Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2016/00262/И |
Дугаар | 130/ШШ2016/00368 |
Огноо | 2016-06-17 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2016/00368
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц сумын **дүгээр багт оршин суух, Т овогт Тн Нын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/173 тоот захирамжийг хүчингүй болгож, Тува бага сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүрийн цалингийн зөрүү 120000 төгрөгийг гаргуулах-ыг хүсжээ.
Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би шүүхэд хэн нэгнийг гүтгэх, ямар нэгэн хэлбэрээр хилсдүүлэх гэж нэхэмжлэл гаргаагүй, зөвхөн бодит үнэнийг эрхэмлэж, шүүхэд хандсан болно. Учир нь би өөрөө боловсролын салбарт 34 жил ажилласан, мөн 3 жил цэргийн алба хаасан хүн. Үүнээс бол боловсролын салбарт багшаар 18 жил, сургалтын менежерээр 1 жил, захирлаар 12 жил ажилласан. Улмаар 2016 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр Баян-Өлгий аймгийн нийт сургуулиудын захирлуудын сургалт болоход аймгийн Засаг дарга Х.Д намайг утсаар дуудсан болохоор би Засаг даргын өрөөнд очсон. Тэгэхэд аймгийн Засаг дарга надад Цэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С 2016 оны 3 дугаар сард ажлаас гарч, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж байна. Тэгэхэд та ч гэсэн ажлаа хүлээлгэж өгнө гэж хэлсэн юм. Тэгэхэд би аймгийн Засаг даргаас яагаад надад ажлаа хүлээлгэж өг гэж байна вэ? гэж учир байдлыг тодруулахад аймгийн Засаг дарга надад 1. Та Цэнгэл сумын Тува бага сургуулийн захирлаар олон жил ажилласан. 2. Таны удирдаж байгаа Цэнгэл сумын сургуулийн 50 хувь нь Ардын намын хүмүүс. 3. Таны сонгогч ахан дүүс цөөхөн. 4. Таны гэр бүлийн байдал хэцүү байдалтай байгаа. Гэхдээ таны гүйцэтгэж байгаа ажилд ямар нэгэн асуудал гараагүй гэж хэлсэн. Тэгэхэд би аймгийн Засаг даргад ажлаас халагдахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг хэлж, эргээд Засаг даргын өрөөний хаалгаар гарах гэж байхад надад Чиний үр дүнгийн гэрээг чинь дүгнэхэд харна гэж загнасан бөгөөд би шууд гараад явчихсан. Үүнтэй холбоотой Авилгатай тэмцэх тухай хуульд дээд албан тушаалтан нь өөрт нь захирагдаж байгаа доод албан тушаалтныг дарамтлахыг хориглоно гэж заасан байгаа. Тэгж байхад би үр дүнгийн гэрээг дүгнүүлэхээр болж, Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын дарга Имаммагзам нь арга зүйч Заманбекийн хамт бидний үр дүнгийн гэрээг дүгнэхээр болсон. Тэгэхэд эхлээд Улаанхус сумын Хөххөтөл бага сургуулийн захирал Молданияз болон Улаанхус сумын бүрэн дунд сургуулийн захирал Алхам нарыг материал чинь дутуу байна гэж хэлээд хөөгөөд гаргасан. Улмаар миний үр дүнгийн гэрээг дүгнэхэд миний бүх материалуудыг харж байснаа 61 оноо тавьсан. Тэгэхэд би Миний бүх зүйл 100 хувь биелэгдсэн байхад яагаад доогуур оноо өгч байна вэ? гэж хэлэхэд юу ч дуугарахгүйгээр эхлээд Х.Е даргатай уулзаарай гэж хэлсэн юм. Тэгэхэд би Х.Е даргатай 2 өдрийн өмнө уулзсан гэж хэлсэн. Тухайн өдөр шууд миний үр дүнгийн гэрээг дүгнээд 2016 оны үр дүнгийн гэрээг баталгаажуулан гэрээ хийж яваад үүнээс хойш 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Засаг дарга намайг Цэнгэл сумын Тува бага сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргасан. Уг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу аймгаас хэд хэдэн хүн очиж, миний ажлыг хүлээж авна, хөдөө явж болохгүй гэж хэлээд намайг 7 хоног хүлээлгэсэн. Ингээд эцэст нь би Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/173 дугаартай захирамжийн дагуу ямар нэгэн эсэргүүцэл гаргахгүй ажлаа хүлээлгэж өгсөн. Тухайн үед миний үр дүнгийн гэрээний биелэлтийг 61 оноогоор дүгнэсэн бөгөөд төрийн албан хаагч нь үр дүнгийн гэрээнд дутагдалтай үнэлгээ авах юм бол албан тушаал бууруулах, цалингийн шатлал бууруулах зэрэг арга хэмжээ авна. Аймгийн Засаг дарга нь надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь хэсэгт ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Гэтэл Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай тогтоолын 15.4.2 дахь хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж заасан байгаа. Би ажил олгогчид сөрөг үр дагавартай зүйл хийгээгүй. Би сургуулийн тайлан болон бусад холбогдох материалуудыг хугацаанд нь хүргүүлж байсан. Би 12 жил ажиллахад миний удирдан ажиллаж байсан Цэнгэл сумын Тува бага сургуулийн дотуур байрны сурагчдын дундаас ноцтой зөрчил гарч, хордлого авсан зүйл байхгүй. Гэтэл аймгийн Засаг дарга намайг ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлснийг ойлгохгүй байна. 