| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0013/Э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2019-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ч.Т-од холбогдох эрүүгийн 1834000000014 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1979 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймаг, Дэлгэрхаан сумын дуут хурим 1 дүгээр баг, Дэнжийн 4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1269 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай комиссын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 900 дугаар тогтоолоор 3 жилийн хорих ялыг өршөөн хасагдаж, 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, мөн тус шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЛ79060574 дугаарын регистртэй, Б овгийн Ч.Т
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ч.Т нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут хурим 1 дүгээр багийн төвд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр С.Болдбаатарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ч.Тын:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв...
Эрүүгийн 1834000000014 дугаартай хэрэгт хохирогч С.Болдбаатарын /хх-ийн 08 дугаар хуудас/, гэрч С.Болдбаатарын /хх-ийн 09 дүгээр хуудас/, гэрч Б.Эрдэнэцэцэгийн /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч Ч.Т-ын /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Г.Төмөрчөдөрийн /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч М.Жамсрангийн /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Ч.Мэндсайханы /хх-ийн 14 дүгээр хуудас/, яллагдагч Ч.Т-ын /хх-ийн 22-23 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 40 дугаартай дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч С.Болдбаатарын өргөдөл /хх-ийн 04-05 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/, хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 35 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 21, 24-27, 31, 34, 43-48 дугаар хуудас/, хохирогч С.Болдбаатар болон шүүгдэгч Ч.Т нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Ч.Т нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут хурим 1 дүгээр багийн төвд С.Болдбаатарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч С.Болдбаатарын ...Ч.Т гэдэг хүнтэй муудалцаж байгаад салсан чинь араас нэг залуу хүрч ирээд намайг араас тэвэрч аваад өшиглөсөн. Тэгээд тэр хүнийг тавиулаад байж байтал дахиад тэр Ч.Т гэдэг залуу намайг заамдаж аваад миний уруул руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд л манай эхнэр Эрдэнэцэцэг ирээд бид нарыг салгасан. Би тэгээд эмнэлэг орж урууландаа оёдол тавиулсан... ...миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...,
гэрч С.Болдбаатарын ...Ч.Т гэдэг залуу гараараа миний уруулыг сэт цохисон. Тэгээд ноцолдож байтал манай эхнэр ирж салгаад бид хоёр машиндаа суугаад хөдлөх гэтэл миний араас өшиглөдөг залуу наадахаа битгий явуул цонхыг нь хага цохь гээд орилоод байсан...,
гэрч Б.Эрдэнэцэцэгийн ...Жамсран намайг дуудаад нөхөр чинь гадаа хүнтэй муудалцаад байна гэж хэлсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд гүйгээд гартал намын байрны өмнө манай нөхөр Ч.Т хоёр биенийгээ заамдалцсан манай нөхрийн уруулаас цус гараад дээл хувцас нь цус болсон муудалцаад зогсож байсан. Тэгээд би дундуур нь ороод та нар больцгоо гадны хүнд та нар яасан дээрэлхүү юм бэ гээд салгасан...,
гэрч Г.Төмөрчөдөрийн ...тэр залуугийн машин дээр очоод хүний хүүхэд айлгаад хаашаа янзын пизда вэ гээд муудалцаад байж байтал Мэндээ гэдэг залуу намайг араас ирээд боль яах гээд байгаа юм гээд татаад аваад явсан. Тэгээд тэр залуу эхнэртэйгээ машинтайгаа хөдлөөд явсан... ...клубийн зүүн урд машины жолооч талын суудал дээр уруулаас нь цус гарчихсан байж байсан... ...Би яг зодолдож муудалцаж байхыг нь бол хараагүй...,
гэрч М.Жамсрангийн ...Ч.Т ах нэг хүнтэй заамдалцаад Мэндээ ах тэр хоёрын дундуур нь ороод салгаад байсан. Тэгээд би клуб руу орж Эрдэнэцэцэг багшид танай хүн Хаан банкны хажууд хүнтэй муудаад байх шиг байна гэж хэлсэн... ...би хараагүй. муудалцаад чанга чанга хашхираад байсан. Өөр зүйл харагдаагүй...,
гэрч Ч.Мэндсайханы ...эргээд машин дээр иртэл Болдоогийн эхнэр ирээд тэр хоёрыг салгачихсан Болдоогийн амнаас цус гарчихсан байж байсан...,
яллагдагч Ч.Т-ын ...миний хувьд хүлээн зөвшөөрч байна... ...бид хоёр маргалдаад би нүүрэн хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон тэгээд эхнэр Эрдэнэцэцэг нь гарч ирээд салгаад аваад явсан... гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 40 дугаартай ...С.Болдбаатарын биед уруулд шарх бүхий ... хөнгөн хохирол учирсан талаарх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч С.Болдбаатарын өргөдөл, яаралтай тусламжийн хуудас, хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоол, багийн засаг даргын тодорхойлолт, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоол, хохирогч С.Болдбаатар болон шүүгдэгч Ч.Т нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно.
Прокуророос шүүгдэгч Ч.Т-од холбогдох эрүүгийн 1834000000014 дугаартай хэргийн яллагдагч Ч.Т-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч С.Болдбаатар нь түүнтэй эвлэрсэн тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:
Шүүх шүүгдэгч Ч.Тын С.Болдбаатарын эрүүл мэндэд уруулд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус шинжтэй, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.
Иймд шүүгдэгч Ч.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ч.Тын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Болдбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Ч.Т нь хохирогч С.Болдбаатарт гэмт хэрэг үйлдэж эрүүл мэндэд учирсан хохирол гэж 100.000 төгрөг төлсөн болох нь, хохирогч С.Болдбаатар шүүгдэгчтэй эвлэрсэн тухай хүсэлт, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Т-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ч.Т-од хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгосон улсын яллагчийн торгох ялын хэмжээнд оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ч.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн Ч.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгж буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ч.Т-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан есөн зуун нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б овгийн Ч.Т-од шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Б овгийн Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч С.Болдбаатар гомдол санал нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Ч.Т-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ч.Т-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН