Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 209/МА2023/00089

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  08 дугаар сарын 30-ны өдрийн 135/ШШ2023/01081 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 177,072,444.27 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******а, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага:
           2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч *******ад №******* тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу 43,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нийт үнийн дүнгээс хоногийн 0.5 хувийн хүүтэй, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд нийт үнийн дүнгээс хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан боловч одоо болтол зээл болон зээлийн хүүнээс нэг ч төгрөг төлөөгүй байна. Хариуцагчид зээл болон зээлийн хүүгээ төлөх талаар удаа дараа уулзаж, утсаар холбогдож мэдэгдэж байсан боловч цаг хугацаа авсаар өнөөдрийг хүрсэн тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч *******ад зээлдүүлсэн үндсэн зээлийн мөнгө болох 42,849,000 төгрөг, түүний хүү болох 43,503,123 төгрөг, зээлийн гэрээний дагуух алданги 43,176,061 төгрөг, нийт 129,528,184 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2023.03.16-ны өдөр нэмэгдүүлэхдээ: 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч *******ад №19/04 тоот зээлийн гэрээний дагуу 43,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй ашиг олохоор зээлдүүлж, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд нийт үнийн дүнгээс хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулан зээлдүүлсэн боловч зээл болон зээлийн хүүнээс нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Хариуцагч *******аас зээлийн гэрээний хүүнд 31,696,520.55 төгрөг, алданги 15,848,260 төгрөг, нийт 47,544,260.27 төгрөгийг гаргуулахаах нэмэгдүүлж байна гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, хариу тайлбарын агуулга:

  ...хариуцагч миний бие дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Бид нэхэмжлэгч *******аас бэлэн мөнгө бус түлш авсан. Зээлээр худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасны дагуу бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь хүү тооцох эрхгүй,
        Огт болоогүй үйл явдлын талаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус,
        Нэхэмжлэгч барьцааны эд зүйлийг өөрийн болгож нэмээд түлшний төлбөр дээрээ хүү, алданги тооцож авах хууль бус санаа зорилго агуулагдаж байна, анхнаасаа хүү алданги, огт яригдаагүй байсан тул хүү, алданги тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй, мөн түлшний бодит үнэ дээр бус өөрийнхөө нэмсэн үнэ дээр хүү алданги тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй, анх ажил гүйцэтгэх гэрээнд давагдашгүй хүчин зүйл нөлөөлвөл гэсэн заалтад халдварт өвчний талаар оруулсан байсан. Гэтэл улс орон бүү хэл дэлхий нийт даяар халдварт өвчин тарж орлого олох боломжгүй байсан нь гэрээний дагуу давагдашгүй хүчин зүйлд тооцогдох юм. Тиймээс тус гэрээний энэхүү нөхцөлийн дагуу нэхэмжлэлийн зарим хэсэг буюу хүү алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, *******аас зээлээр түлш авсны дараахан үндсэн төлбөрт бодож 7,000,000 төгрөгийг төлсөн байтал нэхэмжлэл дээрээ нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй гэж бичсэн байна. Уг 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан өдрөөс өмнө шилжүүлсэн тул тухайн зээлийн үндсэн үнээс хасагдах ёстой.

Миний бие *******аас төлсөн түлшний 50 хувийг л өөрийн ажлын хэрэгцээнд зарцуулсан. Үлдсэн 50 хувийг Баттөмөр өөрийн ажилд зарцуулсан бөгөөд энэ үйл баримтын талаар хамт ажиллаж байсан Д*******, нар гэрчлэх учир миний бие аас авсан түлшний анхны бодит үнийн 50 хувийг л төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс төлсөн 7,000,000 төгрөгийг хасаж тооцон 10,788,617 төгрөгийг төлнө. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 35,849,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгож, 141,223,444.27 төгрөг гаргуулах шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,201,275 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 337,195 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******а давж заалдах гомдолдоо:

Дархан уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 30-ны өдрийн 135/ШШ2023/01081 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