2016 оны 02 дугаар сарын үед Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүмүүс очиж Цэнгэл сумын Тува бага сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, хяналт тавьж, эрсдэлгүй сургууль гэж дүгнэлт гаргасан. Мөн Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай тогтоолын 17 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтанг ажлаас халахад 1 сарын өмнө мэдэгдэнэ гэж заасан боловч надад ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэхгүй явж байгаад нэг л өдөр ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Иймд хуулийн дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/173 дугаартай захирамжийг хүчингүй болгож, намайг урд эрхэлж байсан Цэнгэл сумын Тува бага сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилж, 2016 оны 4, 5, 6 дугаар сарын цалингийн зөрүү 800000 гаруй төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Нын нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгч Т.Н тус аймгийн Цэнгэл сумын Тува бага сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тус сургуулийн захирлын үүрэгт ажлаас 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б/173 дугаар захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас чөлөөлсөн юм. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д сургуулийн захирлыг Боловсрол соёлын газрын саналыг үндэслэн томилж чөлөөлөх эрх зүйн зохицуулалттай. Иймд хуулийн дагуу Т.Нтай Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Харин мэргэжлийн байгууллага болох аймгийн Боловсрол, соёлын газар үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээний 4.5-д зааснаар үр дүнгийн гэрээнд заасан байгууллагын манлайллын зорилт, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтуудын талаар өөрөө санаачилга гарган ажиллах, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан ажил үүргийн хэрэгжилтийг ханган ажиллаж үр дүнгийн гэрээний биелэлтийг 70%-ийн үнэлгээнээс дээш байх үүрэг хүлээдэг юм. Уг хүлээсэн үүргийг хангалтгүй биелүүлсэн нөхцөлд Хөдөлмөрийн гэрээний 6.3-д зааснаар үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ 70%-иас дээш байх үзүүлэлтийг биелүүлээгүй бол хөдөлмөрийн харилцааг зогсоож гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамрахаар заасан юм. Өөрөөр хэлбэл үр дүнгийн гэрээг D буюу дутагдалтай биелүүлсэн тул аймгийн Боловсрол, соёлын газраас хариуцлага тооцуулах санал ирүүлсэн. Үүний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлсөн болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой хариуцагч талаас дараах тайлбарыг хэлье. Хариуцагч Т.Н нь Цэнгэл сумын Тува бага сургуулийн захирлаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/173 дугаартай захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Т.Ныг ажлаас чөлөөлөх болсон шалтгааныг тодорхой дурдаж, хариуцагч өөрөө шүүхэд хариу тайлбар ирүүлсэн байгаа. Боловсролын тухай хуульд зааснаар сургуулийн захирлуудыг аймгийн Засаг дарга томилж, чөлөөлөх эрх бүхий субъект мөн байдаг. Уг хуульд заасан бүрэн эрхийн үндсэн дээр аймгийн Засаг дарга нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах Цэнгэл сумын Тува бага сургуулийн захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Уг ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч болон ажилтан нарын эрх үүргийг тусгаж өгсөн бөгөөд үүнийг 2 талаас хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Учир нь нэхэмжлэгч Т.Нын ажиллаж байсан Цэнгэл сумын Тува бага сургуулийн захирлын орон тоо нь байнгын ажлын байр юм. Мөн тэр ажилтан ажил олгогч нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай заалтуудыг оруулж өгсөн байгаа. Үүнээс ажил олгогчийн Т.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дахь заалтад зааснаар сургуулийн захирлууд нь Боловсрол, соёлын газартай үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах бөгөөд ажилтан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ 69-ээс доош хувиар биелүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тусгасан байна. Үүний үндсэн дээр жил болгон аймгийн Боловсрол, соёлын газраас сургуулийн захирлуудтай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэж, энэ талаар аймгийн Засаг даргад уламжилдаг. Үүний дагуу аймгийн Засаг дарга нь сайн ажилласан захирлуудад урамшуулал олгож, муу ажилласан захирлуудад хариуцлага тооцож явна. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбар хэлэхэд улс төрийн шалтгаанаас болж, үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн гэж хэлсэн. Аймгийн Засаг дарга уг албан тушаалд томилогдоод 4 жилийн хугацаа өнгөрч байна. Хэрэв аймгийн Засаг дарга үнэхээр улс төржсөн бол энэ хугацаанд нэхэмжлэгч Т.Ныг аль хэдийн ажлаас гаргах л байсан. Гэтэл нэхэмжлэгч Т.Н нь жил болгон хөдөлмөрийн гэрээг дүгнүүлж, ажил үүргээ гүйцэтгэж байсан. Сүүлд өөрсдөө ажлын хариуцлага алдаж, хариуцлага тооцогдож ажлаас халагдахад хариуцлагаас мултрахын төлөө бүх зүйлийг улс төрд холбож хэлдэг. Хэрэв тухайн үед аймгийн Засаг дарга Т.Над үнэхээр тэгж хэлсэн бол нэхэмжлэгч үүнийг гэрчийн мэдүүлгээр эсвэл бичлэгээр нотолж хэлэхгүй бол зөвхөн амаар тэгж хэлсэн гэснийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.Н нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 03 сарын 30-ны өдрийн Б/173 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, захирлыг ажилд эгүүлэн томилуулах, 2016 оны 04 сарын 01-нээс эхлэн сар бүрийн цалингийн зөрүү 120000 төгрөгийг гаргуулахыг тус тус хүсжээ.
Нэхэмжлэгч Т.Ныг Баян-Өлгий аймгийн Засаг Даргын 2016 оны 03 сарын 30-ны өдрийн Б/173 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заалтыг үндэслэн Цэнгэл сумын Тува бага сургуулийн захирал Д.Н нь аймгийн Боловсрол соёлын газартай байгуулсан 2015 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн нь хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-д заасан хөдөлмөрийн харилцааг зогсоож гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил хамаарч байгаа тул хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас чөлөөлсөн байна.
Хариуцагчид хуульд заасан эрх, үүргийн танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн, татгалзаж байгаа нотлох баримтаа гарган өгч нотолж чадаагүй болно.
Баян-Өлгий аймгийн Засаг Даргын 2016 оны 03 сарын 30-ны өдрийн Б/173 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай захирамжаар захирал Т.Ныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-д заасан хөдөлмөрийн харилцааг зогсоож гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, ажилтны гаргасан зөрчил нь ажлаас чөлөөлөх үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай.
Хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2015 оны 02 сарын 10-ны өдрийн дугааргүй Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч Аймгийн Засаг дарга ажилтан Т.Нтай нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй, 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэсний ажил олгогч зөрчсөн байна.
Учир нь нэхэмжлэгч Т.Н нь хөдөлмөрийн гэрээний нэг хувийг өгөөгүй, хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулж хурааж авсан гэж тайлбарласныг хариуцагч хөдөлмөрийн гэрээний нэг хувийг өгсөн талаар нотолж чадаагүй болно.
Ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа 2016 оны 02 сарын 10-ний өдөр дуусгавар болсон байна.
Ажил олгогч, ажилтантай 2015 оны 02 сарын 10-ний өдөр хийсэн хөдөлмөрийн гэрээний 6.3-т үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ 69% -иас доош биелүүлсэн бол хөдөлмөрийн харилцааг зогсоож, гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэж хөдөлмөрийн гэрээндээ дурдсан байна.
Хавтаст хэрэгт хариуцагчийн гаргаж өгсөн 2016 оны 03 сарын 11-ний өдрийн 03 дугаартай Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын даргын Үнэлгээ батлах тухай тушаал гаргаж, аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын Боловсрол, соёлын газрын даргатай байгуулсан 2015 оны бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээний үнэлгээг нэгдүгээр хавсралтаар баталсан байх ба 2015 оны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг дүгнэж өгсөн оноо,үнэлгээ гэж хүснэгтээр харуулсан байх ба үр дүнгийн гэрээг чухам яаж үнэлсэн нь, 48 төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг хийсэн байх ба энэ 48 төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний чухам ямар төрөл нь дутагдалтай буюу биелэгдээгүй болох нь тодорхойгүй, энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Уг хүснэгтийн 16 дугаарт Цэнгэл сумын Тува БС, авсан бүх оноо 61, үсгэн үнэлгээ D, ерөнхий үнэлгээ Дутагдалтай, Баян-Өлгий аймгийн БСГ-ын Мэргэжил арга зүйн нэгж гэжээ.
Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 1.7-д ... гэрээний биелэлтийг дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор дээд шатны байгууллагад нь хүргүүлнэ. Дээд шатны байгууллагын төсвийн шууд захирагч нь өөртэй нь болон тухайн шатны Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг нэгтгэн дүгнэнэ гэж заасан байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар үр дүнгийн гэрээний биелэлтийг журамд заасан хугацаанд дээд шатны байгууллагад хүргүүлээгүй, мөн журмын 6.7-т зааснаар гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудас бичиж, уг илтгэх хуудсанд талууд тус тус гарын үсгээ зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулсанаар үнэлгээ хүчин төгөлдөр байна, 6.8 т илтгэх хуудсыг 3 хувь үйлдэж, төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч, үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж (албан хаагч) тус бүр 1 хувийг авна, 7.1-д төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн ТАТХ, ТТХ, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно гэснийг тус тус зөрчсөн байна.
Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журамд D буюу Дутагдал-тай" авсан тохиолдол дараах албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулах зэрэг арга хэмжээ авах талаар журамд тодорхой заасан байна. Аймгийн Засаг дарга Цэнгэл сумын Тува бага сургууль нь үр дүнгийн гэрээгээр ямар үндэслэлээр дутагдалтай үнэлгээ авсан талаар тодруулахгүйгээр Боловсрол, соёлын газрын даргын хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар уламжилж байна гэсэн албан бичгийн дагуу шууд ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь хөдөлмөрийн хуульд нийцээгүй байна.
Ажил олгогч 2015 оны 02 сарын 10-ний өдөр хийсэн хөдөлмөрийн гэрээний 6.3-т үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ 69% -иас доош биелүүлсэн гэж ажилтныг ажлаас чөлөөлсөн нь учир дутагдалтай байна. Ажил олгогчоос гаргасан дүрэм, журамт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн журмын үнэлгээг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2015 оны 02 сарын 06-ний өдрийн, 2016 оны 01 сарын 25-ний өдрийн Сумдын 2014, 2015 онуудын ажлыг агентлагуудаас дүгнэсэн үнэлгээгээр Цэнгэл сумын боловсролын газар нь эхний 10 байранд үнэлэгдэж байсан байна.
Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 03 сарын 30-ны өдрийн Б/173 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, захирлын ажилд эгүүлэн томилж, нэхэмжлэгчийн 2016 оны 04 сарын 01-нээс эхлэн сар бүрийн цалингийн зөрүү 120000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь нэхэмжлэгч өмнө сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа сард хэдэн төгрөгийн цалин авдаг болох нь, мөн нийгмийн ажилтнаар ажиллах хугацаандаа хэдэн төгрөгийн цалинтай болох талаар хавтаст хэрэгт нотлох баримт гаргаж өгөөгүй, зөвхөн Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтээр цалингийн зөрүүг гаргах боломжгүй байна. Нэхэмжлэгч Т.Н нь 4,5,6 дугаар сарын цалингийн зөрүү 800000 төгрөг гаргуулж өгнө үү гэснийг тодруулахад яг хэдэн төгрөгийн зөрүү байгааг нарийн тооцсон зүйл байхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын ногдох 11450 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 58750 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч аймгийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 03 сарын 30-ны өдрийн Б/173 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, Т.Ныг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Тува бага сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн сар бүрийн цалингийн зөрүү 120000 төгрөгийг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Нын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгнөөс 11450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар илүү төлсөн 58750 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Аймгийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН