| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0014/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2019-01-14 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 19
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Намуунзул Улсын яллагч: А.Золзаяа Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1- д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Одсүрэнд холбогдох эрүүгийн 1802000010006 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 06-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 1, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Жапан Таун” С-2-115 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, спортын мастер, үндэсний бөхийн аймгийн арслан цолтой, ял шийтгэлгүй, Боржигон овогт Багадаваагийн Одсүрэн /РД:МЕ-79070610/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Одсүрэн нь 2017 оны 06 дугаар сараас 2017 оны 08 дугаар сарын 22- ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Харгана гэх газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль экологид 26.063.221 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Одсүрэн нь 2017 оны 06 дугаар сараас 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Харгана гэх газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль экологид 26.063.221 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Одсүрэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Б.Одсүрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Харгана” гэх газарт уул уурхай эрхлэх зорилгоор техник хэрэгсэл түрээслэж авч очоод эрх бүхий албан тушаалтнуудад баригдсан...” гэх мэдүүлэг 1. Хохирогч Р.Дэжидийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... “Б.Одсүрэн, Д.Мөнхбаяр нар нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Харгана гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй /хүчингүй/ үйл ажиллагаа явуулж байгаль орчинд хохирол учруулсан байна. Энэ талбай нь тусгай хамгаалалттай газартай давхцалгүй, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухай хуулийн хамгаалалтын бүстэй давхцалтай байна. Энэ нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2017 оны 09 сарын 14-ны өдрийн 066/5557, 066/5558 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөьшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэж заасан байдаг эдгээр хүмүүс нь мөн энэ хуулийн заалтыг зөрчсөн байна. Иргэн Б.Одсүрэнгийн хууль бус үйл ажиллагааны улмаас нийтдээ 1,99 га талбай эвдэгдэж экологи-эдийн засгийн нийт хохирол 26.063.221 /хорин зургаан сая жаран гурван мянга хоёр зуун хорин нэг/ төгрөг болсон. Энэ эвдэгдсэн 1,99 га талбайд нөхөн сэргээлтийг хийхэд 2.236.514 /хоёр сая хоёр зуун гучин зургаан мянга таван зуун арван дөрвөн/ төгрөг-ийн зардал гаргахаар тооцоо гарсан байна. Иргэн Д.Мөнхбаярын хууль бус үйл ажиллагааны улмаас нийтдээ 0,04 га талбай эвдэгдэж экологи-эдийн засгийн нийт хохирол 1.185.909 /нэг сая жаран нэг зуун наян таван мянга есөн зуун есөн/ төгрөг болсон. Энэ эвдэгдсэн 0,04 га талбайд нөхөн сэргээлтийг хийхэд 174.709 /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун есөн/ төгрөг-ийн зардал гаргахаар тооцоо гарсан байна. Экологи-эдийн засгийн үнэлгээг Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ гаргах эрх бүхий “НуманАптай” ХХК-нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны ажиллаж хохирлыг тооцсон байна. Экологи-эдийн засгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг үйлдсэн холбогдогч Б.Одсүрэн, Д.Мөнхбаяр нараар байгаль орчинд учруулсан дээр дурьдсан хохирлыг нөхөн төлүүлөх саналтай байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-112 дугаар тал/ Хохирогч Х.Алтынтасын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Одсүрэн нь техникийн нөхөн сэргээлт хийсэн байгаа харагдсан ба албан ёсоор акт үйлдэн хүлээн аваагүй байгаа. Хохирлыг нөхөн төлсөн учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 88-90 дүгээр тал/ Гэрч Ц.Цэрэнчунтын 2017 оны 10 дугээр сарын 19-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Баагий буюу Хишигбаяртай 2017 оны 04 дүгээр сарын эхээр /өмнө нь дорнод аймагт хамт ажиллаж байсан/ уулзахад хөдөө алтны уурхай дээр усан буун дээр ажиллах уу? гэж надаас асуусан. Би тэр үед ажилгүй байсан болохоор тавьсан саналыг нь зөвшөөрч ажиллахаар болсон. Ингээд 2017 оны 04 сарын 17-ын өдөр Улаанбаатар хотод Б.Одсүрэн ахтай анх танилцсан. Б.Одсүрэн ах өөрийгээ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат бөгөөд аймгийн арслан цолтой гэж танилцуулж байсан. Б.Одсүрэн ахын усан буу нь Улаанбаатар хот 5 шарын орчим айлын хашаанд байсан А.Хишигбаяр бид 2 усан бууны засварын ажлыг 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн хийсэн. 2017 оны 05 дугаар сарын эхээр бид 2 дээр эксковаторын оператор гэх О.Миасүрэн нэмэгдэж ирсэн. Ингээд бид нар засварын ажлыг хийж дуусаад 2017 оны 05 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгана гэх газар руу САТ маркийн эксковатор 1 ширхэг, LIЕВНЕRR маркийн эксковатор 1 ширхэг, 1 ширхэг ковш, усан буу 1 ширхэг, дизель цахилгаан үүсгүүр 1 ширхэг, ус татах насос зэрэг техник хэрэгсэлтэй хөдөлсөн. Би яагаад он сарыг сайн санаж байна гэхээр бид нарыг замд явж байхад 06 сарын 01 -ны буюу хүүхдийн баяр таарч байсан юм. Ингээд бид нар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгана гэх газарт ирээд буудалсан. Буухдаа 4 ширхэг монгол эсгий гэр барьж байрласан. Ингээд бид нар буудалдснаасаа хойш 2-3 хоногийн дараа өмнө нь алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан эвдрэлд оруулсан талбайд алт олборлох үйл ажиллагаа явуулсан боловч алт олж чадаагүй. Ингээд Б.Одсүрэн ах алт гарахгүй байна доошоо нүүж бууяа гэж шийдээд бид нар анх буусан газраасаа ертөнцийн зүгээр баруун зүгт буудалдсан. Ингээд буусан газартаа өмнө нь мөн олборлолт явуулаад орхисон газарт угааж үзсэн боловч мөн алт олборлож чадаагүй. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 20- ны өдрийн эхээр хүмүүсийн ярьж байснаар Харгана гэх газрын “Хужаатай” ам гэх газар уу орж алт олборлох шийдвэрийг Б.Одсүрэн ах гаргасан. Энэ ам нь Харгана гэх газрын Мягмарын амнаас ертөнцийн зүгээр зүүн талд нь битүү ой модтой ам байсан. Б.Одсүрэн ах энэ амны доод хэсэгт усан буугаа байрлуулсан. Уг ам нь зүүнээс баруун чигт чиглэсэн замын хойд талд ойгоор хүрээлэгдсэн битүү модтой уулын жижиг ам байсан бөгөөд доод хэсгээс нь 50 орчим метр газрыг өмнө ухаж байсан л ам байсан. Ингээд Б.Одсүрэн ах энэ ам өгсөөд олборлолт явуулж угаах талаар хэлэхэд эксковаторын оператор Дуламсүрэн мод унагаж хөрс хуулалт хийж чадахгүй гэж хэлсэн гэсэн. Тэгэхэд Б.Одсүрэн ах зүгээрээ ах нь бүх зүйлийг нь даана хэлж байна гэж Дуламсүрэн надад хэлсэн. Ингээд эксковаторын оператор Дуламсүрэн, эксковаторын оператор О.Миасүрэн нар САТ маркийн эксковатороор модыг нь унагаж хөрс хуулалт болон алттай шороо гаргах ажил хийсэн. Амнаас алттай шороо зөөх ажилд ачааны машин хэрэгтэй болох юм байна гээд Б.Одсүрэн ах анх ам руу ороход 1 ширхэг ачааны машиныг Ерөө сумаас авч ирсэн. Энэ машин нь шар өнгийн ачааны машин байсан бөгөөд усын дугааргүй байсан. Ингээд хөрс хуулалт хийгээд алттай шороог зөөх тусам улам дээшилэх тусам нэг ачааны машинаар шороо зөөхөөр ажил нь амжихгүй байна гээд Б.Одсүрэн ах дахин 47-92 ДАР улсын дугаартай улаан өнгөтэй ачааны машиныг сүүлд нь буюу 2017 оны 08 дугаар сарын эхээр түрээслэн авч ирсэн. Энэ улаан машин нь өөрөө жолоочтой ирсэн бөгөөд түүнийг Баяраа гэж дуудаж байсан бүтэн нэрийг нь мэдэхгүй. Хэнээс түрээслэн авсан талаар мэдэхгүй байна. Энэ 2 ачааны машиныг бид нар ээлжлэн жолоодож алттай шороог амнаас зөөж амын эхэнд байрлуулсан усан бууны хажууд буулгадаг байсан. Усан бууны хажууд буулгасан алттай шороог би LIЕВНЕRR маркийн эксковатороор шанагадаж усан буунд хийж алт угаах үйл ажиллагааг явуулдаг байсан. Усан буу ажиллуулах усыг бол хажуу талын том ухаш нүхэнд үүссэн хиймэл нуурнаас татаж угаадаг байсан. Ингээд бид нар 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн орчмоос 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд Харгана гэх газрын “Хужаатай” гэх аманд алт олборлох үйл ажиллагаа явуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119-123 дугаар тал/ Гэрч Б.Алтанхуягийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.Цэрэнчунт, А.Хишигбаяр нар надтай 2017 оны 05 дугаар сарын суүлээр /өдрийг нь сайн санахгүй байна/ утсаар холбогдоод Б.Одсүрэн гэх хүн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Харгана гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулах гэж байгаа та бид нартай хамт ажиллах уу? ковш жолоодох хүн алга байна гэж хэлсэн. Би тухайн үед ажил хийгээгүй байсан болохоор саналыг хүлээн авч, захирал Б.Одсүрэнтэй уулзахаар болсон. Ингээд би захирал Б.Одсүрэнтэй уулзахаар усан буу засаж байсан газар нь очиход Ц.Цэрэнчунт, А.Хишигбаяр, Дуламсүрэн, О.Мияасүрэн, Б.Одсүрэн нар байсан. Ингээд би Б.Одсүрэнтэй анх танилцаж, өмнө нь алтны уурхайд ковш жолоодож байсан талаараа хэлсэн. Б.Одсүрэн надад хэлэхдээ Сэлэнгэ аймгийн Ерөө суманд алт олборлох үйл ажиллагаа явуулна, та өмнө нь ковш жолоодож байсан юм чинь манай ковшийг 1 сарын 1,200,000 төгрөгийн цалинтайгаар жолоодох уу? гэсэн. Би тэр саналыг нь хүлээн авч ажиллахаар болсон. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 01- ний өдөр байх /өдрийг нь сайн санахгүй байна/ Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу САТ маркийн эксковатор 1 ширхэг, LIЕВНЕRR маркийн эксковатор 1 ширхэг, 1 ширхэг шар өнгийн ковш, усан буу 1 ширхэг, дизель цахилгаан үүсгүүр 1 ширхэг, ус татах насос зэрэг техник хэрэгсэлтэй хөдөлсөн. Эндээс явсан хүмүүс гэвэл Ц.Цэрэнчунт, А.Хишигбаяр, Дуламсүрэн, О.Мияасүрэн, Б.Одсүрэн, жолооч Р.Нямсүрэн, тэгээд миний бие нэмэгдээд 7 лаа хөдөлсөн. Сэлнгэ аймгийн Ерөө сумаар дайрч тогооч хийх Азжаргалыг нэмж авсан. Бид нар явсаар байгаад 2017 оны 06 дугаар сарын 5-6-ны өдрийн орчим Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгана гэх газарт очсон. Би өмнө нь энэ газарт ирж байгаагүй болохоор яг ямар нэртэй гэзэрт буусныг нь сайн мэдэхгүй байна. Бид нар буудлаад 4 ширхэг монгол эсгий гэр барьж байрласан. Буудалсан газар өмнө нь олборлолтонд өртөж байсан газар байсан. Гэрийнхээ ойр орчим өмнө нь ашиглалтанд өртөж байсан газраас 1-2 хоног алт угааж үзсэн боловч алт олж чадаагүй. Ингээд Б.Одсүрэн эндээс алт гарахгүй юм байна. Эндээс олборлох үйл ажиллагаа явуулна гээд буудалсан газраасаа ертөнцийн зүгээр хойд зүгт ургаа модтой уулын ам өгсөөд олборлохоор болсон. Уг ам нь ургаа модтой уулын ам байсан. Бид нар уг амны доод хэсэгт алт угаах төхөөрөмж болох усан буугаа байрлуулсан. Ингээд САТ маркийн эксковатороор хөрс хуулах, баяжмалтай шороо гаргах ажлыг Дуламсүрэн, О.Мияасүрэн 2 ээлжлэн жолоодож хийж байсан. LIЕВНЕRR маркийн эксковатороор алт угаах төхөөрөмж руу баяжмалтай шороо хийх ажил хийж байсан. Энэ 2 эксковаторыг Ц.Цэрэнчунт жолоодож байсан. Миний хувьд алт угаах төхөөрөмжний 2 талаар угаагдаж гарч ирсэн шороог ковшоор хусаж авч зайлуулдаг байсан. А.Хишигбаяр усан буугаа хариуцаад байдаг байсан. Б.Одсүрэн захирал угаасан алтыг ирж авдаг ажилтай байсан. Азжаргал тогоочоо хийж, Р.Нямсүрэн аж ахуй хариуцаад байдаг байсан. Энэ маягаар алт олборлох үйл ажиллагааг явуулсан. Би тухайн газарт 1 сар буюу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн орчим хүртэл ажиллаад буусан. Түүнээс хойш ямар явдал болсон талаар мэдэхгүй Харганад ажиллаж байхад Б.Одсүрэн бүх үйл ажиллагааг удирдан чиглүүлж байсан. Бид нар үүрэг чиглэл өгч хариуцан ажиллуулж байсан хүн болж Б.Одсүрэн. Хаанаас олборлолт явуулахыг зааж, зааварлаж байсан. Угаасан алтыг Б.Одсүрэн авдаг байсан. Угаалтаар хэдий хэмжээний алт олборлож байсан талаар би сайн мэдэхгүй. Учир нь алтаа авахдаа бид нарыг ойртуулдаггүй байсан. Тус тусынхаа ажлыг хийдэг байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 124-127 дугаар тал/ Гэрч О.Миаяүрэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын орчим манай найз Баагий буюу А.Хишигбаяр миний утсаар холбогдоод хаана ажиллаж байгаа талаар надаас асуусан. Би тухайн үед ажилгүй Улаанбаатар хотод ажил хайгаад байж байсан. Ажилгүй байгаа бол миний ажиллах гэж байгаа уурхай дээр хамт ажиллах уу гэсэн. Би зөвшөөрч Баагий буюу А.Хишигбаярын ажиллах гэж байгаа уурхай дээр ажиллахаар болсон. Ингээд А.Хишигбаяр намайг Улаанбаатар хотоос баруун тийш гардаг 22 товчооны орчим дуудсан. Намайг очиход танихгүй айлын хашаанд Баагий буюу А.Хишигбаяр, Ц.Цэрэнчунт нар Б.Одсүрэн гэх хүний уурхай дээр ажиллахаар бэлтгэл ажил хийж байна гээд алт угаах төхөөрөмж буюу усан буу /скруйбер/ засаж байсан. Ингээд би засварын ажилд нь тусласан. Тухайн усан бууны эзэн нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат аймгийн арслан цолтой Б.Одсүрэн гэх хүн байсан. Би Одсүрэнтэй уулзаж ажиллаж байсан туршлагаа хэлж нэг сарын 1,800,000 мянган төгрөгийн цалинтайгээр эксковатор операторчин хийхээр болсон. Б.Одсүрэн надад хэлэхдээ Сэлэнгэ аймгийн ерөө суманд үйл ажиллагаа явуулна гэж хэлсэн. Ингээд бид нар засварын ажил дуусч 2017 оны 05 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу САТ маркийн эксковатор 1 ширхэг, LIЕВНЕRR маркийн эксковатор 1 ширхэг, 1 ширхэг ковш, усан буу 1 ширхэг, дизель цахилгаан үүсгүүр 1 ширхэг, ус татах насос зэрэг техник хэрэгсэлтэй хөдөлсөн. Эндээс явсан хүмүүс гэвэл Ц.Цэрэнчунт, А.Хишигбаяр, Дуламсүрэн, Б.Аптанхуяг, Б.Одсүрэн, жолооч Р.Нямсүрэн, тэгээд миний бие нэмэгдээд 7 лаа хөдөлсөн.... 2017 оны 06 дугаар сарын эхээр “байх би өдрийг нь сайн санахгүй байна” хүмүүсийн ярьж байснаар Харгана гэх газрын “Хужаатай” нэртэй ам уу орж алт олборлох шийдвэрийг Б.Одсүрэн ах гаргасан. Энэ ам нь Харгана гэх газрын Мягмарын амнаас ертөнцийн зүгээр зүүн талд нь битүү ой модтой ам байсан. Б.Одсүрэн ах энэ амны доод хэсэгт усан буугаа байрлуусан. Уг ам нь зүүнээс баруун чигт чиглэсэн замын хойд талд ойгоор хүрээлэгдсэн модтой уулын жижиг ам байсан бөгөөд доод хэсгээр нь өмнө ухаж эвдрэлд оруулсан ам байсан. Ингээд Б.Одсүрэн ах энэ ам өгсөөд олборлолт явуулж угаах талаар хэлсэн. Уг амны доод хэсэгт алт угаах усан буугаа байрлуулж LIЕВНЕRR маркийн эксковатороор усан буу руу баяжмалтай шороо хийх, нөгөө САТ маркийн эксковатороор ам өгсөөд хөрс хуулж баяжмалтай шороо гаргах ажил үүргийг хувиартай аживллаж эхэлсэн. Тухайн ам нь ургаа модтой ам байсан болохоор яаж орох, яаж хөрс хуулалт хийх талаар Б.Одсүрэнгээс асуухад модыг нь унагаад хий, тусгай зөвшөөрөл нь гарч байгаа гэж хэлсэн. Ингээд би САТ маркийн эксковатороор ургаа модыг нь унагаж хажуу тийш нь болгоод дээрээс нь хар хөрсөөр нь даруулан уулын ам өөд өгсөж хөрс хуулалт хийсэн. Баяжмалтай шороог гаргаж ачааны машинд ачиж усан буу руу зөөх ажил явуулж эхэлсэн. Дуламсүрэн бид 2 LIЕВНЕRR маркийн эксковатор, САТ маркийн эксковатор дээр ээлжлээд л ажилладаг байсан....Энэ газар нь ой модоор хүрээлэгдсэн эрүүл газар байсан. Дуламсүрэн бид 2 ургаа модыг нь Дуламсүрэн бид 2 эксковатороор үндсээр нь булга татаж унагаад хажуу тийш нь болгож дээрээс нь хар хөрс шороогоор булах хэлбэрээр хөрсийг нь хуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128-132 дугаар тал/ Гэрч Р.Нямсүрэнгийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд аврага Дагвадорж “хөдөө явдаг ажил байна шүү дээ, явах юм уу” гэсэн тэгээд одоо энэ Б.Одсүрэнтэй /хүмүүс бол Од гэж дууддаг/ аврагын тэргийг барьж байхдаа танилцсан байсан. Тэгээд би 2017 оны 05 дугаар сарын 28-29-ны орчимд Б.Одсүрэн, Ц.Цэрэнчунт, Баагий /нэрийг нь бүтнээр мэдэхгүй/ бид нар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгана гэх газар руу САТ маркийн эксковатор 1 ширхэг, LIЕВНЕRR маркийн эксковатор 1 ширхэг, 1 ширхэг ковш, усан буу 1 ширхэг, дизель цахилгаан үүсгүүр 1 ширхэг, ус татах насос зэрэг техник хэрэгсэлийг 2 ширхэг траллер /ачигч том оврийн автомашин/ дээр ачиж авч явсан. Замдаа хонож байж очсон тэнд очсон хойно хүүхдийн баяр 6 дугаар сарын 1-н болж байсан. Ингээд бид нар Сэлэнгэ аймгийн Ерөө суман дээр очиж 2 хоносон. Цаашаа постоор зөвшөөрөл авч гарах гэж саатсан гэсэн. Тэгээд Ерөө сумаас урагшаа “Харгана” гэх газарт ирээд буудалсан. Буухдаа 4 ширхэг монгол эсгий гэр барьж байрласан. Тэнд удирдаж байгаа хүн нь Б.Одсүрэн, эксковаторын оператор Мийгаа гэдэг залуу, эксковаторын оператор Дуламсүрэн /Өвөрхангай аймгийн харьяат гэж байсан/ , ковшыг нь бол амарч байгаа сул чөлөөтэй байгаа хүн барьдаг байсан. Би хоол унд, ус зөөх зэрэг аж ахуйн ажил хариуцаж ажилладаг байсан, тогоочоор Азжаргал гэдэг Ерөө сумын харъяат хүүхэн ажилладаг байсан. Тэгээд бид нар очсон хойноо гэр байрлаж байгаа газраас зүүн тийшээ дээшээ болон доошоо 2 өөр газарт ухаж үзсэн чинь алт гараагүй, байхгүй байна гэсэн. Ер нь бүх л шийдвэрлийг Б.Одсүрэн гаргадаг байсан, бид нар бол Б.Одсүрэнгийн үгээр л оч гэсэн газарт нь очиж ажил хийдэг байсан. Ингээд 2017 оны 07 дугаар сарын эхээр байх /яг өдрийг нь сайн санахгүй байна/ хүмүүсийн ярьж байснаар Харгана гэх газрын салаа болох “Хужаатай ам” гэх газар уу орж алт олборлох шийдвэрийг Б.Одсүрэн гаргасан. Энэ “Хужаатай ам” нь Харгана гэх газрын Мягмарын амнаас ертөнцийн зүгээр зүүн талын ам юм билээ. Тэнд ажиллаж байсан эксковаторын жолооч нар ярихдаа энэ аманд карераа гаргачихлаа л гэж ярьдаг байсан. Би ээлж сольж карер руу очиход наад хэсэгтээ бол ухаж гаргасан шороотой ам л байсан, тэгээд дээшээ амаа /жалгаа/ өгсөөд сийрэг ой модтой ам байсан. Уг амны доод хэсэгт усан буугаа байрлуусан. Энэ ам руу орсоны дараагаар алттай шороогоо зөөх юм байна гээд Ерөө сумаас шар өнгийн Хово маркийн автомашин авч ирж эксковатороор ухаж гаргасан шороогоо зөөж авч ирдэг байсан. Би 2017 оны 07 дугаар сарын 28-ны орчимд Улаанбаатар хот руу хувийн ажилаар /ахын бие муудаад/ ирээд буцхад бас нэг улаан өнгийн Дарханаас авч ирсэн гэсэн Хово ачааны авто машинтай болсон амны эхнээс шороо зөөж байсан. Алттай шороогоо бол амны дээд хэсгээс ачааны автомашинаар зөөж авч ирж усан буугаараа угаадаг байсан. Энэ 2 ачааны автомашиныг түрээслэсэн гэж ярьж байсан. Усан бууны хажууд буулгасан алттай шороог LIЕВНЕRR маркийн эксковатороор шанагадаж усан буунд хийж алт угаах үйл ажиллагааг явуулдаг байсан. Усыг бол хажуу талын том нүхэнд үүссэн хиймэл нуурнаас татаж угаадаг байсан. Ингэж байхад 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Мөрдөн байцаах албанаас байгаль орчны шалгалтын хүмүүс ирж шалгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-134 дүгээр тал/ Гэрч А.Хишигбаярын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сард надтай Б.Одсүрэн гэх хүн яриад “Апт угаах зориулалт бүхий усан буу засварлах ажил байна. Цаашдаа ажиллана гэвэл манай алтны уурхай дээр ажиллаж болно гэж ярьсан” тухайн үед би ажилгүй байсан болохоор саналыг хүлээн зөвшөөрсөн. Усан буу засварах ажлыг 1 сарын 1,500,000 мянган төгрөгөөр хийж гүйцэтгэхээр болсон. Ингээд Б.Одсүрэнгийн усан буу болон техник хэрэгсэл байрлуулсан байсан газарт буюу хүмүүсийн ярьж заншснаар 22 товчны орчим айлын хашаанд 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр очиж ажилд орсон. Б.Одсүрэнгийн алт угаах зориулалт бүхий усан буу нь гар хийцний 80 скрубер байсан. 80 гэдэг нь хүчин чадлыг нь тодорхойлж байгаа юм. Ингээд би уг усан бууны засварын ажил хийж байхад Ц.Цэрэнчунт ажилд орохоор ирсэн. Ц.Цэрэнчунтыг би дуудаж ажилд орох уу гэж асуусан. Б.Одсүрэн надаас ажил хийх гайгүй залуучууд байна уу? гэж надаас асууж байсан учраас өмнө нь хамт ажиллаж байсан Ц.Цэрэнчунт, О.Миасүрэн нарыг дуудаж ажилд оруулсан юм. 2017 оны 06 дугаар сарын эхээр /өдрийг нь сайн санахгүй байна/ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгана гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулах зорилгоор САТ маркийн 1 ширхэг, LIЕВНЕRR маркийн 1 ширхэг, усан буу, авто ачигч буюу ковш 1 ширхэг зэрэг техник хэрэгсэлтэйгээр Улаанбаатар хотоос хөдөлсөн. Бид нар явсаар байгаад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгана гнэх газарт 2017 оны 06 дугаар сарын 10 өдрийн орчим ирсэн. Харанга гэх газарт ирээд бид нар ачиж ирсэн 3 ширхэг Монгол гэрээ бариад байрласан. Ингээд бид нар усан буугаа Харанга гэх газрын Хужаатай гэж нэрлээд байсан амны доод хэсэгт байрлуулсан. Уг аманд одоогоос 200 гаран жилийн өмнө хужаа нар буюу хятадууд алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан юм гэж нутгийн хүмүүс ярьж байсан. Усан буугаа байрлуулж дуусаад усан буунаас чанх хойд зүгт байх “хужаатай” гэх наад хэсгээрээ олборлолтонд өртөж байсан дээшээ эрүүл байгалиараа байсан амнаас алттай шороо зөөж усан буун дээр авч ирээд алт угаах үйл ажиллагаа эхэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139-142 дугаар тал/ Гэрч Д.Мөнхбаярын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Намайг Харгана гэх газарт очиход Мягмарын амны зүүн талын нэргүй богино аманд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат аймгийн арслан цолтой Б.Одсүрэн гэх хүн алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан юм билээ. Тухайн үед Б.Одсүрэнгийн хүмүүсийг зөвшөөрөлтэй байсан талаар мэдээгүй. Би сумаас зөвшөөрөл гартал хүлээж байхаар очоод байж байя гэж шийдэж энэ газарт техник хэрэгсэл авч очсон. Б.Одсүрэнг үйл ажиллагаа явуулж байхаар нь доод хэсгээс нь олборлож үзье гэж бодоод 2 өдөр ажилласан. Би тийм олон өдөр ажиллааагүй. Бид нарын тухайн газарт байж байхад буюу 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Мөрдөн байцаах газрын Хүрээлэн буй орчны хүмүүс шалгалтаар ирж бид нарын үйл ажиллагааг зогсоож алт олборлох үйл ажиллагаа явуулсан талбайд хэргийн газрын үзлэг хийсэн....Тухайн газарт Б.Одсүрэнгийн хүмүүс олборлолт явуулж байсан гэж байсан. Б.Одсүрэнгийн усан буу техник хэрэгсэл амны доод байрлуулсан олборолосон шороогоо зөөж усан бууны хажууд овоолсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143-146 дугаар тал/ Гэрч О.Амгалангийн 2017 оны 11 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Манай компанийн эзэмшилд 16-25 УНЭ улсын дугаартай LIЕВНЕRR маркийн ачааны авто машин байдаг. Энэ машин нь 25 тонн ачаа даах чадвартай, 1-В2Р46ЕА8СА009929 арлын дугаартай,улбар шар өнгийн, өөрөө буулгагч ачааны авто машин байгаа юм. Энэ машиныг 2016 оны 07 дугаар сарын орчим миний танил хүнээр дамжуулан Б.Одсүрэн гэх залуу авч яваад одоо болтол надад авч ирж өгөөгүй байгаа. Би Б.Одсүрэнтэй өөрөө уулзаж чадаагүй. Утсаар л ярьсан. Энэ машиныг авч явахдаа ямар нэг мөнгө төгрөг өгнө гэж тохиролцсон, түрээслэсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147-149 дүгээр тал/ Гэрч О.Бадарчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 20-ны орчим явсанаасаа хойш 10 хоногийн дараа жолооч Баяраа утсаар ярьсан. Баяраа хэлэхдээ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгана гэх газарт Б.Одсүрэнгийн алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа газарт шороо зөөх ажил хийж байна. Энэ бороо их орж байгаа болохоор ажил хийхэд их хэцүү байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 153-154 дүгээр тал/ Гэрч Ч.Баярнэмэхийн 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 09-10 УН улсын дугаартай авто ачигч буюу ковшийг 2017 оны 05 дугаар сард Ч.Чойсүрэнжавтай худалдах худалдан авах гэрээ байгуулж зарж борлуулсан. Авто ачигчийн төлбөрийг график гаргаж төлөлцөх нөхцлөөр зарж борлуулан төлбөр 100 хувь төлөгдөж дуусаагүй учир манай компанийн нэр дээр байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155-156 дугаар тал/ Гэрч Ч.Чойсүрэнгийн 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрөө “АОДЭ” ХХК-тай гэрээ байгуулан авто ачигч буюу ковш зээлээр худалдаж аваад өөрөө зээлээ төлж барагдуулсан болохоор энэ ковш бол миний эзэмшлийнх гэсэн үг. Одоохондоо нэр шилжүүлэх ажил хийгдээгүй. Би Б.Одсүрэнд түрээслүүлсэн асуудал байхгүй. Тус болох үүднээс өгч явуулсан. Одоо Б.Одсүрэн бид хоёрын хооронд төлбөр асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160- 162 дугаар тал/ Гэрч Б.Буяннэмэхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрөө “АОДЭ” ХХК-тай гэрээ байгуулан авто ачигч буюу ковш зээлээр худалдаж аваад өөрөө зээлээ төлж барагдуулсан болохоор энэ ковш бол миний эзэмшлийнх гэсэн үг. Одоохондоо нэр шилжүүлэх ажил хийгдээгүй. Би Б.Одсүрэнд түрээслүүлсэн асуудал байхгүй. Тус болох үүднээс өгч явуулсан. Одоо Б.Одсүрэн бид хоёрын хооронд төлбөр асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163- 165 дугаар тал/ Гэрч О.Элбэгсайханы 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Одсүрэн нь төлөв даруу зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаг, спортоор хичээллэдэг бөгөөд үндэсний бөхийн аймгийн арслан цолтой эхнэр хүүхэдгүй ганц бие амьдардаг. Хотод байх хугацаандаа манайд байдаг бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байх ах Лхагвасүрэн, Одбаяр нарынхаар байдаг...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 05-06 дугаар тал/ Б.Одсүрэнгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 12-14 дүгээр тал/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10- 25 дугаар тал/ Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №1/18 дугаартай дүгнэлтэнд: 1.Тус эвдэгдсэн талбайн хэмжээ нь 19900м2 буюу 1,99га хэмжээтэй байна. Эвдэгдсэн газар нь бүхлээрээ ухаш овоолго холилдсон байдалтай байна. 2.Тус талбай урьд өмнө нь эвдэгдээгүй эрүүл газар байсан болохыг тайлангийн хавсралт зургаар нотлов. 3.Тус талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаапалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хязгаарласан бүсэд хамаарч байна. 4.Эвдэгдсэн талбай нь техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажил огт хийгдээгүй газар байна. 5.Хууль бус үйл ажиллагаанаас үүдэж байгаль орчинд учирсан хохирлын нийт хэмжээ нь 26 063 221 төгрөг байна. Үүнд: 6.Тус талбайг нөхөн сэргээх техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 2.236.514төгрөг болж байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 68 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Харгана гэх газарт Б.Одсүрэнгийн 1.99 га талбайн нөхөн сэргээлтийн зардлын тооцоо, экологи эдийн засгийн үнэлгээ: Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Д.Нандинжаргалын Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоолд үндэслэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Харгана гэх газарт Иргэн Б.Одсүрэнгийн хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулсан талбайд шинжилгээ хийж дүгнэлт гаргав. Иргэн Б.Одсүрэн нь зохих ёсны зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлон 1,99 га талбайд үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон. Тус үнэлгээгээр эдэлбэр газарт учруулсан хохирлын үнэлгээ, газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээ, хөрсөн бүрхэвчид учруулсан хохирлын үнэлгээ, ургамлан бүрхэвчид учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар, усан орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 11 сарын 18-ны өдрийн А-388 дугаар тушаалаар батлагдсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар, нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоог Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд, Эрдэс Баялаг, Эрчим Хүчний сайдын 2010 оны 5-р сарын 17-ны өдрийн А-132/112 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал”-аар тус тус тооцсон болно. Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн 1,99 га талбайд учруулсан экологиэдийн засгийн хохирлын үнэлгээ нь 26 063 221 төгрөг, мөн тус талбайг нөхөн сэргээх ажлын зардал нь 2.236.514 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 69-102 дугаар тал/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 207 дугаар тал/ Шинжээчийн дүгнэлт: /2-р хх-ийн 96-111 дүгээр тал/ № Машин механизмын марк, загвар Үнэлгээний дүгнэлт /мян.төг/ 1 LIЕВНЕRR R914 19.355.3 2 Lonking 856D 29.300.0 Дүн 48.655.3 Шинжээчийн дүгнэлт: Асуулт: 1. 2017 онд үйлдвэрлэсэн 2017 оны 04 сарын 13-ны өдөр Монгол улсад оруулж ирсэн уурхайд ашиглаж байсан 45-26 УН улсын дугаартай САТ-3300 маркийн /САТ0330DASKZK10288/ тоот арлын дугаар бүхий эксковаторын зах зээлийн үнэлгээг 2017 оны 08 дугаар сарын байдлаар тогтоох. Хариулт: 1. 2017 онд үйлдвэрлэсэн 2017 оны 04 сарын 13-ны өдөр Монгол улсад оруулж ирсэн. уурхайд ашиглаж байсан 45-26 УН улсын дугаартай САТ-3300 маркийн /САТ0330DASKZK10288/ тоот арлын дугаар бүхий эксковаторын 2017 оны 08 дугаар сарын байдлаарх үнэлгээг 81.835.000 /наян нэгэн сая найман зуун гучин таван мянга/-н төгрөг болно...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 170-178 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Одсүрэн нь 2017 оны 06 дугаар сараас 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Харгана гэх газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Б.Одсүрэнгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Б.Одсүрэнгийн гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 26.063.221 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэргийн улмаас байгаль экологид 26.063.221 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Б.Одсүрэн төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Одсүрэн нь анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг хүлээн авч шийдвэрлэв. Шүүгдэгч Б.Одсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаатай тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд өөрөө ухагч эксковатаор, хүнд даацын ачигч машин, шорооноос алтыг ялгагч болох скрубер буюу угаагч зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Б.Одсүрэнгийн гэмт үйлдэлдээ ашигласан LIЕВНЕRR R914 маркийн 19.355.300 төгрөгийн үнэ бүхий эксковатор, Lonking 856D маркийн 29.300.000 төгрөгийн үнэ бүхий ковш нийт 48.655.300 төгрөгийн үнэ ханштай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул дээрх үнэлгээгээр тогтоогдсон 48.655.300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Түүнчлэн дээрх техник хэрэгсэл нь шүүгдэгч Д.Одсүрэнгийн өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байх тул техник хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж иргэний нэхэмжлэгч нарт олгож, дээрх хуулийн зүйл заалтад заасны дагуу түүний үнэлгээг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. Харин гэмт хэргийн улмаас 45-26 УН улсын дугаартай САТ-3300 маркийн /САТ0330DASKZK10288/ тоот арлын дугаар бүхий эксковаторыг битүүмжлэн 81.835.000 төгрөгийн үнэ ханштай болохыг тогтоож ирүүлсэн дээрх тээврийн хэрэгслийг шүүгдэгч ашиглаагүй болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байх тул дээрх техникийг битүүмжлэлээс чөлөөлж өмчлөгч Болд Голд ХХК-д олгохоор тогтов. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Багадаваагийн Одсүрэнг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Багадаваагийн Одсүрэнд мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Одсүрэнд оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Одсүрэн уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Шүүгдэгч Б.Одсүрэн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн LIЕВНЕRR R914 маркийн 35-74 УБ улсын дугаартай 19.355.300 төгрөгийн үнэ бүхий эксковаторыг битүүмжлэлээс чөлөөлж Чингис хаан банканд олгож, Lonking 856D маркийн 09-10 УН улсын дугаартай 29.300.000 төгрөгийн үнэ бүхий ковшийг битүүмжлэлээс чөлөөлж Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 48-11 тоотод оршин суух Түмэн овогт Чойдогсүрэнгийн Чойсүрэнжавт /ЙО80122411/ олгож, 45-26 УН улсын дугаартай САТ-3300 маркийн /САТ0330DASKZK10288/ тоот арлын дугаар бүхий эксковаторыг битүүмжлэн 81.835.000 төгрөгийн үнэ бүхий 45-26 УН улсын дугаартай эксковаторыг битүүмжлэлээс чөлөөлж иргэний нэхэмжлэгч Болд Голд ХХК-д олгож, шүүгдэгч Б.Одсүрэнгээс 48.655.300 /найман сая/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
8.Шүүгдэгч Б.Одсүрэнд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