Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2016/00367

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын **дүгээр багт оршин суух, Ш овогт Шн К, Ш овогт Кы Б, Ш овогт Кы Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын ** дүгээр багт оршин суух, Ш овогт Шн Пд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.К, К.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, К.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Ш.П, гэрч Ш.О, Х.Т, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Бэлчээрийн эзэмшил газрын эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ш.К, К.Б, К.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 1995 оноос эхлэн тус 1 дүгээр багийн нутаг Хаштаагийн давааны өтөг, Х хороо, К сайн адууны хашааг өвөлжиж, хаваржиж, мал төллүүлэн эзэмшиж ирсэн билээ. 1998 онд анх газрын гэрчилгээ олгож эхлэхэд Хаштаагийн давааны өтөг, К сайн адууны хашаа, Х хороо зэрэг газрыг бид өөрсдийн нэр дээр тус тус газар эзэмшлийн гэрчилгээ авсан юм. Гэрчилгээ бичүүлэх үед бидний ах дүү болох П нь аймгийн төв Өлгий сумын 3 дугаар багт амьдарч, 21 дүгээр авто баазад жолоочоор ажиллаж байсан юм. 2003 онд хөдөө шилжиж ирээд К сайн адууны хашаанд амьдарч байгаад 2013 онд буцаад Өлгий рүү шилжихэд бидэнд хэлэлгүйгээр манай малын бэлчээр болох Хаштаагийн давааны өтөг, Х хороо, К сайн адууны хашааг Аы Х гэгчид 10.0 сая төгрөгөөр зараад явсан байна. Монгол Улсад малын бэлчээрийг өмчлөх хууль гараагүй байтал дээрхи нөхдүүд бидний малын бэлчээрийн зориулалтаар ашиглаж байгаа эзэмшлийн газрыг булаацалдаж хэрүүл маргаан үүсгэн байна. Энэ талаар баг, сумын удирдлагуудад удаа дараа хандсан боловч бид шийдвэрлэж чадахгүй нь ээ та нар шүүхэд шийдүүлж аваарай гэсэн хариу өгсөн болно. Иймд манай газрын маргааныг сайтаар нягтлан шалгаж, бэлчээрийн эзэмшлийн газрыг бидний эзэмшил газар мөн болохыг шүүхээр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.К шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1990 онд Бугат сумын Хаштаа гэх газарт нүүж очиж, 200 гаруй мал маллаж амьдарсан. Би 1990 оноос эхлэн тэр Хаштаа гэх газарт өвөлжиж байсан боловч 1993 онд Бугат сумын Засаг даргаар ажилласан Өмирбек гэдэг хүн миний өвөлжиж байсан Хаштаа гэх газрыг зуслан болгосон. Улмаар 1998 онд Газрын тухай хууль батлагдсанаар уг газрыг жижиг Хаштаа, том Хаштаа болгож хуваарилж, жижиг Хаштаа гэх газрыг хариуцагч Ш.Пд малын бэлчээр болгож эзэмшүүлсэн. Тухайн үед би хаашаа ч нүүгээгүй өөрийн эзэмшил газарт малаа маллаад амьдарч байсан. Дараагийн асуудал 1993, 1994 онуудад төрийн өмчид байсан малыг хувьчилж, иргэдэд тарааж өгсөн. Би 1993 он хүртэл О ХК-ийн мал болон С гэдэг хүмүүсийн малын маллаж амьдарч байсан юм. Улмаар төрийн өмчид байсан малыг хувьчлахад хувьдаа хэдэн мал авсан. Тэгж байхад 2003 онд хариуцагч Ш.