...хэргийн үйл баримтаас үзэхэд ******* нь мөнгө аваагүй түлш авсан гэж маргалддаг боловч зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч хүү төлж байсан, зээлээ төлөх талаар удаа дараа “*******” ХХК-д хүсэлт гаргаж байсан, хүү төлсөн зээлийн хуулга зэргээр нотлогддог. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө талд уг үүргийн биелэлтийг үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг шаардах эрхтэй тул нэхэмжлэл гаргасан. Талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан байхад зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийг шүүх хангахгүй орхиж, хүү алдангийг хэрэгсэхгүй болгож, хүүнд төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцсон нь үндэслэл бүхий болсонгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 281.1, 282.3, 282.4, 283.4, 232.4, 232.6-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх гэрээнээс үүссэн хохирлыг нэхэмжилсэн шаардлагыг хангаагүй тул давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхэд 177,072,444 төгрөг нэхэмжилснээс 141,223,444 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна гэжээ.

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч тал нь “...талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан байхад зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийг шүүх хангахгүй орхиж хүү алдангийг хэрэгсэхгүй болгож хүүнд төлсөн төлбөрийг үндсэн зээлд тооцон хасаж байгаа нь үндэслэл бүхий болсонгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 281.1, 282.3, 282.4, 283.4, 232.4, 232.6-д заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан байхад шүүх зээлийн гэрээнээс үүссэн хохирлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг гаргажээ. 

3. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд  мэтгэлцэх  эрхээ бүрэн хэрэгжүүлсэн  байх боловч

талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй зэргээс шийдвэр нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж  давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэргээс судлан үзвэл:

4. Нэхэмжлэгч “*******” ХХК нь *******ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн № 19/04 тоот “ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу 1тн дизель түлшийг 2,300,000 төгрөгөөр тооцож 18,63 тн дизель түлш нийлүүлэхээр тохиролцож, мөн өдрөө гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 19/04 тоот зээлийн гэрээ байгуулж, 43,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй ашиг олох зорилгоор зээлдүүлж, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нийт үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцох гэрээ байгуулан зээлдүүлсэн. Зээл 42,849,000 төгрөг, хүү 75,197,643,55 төгрөг, алданги 59,024,321 төгрөг, нийт 177,072,444 төгрөгийг гаргуулж өгнө үү гээд, нэхэмжлэлд зээлийн болон ажил гүйцэтгэх гэрээ, зээлийн нэмэлт гэрээ, зээл,зээлийн хүү, алдангийн тооцоолол зэргийг хавсаргажээ. /хх-ийн 5-8, 25-27, 58/

5. Нэхэмжлэгч тал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : ... *******ад зээл олгож, зээл олгосон хэмжээгээр нь түлш нийлүүлсэн. Хуулийн дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү алданги тооцсон. Зээлийн гэрээний хугацааг сунгаж нэмэлт гэрээ байгуулсан, уг гэрээгээр тохиролцсоны дагуу төлбөр төлөөгүй тул нийт 177,072,444 төгрөгийг шаардаж байна гэж,

6. Хариуцагч ******* нь талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр  №19/04 тоот “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, гэрээний дагуу 18,63 тонн түлш авсан. Зээлийн гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгч түлш нийлүүлэхдээ барьцаанд нь эксковатор авсан. Авсан түлшний 50 хувийг би өөрийн үйл ажиллагаандаа хэрэглэсэн, үлдэх 50 хувийг Баттөмөр гэж хүн хэрэглэсэн. Нэхэмжлэгчид 7,000,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс 10,788,617 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гарган маргажээ. 

 7. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар талууд тохиролцсоны дагуу 42,849,000 төгрөгийн 18,63 тн дизель түлш нийлүүлсэн гэх үйл баримт тогтоогдож  байна гэж, 

 Мөн “ажил гүйцэтгэх гэрээ” гэж нэрлэсэн гэрээг талуудын хооронд  бүтээгдэхүүн нийлүүлж, захиалагч тал үнийг төлөхөөр үүрэг хүлээсэн худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж  тус тус дүгнэсэн  нь үндэслэлтэй  байна.

8. Харин нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу мөнгө биш түлш шилжүүлж өгсөн гэж тайлбарладаг ба зээлийн гэрээгээр төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд юмс шилжүүлсэн тохиолдолд тохирсон хугацааны дараа ижил хэмжээний, тухайн төрлийн эд юмсыг буцааж өгөх үүрэг хүлээдэг гэж дүгнэн талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй, зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь  учир дутагдалтай байна.

Учир нь зохигчдын шүүхэд гаргасан  тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №19/04 тоот “ажил гүйцэтгэх гэрээ“, № тоот “зээлийн гэрээ”/хх-ийн 2-5/, 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээ,  хариуцагчийн 7,000,000 төгрөг төлсөн гэх үйл баримтуудаас үзэхэд :

Талуудын хооронд анх түлш нийлүүлсэн худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх боловч энэхүү гэрээний үүргийг дуусгавар болгож “зээлийн гэрээ”- байгуулсан нь талуудын хооронд  зээлийн гэрээний харилцаа шинээр үүссэн буюу  Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасан “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэж үзэх үндэслэлтэй, энэ нь хэрэгт авагдсан “гэрээ”-ээр /хх-ийн7-8/ тогтоогдож байна.

Тодруулбал, гэрээний талууд нь анх байгуулсан “ажил гүйцэтгэх” /хх-ийн 5-6/ гэж нэрлэсэн түлш нийлүүлэх худалдах-худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн байх бөгөөд уг үүргийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан гэрээ”-ндээ  “солих” талаар тохиролцсон урьдчилсан нөхцөл хамтдаа байх тул  Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-т “энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулсан “ажил гүйцэтгэх” гэх нэршил бүхий түлш нийлүүлэх “худалдах- худалдан авах” гэрээний үүрэг дуусгавар болж, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “зээлийн гэрээний” харилцаа үүссэн, энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байх тул хууль хэрэглээний өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

9. Мөн  талууд зээл олгосон хугацаа, эргэн төлөх нөхцөл, зээлийн хүүгийн хувь, “анз” зэрэг нөхцөлүүдийг “зээлийн гэрээ”-нд тусгаж, тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3  дахь хэсэгт заасныг  зөрчөөгүй гэж үзнэ.

 Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж хуульчлан зохицуулсан.

Хэргийн үйл баримт, талуудын хооронд хийгдсэн тохиролцоо зэргээс дүгнэхэд гэрээний зүйл болох 43,000,000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй нь талуудын хооронд  зээлийн гэрээг  байгуулаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул  гэрээний нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө талд уг үүргийн биелэлтийг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг шаардах эсхүл гэрээнээс татгалзах, ийнхүү татгалзсанаас үүсэх хохирлыг шаардах эрх тус тус үүсдэг.

Иймд хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн тооцоолол, зээлийн нэмэлт гэрээгээр тохирсон зээлийн гэрээний хугацааг үндэслэн тооцоог хийж, зээлийн гэрээний үүрэг 43,000,000 төгрөг, зээлийн хүү 16,125,000 төгрөг /7 сар 15 хоногийн хүү/, 59,125,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 7,000,000 төгрөгийг хасч, үлдэх 52,125,000 төгрөг, алданги 21,500,000 төгрөг /гүйцэтгээгүй үүргийн 50 хувь/ нийт  73,625,000 төгрөгийг  хариуцагч *******аас гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 103,447,444.27 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  08 дугаар сарын 30-ны өдрийн 135/ШШ2023/01081 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 35,849,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгож, 141,223,444.27 төгрөг гаргуулах шаардлагыг хэсгийг хэрэгсэхгүй болгож” гэснийг,

 “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 73,625,000 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 103,447,444.27 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

   2 дахь заалтын  “...хариуцагчаас 337,195 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэснийг,

 “...хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 526,075 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 864,067 төгрөгөөс 526,075 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 337,992 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

    4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Л.АМАРСАНАА                             

                                                     ШҮҮГЧИД                                     Я.ТУУЛ     

                                                                                                            Г.МЯГМАРСҮРЭН