| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0031/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2019-02-15 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 35
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Б.Хэрлэн, Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Иргэдийн төлөөлөгч М.Төмөрбаатар Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Т.Мөнхбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831000000132 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1955 оны 04 дүгээр сарын 17-нд Увс аймгийн Давст суманд төрсөн, 65 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын мастер мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Ерөө сум 1 дүгээр багт оршин суух, хувиараа мал маллаж амьдардаг, улсын мянгат малчин, улсын сайн малчин цол тэмдэгээр, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, Цагаантуг овогт Төмөрийн Мөнхбат РД:/МЕ-55041736/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Мөнхбат нь 2018 оны 06 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө суманд түр оршин суух С.Доржсүхийг ойр дотны хүнийх нь дэргэд хоолойн тус газарт нь хутгалж онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Мөнхбат нь 2018 оны 06 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө суманд түр оршин суух С.Доржсүхийг хоолойн тус газарт нь хутгалж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Т.Мөнхбат нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: 1.Шүүгдэгч Т.Мөнхбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нийг шилжих шөнийн 22 цагийн үед гэртээ зурагт үзээд сууж байсан. Гэтэл С.Доржсүх гэдэг хүний малыг малладаг Б.Батжаргал гэдэг хүн манайд орж ирээд “манайд очъё” гээд намайг дагуулаад гарсан. Тэднийд очиход С.Доржсүх болон түүний эхнэр, А.Өнөрбаяр гэх хүмүүс нь шимийн архи уугаад нэлээн халсан байдалтай сууцгааж байсан. Тэгээд надад нэг стакан шимийн архи хийж өгөхөөр уух гэтэл нэлээн халуун байсан тул хэсэг хөргөөж байгаад нэгэнт хүн хийж өгсөн юмыг яаж уухгүй байхав гэж бодоод уусан. Тэгээд юм ярьж сууцгааж байгаад “тоглоом тоглох уу” гэсэн яриа гарсан. Гэтэл тэнд тоглох тоглоом байгаагүй. Тэгэхээр нь би “манайд даалуу байгаа” гэж хэлэхэд Б.Батжаргал бид хоёр манай гэр лүү даалуунд явсан. Эргэж ирэхдээ даалуугаа аваад бас нэг шил 0.5 грамтай архийг дүү нартаа өгчихье гэж бодоод авч ирсэн. Тэгээд тэр архийг Б.Батжаргал аягалж өгсөн. Хэсэг тоглож байтал С.Доржсүхийн эхнэр нь “өглөө эрт үнээ саах ажилтай болохоор эртхэн унтаж амрая” гээд хүүхдээ өвөртлөөд орондоо орсон. Тэгээд би Б.Батжаргалтай юм яриад сууж байтал хажуунаас С.Доржсүх “энэ нэг арчаагүй Б.Батжаргал чинь танай баруун аймгийн хүн шүү” гэхээр нь би “Б.Батжаргал бол миний хүн биш танай малчин шүү дээ миний дүү, танай малыг явган хариулаад явж байгаа гэдгийг мэднэ, адилхан нэг газраас ирчихээд нэгнийгээ яах гэж ингэж хэлдэг юм бэ” гэхэд намайг нэг цохиод авсан. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ” гэхэд “муу өвгөн минь юу гээд солиороод байгаа юм” гээд намайг заамдаад хойшоо түлхэж эхнэрийнх нь хэвтэж байсан орны доод талд байсан саван дээр суулгаж унагаасан. Тэгээд намайг чирч гаргаад доороо оруулан зодож эхэлсэн. Хүн л болсон хойно өөрийгөө хамгаалахын тулд өөдөөс нь ноцолдож байсан. Тэгсэн ч яагаад ч босгож дийлэхгүй байсан. Толгой руу цохиод байхаар нь толгойгоо хамгаалах гээд гараараа хаатал гарыг маань шалба цохьсон. Тэгээд удалгүй миний нуруу руу цохихоор нь би хойшоо жаахан гэдийхэд гэдэс рүү өшиглөсөн. Бүр болохоо байгаад түүнийг салгах зорилгоор биедээ авч явсан хутгыг гаргаж ирээд гарыг нь салгах зорилгоор гар луу нь хатгах гэтэл хүзүү рүү нь хатгачихсан. Удалгүй маш их цус олгойдож миний нүүр лүү цацрах үед хүзүү рүү нь дүрчихсэн байна гэдгээ мэдээд маш их айсан. Тэгээд яах ч аргагүй гэр бүлийнх нь хүмүүсийг дуудсан. 3-4 удаа дуудаж байж эхнэр нь гарч ирсэн. Энэ бүх явдал гадаа болсон. Би айсандаа хаашаа ч явж байгаагаа мэдэхгүй гүйсэн. Тэгж яваад хутгаа шидчихсэн. Өдий насандаа хүүхэдтэйгээ адилхан хүний амь насыг хохироосондоо асар их гэмшиж байна. Гэхдээ би талийгаачийг онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон гэж үзэхгүй байна. Талийгаачийн ар гэр эхнэр хүүхдийг нь амьдралын баталгаатай болгохын тулд орон гэр мал хуйгаа зарсан. Цаашдаа ч гэсэн талийгаачийн гэр бүлийнхэнийг анхаарч явна гэдгээ хэлмээр байна...” гэх мэдүүлэг Хохирогч С.Янжиндуламын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний шөнө 03 цагийн үед миний гар утас руу 95-тай дугаараас залгаад байсан дахин дахин залгаад байхаар нь автал манай дүү С.Доржсүхийн хажуу айлын хөрш Т.Мөнхбатын бага хүү нь утсаар Янжаа эгчээ хурдан түргэн дуудаарай С.Доржсүх хүнд хутгалуулчихсан миний машины түлш дуусчихсан Ерөө сумаас 20 км зайд байна гэж хэлсэн. Сумын эмч Б.Дэлгэрмаа, Өнөржаргал хоёрыг аваад Эрдэнэбаатар ахын машинтай очиход Т.Мөнхбатын хүү М.Давхарбаяр нь миний дүү С.Доржсүхийг машиндаа суулгаад сумын төв явж байхад нь эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ххийн 63-64 дүгээр тал/ Хохирогч Д.Оюунхишигийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Батжаргал, А.Өнөрбаяр, Т.Мөнхбат манай нөхөр С.Доржсүх бид нар даалуу тоглож байхад Т.Мөнхбат гуай архиндаа согтож манай нөхөрт хандаж би халхад том хүн муу сайн банди нарыг алчихад ард нь даваад гарах эд хөрөнгө мал байна гэж томроод байсан. Энэ үед би та нар боль тоглож чадахгүй байж маргалдаад байх юм гэж хэлээд даалуу хураагаад байж байх үед хажуунаас Т.Мөнхбат гуай манай нөхөртэй хамт архи ууна гээд байсан. Тэгсэн манай нөхөр Т.Мөнхбат гуайд би танайд орж архи уухгүй. Та дахин архи уумаар байгаа бол дүү нь архи нэрж өгье гээд гэрийн зуухан дээр тогоо тавьж тогоон дотроо цагаагаа хийж бүрхээр тавьтал Т.Мөнхбат гуай би танай энэ усыг чинь уухгүй гээд бүрхээр аваад гэрийн баруун талын хаяа руу шидчихсэн юм. Энэ үед гаднаас Б.Батжаргал орж ирэхэд талийгаач та Т.Мөнхбат гуайг гэрт нь хүргээд өгчих согтсон байна гэхэд Б.Батжаргал аваад гарсан. Т.Мөнхбат гуай гэнэт орж ирээд чи манай гэрт яахаараа орж архи уудаггүй юм бэ манай гэрийг голоод байгаа юм уу гэсэн. Би та чинь ямар сонин хүн бэ настай хүн байж гэхэд талийгаач хажуунаас Т.Мөнхбат гуайг гэрээсээ гаргаад хаалгаа хаасан. Манай гэрийн хаалга дотор талаасаа түгжээгүй тул дотор талаас нь манай нөхөр татаад зогсож байсан. Талийгаач гэрийнхээ хаалгыг татаж байгаад таввих үед Т.Мөнхбат гуай орж ирээд талийгаачийг шууд түлхсэн. Талийгаач арагшаа хөл алдаж хана түшин тогтох үед Т.Мөнхбат гуай баруун гартаа хутга барьчихсан талийгаачийн хоолой хэсэгт хутгалж байгаа харагдсан. Ингээд талийгаач нь Т.Мөнхбатыг гэрээс түлхэж гаргах үедээ та намайг хутгалчихлаа гээд гэрийн урд сөхрөөд уначихсан. Намайг талийгаачийн хажууд очих үед их хэмжээний цус гарч байсан ба би Т.Мөнхбат та манай нөхрийг хутгалчихлаа шүү дээ гэхэд тиймээ хутгалсан хутга нь энэ байна гээд баруун гартаа хутга барьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-69 дүгээр тал/ Гэрч А.Өнөрбаярын 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Орой 22 цагийн үед С.Доржсүх тогоо нэрсэн. Удалгүй Б.Батжаргал ахтай хамт Т.Мөнхбат ах орж ирсэн. Т.Мөнхбат ах гэрээсээ даалуу авч ирэхдээ 1 шил архи авчирсан. Т.Мөнхбат ах архи уусандаа халчихсан байсан даалуунаас болоод ярилцах ч биш маргалдах ч биш юм болоод байсан. Тэр үед би С.Доржсүхийн гэрт газар зассан орон дээр хэвтээд унтаад өгсөн. Намайг унтаж байхад талийгаач С.Доржсүхийн эхнэр Д.Оюунхишиг орилоод намайг дуудахаар нь босоход С.Доржсүхийг Т.Мөнхбат хутгалчихлаа шүү дээ гэхээр нь босоод очиход талийгаач С.Доржсүх гэрийхээ үүдэнд 2 өвдөг дээрээ сөхөрчихсөн хүзүүгээ бариад байж байсан, хүзүүнийх нь урд хэсгээс цус их хэмжээгээр олгойдож гарч байсан...” гэх мэдүүлэг /ххийн 70-71 дүгээр тал/ Гэрч М.Эрхэмбаярын 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шөнө дунд яг цагийг нь сайн санахгүй байна манай ард байдаг Доогий ахын эхнэр чанга орилоод ороод ирсэн намайг дуудаад хүн хутгалуулчихлаа яаралтай Ерөө авч явмаар байна машинаа асгаад орхи гэхээр нь би хувцасаа өмсөөд гэрээсээ гараад Портер машинаа асаагаад эхнэрийг нь суулгаад гэрийнх нь гадаа очоод машинаас буухад гэрийнх нь үүдэнд цагаан цамцтай хүн болох Өнөрөө ах өвөр дээрээ толгойг нь тавиад хэвтүүлчихсэн хүн байхаар нь уг хүнийг хамт өргөөд машин руу оруулахад Доогий ах байсан. Тэгээд хөдлөөд сумын төв рүү яараад давхиж явахад Шаазгайтын амны тэнд миний машины түлш дууссан. Буугаад уул руу гараад Өнөрөөгийн эхнэр рүү залгаад хүн хутгалуулсан талаар хэлсэн…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73 дугаар тал/ Гэрч Б.Түшигцагааны 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн үед унтаж байхад манай аав Т.Мөнхбатыг Доогийгийнх гэр рүүгээ дуудаад авч явсан байсан. Шөнийн 03 цагийн үед байх манай хадам ээж манай гэрт сандраад орж ирээд арын айлд хэрэг гарсан байна чи очоод үзээд орхи гэхээр нь би сандраад гэр рүү нь ороход гаднаас манай нөхрийн дүү М.Эрхэмбаярын машин хөдлөөд явж байсан. Би уг айлд ороход баруун орон дээр нэг хүүхэдтэй хүн унтаж байсан, зүүн орон дээр Халиунаа ах, газраар Өнөрөө ах нар унтаж байсан, дүү нь сэрүүн байсан би юм асууж чадаагүй гэрт буцаад ирсэн чинь хадам аав өөрийн гэрээсээ гараад баруун талд байдаг гол руу явж байхаар нь гэр рүү нь оруулж унтуулсан…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76- 77 дугаар тал/ Гэрч Б.Батжаргалын 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн үед миний хуурай дүү болох талийгаач С.Доржсүхийн эхнэр тогооны архи нэрээд тэгээд тэдний урд гэр нь байдаг Т.Мөнхбат ахыг дуудаад тэдний гэрт байсан Өнөрөө, Д.Оюунхишиг түүний нөхөр талийгаач С.Доржсүх бид нар тавуулаа даалуу тоглосон Т.Мөнхбат ах орж ирэхдээ даалуугаа авчирсан тэгэхдээ нэг шил 0.5 литрийн “Цагаан" архи авчирсан тэгээд даалуу тоглох үедээ түүнийг эхнэрээс нь бусад бид дөрөв хувааж уусан тоглоомоо дуусгаад би Т.Мөнхбатыг гэр рүү нь одоо амар гээд дөхүүлж өгсөн тэгээд би орж ирээд гэрийн зүүн орон дээр унтсан бид нар 01 цаг хүртэл тоглосон байсан тэгэд нэг удаагүй байтал Өнөрөө намайг сэрээгээд дүүг хүн хутгалчихлаа гэхээр нь би босоод яасан юу болов гэсэн чинь надад Өнөрөө эхнэр нь Т.Мөнхбат ахын бага хүүтэй хамт машинаар аваад явсан гэж хэлсэн тэгээд би унтаад өгсөн өглөө 05 цагийн өнгөрч байхад цагдаа ирээд сэрээхээр нь би сэрээд боссон. Т.Мөнхбат ах, С.Доржсүх нар морь яриад байсан нэг их муудалцсан асуудал болоогүй та маргааш мориндоо ажлаа хий гэж би хэлсэн түүнээс зодолдож цохилцсон асуудал болоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79 дугаар тал/ Гэрч М.Анхбаярын 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай аав Төмөрийн Мөнхбат нь 1955 онд 04 дүгээр сарын 17-нд Увс аймгийн “Давст” суманд Төмөрийн 4 дэх хүүхэд болж мэндэлсэн. Дээрээ 3 эгчтэй хамгийн том эгчийг нь Т.Омоо гэдэг, удаах эгчийг нь Т.Сосор гэдэг олон жилийн өмнө нас барсан. 3 дахь эгчийг нь Т.Уртнасан гэдэг. Аавын том эгч нь одоо Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвд оршин суудаг. Харин Т.Уртнасан эгч Бугант тосгонд оршин суудаг. Манай өвөө Төмөр нь 1994 онд зуурдаар нас барсан, аавын ээж Б.Ханд нь 2010 онд мөн зуурдаар нас барсан. Аав минь бага насандаа хөдөө аав ээжтэйгээ хамт хөдөө мал маллаж эцэг, эхийн хүмүүжлээр хүмүүжиж, 1959 онд Баян Өлгий аймгийн Бугат суманд шилжиж ирээд 1964 онд тус аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд нэгдүгээр ангид элсэн орж 1971 онд 7 дугаар анги төгсөж бүрэн бус дунд боловсролтой болсон. 1975-1978 оны хооронд Улаанбаатар хотын барилгын 032 дугаар ангид 3 жил хугацаат цэргийн алба хаагаад 1978 онд манай ээж С.Балжиннямтай анх танилцаж тэр жилдээ гэр бүл болсон. 1979 онд ууган хүү М.Анхбаяр миний бие мэндэлсэн. 1981 онд 2 дахь хүү М.Давхарбаяр, 1984 онд манай дүү охин М.Мөнгөнчимэг, 1986 онд М.Эрдэнэчимэг, 1988 онд М.Хосбаяр, 1994 онд манай отгон дүү М.Эрхэмбаяр нар мэндэлсэн. Энэ хугацаанд манай 1981- 1984 онд Дархан-Уул аймагт шилжиж ирээд Дарханы барилга дээр 3 жил сантехникчээр ажиллаж байгаад 1984 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвд шилжиж ирээд тус сумын ерөнхий боловсролын сургуулийн ня-бо ажлаар 1 жил гаруй ажиллаж байгаад, 1986-1988 оны хооронд тус сумын барилга рамын дарга, 1988-1990 оны хооронд тус сумын тусгай сургуульд сантехнигч, 1990 онд тус сумын илгээлтийн малчингаар тус тус төрд ажиллаж байсан. Үүнээс хойш одоог хүртэл хувиараа мал маллаж байна. 1993,1994,1996 онуудад тус сумын аварга малчин, 1997 онд Сэлэнгэ аймгийн хөдөлмөрийн аварга, 1999 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын мянгат малчин, 2004 онд тус сумын аварга малчин, 2005 онд улсын сайн малчин, энэ хугацаанд тус сумын малгүй 10 гаруй иргэдийг Ерөө үйлдвэрийн хониор малжуулсан, аймгийн алдарт уяач цолоор тус тус шагнуулж байсан. Улсаас авсан ял шийтгэл үгүй, манай аав хөдөлмөрч, сумынхаа ард иргэдийн дундаа нэр хүндтэй, залуу хүмүүс сайн үлгэр жишээч байдаг. Архи тамхийг бага зэрэг хэрэглэдэг, муу зуршилтай, архийг жоохон уугаад их хурдан согтдог, архи уусан үедээ хүнтэй хэр багийн муудалцаад байдггүй их дөлгөөн гэр бүлдээ их халамжтай ийм эцэг байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-81 дүгээр тал/ Гэрч О.Сантөмөрийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Талийгаач С.Доржсүх нь миний 8 дахь хүү юм. С.Доржсүхийн дээр 3 ах 4 эгчтэй доороо эмэгтэй, эрэгтэй хоёр дүүтэй, С.Доржсүхийн 2 ах, нь С.Доржсүхийг төрөөгүй байхад зуурдаар нас барсан юм. Харин нэг эгч нь С.Доржсүхийг 20 настай байхад нас барсан юм. Талийгаач С.Доржсүх нь Төв аймгийн Батсүмбэр суманд 1987 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр миний 8 дахь хүү болж төрсөн. Багдаа хөдөө мал дээр өссөн хүүхэд байгаа юм. 1995-2005 онд Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийг бүрэн дунд боловсролтой төгсөж, 2005 онд Дархан-Уул аймгийн Техникийн их сургуульд элсэн орж 2007 онд өөрийн хүсэлтээр сургуулиас гарсан юм. Үүнээс хойш талийгаач нь Төв аймагт мал маллаж байгаад 2008 онд төрсөн эгч С.Ганчимэгийг дагаж Улаанбаатар хот руу орж хувиараа наймаа хийхээр явсан юм. Талийгаач С.Доржсүх нь Улаанбатар хотын “Бөмбөгөр” худалдааны төвд эгчтэйгээ хамт гутал зардаг байсан. Д.Оюунхишиг гэдэг охинтой анх танилцаж, 2009 онд энхэртэйгээ Төв аймгийн Батсүмбэр суманд буцаж ирсэн. Талийгаач С.Доржсүх, Д.Оюунхишиг хоёр дундаас 2010 онд Доржсүхийн Буяндэлгэр гэх хүү мэндэлсэн. Одоо 8 настай. Удаах нь Доржсүхийн Хасбаатар одоо 5 настай, бага нь Доржсүхийн Цэлмэг гэх охинтой одоо 1 нас 5 сартай байх, Талийгаачийн төрсөн эгч С.Янжиндулам нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд оршин суудаг болохоор 2017 оны өвөл эгчийгээ бараадаж Ерөө сум руу түр оршин суухаар эхнэр хүүхдээ аваад өөрийн гэсэн мал ахуйгаа туугаад тус сум руу нүүсэн. Тэрнээс хойш талийгаач нь баяр ёслолын үед л гэртээ аав ээж дээрээ ирдэг байсан. Эхнэр бид хоёртой утсаар байнга холбоотой байсан ба сүүлийн үед утсаар ярих нь холдсон хамгийн сүүлд надтай 4-5 хоногийн өмнө тракторын сэлбэг асууж надтай утсаар ярьсан. Тэрнээс хойш надтай утсаар дахиж яриагүй. Миний хүү малд их нүдтэй, хүнд их тусархуу, автомашин, техникийн мэдлэг өндөр. гэр бүл эхнэр хүүхдүүддээ халамжтай, найз нөхөд олонтой, хамт олны дундаа нэр хүдтэй, их сайхан хүүхэд байсан юм. Манай хүү ямар нэгэн муу зуршилгүй. Эцэг, эх, ах, дүү нарынхаа үгэнд сайн ордог, хүнээс үг сонсох чадвартай. Хүнд буруу зөрүү муу зүйл санаад байдаггүй. Сайн хүүхэд байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-83 дугаар тал/ Гэрч С.Балжиннямын 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би нөхөр Т.Мөнхбат, бага хүү М Эрхэмбаяр нарын хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг хөдөө “Энхтал” гэх газарт мал малладаг, 2018 оны 06 дугаар сарын 23-ний өдөр 13 цагийн орчимд манайй хүү М.Эрхэмбаяр нь сумын төв орж хонины ноос зарж борлуулах зорилгоор трактортой ганцаараа явсан. Гэрт нөхөр бид хоёр үлдсэн. Өдөр нөхөр хонио хариулах, мөн улсын наадам дөхөж байгаа болохоор их нас, соёлон 2 насны морь уяж байсан болохоор нөхөр гадаа ажилтай байсан. Харин би гэрийнхээ ойр зуурын ажил хийсээр байгаад өдөр өнгөрсөн. Орой 17 цагийн үед нөхөр бид хоёр үнээ малаа саагаад малаа хашаад 22 цагийн үед бие өвдөөд гэртээ орж хэвтсэн. Харин нөхөр гадаа үхэр малаа хашаад удалгүй гэрт талийгаач С.Дорсүхийн хамт орж ирээд гэрийн авдарнаас даалуу аваад гарах үед би шөнө орой болсон хойно хаашаа хэнийд очих гээд байгаа юм бэ? Одоо эртхэн амраач гэж хэлсэн чинь надад ямар нэгэн зүйл хэлэлгүй тэр хоёр гэрээс гараад явсан юм. Үүнээс хойш миний нойр хүрээд унтаад өгсөн. Гэтэл шөнө манай хөрш талийгаачийн эхнэр Д.Оюунхишиг гэрт орилоод, уйлаад ороод ирсэн би юу болсон талаар асуухад манай нөхрийг танай нөхөр хутгалчихсан хурдан сумын төв оруулж эмчид үзүүлэх гэсэн юм хурдан машинаа асаа гэж манай хүүд хэлсэн. Би хүүгээ хэзээ нь гэрт орж ирээд унтсан талаар мэдээгүй талийгаачийн эхнэр гэрт орж ирэх үед хүүгээ унтаж байсныг мэдсэн. Ингээд М.Эрхэмбаяр талийгаачийн эхнэртэй гэрээс гараад явсан би шөнө орой болсон болохоор айгаад гэрээсээ гараагүй юм. удалгүй манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэргэлчихсэн байдалтай гэрт орж ирээд гутлаа тайлаад миний орны урд газар унтаад өгсөн. Би согтуу хүнтэй юу ярих юм өглөө эрүүл болох үед нь юу болсон талаар асуухаар Т.Мөнхбатын дээр хөнжил нөмрүүлээд хажуу гэрт орсон. Тухай үед миний нойр хүрэхгүй бас даралт ихсээд байсан болохоор хөдөө байдаг охин М.Эрдэнэчимэгийн гэрт очсон юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85 дугаар тал/ Гэрч Г.Нанжилмаагийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Талийгаач нь Төв аймгийн Батсүмбэр суманд 1987 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр О.Сантөмөрийн 8 дахь хүү болж мэндэлсэн. Бага насандаа эцэг, эхийн хүмүүжлээр хүмүүжиж байгаад 1995-2005 онд Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийг бүрэн дунд боловсролтой төгссөн. 2005 оны 09 дүгээр сарын 01-нд Дархан-Уул аймгийн Техникийн их сургуульд элсэн орж 2007 оны 01 дүгээр сард өөрийн хүсэлтээр сургуулиас гарсан. Үүнээс хойш Төв аймагт мал маллаж байгаад 2008 оны өвөл эгчийгээ дагаж Улаанбаатар хотод хувиараа наймаа хийхээр явсан. Талийгаач С.Доржсүх нь Улаанбатар хотын “Бөмбөгөр” худалдааны төвд эгчтэйгээ хамт гутал зардаг байсан. Энэ үед Д.Оюунхишиг гэдэг охинтой анх танилцаж, 2009 онд энхэртэйгээ Төв аймгийн Батсүмбэр сумандаа буцаж ирсэн. Талийгаач С.Доржсүх, Д.Оюунхишиг хоёр дундаас 2010 онд Доржсүхийн Буяндэлгэр гэх хүү мэндэлсэн. Одоо 8 настай. Удаах нь Доржсүхийн Хасбаатар одоо 5 настай, бага нь Доржсүхийн Цэлмэг гэх охинтой одоо 1 нас 5 сартай, 3-н хүүхэдтэй. Талийгаачийн төрсөн эгч С.Янжиндулам нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд оршин суудаг болохоор 2017 оны 11 дүгээр сард эгчийгээ бараадаж Ерөө сум руу түр оршин суухаар эхнэр хүүхдээ аваад өөрийн гэсэн мал ахуйгаа ачаад Ерөө сум руу нүүсэн. Тэрнээс хойш талийгаач нь баяр ёслолоор Төв аймагт ирдэг байсан. Ер нь бол надтай.утсаар байнга холбоотой байсан. Сүүлийн үед надтай утсаар огт яриагүй. Манай хүү малд их нүдтэй, хүнд их тусархуу, автомашин, техникийн мэдлэг сайтай, ажилсаг, гэр бүл эхнэр хүүхдүүддээ халамжтай, найз нөхөд олонтой хамт олны дундаа нэр хүдтэй, тамхийг огт хэрэглэж үзээгүй, баяр ёслолоор архийг өөрийнхөө хэмжээнд тааруулаад уудаг. Ер нь бол архи дарс хэрэглээд байдггүй. Эцэг, эх ах дүү нарынхаа үгэнд сайн ордог, хүнээс үг сонсох чадвартай. Хүнд буруу зөрүү муу зүйл санаад байдггүй. Сайхан сэтгэлтэй ийм л хүү байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-87 дугаар тал/ Гэрч Б.Батбаатарын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Түүний амьдрал ахуйн хувьд дунджаас дээгүүр орлоготой өрх айлын нэг байгаа юм. Тухайн хүний хувьд өмнө улсын аварга малчин хүртэл болж байсан. Миний хувьд тус айлаар очиж уулзаж байсан. Тэрээр зургаан хүүхэдтэй гэсэн Хүүхдүүд нь бүгд өөрийн амьдрал ахуйгаа босгоод тусдаа гарсан гэж байсан. Би том хүүг нь болон бас нэг хүүхдийг нь танина. Түүний зан байдлын хувьд даруу төлөв, нухацтай, яриа хөөрөө сайтай хүн шиг надад санагдсан. Ууртай ширүүн гэмээр зүйл бол ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 92 дугаар тал/ Гэрч Б.Дэлгэрмаагийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын үед миний утас руу эрүүл мэндийн төвийн сувилагч утасдаад “Хандгайт гэх газарт хүн хутгалуулаад цус алдаад байна гэнэ" гэж хэлсэний дагуу 03 цаг 50 минутанд эрүүл мэндийн төвийн машинаар хөдөлсөн. Явсаар 04 цаг 15-20 минутын үед өөдөөс цэнхэр өнгийн Портер маркийн машинаар хутгалуулсан гэх хүнийг хоёр залуу нэг эмэгтэй нар авч ирсэн. Тэгээд тэр хутгалуулсан гэх хүний биеийн байдлыг үзэхэд амин үзүүлэлтүүд зогссон буюу зүрх зогсож. бие нь хөрсөн, хамар, уруулын гурвалжин хөхөрсөн, хүүхэн хараа нь гэрлийн урвалд хариу өгөхгүй нэгэнт нас барсан байсан. Талийгаачийн хүзүүний зүүн урд хэсэг буюу эгэмний дээд хэсэгт ойролцоогоор 2 сантиметрийн гүнтэй гол судсыг нь гэмтээсэн гэмээр шарх үүссэн байсан. Биед өөр ямар нэг гэмтэл шарх байгаагүй. Тэгээд бид нар талийгаачийг эмнэлгийн машинаар тээвэрлээд эмнэлэг дээр хүргэж ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-95 дугаар тал/ Шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 54 дугаартай: “...1.Талийгаач С.Доржсүхийн биед хүзүүний урд хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушгины хатгагдсан шарх, хурц цус алдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Талийгаач С.Доржсүхийн биед учирсан дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3.Талийгаач С.Доржсүх нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. 4.Талийгаач С.Доржсүх нь элэгний архаг өвчтэй байжээ. Энэ нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. 5.Талийгаач С.Доржсүх нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. 6.Талийгаач С.Доржсүх нь хүзүүний урд хэсэгт хатгагдаж цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины дээд дэлбэн хатгагдсаны улмаас хурц цус алдалтанд орж нас барсан байна. 7.Талийгаач С.Доржсүх нь В/III/ бүлгийн цустай байжээ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 107-108 дугаар тал/ Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн: “...1.Т.Мөнхбатын биед хацар, гарын сарвуунд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 113 дугаар тал/ Шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7157 дугаартай: “...1.Шинжилгээнд ирүүлсэн Төмөр Мөнхбат 63/эр гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 118 дугаар тал/ Шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 7079 дугаартай: 1.Талийгаач С.Доржсүхийн тухайн үед өмсөж байсан гэх цэнхэр өнгийн подволк, хар өнгийн тамирын өмд, хар өнгийн дотоож дээр цус илэрсэн. Уг цус нь В/Ш/ бүлгийн харъяалалтай байна. 2.Талийгаач С.Доржсүхийн тухайн үед өмсөж байсан гэх хар өнгийн түрийтэй гутал дээр цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй, урвал явагдаагүй тул бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна. 3.Яллагдагч Т.Мөнхбатын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан гэх ногоон өнгийн хантааз, хар саарал өнгийн дотоож, цагаан саарал өнгийн хөлийн ороолт, цэнхэр өнгийн оймс дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй. 4.Яллагдагч Т.Мөнхбатын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан гэх ягаан өнгийн ноосон цамц, хар өнгийн подволк, ногоон өнгийн ноосон цамц, бор өнгийн дотуур өмд, шаргал өнгийн хилэн өмд дээр цус илэрсэн. Уг цус нь В/Ш/ бүлгийн харъяалалтай байна. 5.Яллагдагч Т.Мөнхбатын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан гэх хүрэн өнгийн түрийтэй гутал дээр цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй, урвал явагдаагүй тул бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна. 5.ХГҮ-ээр хураан авсан гэх 0,5 л “ЭКС” архины шил, цэнхэр өнгийн иштэй хутга дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. 6.ХГҮ-ээр хураан авсан гэх № 3,4,5 гэж дугаарласан гялгар ууттай бентэнд боож бэхжүүлсэн шороо, машины суудлаас бентэнд бэхжүүлж авсан гэх арчдас дээр цус илэрсэн. Уг цусанд урвал явагдаагүй, нойтон, муудсан байсан тул бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна. 7.Талийгаач С.Доржсүхийн гэх цус нь АВО системээр В/Ш/ бүлгийн харьяалалтай байна. 8.Яллагдагч Т.Мөнхбатын гэх цус нь АВО системээр 0/1/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 122-123 дугаар тал/ Шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 7341 дугаартай: “....1.Талийгаач С.Доржсүхийн өмсөж байсан гэх урдаа цагаан өнгийн хээтэй хөх цэнхэр футболк, хар өнгийн биеийн тамирын өмд, цагаан эмжээртэй ташаандаа дөрвөлжин дүрсүүдтэй дотоож, хар өнгийн урт түрийтэй гутал цус илэрсэн. Яллагдагч Т.Мөнхбатын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх ягаан өнгийн ноосон цамц, хар өнгийн футболк, ногоон өнгийн цамц, бор өнгийн дотуур өмд, ногоон шаргал өнгийн хилэн өмд, хүрэн өнгийн түрийтэй гутал цус илэрсэн. Хэргийн газраас авсан гэх №3, №4, №5 гэсэн дугаартай 3 ширхэг марльд шингээн ирүүлсэн шороо мэт зүйл, яллагдагч Т.Мөнхбатын 75-91 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабин дотор суудпаас авсан дээж гэж хаягласан марльд шингээсэн толбонд цус илэрсэн. 2.Яллагдагч Т.Мөнхбатын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх ногоон өнгийн хантааз, хар болон саарал өнгийн оруулгатай дотоож, цайвар өнгийн хөлний ороолт мэт зүйл, хөх өнгийн 1 хос оймс дээр цус илрээгүй. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 0,5 л “АRКНI гэсэн бичигтэй архины шил, цэнхэр өнгийн бариултай хутга дээр цус илрээгүй. 3.Талийгаач С.Доржсүхийн өмсөж байсан гэх урдаа цагаан өнгийн хээтэй хөх цэнхэр футболк, хар өнгийн биеийн тамирын өмд, цагаан эмжээртэй ташаандаа дөрвөлжин дүрсүүдтэй дотоож, хар өнгийн урт түрийтэй гутал, яллагдагч Т.Мөнхбатын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх ягаан өнгийн ноосон цамц, хар өнгийн футболк, ногоон өнгийн цамц, бор өнгийн дотуур өмд, ногоон шаргал өнгийн хилэн өмд, хүрэн өнгийн түрийтэй гутал дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо бүгд нэг эрэгтэй хүний цус байна. 4.№3, №4, №5 гэсэн дугаартай 3 ширхэг марльд шингээн ирүүлсэн шороо мэт зүйл, яллагдагч Т.Мөнхбатын 75-91 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабин дотор суудлаас авсан дээж гэж хаягласан марльд шингээсэн толбонд илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдоогүй болно...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 126-127 дугаар тал/ “Ашид Билгүүн” ХХК-ний 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №СЭА-62 дугаартай: “.....7591 СЭА улсын дугаартай 2006 онд Япон улсад үйлдвэрлэгдэж 2018 онд Монгол улсад орж ирсэн Hyundai Porter 2 маркийн авто машин өнгө үзэмж болон техникийн байдал зэргээс хамаарч Монгол улсын зах зээл дээр дунджаар 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 131-133 дугаар тал/ Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №59/18 дугаартай: “....1.Магадлуулагч Т.Мөнхбат сэтгэцийн хувьд эрүүл 2.Магадлуулагч Т.Мөнхбат нь болсон хэргийн талаар зөв ойлгон мэдэж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай 3.Магадлуулагч Т.Мөнхбат нь удамшлын болон олдмол сэтгэцийн өөрчлөлт үгүй. 4.Магадлуулагч Т.Мөнхбат нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчингүй эрүүл байсан болно. Үйлдсэн хэргийнхээ үйлдлийг үнэн зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 139 дүгээр тал/ Шүүгдэгч Т.Мөнхбатын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 154-159 дүгээр тал/ Түүхчилэн байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 160-161 дүгээр тал/ Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 162-164 дүгээр тал/ Ял шийтгэгдсэн, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р ххийн 165-166 дугаар тал/ Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /1-р хх-ийн 197-233 дугаар тал/ Хохирлын баримтууд /2-р хх-ийн 43-72 дугаар тал/ Яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-ийн 115-117 дугаар тал/ Хохирогч Д.Оюунхишигийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг орон дээр хүүхэд хөхүүлээд хэвтэж байхад талийгаач С.Доржсүхтэй Т.Мөнхбат гуай анх маргалдаж хоорондоо зууралдаад гэрээс гарч байгаа харагдсан гэрийн хаалга онгорхой байсан болохоор талийгаач болон Т.Мөнхбат хоёрын хоорондоо ярьж байгаа нь надад тод сонсогдож байсан ба талийгаач та намайг хутгалчихлаа гээд орилж байсныг би тод санаж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 133-134 дүгээр тал/ Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №06/18-д “....1.Магадлуулагч Д.Оюунхишиг нь болосн хэрэг асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай 2.Магадлуулагч Д.Оюунхишиг нь удамшлын болон олдмол сэтгэцийн өвчин эмгэг үгүй. 3.Магадлуулагч Д.Оюунхишиг нь гэмт хэрэг болох үед сэтгэцийн цочролд орсон боловч аливаа зүйлийг үнэн зөв үнэлэж цэгнэх чадвартай байсан...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 139 дүгээр тал/ Шүүгдэгч Т.Мөнхбатын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 143-145 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно. Харин Прокурорын газраас шүүгдэгч Т.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хохирогчийн амь насыг ойр дотны хүнийх нь дэргэд хохироож буюу онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж иүүлсэн боловч энэ байдал нь эргэлзээтэй хохирогч Д.Оюунхишигийн мэдүүлгээр үйл баримт гэрийн гадна болсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл амь хохирогч С.Доржсүхийн эхнэр Д.Оюунхишиг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар энэ хэрэгт хамааралтай бүхий л баримтуудыг үнэлж үзэхэд шүүгдэгч Д.Мөнхбат амь хохирогч С.Доржсүхийн амь насыг ойр дотных нь хүмүүсийн дэргэд зориуд санаатай онц харгис хэрцгий аргаар үйлдсэн болох нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Шүүгдэгч Т.Мөнхбатын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй. Шүүгдэгч Т.Мөнхбатад холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон байна. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Т.Мөнхбатын гэмт үйлдлийн улмаас хүний амь нас хохирсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон С.Янжиндулам, Д.Оюунхишиг нарын зүгээс оршуулгын болон бусад зардал нэхэмжилснийг шүүгдэгч Т.Мөнхбатаас 98 сая төгрөг төлсөн хохирогч нар цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тодорхойлолт гаргаж ирүүлсэнд үндэслэн шүүгдэгч Т.Мөнхбатыг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Т.Мөнхбат нь өөрийн үйлдсэн хэрэгт гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогч нарын нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон 12 жилийн хорих ялаас доош татаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 08 жилийн хорих ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч Т.Мөнхбатын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Мөнхбатын энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 06 дүгээр сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 235 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Т.Мөнхбатын өмсөж явсан ногоон өнгийн хантааз, ягаан өнгийн ноосон цамц, бор өнгийн дотуур өмд, шаргал өнгийн хилэн өмд, хар саарал өнгийн дотоож, цагаан саарал өнгийн хөлийн ороолт, цэнхэр өнгийн оймс, хүрэн өнгийн түрийтэй гутал, талийгаачийн өмсөж явсан цэнхэр өнгийн футболк, хар өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн түрийтэй гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст хүргүүлэхээр тогтов. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав. Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 75-91 СЭА улсын дугаартай Хюандай Портер маркийн машиныг хохирол төлбөр бүрэн төлөгдсөн байх тул битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны өмчлөгчид нь олгох нь зүйтэй. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр заав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1- д зааснаар шүүгдэгч Цагаан туг овогт Төмөрийн Мөнхбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Цагаан туг овогт Төмөрийн Мөнхбатыг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Цагаан туг овогт Төмөрийн Мөнхбатад 08 /найман/ жилийн хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Цагаан туг овогт Төмөрийн Мөнхбатын эдлэх 08 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Т.Мөнхбатын энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 06 дүгээр сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 235 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Т.Мөнхбатын өмсөж явсан ногоон өнгийн хантааз, ягаан өнгийн ноосон цамц, бор өнгийн дотуур өмд, шаргал өнгийн хилэн өмд, хар саарал өнгийн дотоож, цагаан саарал өнгийн хөлийн ороолт, цэнхэр өнгийн оймс, хүрэн өнгийн түрийтэй гутал, талийгаачийн өмсөж явсан цэнхэр өнгийн футболк, хар өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн түрийтэй гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст хүргүүлсүгэй.
7.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
8.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 75-91 СЭА улсын дугаартай Хюандай Портер маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж буцаан олгосугай.
9.Ялтан Т.Мөнхбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭМӨНХ
Б.ХЭРЛЭН