П өндөр насны тэтгэвэр тогтоолгож, хөдөө нүүж очсон бөгөөд тухайн үед жижиг Хаштаа гэх газарт адууны хашаа баригдсан. Уг нь хариуцагч Ш.П бид хоёр ах, дүү хүмүүс. Тэгэхэд уг хашааг О, Бугат сумын Засаг даргын орлогч С болон Хажат нарын 3 хүний нэр дээр өгсөн юм. Тэгэхэд хариуцагч Ш.П нь уг хүмүүсээс хувьцааг нь худалдаж аваад уг хашааг эзэмшиж амьдарсан. Үүнээс хойш 2013 он хүртэл Ш.П бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан гараагүй. Тэгж байхад хариуцагч Ш.Пы хүүхдүүд нь Улаанбаатар хот болон Казахстан улс рүү явж, мал маллаж чадахгүйд хүрэхэд малаа хүмүүст хувааж хариулуулахаар болж, өөрөө Бугат сумын төвд нүүсэн. Би уг газарт өдий хүртэл хүүхдүүдийн хамт амьдарч байна. Тэгж байхад 2015 оны 9 дүгээр сарын үед хариуцагч Ш.П нь А.Х гэдэг хүний хамт манай гэрт ирээд миний мал маллаж байсан хашаа хороог энэ Х гэдэг хүн худалдаж авсан гэж хэлсэн. Тэгэхэд би Ш.Пы хашаа хороог худалдсаныг эсэргүүцээгүй. Учир нь уг худалдсан хашаа хороо бол Ш.П. Тэгж байхад би Ш.Пд Чи А.Хд малын бэлчээрийг яаж зааж өгсөн вэ? гэж асуухад надад Малын хашаанаас дээшээ А.Хын эзэмшлийнх, харин малын хашаанаас доошоо Ш.Кы эзэмшлийнх гэж зааж өглөө гэж хэлсэн. Уг газарт залгаа Хараман гэдэг хүн мөн адил мал хариулж амьдардаг. Өмнө бид нар нэг нэгийгээ ойлголцоод уг газарт олон жил сайхан амьдарч байсан. Улмаар Ш.П нь хашаа хороог бусдад худалдсанаар малын бэлчээр багасаж, сүүлд бид нар малын бэлчээрт булаацалдаж эхэлсэн. Үүнээс тодруулж хэлэхэд бид нар Х хороо гэх газрын малын бэлчээрт булаацалдаж, бидний хооронд маргаан гарсан. Тэгэхэд Бугат сумаас газрын даамал Х.С, болон Сонгобай, Тилеубек нарын хүмүүс очсон. Тухайн үед газрын даамал Х.С нь энэхүү газар эзэмшүүлэх гэрчилгээ хүчингүй болсон байна. Та 3 хүний эзэмшлийн бэлчээрийн зааг болох Х хороо гэх газарт хашаа барихгүй. Та зөвхөн Хаштаа гэх газрыг л эзэмших болно гэж хэлсэн. Уг нь А.Х уг газарт нүүж ирэхээс өмнө уг газарт бид нар оторт гарч, зуны улиралд зусланд гардаг газар байсан юм. Тэгэхэд газрын даамал Х.С нь миний хэлсэн үгийг сонсоогүй. Улмаар 2015 оны 12 дугаар сарын үед Бугат сумаас газрын даамал Х.С болон Х, Жамбыл, багийн засаг дарга Алдынаш нарын хамт ирэхэд газрын даамал Х.С нь Танд хашаа хороо чинь байж байна. Нэгэнт Ш.П нь өөрийн эзэмшлийн хашаа хороог бусдад худалдчихсан учраас та тэр газарт дахин хашаа барихгүй гэж хэлсэн. Тухайн үед бид нар хоорондоо тохиролцож чадаагүй. Уг нь тэр Ш.Паас хашаа хороо худалдаж авсан хүн нь зөвхөн малын бэлчээрийн төлөө хашаа хороо худалдаж авсан гэж хэлсэн. Би шүүхээс жижиг Хаштаа, Адууны хашаа, К сай гэх газрууд миний эзэмшлийнх мөн гэдгийг тогтоож өгөхийг хүсэж байна. Ш.Паас хашаа хороо худалдаж авсан гэх А.Х нь уг газруудыг би худалдаж авсан гэж булаацалдаж байгаа гэв.

Нэхэмжлэгч К.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би шүүхээс Адууны хашаа, жижиг Хаштаа гэх газруудын бэлчээрийн эзэмшигчийг тогтоож өгөхийг хүсэж байна. Бид хариуцагч Ш.Пы хувийн эд хөрөнгөнд булаацалдахгүй. Мөн тэр Х хороо, К сай, Х хорооны өтөг гэх бидний өвлийн улиралд амьдарч байсан газруудад А.Х гэдэг хүн нүүж очоод бидний адуу малыг бэлчүүлэхгүй хөөж байна. Иймд нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслээд бэлчээрийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Ш.П шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний эзэмшиж байсан хашаа нь Нэгдлийн үед адууны хашаа байсан. Уг газарт 1 хашаа биш 500-600 мал оруулах боломжтой 1 ил хашаа, 1 саравчтай хашаа, 1 битүү хашаа байсан юм. Би уг хашаанд 1995 оноос хойш амьдарч байгаад худалдсан. Нэхэмжлэгч Ш.К нь хүмүүст Миний дүү Ш.П нь Бугат сумаас нүүж ирээд амьдарч байгаад буцаж явахад миний эзэмшлийн малын бэлчээрийг бусдад худалдчихаад явсан гэж худлаа хэлж байна. Надад ч гэсэн найз нөхөд, өс хонзонтой хүмүүс байгаа. Ш.П нь худлаа хэлж, хүмүүст буруу ойлголт төрүүлж байна. Иймд би цаашид хуулийн байгууллагад хандаж, өөрийн нэр төрөө сэргээлгэж авах болно. Тухайн үед би Нэгдэлд нярваар ажиллаж байсан С нарын 3 хүний хувьцаатай байсан хашааг худалдаж аваад өөрөө янзалж, дээрээс нь байшин барьж амьдарсан. Сүүлд би 70 нас хүрч, хүүхдүүд маань айл гэр зохиож явсан болохоор би өөрийн боломжийг харгалзаад Бугат сумын төв рүү нүүсэн. Тухайн үед би хашаа хороог худалдахад тэр худалдан авах гэж байгаа А.Х гэдэг хүнийг Ш.Кы гэрт дагуулж очиход Х нь Аы хүүхэд, манай айлын хүргэн хүн байна гэж хэлээд явуулсан. Улмаар Ш.К нь нэг газар эзэмших гэрчилгээ бичүүлж авсан бөгөөд үүнээс харахад лав эрүүл хүн бичсэн гэрчилгээ биш байна. Жишээ нь уг гэрчилгээнд миний худалдсан гэх хашааны дээд талд К сай гэж бичсэн байдаг. Гэтэл одоо Хаштаагийн даваанд өвөлжиж амьдарч байгаа. Жишээ нь Толбо, Дэлүүн сумуудад 2-3 айл нэгдэж нэг газарт амьдарч болоод байхад Ш.Кд юу нь болохгүй байгааг ойлгохгүй байна. Би өөрийн эзэмшлийн хашаа хороог А.Хд 10 сая төгрөгөөр худалдсан. Мөн тэр Х хороо гэх газрыг 3 айлын малын бэлчээр гэж шийдвэрлэсэн. Гэтэл Ш.К нь хүмүүст Миний дүү Ш.П нь миний 15 жил мал төллүүлж амьдарч байсан малын бэлчээрийг бусдад худалдсан гэж буруу ойлголт төрүүлснээс болж надад өс хонзон санаж явдаг хүмүүс нь намайг төрсөн ахын хашаа хороог бусдад худалдсан гэж буруугаар нь ойлгож байна. Мөн нэхэмжлэгч Ш.К нь К сай гэх газарт дахин бэлчээр эзэмших гэрчилгээ бичүүлж авсан боловч үүнийг хэн бичиж өгснийг нь мэдэхгүй байна. Ш.К нь өөрийн хашаа хороо нь байсан газраас цаашаа нэг хүний хашаа хороог алгасаж, цаад талын малын бэлчээрийг өөрийн эзэмшилд бичүүлж авсныг би ойлгохгүй байна. Нэхэмжлэгч Ш.Кы маргаж байгаа К сай гэх газар нь тус багийн Засаг даргаар ажиллаж байсан хүний эзэмшлийн газар бөгөөд уг газрыг эзэмшилд авахаар Ш.К нь ямар байдлаар гэрчилгээ бичүүлж авсныг би ойлгохгүй байна. Би тэр А.Х гэдэг хүнд Ш.Кы малыг бэлчээрээ хөө гэж ямар нэгэн зүйл хэлээгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш.К, К.Б, К.Б нар нь бэлчээрийн эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ш.К, К.Б, К.Б нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх, үүрэгтэйгээ танилцаж, нэхэмжлэлийн шаардлага өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй болно.

Нэхэмжлэгч Ш.К, К.Б, К.Б нар нь бид 1995 оноос эхлэн тус 1 дүгээр багийн нутаг Хаштаагийн давааны өтөг, Х хороо, К сайн адууны хашааг өвөлжиж, хаваржиж, мал төллүүлэн эзэмшиж ирсэн, эзэмшлийн газрыг бидний эзэмшил газар мөн болохыг шүүхээр тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Ш.К, К.Б, К.Б нарын 89, 90, 91 дугаартай Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 1998 оны 03 дугаар сарын 05-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр Ш.Кд Бугат сумын нутаг дэвсгэрт 140 м.кв ам дөрвөлжин метр газрыг гэрээнд заасны дагуу эзэмшүүлэхээр, К.Бд мөн адил 140 м.кв ам дөрвөлжин метр газрыг гэрээнд заасны дагуу эзэмшүүлэхээр, К.Бт 100 м.кв ам дөрвөлжин метр газрыг гэрээнд заасны дагуу эзэмшүүлэх гэсэн гэрчилгээнүүдийн хуулбарыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгчээ.

Уг гэрчилгээнд эзэмшил газрын нэр байршлыг Хаштаагийн, Давааны өтгийг /хуучин адууны хашаа/ гэж хаалтад бичигдсэн, эзэмших зориулалт өвөлжиж, хаваржиж, мал төллүүлэхээр, эзэмших хугацаа 1998.03.01, 2001.03.01, газар эзэмшүүлсэн Баян-Өлгий аймаг Бугат сумын Засаг дарга 1998 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэж тус тус бичигдсэн байна.

Нэхэмжлэгч Ш.К, К.Б, К.Б нар нь Бугат сумын Хатуу багийн Давааны өтөг, Х хороо, К сайн гэх газруудыг эзэмшдэг талаар гэрчилгээнд тодорхой заагаагүй, эзэмших талаар гаргасан ямар нэгэн эрхийн акт байхгүй, газар эзэмших хуулийн шаардлага хангасан эрхийн гэрчилгээ байхгүй байна.

Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.4-т ... иргэдэд газар өмчлүүлэх журмыг хуулиар тогтоох хүртэл энэ хуульд заасан газар өмчлөгч гэснийг төр гэж ойлгоно. Мөн хуулийн 102.5-т төрийн өмчийн газрыг хувьчлах, эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг хуулиар зохицуулна, мөн хуулийн 102 дугаар зүйлийн 102.3-т газраа бусдад ашиглуулахдаа түүний зориулалтыг заана, ийнхүү тодорхой зориулалтаар олгосон газрыг өөр зориулалтаар ашиглахыг хориглоно гэжээ.

Эрх бүхий этгээд нэхэмжлэгч Ш.К, К.Б, К.Б нарт газар эзэмших гэрчилгээнд заасан зориулалтаар ашиглуулахаар өгсөн, уг газрыг ашиглах хугацаа нь дуусгавар болсон байх ба нэхэмжлэгч Ш.К, К.Б, К.Б нар нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-т эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Газар эзэмших эрх бүхий этгээд нь Газрын тухай хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан, газар эзэмших хүсэлтээ хуульд зааснаар гаргасан байх учиртай ба газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж хуульд тодорхой заасан ба нэхэмжлэгч Ш.К, К.Б, К.Б нарын 1998 оны газар эзэмших эрхийн гэрчилгээ нь газрын тухай хуулиараа дуусгавар болсон, гэрчилгээнд заасан зориулалтаар эзэмшиж байсан газрыг эзэмших эрхгүй болсон байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш.К, К.Б, К.Б нар нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах, 35 дугаар зүйлийн 35.1.4-т газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр газрыг эзэмшихээс биш дураараа газар эзэмшин гэсэн ойлголт байхгүй. Газар эзэмших эрх бүхий этгээд нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамалтай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэснээр энэ хуулийн шаардлагыг хангасан байх учиртай ба нэхэмжлэгч Ш.К, К.Б, К.Б нар нь уг хуулийн шаардлагыг хангасан эрхийн гэрчилгээтэй эсэх нь, уг гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлснээ нотолж чадаагүй болно.

Нэхэмжлэгч нарын хавтаст хэрэгт гаргаж өгсөн Бугат сумын Засаг даргын 2015 оны 01 сарын 29-ний өдрийн 31 дугаартай иргэн Ш.Кд гэсэн ... тус сумын Хатуу багийн Даваан дахь П Хаштаа дахь Ш.К, Тогтоо дахь Б.Хараман нарын газрын маргааныг 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдөр ирүүлсэн өргөдлийн дагуу сумын ажлын комисс 12 дугаар сарын 24-нд газар дээр нь очиж маргааныг шийдвэрлэхэд гаргасан үндэслэл нь : Давааны ам бол 3 өвөлжөөний бэлчээрийн хилийн зааг мөн учир ямар нэгэн өвөлжөө, байшин барих боломжгүй гэсэн шийдвэр гаргасан байна гэжээ.

Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Бугат сумын 1-р багийн Засаг даргын 2015 оны 12 сарын 25-ний өдрийн 593 дугаартай албан бичиг, хариуцагч К.Пы шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн Бугат сумын 1-р багийн засаг даргын 2015 оны 12 сарын 25-ний өдрийн 992 дугаартай албан бичгүүдийг нэг хүн бичсэн байх ба зохигч нарын маргаан бүхий газрын эзэмшигч мөн болохыг тогтоолгох гэсэн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүй бичмэл нотлох баримт байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрч Ш.О, А.Х, Х.А, Х.С нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэр нар нь нэхэмжлэгч нар маргаан бүхий газрыг эзэмшдэг талаар тодорхой хэлж чадаагүй тул гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Гэрч Бугат сумын газрын даамал Х.С нь малын бэлчээрийн хилийн зааг, бэлчээрийг тогтоогоогүй, иргэдэд бэлчээрийн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч Ш.П нь бэлчээрийн газрыг бусдад худалдсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Хариуцагч Ш.П нь хашаа, хороогоо худалдсан нь хариуцагчийн шүүхэд өгсөн тайлбар, гэрч А.Хийн, Х.Сгийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Харин хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн П.Бы 2000 оны 09 сарын 05-ний өдрийн Иргэний газар эзэмших гэрээ, газар эзэмших 030500099 дугаартай гэрчилгээ зэрэг бичмэл нотлох баримт нь энэ хэрэгт хамааралгүй нотлох баримт байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Ш.К, К.Б, К.Б нарын бэлчээрийн эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д зааснаар нэхэмжлэгч Ш.К, К.Б, К.Б нарын Бэлчээрийн эзэмшигч мөн болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.К, К.Б, К.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН