эйрвейз ХХК-ийн онгоцны тийз, хот хоорондын зорчих тасалбар, жолооч Б.Жын тодорхойлолт, өмгөөлөгч Б.Мтай Х.Бы байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөллийн хөлс төлсөн тухай хоёр удаагийн баримт зэргээр тогтоогдож байх тул нийт 2380000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.Б нь 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5250000 төгрөг нэхэмжилжээ.

Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 тоны 12 дугаар сарын 12-ны өдрийн 537/А дугаартай шийдвэрээс үзэхэд Х.Быг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээ зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Х банкны Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.3, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг үндэслэн ажилтан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/200-б дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч Х.Б нь урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 тоны 12 дугаар сарын 12-ны өдрийн 537/А дугаартай шийдвэрийг Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 329 дугаартай тогтоолоор тус тус хэвээр баталсан байна. Дээрх байдлаас үзэхэд Х.Быг эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө ажлаас чөлөөлсөн байх тул түүнийг гэмт хэрэгт холбогдсоноос ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй болно. Иймд Х.Бы цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн 2014 оны 1 дүгээр сарын 13-наас 2014 оны 8 дугаар сарын 13-ныг хүртэл Улаанбаатар хотод байрны хөлс 3850000 төгрөг, гэр бүлийн хүмүүсийн онгоцны очиж, ирэх зардал 813000 төгрөг зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1-д заасан нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хохиролд хамаарахгүй тул гаргуулах үндэслэлгүй болно.

Харин сэтгэл санааны хохирол 5000000 төгрөгийг гаргуулах боломжгүй байна. Нэхэмжлэгчээс энэ хэргийн улмаас эрүүл мэнд болон сэтгэл санааны маш их хохирол амссан гэж тайлбарлаж байгаа боловч энэ хэрэгт шалгагдах хугацаанд бие махбодид учирсан гэмтэл, олсон өвчин эмгэг, хэргийн болон тухай иргэний талаар олон нийтэд түгсэн мэдээллийн цар хүрээний талаар нотлох баримт байхгүй байгаа тул сэтгэл санаан хохирол гаргуулах боломжгүй байна.

Иймд Засгийн газрын нөөц сангаас 2380000 төгрөг гаргуулан Хы Бд олгож, илүү нэхэмжилсэн 14993000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 389 дүгээр зүйлийн 389.2.3, 390 дүгээр зүйлийн 390.1.1, 390.1.4, 390.1.5, 397 дугаар зүйлийн 397.1-д заасныг тус тус баримтлан Засгийн газрын нөөц сангаас 2380000 төгрөг гаргуулан Хы Бд олгож, илүү нэхэмжилсэн 14993000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК